Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 2021/ДШМ/18

 

М.З-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Ж даргалж, шүүгч Ш.Б, Ч.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор А.О

Яллагдагчийн өмгөөлөгч Х.Э

Яллагдагч М.З

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.У нарыг оролцуулан

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 2021/ШЗ/71 дугаар шүүгчийн захирамжийг прокурор А.О эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцлээр М.З-т холбогдох 2016000650098 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Э-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, халх, 1986 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баян-Өндөр багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, төрөөс авсан гавьяа шагналгүй, ВЮ.............. регистрийн дугаартай, С овгийн М.З.

 

Шүүгдэгч М.З нь 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 23 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баян-Өндөр, 1-р багийн нутаг дэвсгэрт иргэн Л.У-ийн эзэмшлийн зам тээврийн ослын улмаас хээр орхигдсон ... - ... УНВ улсын дугаартай “Toyota Crown 180” маркийн хар өнгийн тээврийн хэрэгслийн моторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар М.Б-ын эзэмшлийн ... - ... ГАА улсын дугаартай Frontier маркийн цагаан өнгийн ачааны машиныг ашиглан хууль бусаар авч 1.200.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдсон яллагдагч М.З-т холбогдох эрүүгийн 2016000650098 дугаартай хэргийг Говь-Алтай аймгийн прокурорын газарт буцааж, яллагдагч М.З-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг прокурор, яллагдагч түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.  

 

Прокурор А.О давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.О би, тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 2021/ШЗ/71 дугаартай шүүгчийн захирамжийг 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч танилцаад:

Яллагдагч С овогт М.З нь 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 23 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Дэлгэр сум, Баян-Өндөр 1-р багийн нутаг дэвсгэрт иргэн Л.У-ийн эзэмшлийн, зам тээврийн ослын улмаас хээр орхигдсон ... - ... УНВ улсын дугаартай “Toyota Crown 180” маркийн хар өнгийн тээврийн хэрэгслийн моторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, иргэн М.Б-ын эзэмшлийн  ... - ... ГАА улсын дугаартай “Frontier” маркийн цагаан өнгийн ачааны машиныг ашиглан хулгайлан авч 1.200.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон.

Говь-Алтай аймгийн Прокурорын газраас М.З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэрэгт буруутгаж 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 14 дугаартай яллах дүгнэлт үйлдэн эрүүгийн 2016000650098 дугаартай хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 2021/ШЗ/71 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн бөгөөд хэргийг шүүхэд шилжүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна.

Учир нь шүүгчийн захирамжийн хэргийг прокурорт буцаасан 1 дэх заалтын хүрээнд хэргийг анх шүүхээс буцаасан захирамжийн хүрээнд хохирогчоор тогтоосон мөрдөгчийн тогтоол хэрэгт авагдаагүй байсныг мөрдөгчийн тэмдэглэлээр хэрэгт хавсаргасан бөгөөд мөрдөгч гараар он сар өдөр тавьсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, хуурамч нотлох баримт бүрдүүлсэн гэмт хэргийн шинжгүй, хуулийн зүйл заалт зөрчөөгүй ажиллагаа болох нь харагдах бөгөөд зам тээврийн осол гарах үед М.М тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан нь түүнийг хохирогчоор тогтоох үндэслэл болохгүй бөгөөд энэхүү хэрэгт хохирогчийг ямар нэгэн байдлаар эргэлзээтэй тогтоосон гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй болохыг нь дурдах нь зүйтэй. /Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлд “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” хэмээн заасан байна/.

Захирамжийн 2 дахь заалтын хүрээнд: Шүүгчийн захирамж нь яллагдагч М.З-ыг бусадтай бүлэглэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн хэмээн дүгнэж байгаа нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, мөрдөн байцаалтын шатанд Ч.Х-аас гэрчээр мэдүүлэг авч байсан, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан хугацаанд Ч.Х-аас гэрчээр дахин мэдүүлэг авах боломжгүй байсан талаар мөрдөгчийн тэмдэглэл хавтаст хэрэгт авагдсан, Ч.Х-аас дахин мэдүүлэг аваагүйгээс шалтгаалан хэргийн бодит байдлыг үнэлэх боломжгүй нөхцөл байдал үүсээгүй, гэрч Н.Б, Д.Г, Ч.Х нар нь М.З-ыг бусдын эд хөрөнгийг хулгайлан авч байгаа талаар мэдээгүй, гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцоогүй талаар гэрчээр, М.З нь яллагдагчаар мэдүүлсээр атал шүүгч Н.Б, Д.Г, Ч.Х нарыг яллагдагчаар татаж шүүхэд шилжүүлэх талаар хэрэгт урьдчилсан байдлаар дүгнэлт хийж байгаа нь хуулийн үндэслэлгүй байна.

Захирамжийн 3 дахь заалтын хүрээнд: “Л.У нь дээрх автомашины амортизатор хулгайлагдсан зөрчлийн хэрэгт хохирогч биш гэж шүүх хуралдаанд мэдүүлэг өгсөн атлаа уг машины мотор алдагдсан хэрэгт хохирогч мөн гэж эрс зөрүүтэй, худал мэдүүлэг өгч байгааг шалгах шаардлагатай гэжээ. Л.У-ийн дээрх үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй гэж үзсэн тохиолдолд гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллээр оруулан тусад нь шалгаж шийдвэрлэх нь зүйтэй бөгөөд яллагдагч М.З-ын үйлдэлтэй шалтгаант холбоогүй тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож прокуророос М.З-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар шүүхэд шилжүүлсэн хэргийн нотлох баримтын хүрээнд яллагдагчийн гэм буруутай эсэхийг тогтоох бүрэн боломжтой хэмээн дүгнэж байна.

Иймд Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 2021/ШЗ/71 дугаартай хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан үндэслэлээр хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаалгахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичив.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан давж заалдах журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Прокуророос М.З-ыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж  яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Эд хөрөнгийн эрх зөрчигдсөн хэрэгт хохирогчоор тогтоогдвол зохих этгээдийг зөв тодорхойлох нь ач холбогдолтой.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас харвал уг авто машины эзэмшил 2019 оны 7 дугаар сард М.М-аас Л.У-д, 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Л.У-ээс М.М-т тус тус шилжсэн байх бөгөөд 2020 оны 06 дугаар сард М.М нь Л.У-д 6 сая төгрөг шилжүүлэх, Л.У нь М.М-т авто машины өмчлөлийг бүрэн шилжүүлэхээр тохиролцсон байж болохоор байна.

Тиймээс 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үед Л.У нь уг авто машиныг М.М-ын өмчлөлийн машин гэж мэдүүлж байсан боловч тухайн хугацаанд М.М нь 6 сая төгрөг өгөх үүргээ биелүүлээгүй учраас Л.У нь уг авто машиныг өөрийн өмчлөлд байгаа гэж үзэж байгааг буруутгах боломжгүй байна. Өөрөөр хэлбэл Л.У нь өөрөөс  шалтгаалахгүй, гэрээний үүрэгтэй холбоотой өөрчлөгдөж байгаа нөхцөл байдлын талаар өөр өөр байр суурь илэрхийлсэн тохиолдолд түүнийг худал мэдүүлэг өгсөн гэж үзэх боломжгүй.

Тиймээс хохирогчтой холбоотой нэмэлт нотолгооны зүйлийг шалгаж бодитой тогтоох боломжтой.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар прокурор, мөрдөгч эрүүгийн хэргээс бусад зөрчил, хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцож болохоор заасан байх бөгөөд М.М нь уг авто машины хөдөлгүүрийн үнийг Л.У-д шилжүүлсэн, Л.У нь уг авто машин миний өмчлөлийнх гэж мэдүүлснийг М.М үгүйсгээгүй байгааг дурьдах нь зүйтэй. Мөн авто машины өмчлөлийг тогтооход уг авто машины улсын бүртгэлийг шийдвэрлэх ач холбогдолтой гэж үзэх нь учир дутагдалтай бөгөөд зөрчлийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад цагдаагийн байгууллагын эрх бүхий алба хаагч хэн нэгнийг зөрчлийн хохирогч гэж үзсэн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн хохирогчийг бодитой тогтооход саад болохооргүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгч нь Л.У-г хохирогчоор тогтоож, эрх, үүргийг нь тайлбарлан өгч уг баримтуудад гарын үсэг зуруулж мэдүүлэг авсан байх боловч хохирогчоор тогтоосон тогтоолыг хэрэгт хийлгүй орхигдуулж, хожим хэрэгт хавсаргахдаа он, сар, өдрийг нөхөж бичсэн нь мөрдөгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа гаргасан техникийн шинжтэй алдааг залруулсан үйлдэл байх бөгөөд энэ нь хохирогчийн болон оролцогчдын эрх, ашиг сонирхлыг хязгаарлаагүй, хохироогоогүй байгааг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаа зөрчил нь нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэхдээ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг баримтлаагүй зөрчлөөс ялгаатай бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгчийн гаргасан дээрх алдааг ноцтой бус алдаанд тооцсоны үндсэн дээр хохирогчийн мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлж, шаардлагатай бол хохирогчийг шүүх хуралдаанд оролцуулан хэргийг шийдвэрлэх боломжтой байна.

Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад уг гэмт хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг хангалттай шалгаж М.З нь уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж прокуророос яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж хэргийг шийдвэрлэх боломжтой байна.

 Тиймээс анхан шатны шүүхийн хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийн үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцэхгүй, дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 71 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхийн хэлэлцүүлэгт буцаах зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 71 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.О-ын эсэргүүцлийг хүлээн авч, М.З-т холбогдох 2016000650098 дугаар эрүүгийн хэргийг анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт буцаасугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд Шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Т.Ж

 

          ШҮҮГЧИД                              Ш.Б

 

                                                  Ч.Э