| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2021/02807/И |
| Дугаар | 102/ШШ2023/03343 |
| Огноо | 2023-09-20 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 102/ШШ2023/03343
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: *** ХХК-ийн байранд оршин байх хаягтай, *** ХХК /РД: ***/,
Хариуцагч: *** тоотод оршин байх, *** ХХК /РД: ***/
Нэхэмжлэлийн шаардлага: 7,981,962,883 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б***,
Хариуцагчийн төлөөлөгч Ж***
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М***,
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Б***,
Орчуулагч М.М***,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнххэрлэн,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хариуцагч *** ХХК-иас 7,981,962,883 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч талаас дараах байдлаар тайлбарласан. Үүнд:
Талуудын хооронд 2012 оны 02 дугаар сард ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. *** ХХК нь *** ХХК-иар төмөр, цайрын ордын хөрс хуулалтын ажил болон хүдэр олборлолтын ажлыг гүйцэтгүүлэх гэрээг албан ёсоор гэрээ байгуулж, гэрээнд заасан ажлыг зохих ёсоор гүйцэтгэсэн. 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр захиалагч компанийн зүгээс ямар нэгэн шалтгаангүйгээр гэрээг цуцалсан. Гэрээ цуцлахтай холбоотойгоор манай зүгээс үйл ажиллагааны хөлс, гүйцэтгэсэн ажлын хөлсөө дутуу авсан байсан. Үүнд гүйцэтгэлийн баталгаа 500,000 юанийг *** ХХК-ийн толгой компани руу шилжүүлсэн байсныг буцаан нэхэмжилсэн. Тухайн 500,000 юанийг 2021 онд буцаан өгсөн. Үүнтэй холбоотойгоор бид үлдэгдэл төлбөрийг нэхэмжилж байгаа. Урьд нь энэ хэрэг маань Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр хэлэлцэгдээд нэхэмжлэлийн шаардлагыг тодруул гэсэн үндэслэлээр анхан шатны шүүх рүү буцаасан байдаг. Дээр нь улсын бүртгэлийн газраас хуулийн этгээдийн лавлагааг авах нь зүйтэй гэж магадлал гарсан. Үүний дагуу 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн шаарлагаа тодруулсан. 814,241,820 төгрөгөөр нэхэмжлэлийн үнийн дүнг багасгасан. Нэхэмжлэлийн үндэслэлийн хувьд 13 төрлийн мөнгө нэхэмжилж байгаа. Үүнд:
1/ Гэрээний дагуу гүйцэтгэсэн зарим ажлын төлөгдөөгүй төлбөр 1,241,320,143 төгрөг, юанийн ханшийг 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн огноогоор тооцсон.
2/ Талууд гэрээнд алдангийн асуудлыг тохирсон байдаг. Ингэхдээ БНХАУ-ын ардын банкны зээлийн бодлогын хүүгээр буюу төлөгдөөгүй хугацаа хэтэрсэн хоногт тооцохоор заасан. Тус банкны хүүгийн талаарх мэдээллийг нэхэмжлэлийн тодруулсан шаардлагад хавсаргаж өгсөн. Тус банкны цахим хуудсаас авсан ханшаар буюу жилийн 4.65 хувиар бодсон. 2021 оны 8 дугаар сард тогтоосон ханшаар тооцсон байгаа. Энэ ханшийн дагуу 412,747,449 төгрөг болсон. Нэгдүгээр ажлын дутуу төлбөрөөс тооцож бодсон.
3/ Гэрээний эрсдэлийн баталгааны мөнгө гэж 500,000 юанийг дахиж шилжүүлсэн байсныг нэхэмжлэлж байгаа. Энэ нь 220,540,000 төгрөг болж байгаа.
4/ Гэрээний эрсдэлийн баталгааны мөнгийг буцааж шилжүүлээгүй учраас мөн БНХАУ-ын ардын банкны ханшаар тооцож алданги 72,909,617 төгрөгийг нэмж нэхэмжилж байгаа.
5/ Гэрээний тусгай нөхцөлийн 8-т заасан үндэслэлээр 500,000 юанийг БНХАУ-ын ардын банкны хүүгээр бодоход 71,169,267 төгрөгийг нэхэмжилж байгаа.
6/ 2012 онд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шалгалт ирэхэд *** ХХК-ийн газрын зөрчлөөс болж үйл ажиллагааг түр зогсоосон. Энэ хугацаанд уурхайн малтлага, тээвэрлэлт саатсан байдаг. Энэ хугацааны сул зогсолтын төлбөр гэж 95,960,406 төгрөгийг нэхэмжилсэн.
7/ Тэсэлгээний зөвшөөрөл олгогдоогүйгээс 2013 онд зогссон малталт тээвэрлэх ажлын хөлсний хохирол 367,025,312 төгрөгийг,
8/ Олборолтын талбайд манай компанийн зардлаар өндөр хүчдэлийн шугам угсарсан. Тус шугамын зардал 45,755,399 төгрөг болсныг нэхэмжилж байгаа.
9/ Олборлолтын талбайд нүх өрөмдөх хэмжилтийн зардал 69,387,128 төгрөгийг,
10/ *** ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын материалын өртгийн зөрүү болон тэсэлгээний үйлчлэлийн зардал 150,166,570 төгрөгийг,
11/ Ажил зогссоны дараа манай компанийн хүн, хүч, тоног төхөөрөмж, машин механизмыг тээвэрлэсэн буюу талбайгаас гарах зардал 91,317,998 төгрөгийг,
12/ 2013 оноос 2014 он хүртэл тоног төхөөрөмжийн сул зогсолтын зардал 2,443,019,156 төгрөгийг,
13/ Олох байсан ашиг гэж 2,700,644,434 төгрөгийг нэхэмжилж байгаа. Яаж тооцож байгаа вэ гэвэл гэрээнд заасан нийт ажлыг хийж гүйцэтгэсэн бол манай компани ийм хэмжээний мөнгийг олох байсан. Иймд нийт 7,981,962,883 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна гэв.
2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч талаас бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлүүдээр тайлбарлаж байна. Үүнд:
Нэхэмжлэгч тал өмнөх шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан боловч үүнтэй холбоотой нэмэлт баримт гаргаж өгсөнгүй. Тэгэхээр магадлалд дурдагдсан гурван зөрчил арилсан учраас, нэмэлтээр нотлох баримт авагдаагүй учраас өмнөх баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх юм байна. 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр шилжүүлсэн гэх 500,000 юанийг шилжүүлж байгаа этгээд нь манайх руу шилжүүлсэн зүйл байхгүй, манайд хамааралтай этгээдэд шилжүүлээд байгаа зүйл байхгүй, манайд төлсөн төлбөр гэж нотлохыг оролдож байгаа нэхэмжлэгчийн байр суурь баримтаар үгүйсгэгдэж байна. Өнгөт металл гэх компани нь Улсын бүртгэлийн газраас ирсэн баримтаар *** ХХК-ийн хараат эсвэл охин компани биш, ямар нэгэн хамаарал байхгүй.
2013 онд уг гэрээг дуусгавар болгосон бөгөөд хөрс хуулах, хүдэр баяжуулах үндсэн ажил хийж гүйцэтгэж байсан. Хөрс хуулалтын ажилд технологийн горим алдагдаж эхэлсэн. Баяжуулах үйлдвэрээс гарч байгаа хүдрийн баяжмалын агуулга гэх зүйлийг талуудын гэрээнд 50 гаруй хувиас доошгүй байх ёстой, өөрсдийн лабораторид болон хил гаальд давхар баталгаажуулж шинжилгээ хийдэг. Энэ шинжилгээний хариу, үйл баримтуудаар баяжмал нь баяжуулсан байх тэр хэмжээндээ буюу баяжмалд агуулсан байх хүдрийн хэмжээ гэрээнд тохирсон хувьдаа хүрээгүй. Ингээд гүйцэтгэж байгаа ажлын чанарт доголдол үүссэн. Удаа дараагийн ийм зүйл болсон учраас гэрээг цуцалсан. Гэтэл 2021 онд буюу даруй 8 жил хагасын дараа нэхэмжлэл гаргасан. Гэрээтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил гэж тусгайлан заасан. Талуудын хооронд байгуулсан гэрээ нь ажил гүйцэтгэх гэрээ байсан. Ажлын үр дүн нь шаардлага хангасан, технологийн стандартын дагуу хөрс хуулалтын ажил, хөрсийг хуулсан талбайгаас хүдэр олборлоод олборлосон хүдрийг баяжуулах юм.
Нийтдээ 13 зүйлийн нэхэмжлэлийн шаардлага, нийтдээ 7,981,962,883 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч тал бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа.
Талуудын хооронд 2012 оны 5 дугаар сарын 28-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Гэрээ байгуулсан эсэхэд маргах зүйл байхгүй. Гэрээг талуудыг төлөөлөх этгээдүүд гарын үсэг зурж, ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Нэхэмжлэлийн 13 шаардлага байх тул шаардлага тус бүрт дугаарлалтаар нь тайлбарлая.
Нэгдүгээрт: Гүйцэтгэсэн ажлын төлөгдөөгүй төлбөр буюу зарим хэсэг болох 74,648м.куб хэмжээтэй чулуулаг хөрс хуулалтын ажлын хөлсийг төлөөгүй гэж шаардлага гаргасан. *** ХХК нь 74,648м.куб хөрс хуулалтын ажлыг хүлээж аваагүй, нэхэмжлэгч тал хүлээлгэж өгөөгүй бөгөөд ажлын гүйцэтгэлийг хүлээж аваагүй учраас бид мөнгө төлөхгүй. Бид нарын хувьд 2013 оны 8 болон 10 дугаар сард энэ зөрүү гардаг. 2013 оны 8 дугаар сард ажлын хэмжээнээс 4,000м.куб талбайг шаардлага хангаагүй гэж хасаж тооцсон байдаг. 2013 оны 10 дугаар сарын ажлын гүйцэтгэлээс 70,648м.куб ажлыг хасаж, хүлээж аваагүй. Чанарын шаардлага хангаагүй учраас хасаж тооцсон. Энэ байдлаар 4,000 м.куб болон 70,648м.куб ажлыг 8 болон 10 дугаар сард хасаж тооцьё гэж тохирсныг талууд зөвшөөрөөд *** ХХК нь ажлаа хүлээлгэж өгөх тооцоондоо энэ дүнг хассан дүнгээр ажлаа хүлээлгэж өгч, хүлээж авснаар тооцоо нийлсэн.
Хоёрдугаарт: Гүйцэтгэсэн ажлын төлбөрийг цагтаа төлөөгүй учраас БНХАУ-ын ардын банкны хүүгийн түвшин буюу 4.65 хувийн хүүгээр алданги хохирол нэхэмжилж байна гэдэг. 1,241,320,143 төгрөгийн ажлыг хүлээж аваагүй учир хөлсийг төлөх үүрэггүй тул хугацаа хэтэрсэн алданги нэхэмжлэх нь үндэслэлгүй. Нэхэмжлэлийн өмнөх шаардлагад 8 жилийн хүүгийн алданги нэхэмжилж байсан. Тодруулсан шаардлагад хэдэн жилийн хүүг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байна.
Гуравдугаарт: Гэрээний эрсдэлийн баталгааны мөнгө 500,000 юань гэж нэхэмжилдэг. Талуудын байгуулсан гэрээний тусгай нөхцлийн 8 дугаар заалтын 8.1-т гүйцэтгэлийн баталгааг гүйцэтгэгч бүх талаар гэрээг хэрэгжүүлж ажил дууссаны дараа энэ мөнгө буцаж шилжигдэх ёстой байсан. 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдөр *** ХХК, *** ХХК хөрс хуулалтын ажил гүйцэтгэх гэрээний асуудлаар уулзаж, протокол үйлдэж, энэ гэрээгээ 6 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар цуцлахаар харилцан тохиролцоод цуцалсан. Иймд 500,000 юанийг буцаах үндэслэлгүй.
Мөн буцаан шилжүүлэх эрх үүсээгүй учраас нэхэмжлэлийн шаардлагын Дөрөвдүгээр, Тавдугаар дугаарт заасан 500,000 юанийн алдангийг шаардах эрх үүсэхгүй.
Зургаадугаарт: 2012 онд Мэргэжлийн хяналтын газраас *** ХХК-ийн үйл ажиллагааг түр зогсоогоод малталт, тээвэрлэлт саатсан учраас хохирол учирсан гэдэг. Мэргэжлийн хяналтын газраас 2012 оны 5 дугаар сарын 18-ны өдөр ажил зогсоох мэдэгдэл өгсөн. Гэтэл 2012 оны 5 дугаар сарын 28-нд гэрээ хийгдсэн байдаг. 5 дугаар сарын 28-наас хойш 6 дугаар сар, 7 дугаар сард ажил гүйцэтгээд холбогдох хөлсөө авсан байдаг. Мөн 6, 7 дугаар саруудад 8, 9 дүгээр сарын ажлын хөлсөө авчихсан. Энэ хугацааны саруудад сул зогссон талаарх баримтууд байдаггүй. 2012 оны ажлын гүйцэтгэлийг хавсаргаж өгсөн байсан. Гэтэл үүнд ямар нэгэн ажил зогсоод, төлбөр мөнгөө шаардсан зүйл байдаггүй. Тэсэлгээний зөвшөөрөл яагаад олгогдоогүй гэдгийг хохирлын задаргаанаас уншихаар уурхайн орлогын төлөвлөгөөг гаргаж өгөөгүй учраас тэсэлгээний зөвшөөрөл олгогдоогүй ажил 90 хоног зогссон гэсэн байдаг. Уурхайн олборолтын төлөвлөгөөний тайлангаас уншихад 2013 оны 4 дүгээр сард уулын ажлын төлөвлөгөөг батлуулаад ажил явагдсан. Уулын ажлын төлөвлөгөөнд ямар ч ажил саатсан гэх зүйл байдаггүй. Ингээд тэсэлгээний зөвшөөрөл олгогдоогүйгээс ажил саатсан талаарх баримт байдаггүй.
Наймдугаарт: Олборолтын талбайд нэг киллометр тутамд өндөр хүчдэлийн шугам угсарсан гэдэг. 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдөр гэрээг цуцалсан акт үйлдэхдээ ямар зардал гаргасан гэдгийг санхүүгийн баримтуудаар баталгаажуулах, аудит оруулж, баримтуудаа гаргаж өгөөч гэхэд ямар ч баримт өгөөгүй.
Есдүгээрт: Олборолтын талбайд нүх өрөмдөх хэмжилтийн зардал 69,300,000 төгрөгийн зардал гарсан гэдэг. Ажил 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр *** ХХК ажлыг зогсоох мэдэгдэл өгсөн. Хэдийгээр мэдэгдэл өгсөн ч *** ХХК нь 9, 10 дугаар сард ажил гүйцэтгэсэн. Ажил гүйцэтгэхтэй холбоотой хөлсийг авсан. 9 дүгээр сарын ажлын хөлсийг авсан. 10 сарын ажлын хөлснөөс 70,000 м.куб талбайн хөлс хуулалтын ажлыг хасаад авсан. Тэгэхээр хэмжилтийн зардал, өрөмдлөгийн зардлыг тооцож өгсөн байдаг. Үүнтэй холбоотой санхүүгийн анхан шатны баримтыг нэхэмжлэгч талаас гаргаж өгдөггүй.
Аравдугаарт: Даваа мандал ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын материалын өртөгийн зөрүү, тэсэлгээний бодис нэмж авсан гэж ярьдаг. Энэ ажлыг хийсэн гэдгийг нотлох баримт байхгүй. Харин энэ ажлыг хийж гүйцэтгэсэн гэсэн тайланг бичиж өгдөг.
Арваннэгдүгээрт: Ажил зогссоны дараа манай компанийн хүн, хүч, тоног төхөөрөмж, машин механизмыг тээвэрлэсэн буюу талбайгаас гарах зардал 91,317,998 төгрөг нэхэмжилдэг. Энэ мөн 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдөр гэрээг цуцлахад техник, тоног төхөөрөмжөө манай талбайгаас 10 хоногийн хугацаанд гаргаарай гэсэн мэдэгдэл өгсөн. Үүнтэй холбоотой зардал гарсан бол холбогдох баримтуудыг бүрдүүлээд манайхаас нэхэмжилж болно гэж хэлсэн. Гэтэл тоног төхөөрөмжийг хаашаа зөөсөн юм. Ямар, ямар тоног төхөөрөмж байсан юм. Яаж зөөгөөд 91 сая гаруй төгрөгийн зардал гарсан юм гэхээр ямар ч баримт байдаггүй.
Арванхоёрдугаарт: 2013 оноос 2014 оныг хүртэлх тоног төхөөрөмжийн сул зогсолт хийсэн. Хэчнээн хугацаанд хэд хоног, хэдэн сар хугацаагаар ямар, ямар тоног төхөөрөмж сул зогссон юм. Хэдэн хөрөнгийн тээврийн хэрэгслийн гэрчилгээнүүдийг гаргаж өгдөг ч энэ баримтанд *** ХХК-ийн өмчлөлийн тоног төхөөрөмж байдаггүй. *** ХХК-ийн хэдэн ажилтан сул зогссон юм. Хэдий хэмжээний нийгмийн даатгал, татварын зардал гарсан юм. Үүнтэй холбоотой ямар задаргаа, санхүүгийн анхан шатны баримт байдаггүй. Компанийн хувьд бүх тоног төхөөрөмж, алдагдал санхүүгийн тайланд тусгагдаад явдаг. Ингээд 2,4 тэрбум төгрөгийн зардал гарсан гэдэг нь үндэслэлгүй юм.
Арвангуравдугаарт: Олох байсан ашиг гэж нэхэмжилдэг. Үүнийг хасч болно гэж шүүх хуралдааны өмнө дурдсан. Энэ нилээн хэмжээний зардал буюу 2,700,644,434 төгрөгийг нэхэмжилдэг. 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдөр талууд тохиролцож гэрээг цуцалсан. Ингэхдээ ямар нэгэн ашгийн талаар дурдаагүй. Энэ ашгийг төлөх хэлэлцээр хийгдээгүй. Гэрээг талууд харилцан тохиролцож цуцалсан учраас нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсэг үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлага болох нийтдээ 7,981,962,883 төгрөг гаргуулах үндэслэлгүй гэжээ.
3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Нэхэмжлэл /1 хавтас, хх1,2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /1 хавтас, хх3/, *** ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1 хавтас, хх4/, Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа /1 хавтас, хх6/, 2012 оны 5 дугаар сарын Ил уурхайн гадаргуугийн хөрс хуулалт ба хүдэр олборлож үйлдвэрлэл явуулах ажлыг гаднын компаниар гүйцэтгүүлэх гэрээ /1 хавтас, хх7-71/, ажлын гүйцэтгэлийн төлбөрийн хуудас, 2012 оны 6-10 дугаар сарын ил уурхайн хөрс хуулалтын ажлын гүйцэтгэлийн төлбөр, 2013 оны 5, 7, 8, 10 дугаар сарын ил уурхайн хөрс хуулалтын ажлын гүйцэтгэл төлбөр /1 хавтас, хх72-79/, мэдэгдэл/1 хавтас, хх80/, Хараат уулийн төмөр цайрын уурхайн хөрс хуулалтын ажлын гүйцэтгэл зураг төсөл шаардлага хангаагүй талаар хэлэлцээр хийсэн тухай баримт /1 хавтас, хх81/, дотоодын төлбөр тооцооны баримт /1 хавтас, хх82/, Монгол банкны ханшийн лавлагаа /1 хавтас, хх98,99/, мэдэгдлүүд, мэдээлэл, санамж бичгүүд /1 хавтас, хх105-119/, ...нөхөн төлбөр олгох тайлан /1 хавтас, хх119-133/, ...гэрээтэй холбоотой асуудлаар зөвшилцөх хурлын протокол /1 хавтас, хх134, 135/, ...албан бичгийн бүртгэлийн дэвтэр /1 хавтас, хх136-148/, тээврийн хэрэгслийн гэрчилгээнүүд /3 хавтас, хх31-36/, ...Хараат уул төмөр цайрын уурхайн төслийн алдагдлийн тухай тайлан /3 хавтас, 37-48/, *** ХХК-тай байгуулсан ...тэсэлгээний ажил, үйлчилгээ хийх хамтын ажиллагааны гэрээ-нүүд /3 хавтас, 49-56/, Хаан банкны дансны хуулгууд /3 хавтас, хх57-61, 83-88/, ...эдийн засгийн хохирлыг нөхөн төлүүлэх хүсэлт гаргасан тухай мэдэгдэл /3 хавтас, 64-68/, Монгол улсын *** хараат уул төмөр цайрын уурхайн хөрс хуулалтын төслийн гэрээ, холбогдох үр дагаврын талаар хийсэн тэмдэглэл /3 хавтас, хх69-72/, ...ирж буй тоног төхөөрөмжийн жагсаалт, гаалын мэдүүлэг/3 хавтас хх73-78/, ...гэрээтэй холбоотой асуудлаар зөвшилцөх хурлын протокол /3хавтас, хх89-93/, Гэрээ хэрэгжүүлэх баталгааны мөнгө төлөх хүсэлтийн тухай албан бичиг /3 хавтас, хх125-128/, хурлын тэмдэглэл /3хавтас, хх 129-131/, фото зургууд /3хавтас, 135, 136/, Төслийн ажил эхлэх, сэргээх өргөдлийн маягт /3 хавтас, хх 137-140/, хэрэгт монгол орчуулгатай байгаа нотлох баримтын эх баримт буюу хятад хэл дээрх нотлох баримтууд /4 хавтас, 77-124/. Монгол банкны 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн *** тоот албан бичиг /5 хавтас, хх 115/, Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн *** тоот албан бичиг /5 хавтас, 116/, тооцоо хийх тухай хүсэлт /5 хавтас, 118-121/. 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэгчээс шүүхэд 2012 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн Төслийн ажил эхлэх/сэргээх ажлын өргөдлийн маягт, 2012 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Төслийн ажил эхлэх/сэргээх ажлын өргөдлийн маягт, 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Аудитын дүгнэлт, 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн *** ХХК-д хөрс хуулалт болон тээвэрлэлтийн ажлыг түр зогсоосон тухай мэдээлэл, 2013 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 8 дугаар сарын олборлолтын талбайд хийсэн тооцооны хүснэгт, 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Гэрээ хэрэгжүүлэх баталгааны мөнгө төлөх хүсэлтийн тухай албан бичиг, 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Монгол шаньжинь ХХК-д албан бичиг, 2012 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн *** ХХК-иас төлбөр хүлээн авах санал, 2013 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Монгол ***ь Хараат Уул төмөр, цайрын уурхайн олборлон баяжуулах ажлын талбайн хяналтын ээлжит хурлын тэмдэглэл хурлын тэмдэглэлүүд, урьдчилсан нэхэмжлэлүүд, ...барилга угсралтын ажлын гүйцэтгэлийн баримт бичгүүд, ...тэсэлгээний ажил, үйлчилгээ хийх хамтын ажиллагааны гэрээ /4 хавтас, 179-250, 5 хавтас, хх 1-66/.
4. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: *** ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1 хавтас, хх84/, хариу тайлбар/1 хавтас, хх101/, *** ХХК-ийн шинэчилсэн дүрэм /1 хавтас, хх155-160/, *** ХХК-ийн гэрчилгээ /1 хавтас, хх161/, 2013 оны зүүн, баруун олборлолтын талбайн ажлын хэмжээг хүлээн авсан тайлан /1 хавтас, хх162-220/, 2013 оны 10 дугаар сарын ил уурхайн олборлолтын ...тооцоо тулгасан хуудас, ...гүйцэтгэлийн төлбөрийг төлөх тухай санал, ...10 дугаар сарын олборлолтын талбайн ажлын хэмжээг хүлээн авсан тайлан /1 хавтас, хх221-250, 2 хавтас, хх1,2/, ...*** ХХК-ийн ил уурхайн олборлолтын талбайн хөрс хууллага болон туслан гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний зарим асуудлын талаарх хурлын протокол /2 хавтас, хх3,4/, *** ХХК-ийн дансны хуулга /2 хавтас, 6-13/, 2012 оны 5 дугаар сарын *** тоот Монгол улсын *** ХХК ил уурхайн хөрс хууллага болон олборлолтын ажлын гүйцэтгэлийн гэрээ /2 хавтас, хх17-75/, 8 дугаар сарын олборлолтын талбайн ажлын хэмжээг хүлээн авсан тайлан /2 хавтас, хх83-88/, татварын тайлан /4 хавтас, хх1-36/, *** аймгийн ***л сумын нутаг дахь хараат уулын цайр, төмрийн ордын 2013 оны уулын ажлын тайлан /1 хавтас/, *** аймгийн ***л сумын нутаг дахь хараат уулын төмөр-цайрын хүдрийн ордыг ил аргаар ашиглах техник эдийн засгийн үндэслэл /1 хавтас/.
5. Нэхэмжлэгчийн хүсэлтээр дараах баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн. Үүнд: 2012 оны 5 дугаар сарын *** тоот *** ХХК, *** ХХК-иудын хооронд байгуулагдсан Ил уурхайн хөрс хуулалтын ажил болон уурхайн олборлолтын аутсорсингийн ажлын гэрээ-ний орчуулгыг шинжээчээр хийлгэсэн /2 хавтас, 181-250, 3 хавтас, 1-16/, *** ХХК-ийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан /4 хавтас, 62-70/, гэрчээр ***, *** нарыг асуусан /4 хавтас,145-146/. *** аймгийн мэргэжлийн хяналтын газраас лавлагаа авсан /5 хавтас, 96-102, 108, 109/. Шүүхийн журмаар үзлэг хийсэн /4 хавтас, хх147-177, 5 хавтас 74-89/.
6. Хариуцагчийн хүсэлтээр дараах баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн. Үүнд: *** ХХК-ийн Хаан банк дахь дансны хуулга /2 хавтас, 97-101/. 2012 оны 5 дугаар сарын *** тоот *** ХХК, *** ХХК-иудын хооронд байгуулагдсан Ил уурхайн хөрс хууллага болон олборлолтын ажлын гүйцэтгэлийн гэрээний хятад хэл дээрх эх хувь /2 хавтас, 102-127/.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч *** ХХК нь хариуцагч *** ХХК-д холбогдуулж 2012 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн Ил уурхайн хөрс хуулалтын ажил болон уурхайн олборлолтын аутсорсингийн ажлын гэрээ-ний үүрэгт болон хохиролд 7,981,962,883 төгрөг гаргуулахаар шаарджээ.
2. Хариуцагч *** ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн бөгөөд талууд харилцан тохиролцож гэрээг цуцалсан, гэрээтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, нэхэмжлэгч өөрийн шаардлагуудыг баримтаар нотлоогүй гэх агуулгаар татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байна.
3. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
3.1. Хэрэгт авагдсан баримтаар, нэхэмжлэгч *** ХХК болон хариуцагч *** ХХК нарын хооронд 2012 оны 5 дугаар сарын 28-ны өдөр *** дугаартай Ил уурхайн хөрс хуулалтын ажил болон уурхайн олборлолтын аутсорсингийн ажлын гэрээ байгуулагдсан байна.
Гэрээний ажлын ерөнхий байдал, гүйцэтгэх ажлын цар хүрээ, хэлбэр, ажил гүйцэтгэх хугацаа, чанарын стандарт ба зорилт, гэрээний үнэ гэсэн заалтад зааснаар нэхэмжлэгч *** ХХК нь *** аймаг, Угтаал сумын газарт өөрийн хөрөнгийн эх үүсвэрээр 2012 оны 5 дугаар сараас 2014 оны 10 дугаар сарын хугацаанд Хараат-Уулын төмөр, цайрын хүдрийн ил уурхайн хөрс хуулалтын ажил болон уурхайн олборлолтын аутсорсингийн ажил гүйцэтгэх, гүйцэтгэх ажлын цар хүрээнд Хараат-Уулын төмөр-цайрын хүдрийн ил уурхайн хөрс хуулалтын ажил болон уурхайн олборлолтын аутсорсингийн ажлын бүтээн байгуулалтын үе шатны хөрс хуулалт, үйлдвэрлэлийн үе шатны хөрс хуулалт, хүдэр олборлолт, чулуулаг ачилт, зам, хажуу налуу, хаягдлын талбай барих, хамгаалах зэрэг олборлолтын ажиллагаатай хамааралтай бүх агуулга багтана, ажлын агуулгад Ил уурхайн хөрс хуулалт /нийт хэмжээ ойролцоогоор 400,000 м3/, уурхайн олборлолт /жилд ойролцоогоор 1,500,000м3/, гэрээний үнэ нь тогтмол нэгж үнэтэй бөгөөд ил уурхайн бүтээн байгуулалтын үе шатны өнгөн буюу шимт хөрс хуулалтын ажлын нэгж үнэ м3 нь 19.69 юань, суурь чулуулаг ухаж хуулах ажлын нэгж үнэ м3 нь 38.47 юань, уурхайн олборлолтын аутсорсингийн ажлын хувьд эхний 3 жилийн чулуулаг ухаж хуулах ажлын нэгж үнэ м3 тутамд 34.21 юань, эхний 3 жилийн хүдэр олборлох шатны хөрс хуулалтын нэгж үнэ м3 тутам 42.50 юань байхаар тохиролцсон байна.
3.2. 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдөр гэрээний талууд Монгол улсын *** компанийн ил уурхайн олборлолтын талбайн бүтээн байгуулалтын үе шатны хөрс хуулалт ба олборлолтын аутсорсингийн ажлын гэрээтэй холбоотой асуудлаарх хурлын протокол-ыг үйлдсэн байна.
Уг протоколд ...1.Талууд найрсгаар харилцан тохиролцох замаар Хараат-Уул төмөр цайрын хүдрийн ил уурхайн бүтээн байгуулалтын үе шатны хөрс хуулалтын ажил болон уурхайн олборлолтын аутсорсингийн ажлын гэрээг цуцлахыг зөвшөөрсөн, гэрээг цуцалсны дараах хохирлын нөхөн төлбөр зэрэг холбогдох асуудлыг талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр бичгээр баталгаажуулна. 2.Б тал А талаас нэхэмжилсэн 9 төрлийн нөхөн төлбөрийг (Монгол Улсын *** уул уурхайн ХХК-ийн Хараат-Уул төмөр-цайрын хүдрийн ил уурхайн төслийн ажлыг зогсоосон тооцоо, хохирлын нөхөн төлбөр хавсралтыг харна уу) талууд харилцан зөвшилцсөний үндсэн дээр: 1, 2, 4, 5, 7 дугаар зүйлд дурдсан нөхөн төлбөрийн асуудал нь гэрээ хэрэгжих явцад үүссэн асуудал гэж үзэж, талууд анхны гэрээний заалтад үндэслэн тусгай хэлэлцээр хийн тохиролцохоор шийдвэрлэж, энэхүү гэрээг цуцлах асуудлын хүрээнд оруулаагүй болно. 3.Б талын нэхэмжилсэн 3, 6, 8, 9 дүгээр зүйлд дурдсан нөхөн төлбөрийн асуудлаар талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр дараах зарчмыг тогтоов:
1/ Олборлолтын талбайн өндөр хүчдэлийн шугамын нөхөн төлбөрийг гэрээнд заасан хүдрийн тонн тутмын элэгдлийн өртгөөр тооцно;
2/ Ажлыг зогсоосны дараа ажилчид, тоног төхөөрөмжийг талбайгаас татах зардлыг нүүлгэн шилжүүлэхэд тохиромжтой газрыг баримтлан тооцно;
3/ Тоног төхөөрөмжийн сул зогсолтын зардлыг А тал тоног төхөөрөмж худалдан авсан үнийг тулган баталгаажуулсны дараа тендерийн баримт бичигт заасан металлургийн нормт элэгдлийн хугацаанд үндэслэн тооцно;
4/ Б талын нэхэмжилсэн ашгийн нөхөн төлбөрийн асуудлыг А тал энэхүү гэрээ болон эрх зүйн тайлбарт үндэслэн Б талд учирсан бодит хохирлыг үндэслэл болгон тооцно. А тап Б талыг энэхүү хурлын протоколд гарын үсэг зурснаас хойш 10 хоногийн дотор бодит хохирлын дэлгэрэнгүй жагсаалтыг хүргүүлэх санал тавьж байна.
5/ Талууд хууль журамд заасан зүй ёсны шаардлагаас бусад нөхцөлд нөгөө талын бичгээр өгсөн зөвшөөрөлгүй төслийн бүтээн байгуулалтын гэрээтэй холбоотой асуудпаар нээлттэй мэдэгдэл гаргахгүй, нууцыг задруулахгүй байхаа амласан болно гэжээ.
3.3. Зохигч, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон дээрх үйл баримтууд болон Ил уурхайн хөрс хуулалтын ажил болон уурхайн олборлолтын аутсорсингийн ажлын гэрээ байгуулагдсан эсэх, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаангүй.
Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар талууд хүсэл зоригоо гарын үсэг тамга тэмдгээр баталгаажуулсан, 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, хүчин төгөлдөр хэлцэл байх ба эрх зүйн харилцааны төрлийн хувьд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний төрөлд хамаарахаар байна.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
3.4. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагуудыг эс зөвшөөрч байгаа үндэслэлээ 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Монгол улсын *** компанийн ил уурхайн олборлолтын талбайн бүтээн байгуулалтын үе шатны хөрс хуулалт ба олборлолтын аутсорсингийн ажлын гэрээтэй холбоотой асуудлаарх хурлын протокол-ыг үйлдэж гэрээг цуцалсан, 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр буюу шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд гэрээний талаар маргаан үүсгэж байгаагүй, мөн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх агуулгаар маргаж байна.
3.5. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2-т Ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй гэж заасан.
Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд, талуудын хооронд байгуулагдсан *** дугаартай Ил уурхайн хөрс хуулалтын ажил болон уурхайн олборлолтын аутсорсингийн ажлын гэрээ-г 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдөр гэрээний талууд Монгол улсын *** компанийн ил уурхайн олборлолтын талбайн бүтээн байгуулалтын үе шатны хөрс хуулалт ба олборлолтын аутсорсингийн ажлын гэрээтэй холбоотой асуудлаарх хурлын протокол-ыг үйлдэн харилцан тохиролцож гэрээг цуцалсан нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2-т зааснаар хариуцагч нь гэрээг цуцлах эрхээ хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
3.6. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна, 75 дугаар зүйлийн 75.2-т Энэ хуульд өөрөөр заагаагүй бол дараахь тохиолдолд хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ, 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж тус тус хуульчилжээ.
2014 оны 6 дугаар сарын 24-ний өдөр үйлдсэн Монгол улсын *** компанийн ил уурхайн олборлолтын талбайн бүтээн байгуулалтын үе шатны хөрс хуулалт ба олборлолтын аутсорсингийн ажлын гэрээтэй холбоотой асуудлаарх хурлын протокол-ын 4-т ...протоколд гарын үсэг зурснаас хойш 10 хоногийн дотор бодит хохирлын дэлгэрэнгүй жагсаалтыг хүргүүлэхээр тохиролцсон байх тул шаардах эрх үүссэн өдрийг уг протоколыг үйлдсэн өдрөөс хойш 10 хоногийн дараа буюу 2014 оны 7 дугаар сарын 05-ны өдөр гэж үзэх үндэслэлтэй.
Хэдийгээр нэхэмжлэгчээс *** ХХК-ийн харилцан хамаарал бүхий компани болох *** алт өнгөт металл уул уурхайн борлуулалтын групп ХХК-иас гэрээний гүйцэтгэлийн баталгааг 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 500,000 юанийг Хятад улсын Үйлдвэр худалдааны банкаар буцаан шилжүүлсэн тул гэрээний хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж тайлбарласан боловч хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн Ерөнхий газраас ирүүлсэн 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн*** тоот албан бичгийн хавсралтаар *** алт өнгөт металл уул уурхайн борлуулалтын групп ХХК нь хариуцагч *** ХХК-тай хамааралгүй болох нь тогтоогдож байна. Тиймээс Иргэний хуулийн 79 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан нөхцөл байдал хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс гэрээний хөөн хэлэлцэх тооцох талаар гаргасан тайлбар үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч нь 2014 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд гэрээний үүрэг болон хохирлоо шаардах, шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлээгүй, хариуцагч үүргийг зөвшөөрөөгүй бол Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хариуцагч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй болно.
Иймд хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул хариуцагч тал уг гэрээний талаар хариуцлага хүлээхээс татгалзах эрхтэй учир нэхэмжлэгч *** ХХК-ний хариуцагч *** ХХК-д холбогдуулж гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44,297,790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *** ХХК-иас 7,981,962,883 төгрөг гаргуулах тухай *** ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44,297,790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН