2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2608

 

 

 

 

 

 

 

 

   2025            11           20                                         2025/ШЦТ/2608

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Галмандах, улсын яллагч Т.Төмөртулга, шүүгдэгч Т.***** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн ***** овогт *****тын *****ад холбогдох эрүүгийн ***** дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***** оны *** дугаар сарын ***-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, *** настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа эрчим хүчний угсралтын чиглэлээр ажилладаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт *** дүүргийн *** дугаар хороо, ***** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ***** овогт *****тын *****ад (РД:*******).

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.***** нь 2025 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *****т дэлгүүрийн гадаа машинаа зөв байрлуулсангүй гэх шалтгааны улмаас хохирогч Э.*****тай маргалдаж түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн доод хана цөмөрсөн хугарал, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Шүүгдэгч М.***** нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхийн шатанд гаргасан тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг: 

 

Шүүгдэгч М.*****: “...тухайн өдөр би хохирогч Э.***** гэх хүнд биш цуг явж байсан хүнд нь машинаа зөв байрлуул гэсэн хууль ёсны шаардлагыг тавьсны төлөө намайг доромжилж, бүлэглэн дээрэлхэж түрүүлж зодсон. Би биеэ хамгаалах зорилгоор тухайн хүнийг эсэргүүцэж хөнгөн хохирол учруулсныхаа төлөө энд зогсож байна. Болсон асуудлын талаарх камерын бичлэг, манай эхнэрийн хийсэн бичлэг мөн хэрэгт хавсаргагдсан. Тухайн асуудлаас холдож маргалдахгүй гэж шаардлага тавьж байгаа маань бичигдсэн. Хохирогчийн буруутай үйлдлээс өөрийгөө хамгаалсан. Тиймээс хүний буруутай үйлдлээс болж хариуцлага хүлээхгүй гэж маргаж байгаа...” гэв.

 

Гурав: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч Э.***** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2025 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 15 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны ***** худалдааны төвийн гадна хүнсээ цуглуулчхаад автомашины зогсоол дээр зогсоод хөдлөх гэж байхад хажуу талд байсан 12-15 УНС улсын дугаартай автомашин шалтгаангүйгээр манай эхнэр *****, дүү ***** нарыг элдвээр харааж доромжилсон, би машинаасаа буугаад нөгөө залуутай муудалцсан. Манай дүүг машиныхаа хаалгаар цохиод түлхээд байхаар нь би тухайн залууг мангасдаж холдуулахад намайг араас ирээд нүүр рүү 3-4 удаа цохиод миний нүдний шил хагарч үйрмэг нь зүүн нүдний доод хэсэгт зоогдож зүүн нүд бүрэлзэж харахад хүндрэлтэй болсон. Намайг удаа дараа харааж заналхийлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтас хэргийн 9 дэх тал),

 

Гэрч Л.***** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2025 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ***** гэх хүнсний дэлгүүр ороод нөхрийн хамт хүнсээ цуглуулчхаад гараад ирсэн чинь нэг үл таних хүн автомашинаа буруу байрлуулсан байна. Цагаан зураас нь дээрээ яагаад зөв байрлуулж тавиагүй юм гэж хэлээд намайг хэл амаар доромжилсон. Тэгсэн манай нөхөр цаанаас ирээд энэ хүн яагаад хэрүүл өдөөд байгаа нь гээд асуухаар нь автомашинаа буруу байрлуулсан байна гэж хэлээд хэрүүл өдөөд байна гэж хэлсэн. Нөхөр ***** машин руугаа суух гээд явж байтал араас нь дагз руу нь цохиод авсан. Тэгсэн нөхөр ***** эргээд хартал нөгөө үл таних залуу нүүр хэсэг рүү нь нэг удаа цохисон. Тэрнээс хойш хэрүүл хийгээд хэл амаар доромжлоод байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дах тал),

 

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 07 дугаар сарын 22-ний өдрийн 9257 дугаартай: “...Э.***** биед зүүн нүдний ухархайн доод хана цөмөрсөн хугарал, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт шар гэмтэл тогтоогдлоо. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, тус бүр нэг удаагийн үйлдлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Өөрөө өртөө учруулах боломжгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хавтас хэргийн 25-26 дах тал),

 

Мед Траума эмнэлгийн дүрс оношилгоо шинжилгээний хариу (хавтаст хэргийн 27 дах тал),

 

Яллагдагчаар М.***** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 07 дугаар сарын 11-ний өдөр би Сонгинохайрхан дүүргийн товчооны замд байх ***** дэлгүүрийн гадна өөрийн ***** УНС дугаартай тоёота клугер машинтай гэр бүлийнхээ хамт ирж зогсоод хоёр машины зогсоол дамнуулаад тавьчихсан машины хажууд зогсоол байхаар нь машинаа оруулаад тавьсан. Тэгээд дэлгүүр рүү алхаад явж байтал манай эхнэр надад хэлэхдээ хажуу талын машин гарах гээд байна машины дугуйны хий гаргана гээд байх шиг байна, машинаа эвтэйхэн байрлуулчих уу гэхээр нь би буцаад машин дээрээ иртэл нэг машин ухраад хажууд нь нэг эмэгтэй одоо ухар ухар гэж хэлээд байж байхаар нь би уг эмэгтэйд хандаад машинаа зөв байрлуулаад сурчихгүй дээ гэж хэлсэн чинь уг эмэгтэй над руу хандаад буруугаа хүлээхгүй хэрүүл өдөх шинжтэй зүйл хэлсэн. Тэгэхээр нь би за за тэгвэл явж бэлч гэж хэлчхээд өөрийнхөө машинд суусан чинь уг машин миний машины урд машинаа хашиж зогсоогоод чи ер нь манай эхнэрийг доромжилдог хэн бэ гэхээр нь би машинаа зөв байрлуулчхаад хүнтэй хэрэлд гэж хэлтэл уг залуу бууж ирээд миний машиныг өшиглөхөөр нь би машинаасаа буусан чинь уг залуу чи намайг барах уу хоёулаа зодолдох уу хүний эхнэр доромжилдог хэн юм гээд надтай хэрүүл маргаан үүсгээд байхаар нь та нар машинаа зөв байрлуул одоо яв гэж хэлсэн. Тэр үед жолооч залуу миний нүүр рүү гараараа цохисон. Тэгэхээр нь би чи намайг дахиж цохивол би чамайг зөрүүлж цохино шүү гэж хэлсэн чинь дахин миний нүүр рүү гараараа хоёр удаа цохисон. Би машиндаа суух гэсэн боловч дүү охин нь гэх 25 орчим настай эмэгтэй намайг машинд суулгахгүй миний машины хаалгыг чанга савч хаасан. Тэгээд маргалдаж байгаад би уг залуугийн зүүн, баруун шанаа хэсэгт нь гараараа нэг удаа цохисон. Би эхнэр хүүхдийнхээ хажууд уг залуу болон эмэгтэйд зодуулаад байхаар нь биеэ л хамгаалсан. Тэгээд хэрүүл маргаан намжаад удалгүй цагдаа ирсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39 дэх тал),

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн зүгээс гаргаж өгсөн хохирол төлбөрийн баримтууд (хавтаст хэргийн 66-68 дах тал),

 

Шүүгдэгч М.*****ын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 47-54 дэх тал),

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтас хэргийн 90 дэх тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, М.*****ад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Дөрөв. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч М.***** нь 2025 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *****т дэлгүүрийн гадаа машинаа зөв байрлуулсангүй гэх шалтгааны улмаас хохирогч Э.*****тай маргалдаж түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь “...зүүн нүдний ухархайн доод хана цөмөрсөн хугарал, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт шарх…” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Э.*****, Л.*****, шүүгдэгч М.***** нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон хэргийн талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 07 дугаар сарын 22-ний өдрийн 9257 дугаартай дүгнэлт (хавтас хэргийн 25-26 дахь тал) зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хохирогч Э.*****ын эрүүл мэндэд нь учирсан “...зүүн нүдний ухархайн доод хана цөмөрсөн хугарал, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт шарх...” бүхий гэмтэл нь шүүгдэгч М.***** түүнийг нүүрэн тус газар нь гараараа цохих үед үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч М.*****, хохирогч Э.*****ын биед зүүн нүдний ухархайн доод хана цөмөрсөн хугарал, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхэд ирүүлсэн М.*****ад ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч М.***** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргаж оролцсон болохыг тэмдэглэв.

 

Улсын яллагч гэм буруугийн хуралдаанд: “...шүүгдэгч М.*****ыг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Шүүгдэгчийн учруулсан хохирол,хувийн байдал зэргийг харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргаж байна. Хохирогч нь хэрэгт 320.000 төгрөгийн хохирлын баримтыг гаргаж өгсөн бөгөөд шүүгдэгч нөхөн төлөөгүй байх тул гаргуулж хохирогчид олгуулах. Хохирогч нь бусад гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн нөхөн төлбөрөө баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээлгэх...”гэсэн дүгнэлтийг гаргасан.

           

2. Шүүгдэгч М.*****ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

Шүүх, шүүгдэгч М.*****ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар болон гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан санал зэргийг тус тус харгалзан, шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар М.*****ад оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байсан байдалд сэргээх үүрэгтэй бөгөөд Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй бол гэм хорын мөнгөөр нөхөн төлнө, ” гэж Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

 

Мөн хохирогч нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.*****ын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн зүгээс эмчилгээ үйлчилгээ авсан 320.000 төгрөгийн баримтыг гаргаж өгснөөс нотлох баримтын шаардлага хангасан 200.700 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулах нь зүйтэй байна.

 

Хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад нэхэмжилсэн бусад нэхэмжлэхийг шүүх хэлэлцэхгүй орхиж, хохирол, хор уршгийн төлбөрөө нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдон хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий CD нэг ширхгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж,  шүүгдэгч М.*****аас гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв..

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ***** овгийн *****тын *****ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*****ыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч М.***** нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, мэдэгдсүгэй.

 

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдон хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий CD нэг ширхгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсаргуулахаар үлдээсүгэй.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*****аас нийт 200.700 (хоёр зуун мянга долоо зуу) төгрөгийг гаргуулж хохирогч Э.*****д олгосугай.

 

8. Хохирогч Э.***** нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 511.3-т тус тус зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.*****ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

10. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ