Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 400

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Г.Алтанцэцэг,

улсын яллагч А.Сайнбаяр,

хохирогч Н.Нямдорж,

шүүгдэгч Ч.Идэрболд, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Шүхэр овогт Чулууны Идэрболдод холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201725010533 дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Шүхэр овгийн Чулууны Идэрболд, 1986 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, эрэгтэй, 31 настай, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл-5, ах, 2 дүүгийн хамт амьдардаг Төв аймгийн Бүрэн сумын 3 дугаар багт оршин суух хаягтай, одоогоор Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо дүүргийн 4-154 тоотод найз Бямбацогтынд тоотод түр оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй /РД: ЛА86040617/

 

Шүүгдэгч Ч.Идэрболд нь 2017 оны 01 дүгээр сарын 21-ний шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтан цайз караокед согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан тэлээг зэвсгийн чанартайгаар ашиглан иргэн Н.Нямдоржийн толгойн тус газар цохиж, биед нь хөнгөн гэмтэл учруулан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

              Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

              Шүүгдэгч Ч.Идэрболд нь 2017 оны 01 дүгээр сарын 21-ний шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтан цайз караокед согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ иргэн Н.Нямдоржийн толгойн тус газар цохиж, биед нь хөнгөн гэмтэл учруулан танхайрсан болох нь

Шүүгдэгч Ч.Идэрболдын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “2017 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр “Алтан цайз” караокед би найзуудтайгаа сууж байсан. Оройн 11 цагийн үед зарим нь явсан. Би араас нь гарахад Хийморь гээд манай найзыг 2 залуу буланд шахаад заамдсан байсан. Тэгээд би очоод салгах гэтэл элдэв өнгөөр яриад, куртикны малгайнаас татаж унагаагаад намайг буланд шахсан. Тэгэхээр нь би айлгах гээд тэлээгээрээ ороолгосон чинь төмөртэй тэлээ байж таарсан. Тухайн үедээ хэнийг ороолгосоноо ч мэдээгүй” гэсэн мэдүүлэг,

Хохирогч Н.Нямдоржийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “2017 оны 1 дүгээр сарын 21-ний орой “Алтан цайз” караокед бага ангийн 4 найзтайгаа уулзсан. Тухайн үед  манай найз Эрдэнэбатын эхнэр миний утас руу залгаад бид 2 ярих гээд хамт гарсан. Буцаж орж ирэхэд Эрдэнэбаттай 2 залуу мөрөлцөөд өнгөрсөн. Тэгээд бужигнаал явчихсан. Би салгах гээд очиход нүүр хэсэг рүү 2 удаа шууд цохиод авсан. Тэгэхэд миний хамар хугарсан байсан. Дотроос манай найз Асылбек, Эрдэнэбаатар нар гарч ирж салгасан. Яг хэзээ тэлээгээр ороолгосоныг сайн мэдэхгүй байна. Духнаас цус гарсан байсан. Тэгээд би цусаа угаах гээд угаалгын өрөө ороход, сая чамайг Идэрболд гээд залуу цохьсон юмаа гэж эд нартай хамт явж байсан залуу хэлсэн. Тэгээд би 102 болон 103-т дуудлага өгсөн. Тэгээд шууд гэмтлийн эмнэлэг орсон, Би амаар 2.5 сая төгрөг нэхэмжилж байгаа. Шүүгдэгч 1.5 сая төгрөг өгье гэхээр нь чи жаахан нэмчихгүй юу, би энэ асуудлаас болж ажлаа хийгээгүй, банкны өр зээлээ төлж чадаагүй гэсэн. Мөн компаниас өгдөг урамшуулалдаа хамрагдаж чадаагүй” гэсэн мэдүүлэг,

Хохирогч Н.Нямдорж мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би 2017 оны 01 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Алтан цайз караокед Наранбаатар, Билгүүн, Эрдэнэбат, Эрдэнэбаатар нарын хамт байж байтал Эрдэнэбат миний утсаар эхнэр рүүгээ гадаа гараад ярьсан. Тэгээд Эрдэнэбат буцаж орж ирэхдээ. “...үл таних 2 эрэгтэйтэй маргалдсан, тэгэхээр нь би салгах гэтэл нэг залуу нь миний нүүр хэсэг рүү гараараа цохиод авсан. “...Наранбаатар ирээд намайг татаад салгаад авсан, тэгтэл миний цаг мултраад унасан. “...цагаа хайгаад буцаад гартал миний толгойн хэсэг рүү тэлээгээр цохьсон. “...духнаас цус гарахаар нь би 00 орж угаачихаад гарч ирсэн чинь нөгөө 2 залуу явсан байсан. Тэгээд тэнд сууж байсан хүмүүсээс саяны хүн хэн гэдэг талаар асууж Идэрболд гэдгийг мэдсэн. “...Тэгээд би 102-т дуудлага өгсөн. “...Намайг Идэрболд зодож гэмтэл учруулсан. Хийморь гэх залуу намайг цохиж байгааг хараагүй. “...Эмчилгээний зардлаа гаргуулах хүсэлтэй байна. “...350.000 орчим төгрөгийн баримт байгаа. Мөн тухайн үед би өөрийнхөө цагийг алга болгосон...” гэсэн мэдүүлэг. /хх-11/,

 

Гэрч Д.Отгонсүрэн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Идэрболд үл таних нэг хүнтэй муудалцаад гарсан. “...Тухайн зодоон болох үед Идэрболд тэлээгээ тайлчихсан байсан. Хийморь нь бас тэлээгээ тайлчихсан байсан. Яг хэн нь тэлээгээр хүн цохьсоныг хараагүй. “...зодоон болсны дараа харахад нэг залуугийн дух хэсэгт язарсан байсан...” гэсэн мэдүүлэг. /хх12-13/,

 

Гэрч Т.Сүнжидмаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2017 оны 01 дүгээр сарын 21-ний орой Идэрболд түүний найз гэх эмэгтэй, түүний хуучин эхнэр Отгонсүрэн, Хийморь гэх залуу, Алтанхуяг, Мазаалай, Намуунжаргал, Сувдаа, Ээгий гэх залуу нарын хамт Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Алтан цайз караокед 21 цагийн үед уулзсан. “...00 цагийн орчимд зодоон болоод байх шиг байхаар нь гүйгээд гартал Билгүүн гэх залуу Идэрээг буланд шахаад нүүр хэсэг рүү гараараа цохиод байсан, дундуур нь Хийморь ороод хориод зогсож байсан. Тэгээд бид нар салгасан чинь Идэрболд, Хийморь хоёр тэлээгээ сугалж авсан. “...Идэрболд тэнд байсан нэг залуугийн толгой руу тэлээгээрээ цохиод тухайн залуугийн дух хэсэгт нь язарсан байсан. Бусад хүмүүст ил харагдах гэмтэл шарх харагдаагүй...” гэсэн мэдүүлэг. /хх14-15/,

Гэрч С.Эрдэнэбат мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би 2017 оны 01 дүгээр сарын 21-ний орой Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Алтан цайз караокед найзуудаараа сууцгаасан. “...00 цагийн орчимд Нямдорж бид хоёр утсаар яриад гадаа гараад эргэж орж ирэхэд шатан дээр зөрсөн үл таних хоёр залуу намайг мөрлөөд зөрсөн, тэгэхээр нь би яасан гээд эргээд харсан чинь арай өндөр залуу нь намайг заамдаад авсан, би зөрүүлээд бариад авсан чинь хажуу талаас нэг нь тэлээгээр ороолгож миний дагзны хэсэгт язалсан байсан. Тэгээд Нямдорж дундуур орж ирээд салгасан чинь нэг залуу нь тэлээнийхээ арлаар ороолгоод дух хэсэгт нь язалсан...” гэсэн мэдүүлэг. /хх18-19/,

 

Гэрч А.Асылбек мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2017 оны 01 дүгээр сарын 21-ний орой Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Алтан цайз караоке паабад ажил дээрээ байж байтал манай ангийн Нямдорж, Эрдэнэбат, Эрдэнэбаатар, Наранбаатар нар ирсэн. Тэгээд бид нар уулзаад сууцгааж байтал...манай зөөгч ирээд үүдэнд зодоон болж байна гэж хэлсэн, очсон чинь Идэрболд гэх залуу Нямдоржийг тонгойлгочихсон зодож байсан. Тэгэхээр нь би Идэрболдыг заамдаад буланд шахсан чинь Хийморь гэх залуу дундуур ороод салгаад болиулсан. Бид нар дотогшоо орсон Нямдорж цагаа хаячихсан байна гарч хайна гэж гараад дух хэсэг нь язраад ороод ирсэн. Тэгэхээр нь би гарах гэтэл үүдэнд Идэрболд, Хийморь хоёр тэлээ барьчихсан гаргахгүй шавхуурдаад зогсож байсан. Тэгэхээр нь би пиво онгойлгогч аваад шидсэн чинь тэр 2 гараад зугтаачихсан. “...Идэрболд Хийморь нар караоке паабаар байнга үйлчлүүлдэг. Намайг манай ажилтнууд Бээк гэж дуудаж байснаа Билгүүн гэж дууддаг болсон. “...Хийморь оролцоогүй, дунд нь салгаж байсан...” гэсэн мэдүүлэг. /хх56-57/,

 

Гэрч Г.Чулуунзаяа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би паабад зөөгч барменаар ажиллаж байсан. Би 2017 оны 01 дүгээр сарын 21-ний орой Алтан цайз караокед ажил дээрээ байсан. Тухайн орой 00 цаг өнгөрч байхад 2 давхрын коридорт пижигнэлдээд зодоон болоод байх шиг байсан. “...нэг залуу духаа яз цохиулаад цус нь гоожоод ороод ирсэн. “...тэр залуугаас яасан талаар асуухад тэлээний арлаар цохиулсан гэж байсан. “...зодоон болсны дараа үл таних нэг охин энэ тэлээний арал нь уначихсан байна гээд нэг ширхэг төмөр тэлээний арал барьчихсан орж ирж байхыг харсан. “...Хохирогч гэх залуу...цагаа алга болгочихлоо гэж байсан...” гэсэн мэдүүлэг. /хх60-61/,

 

шинжээчийн №1890 дугаартай дүгнэлт /хх24-25/, ял шалгах хуудас /хх-31/, прокурорын тогтоол /хх-120/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Ч.Идэрболдын үйлдсэн гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан хүнд гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар хөнгөн гэмт хэрэгт тооцогдож байгаа тул уг хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан оногдуулах ялыг хөнгөрүүлсэн хуулийг буцаан хэрэглэх боломжтой байна.

Иймд шүүгдэгч Ч.Идэрболдыг хүний эрүүл мэндэд хөнгөн хор хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ч.Идэрболд нь үйлдсэн хэрэгтээ дүгнэлт өгсөн, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал боловч хохирогчид учирсан хохирлыг сайн дураараа нөхөн төлөөгүй байдал нь ял хүндрүүлэх нөхцөл байдал болно.

Хохирогч Н.Нямдорж нь гэм буруутай этгээдээс хохирол төлбөрт 2.500.000 төгрөг шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжилсэн бөгөөд хавтаст хэрэгт баримтаар 162.500 төгрөгийн эмчилгээний нотлох баримт гаргаж өгсөн байх тул Ч.Идэрболдоос уг мөнгийг гаргуулж хохирогчид олгохоор шүүх  шийдвэрлэлээ.

Хохирогч Н.Нямдорж нь цаашид гарах эмчилгээнд зарцуулсан нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж байна.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ дүгнэлт өгсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Прокуророос Ч.Идэрболдод 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.
  2. Шүхэр овогт Чулууны Идэрболдыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Идэрболдыг 600 нэгж /600*1.000=600.000 төгрөг/-ээр торгох ял шийтгэсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.Идэрболдод оногдуулсан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд буюу 2018 оны 03 дугаар сарын 01-ний дотор төлөхийг даалгасугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ч.Идэрболд нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж болохыг сануулсугай.
  6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Ч.Идэрболдоос 162.500 /нэг зуун жаран хоёр мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Н.Нямдоржид олгосугай.
  7. Хохирогч Н.Нямдорж нь цаашид гарах эмчилгээнд зарцуулсан нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
  8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг тэлээг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Ч.Идэрболд нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
  9. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ч.Идэрболдод хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
  10. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

  •             , ШҮҮГЧ                                 Т.ШИНЭБАЯР