| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2023/03786/И |
| Дугаар | 102/ШШ2023/03085 |
| Огноо | 2023-09-04 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 102/ШШ2023/03085
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *** тоотод оршин суух, *** ургийн овогт ***-ийн *** /рд:***0/
Хариуцагч: ***, өөрийн байранд байрлах *** ТӨХК /рд:***/
Нэхэмжлэлийн шаардлага: 1,728,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогч:
Нэхэмжлэгч Б.***,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б***,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Анударь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хариуцагч *** ТӨХК-иас 1,728,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгчийн зүгээс дараах байдлаар тайлбарлав. Үүнд: *** овогт Б.*** миний бие 1996 оны 3-р сараас *** ТӨХК-д зуухан цехийн засварчин, мөн оны 11 дүгээр сараас 2018 оны 9-р сарын 21 хүртэл авто аж ахуйн механик инженерээр ажиллаж байгаад 9-р сарын 21-ний өдрөөр тасалбар болгон өндөр насны тэтгэвэрт гарсан. Ингээд надад тухайн үеийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч ***ийн тушаалаар Эрчим хүчний салбарт ажилласан 22 жил 6 сарын тэтгэмж 17,280,000 төгрөг олгохдоо татвар болгон авсан 1,728,000 төгрөгийг буцаан нэхэмжлэн авах гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: Иргэн Б.*** нь *** ТӨХК-д нийт 22 жил 6 сар ажиллаад өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн тул 2018.09.21-ний өдрийн *** дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн. Манай байгууллагын *** ТӨХК-ийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хороонд байгуулсан Хамтын гэрээний 12.1-д заасны дагуу Б.***ын эрчим хүчний салбарт ажилласан жилийг эрчим хүчний салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр бодож нэг удаагийн мөнгөн тэтгэмж 17,280,000 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн. Энэ мөнгөн тэтгэмжээс хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 7.1.2 ажил олгогчоос ажилтан, түүний гэр бүлийн гишүүнд олгосон тэтгэмж болон түүнтэй адилтгах орлогод татвар ногдуулна гэж заасны дагуу 10 хувиар тооцон суутгаж Монголын Татварын Албаны дансанд шилжүүлсэн тул Баянгол дүүргийн Татварын хэлтсээс нэхэмжлэгч буцааж авах үндэслэлтэй байна. Дээрх *** тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 42.1-д заасны дагуу 3 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж 8,981,960 төгрөгийг ямар ч суутгалгүйгээр ХХОАТ-ын тухай хуулийн 16-д зааснаар ***ын дансанд бүрэн шилжүүлэн олгосон. Харин байгууллагын Хамтын гэрээний дагуу олгож буй 17,280,000 төгрөгийг хуулинд тусгайлан заасан тэтгэмж биш учраас хувь хүний орлогын албан татвар суутгасан байгаа юм. Иймд татвар суутгасан нь хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 2/, Б.***ын иргэний үнэмлэхийн хуулбар /хх 3/, *** төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын тушаал /хх 4/, Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх 5/, Төрийн банкны Б.***ын *** тоот дансны хуулга /хх 6/,
4. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: шүүхэд төлөөлөх итгэмжлэл /хх 9/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 10/, хариу тайлбар /хх 15/, *** төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын тушаал /хх 16/.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Б.*** нь 1,728,000 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлээ хуульд зааснаар татвараас чөлөөлөх орлогоос татвар суутгаж хохирол учруулсан гэж тодорхойлсон.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгууллагын хамтын гэрээний дагуу олгож буй 17,280,000 төгрөгийг хуулинд тусгайлан заасан тэтгэмж биш учраас хувь хүний орлогын албан татвар суутгасан гэж маргажээ.
4. Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.10, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар бүлгийн 4 дүгээр зүйлийн 3.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3, 42 дугаар зүйлийн 42.1, *** ТӨХК-ийн Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хооронд байгуулсан Хамтын гэрээний 12.1 дэх заалтуудыг баримтлан өндөр насны тэтгэвэр авах эрх үүсч, ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан үндэслэлээр 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөр тасалбар болгон Б.***тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, түүнд ажлаас халагдсаны тэтгэмжид 17,280,000 төгрөг олгохоор шийдвэрлэжээ.
Дээрх шийдвэрийн дагуу 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Б.***т олгох 26,261,960 төгрөгийн тэтгэмжээс 24,533,960 төгрөгийг олгосон байх бөгөөд үүнээс эрчим хүчний салбарт ажилласан жилд ногдох 17,280,000 төгрөгийн тэтгэмжээс хувь хүний орлогын албан татварт 10 хувь болох 1,728,000 төгрөгийг суутгаж олгосон болох нь тогтоогдож байна.
Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д үндсэн цалингийн хэмжээг тогтоох, нэмэгдүүлэх, түүний хэлбэр, олгох хугацаа, нэмэгдэл нэмэгдэл хөлс, шагнал урамшил, нэмэгдэл тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлт, олговрын хэмжээ, хөдөлмөрийн норм, нормативыг тогтоох, өөрчлөх, ажилтанд олгох хоол, унааны зардал болон бусад нөхөх олговрын хэмжээг тогтоох зэрэг асуудлыг хамтын гэрээгээр зохицуулахаар заасны дагуу *** ТӨХК-ийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан Хамтын гэрээгээр эрчим хүчний салбарт ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарахад олгох тэтгэмжийн хувь хэмжээг тогтоож, уг гэрээний дагуу нэхэмжлэгчид тэтгэмж олгожээ. Энэ талаар зохигчид маргаагүй байна.
Иймд хамтын гэрээний дагуу нэхэмжлэгчид олгосон тэтгэмж нь Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасан өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд олгох тэтгэмж байх бөгөөд энэ нь Хувь хүний орлогын албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 16 дугаар зүйлийн 16.1.1 дэх хэсэгт заасан татвараас чөлөөлөх орлогод хамаарч байна. Өөрөөр хэлбэл дээрх тэтгэмжийг хөдөлмөрийн гэрээний талууд харилцан тохиролцож тогтоогоогүй тул түүнийг хуулиар тогтоосон тэтгэмж гэж үзнэ. Иймд хариуцагчийг хуулиар албан татвараас чөлөөлөх орлогоос татвар суутган авч, нэхэмжлэгчид эд хөрөнгийн эрхэд хохирол учруулж, олох байсан орлогыг үндэслэлгүй бууруулсан байна.
Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан. Иймд хариуцагч нь нэхэмжлэгчид олговол зохих мөнгөн хөрөнгөөс суутган авсан татварын хэмжээгээр нэхэмжлэгчид учирсан хохирлыг арилгах үүргийг хүлээнэ.
Талуудын маргааны зүйл нь Хөдөлмөрийн тухай хууль /1999/-ийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасан тэтгэмжийг олгоогүй, хугацаа болон дундаж цалин хөлсний хэмжээг буруу тогтоосонтой холбоотой биш бөгөөд ажил олгогч нь хууль болон гэрээний дагуу тогтоосон тэтгэмжийг олгохдоо үндэслэлгүй суутгал хийсэнтэй холбоотой маргаан юм. Өөрөөр хэлбэл ажил олгогч нь хууль болон хамтын гэрээний дагуу тэтгэмжийг зөв тодорхойлсон боловч хуулийг буруу ойлгосноос нэхэмжлэгчид хохирол учруулсантай холбоотой маргаан байна. Иймд Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж зааснаар хариуцагч нь хуульд заасан хариуцлага хүлээх үндэслэлтэй. Иймд Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.8 дахь хэсэгт заасан хөдөлмөрийн ганцаарчилсан маргаанд хамаарахгүй тул дээрх хуульд заасан шүүхэд гомдол гаргах хугацаа хамаарахгүй.
Иймд Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 1,728,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж үзэв.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42,598 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 42,598 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.***т олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *** ТӨХК-иас 1,728,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.***т олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42,598 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *** ТӨХК-иас 42,598 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.***т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН