Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2023/03171

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *** тоотод оршин суух, *** ургийн овогт ***-гийн *** /РД: ***/,

 

Хариуцагч: ***, өөрийн байранд оршин байх, ***,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үнэлгээ хүчингүй болгуулах болон ***-ны өдрийн *** дугаартай Шинжээч томилох тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А***,

Гэрч С.Ц***,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Анударь,

/Нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй учир хариуцагчийн хүсэлтээр нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагч ***т холбогдох хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах болон шинжээч томилох тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгчээс дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн ***-ний өдрийн *** дугаар захирамжаар *** ХХК, А.*** нараас 338,998,651 төгрөг гаргуулж *** ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан *** тоотод байрлах 67,05 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн хурааж 141,281,000 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлэгдсэн байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу дээрх үнэлгээг хүчингүй болгуулахаар гомдлын шаардлага гаргаж байна. *** тоотод байрлах 67,05 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн хурааж 141,281,000 төгрөгөөр үнэлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох гэжээ.

Хариуцагч тал Шүүхийн шинжилгээний тухай хуулийг зөрчиж урьдчилан шинжээчид эрх, үүрэг тайлбарлаж, танилцуулахгүйгээр эхлээд шинжээчийг томилж, дараа нь эрх үүргээ тайлбарласан. Мөн хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шинжээч томилох тогтоолоор мэргэжлийн шинжээч гэх ***ыг томилсон мөртлөө *** ХХК-иас үнэлгээний тайлан ирүүлсэн байна. *** ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээн дээр Хөрөнгийн үнэлгээ хийх үйл ажиллагааны чиглэл нь 2019 оны 12-р сарын 20-ны өдөр дуусгавар болсон байх тул хөрөнгийн үнэлгээ хийх эрхгүй хуулийн этгээдээр үнэлгээ хийлгэсэн. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасны дагуу ***д эрх, үүргийг танилцуулчихаад *** ХХК-ийн дүгнэлтийг үндэслэл болгон дуудлага худалдааг зохион байгуулах гэж байгаа нь төлбөр авагчийн эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Шинжээч томилох тухай тогтоолоор нэг этгээдийг томилоод нөгөө этгээдээс дүгнэлт гаргуулан авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэг, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дахь хэсэгт заасныг илтэд зөрчсөн үйлдэл болсон. 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн *** дугаартай шинжээч томилох тогтоол нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.8-д заасан тогтоолд гомдол гаргах журам, хугацааг тодорхой заагаагүй мөн хуулийн 12.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзнэ. Энэ тогтоолыг төлбөр төлөгч *** ХХК болон А.*** нарт танилцуулаагүй нь гомдол гаргах эрхийг хязгаарласан үйлдэл болжээ. Хуулиар олгосон гомдол гаргах боломжийг олгохгүйгээр шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.8-д заасан шаардлагыг хангаагүй байх тул хүчингүй болгох бүрэн үндэстэй байна гэжээ.

 

2. Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн явуулж, төлбөр төлөгчийн барьцаа хөрөнгө болох А.***ын өмчлөлийн орон сууцыг 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн *** дугаартай битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн. 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн ***7 тоот хураах тогтоолоор хураан авч үнийн санал авахад төлбөр төлөгч *** ХХК, А.*** нар нь үнийн санал өгөх боломжгүй гэсэн тайлбарыг бичгээр өгсөн. Төлбөр авагч *** ББСБ ХХК-иас үнийн санал авахад хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэх үнэлгээ хийлгэх саналыг бичгээр ирүүлсэн. ***-ны өдрийн *** тоот шинжээч томилох тогтоолоор хөндлөнгийн шинжээчээр *** ХХК томилогдож тус барьцаа хөрөнгийг 141,281,000 төгрөгөөр тогтоосон. Дээрх шинжээчийн тогтоосон үнэлгээг төлбөр төлөгч *** ХХК, А.***, төлөгч авагч *** ББСБ ХХК-д нарт 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн *** дугаар албан бичгээр мэдэгдсэн боловч төлбөр төлөгч *** ХХК, А.***, төлбөр авагч *** ББСБ ХХК-иас нараас үнийн саналын талаар ямар нэг хариу ирүүлээгүй. Тус газраас 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулагдах албадан дуудлага худалдаанд төлбөр төлөгч *** ХХК, А.*** нарын барьцаа хөрөнгийг оруулах мэдэгдэл тогтоолыг 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн *** тоот албан бичгээр талуудад мэдэгдсэн. Төлбөр авагч *** ББСБ ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн *** тоот хүсэлтээр албадан дуудлага худалдаанд оруулах барьцаа хөрөнгийг 1 сарын хугацаагаар хойшлуулсан. Төлбөр авагчийн 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн *** тоот албан хүсэлтээр төлбөр төлөгч төлбөрөө төлөөгүй тул барьцаа хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах хүсэлтийн дагуу албадан дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдлийг 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн *** тоот албан бичгээр төлбөр төлөгч *** ХХК, А.***, төлбөр авагч *** ББСБ ХХК-д тус тус мэдэгдсэн. 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр тус газарт зохион байгуулсан албадан дуудлага худалдаанд *** ХХК, А.*** нарын барьцаа хөрөнгө болох орон сууцыг анхны албадан дуудлага худалдаагаар 1 дугаарт бичигдсэн *** ялагчаар тодорч дуудлага худалдаагаар худалдан борлогдсон болно. Төлбөр төлөгч нарт барьцаа хөрөнгө албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдсон талаар удаа дараа мэдэгдсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон барьцаа хөрөнгө болох орон сууцанд үнэлгээ тогтоох ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 2/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн ***-ний өдрийн *** дугаар Талуудын эвлэрлийг баталгаажуулах тухай захирамж /хх 4-6/, шүүхийн гүйцэтгэх хуудас /хх 3/, Эд хөрөнгө хураах тухай тогтоол, тэмдэглэл /хх 7-9/, *** ХХК-ийн үнэлгээний хуудас /хх 10/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн *** дугаартай мэдэгдэл /хх 11/, итгэмжлэл /хх 60/, нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх тухай /хх 85-86/, .

 

4. Хариуцагч дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: итгэмжлэл /хх 14/, хариу тайлбар /хх 21-22/, Шүүхийн гүйцэтгэх хуудас /хх 23/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн ***-ний өдрийн *** дугаар Талуудын эвлэрлийг баталгаажуулах тухай захирамж /хх 23-24/, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол /хх 25/, Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл /хх 26/, Эд хөрөнгө хураах тухай тогтоол, тэмдэглэл /хх 27-28/, *** ББСБ-ын үнэлгээ хийлгэж худалдан борлуулах тухай албан бичиг /хх 29/, Хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцэх акт /хх 29/, Шинжээчид эрх үүрэг танилцуулсан тэмдэглэл /хх 30/, Шинжээч томилох тухай тогтоол /хх 31/, *** ХХК-ийн үл хөдлөх өмчийн үнэлгээний тайлан /хх 32-40/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн ***,  дугаартай мэдэгдэл /хх 41-42/, *** ХХК-ийн 2022 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн албан бичиг /хх 43/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын анхны дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдэл /хх 43-44/, Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол /хх 44, 47/, *** ББСБ-ын албадан дуудлага худалдааг хойшлуулах тухай хүсэлт /хх 46/, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хойшлуулах тухай тогтоол /хх 46/, *** ББСБ-ын хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах тухай хүсэлт /хх 48/, Анхны болон Хоёр дахь албадан дуудлага худалдааны тэмдэглэл /хх 50-51/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн *** дугаартай өмчлөх эрхийг албадан дуудлага худалдааны ялагчид шилжүүлэх тухай мэдэгдэл /хх 53/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн *** дугаартай чөлөөлөх тухай мэдэгдэл, тэмдэглэл /хх 54-55/.

 

5. Дараах баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлсэн. Үүнд: Нэхэмжлэгчийн хүсэлтээр Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 539 тоот албан бичиг, хавсралт /хх 96-123/, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн *** тоот албан бичиг, хавсралт /хх 151-153/, Шинжээч ***ын тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар /хх 161/, Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоол /хх 163/, Баянгол дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн *** тоот албан бичиг /хх 164/, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 165/, Шийдвэр гүйцэтгэх албаны 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн *** тоот албан бичиг /хх 166-167/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын даргын тушаал /хх 168/, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд томилон оролцуулах шинжээчийг сонгон шалгаргуулах түр журам /хх 169-173/,

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгч А.*** нь ***т холбогдуулан өөрийн өмчлөлийн, эрхийн улсын *** дугаарт бүртгэлтэй, *** тоот хаягт байршилтай, 67.05 м2 талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 141,281,000 төгрөгөөр үнэлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай шаардлагыг гарган шүүхэд хандсан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч өөрийн шаардлагыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ***-ны өдрийн *** дугаартай Шинжээч томилох тухай тогтоолыг хүчингүй болгуулахаар ихэсгэсэн.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...141,281,000 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлэгдсэн, ...шинжээч томилох тогтоолоор мэргэжлийн шинжээч гэх ***ыг томилсон мөртлөө *** ХХК-иас үнэлгээний тайлан ирүүлсэн байна. *** ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээн дээр Хөрөнгийн үнэлгээ хийх үйл ажиллагааны чиглэл нь 2019 оны 12-р сарын 20-ны өдөр дуусгавар болсон байх тул хөрөнгийн үнэлгээ хийх эрхгүй хуулийн этгээдээр үнэлгээ хийлгэсэн гэсэн агуулгаар тайлбарласан.

 

3. Хариуцагч дээрх нэхэмжлэлийн шаардлагыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэсэн үндэслэлээр бүхэлд нь зөвшөөрөөгүй болно.

 

4. Шүүхээс дараах үндэслэлүүдээр хариуцагч ***т холбогдох А.***ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн ***-ний өдрийн *** дугаартай шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч *** ББСБ ХХК болон хариуцагч А.***, *** ХХК нарын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэжээ. Тодруулбал, хариуцагч А.***, *** ХХК нараас 338,998,651 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *** ББСБ ХХК-д олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын *** дугаарт бүртгэлтэй, *** тоот хаягт байршилтай, 67.05 м2 талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

 

Улмаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн *** дугаар захирамжийн дагуу *** тоот шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн ба шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн *** тоот тогтоолоор иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна.

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн *** дугаар тогтоолоор битүүмжилсэн. Улмаар 2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн ***7 тоот тогтоолоор хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлүүдэд заасан журмыг зөрчөөгүй байна.

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар харилцан тохиролцож тогтоож болдог. Гэвч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогчид харилцан тохирч чадаагүйгээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас *** ХХК-ийг ***-ны өдрийн *** тоот тогтоолоор шинжээчээр томилж, барьцаа хөрөнгө болох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт нийцжээ.

 

Төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч томилогдсон шинжээч үнэлгээ тогтоох эрхтэй эсэх, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шинжээч томилохдоо шинжээчид эрх, үүрэг танилцуулсан эсэх талаар маргасан.

 

***-ны өдрийн *** тоот тогтоолоор шинжээчээр томилогдсон *** ХХК нь хөрөнгийн үнэлгээ хийх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд байх бөгөөд тус компанид хөрөнгийн үнэлгээ хийх эрхийг 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх хугацаагаар олгосон болох нь Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 9/5009 тоот албан бичгийн хавсралтаар тогтоогдож байна.

 

Тус компанийн хөрөнгийн үнэлгээний шинжээч *** нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй байх бөгөөд хариуцагч байгууллагын шинжээч томилсон тогтоолтой тус компанийг төлөөлөн танилцаж, гарын үсэг зурсан байхаас гадна түүнд шинжээчийн эрх үүргийг танилцуулж, шинжээчийн дүгнэлт гаргахад шаардлагатай мэдээллүүдийг гаргуулан авсан байна. Иймд дээрх үндэслэлээр хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоох шинжээчээр *** ХХК-ийг томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д заасныг тус тус зөрчөөгүй гэж үзнэ.

 

Шинжээч эрхийн улсын *** дугаарт бүртгэлтэй, *** тоот хаягт байршилтай, 67.05 м2 талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 141,281,000 төгрөгөөр үнэлсэн ба эдгээр хөрөнгийн үнэлгээ болон тайланг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн *** тоот мэдэгдлээр төлбөр төлөгч А.***од мэдэгдсэн байна.

 

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд хөрөнгийн үнэлгээ хийх арга, аргачлалыг тусгасан. *** ХХК нь хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг үнэлэхдээ холбогдох хууль тогтоомж, стандартад нийцүүлэн, үнэлгээ хийх аргачлалуудыг баримталсан, үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэ цэнийг жишин, судалгаа хийж харьцуулсан нь үнэлгээний тайланд тодорхой тусгагдсан байна.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч өөрийн шаардлагаа нотлох, нотлох баримтаа шүүхэд цуглуулан гаргаж өгөх үүрэгтэй ба энэхүү үүргийнхээ хүрээнд шүүхийн журмаар баримт гаргуулах, шинжээч томилуулах, үзлэг болон туршилт хийлгэх зэрэг өргөн хэмжээний эрхийг эдэлдэг.

 

Шинжээчид барьцаа хөрөнгүүдийг дээр дурдсан байдлаар үнэлснийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх үндэслэл хэрэгт цугларсан баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй байна.

Түүнчлэн нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага болох Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн *** дугаартай Шинжээч томилох тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл байхаас гадна шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаатай холбоотой гомдлын төрөлд хамаарах бөгөөд нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан урьдчилан шийдвэрлэх журам зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсгүүдэд заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дугаар зүйлийн 44 дүгээр зүйлийн 44.4, 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан эрхийн улсын *** дугаарт бүртгэлтэй, *** тоот хаягт байршилтай, 67.05 м2 талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн *** дугаартай Шинжээч томилох тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай А.***ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН