Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2023/03592

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2023/03592

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, *** тоотод оршин суух хаягтай, рд:***,  М нэхэмжлэлтэй,

хариуцагч Баянгол дүүрэг, *** тоотод оршин суух хаягтай, рд:***, Х С холбогдох,

293 200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгч Б.М,

хариуцагч Б.С нар оролцож,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Сувд хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.М хариуцагч Б.С холбогдуулан 293 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ...миний бие 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Б.С Баянгол дүүргийн *** тоот 1 өрөө орон сууцыг худалдаж авсан. Тухайн орон сууцыг хүлээн авах үед худалдагч тал Б.С нь орон сууцны гадна хаалганы домофоны төлбөр болох 293,200 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Б.С нь орон сууцыг худалдахаас өмнө ашиглалтын төлбөрийг төлж барагдуулахаар тохирсон боловч төлбөрөө төлөөгүй өдий хүрч байна. Иймд хариуцагчаас орон сууцны гаднах хаалганы домофоны төлбөр болох 293,200 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэв.

3. Хариуцагч хариу тайлбартаа: ...энэ байрыг 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр худалдаж аваад 2021 оны 10 сарын 04-ний өдөр Б.Мт 78,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон боловч үл хөдлөх хөрөнгийн татварыг төлөх мөнгөгүй байна гэж надаас гуйгаад 76,000,000 төгрөгөөр үл хөдлөх эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээ хийж шилжүүлсэн. Гэтэл одоо 293,200 төгрөгийг нэхэж байгаад гайхаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэв. 

4. Нэхэмжлэгчийн ирүүлсэн

Нэхэмжлэл /хэргийн 1 дугаар тал/

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2 дугаар тал/

Б.Мийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 3 дугаар тал/

Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл /хэргийн 4 дүгээр тал/

Төрийн банк ХК-ийн НӨАТ-ийн баримт /хэргийн 5 дугаар тал/ нотлох баримтууд

 

5. Хариуцагчийн ирүүлсэн

Хариу тайлбар /хэргийн 12 дугаар тал/

Хүсэлт /хэргийн 18 дугаар тал/ нотлох баримтууд

 

6. Шүүхээс

Рф энд МД ХХК-ийн ирүүлсэн баримт /хэргийн 35-37 дугаар тал/

Чингэлтэй СӨХ-ийн хариу хүргүүлэх тухай албан бичиг /хэргийн 38-43 дугаар тал/

№0311 УБ/КП Худалдах, худалдан авах гэрээ /хэргийн 41-43 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх хуралдаанаас нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

2.1 2021 оны 10 сарын 04-ны өдөр нэхэмжлэгч хариуцагчаас түүний өмчлөлийн Баянгол дүүрэг, *** тоот 1 өрөө орон сууц хөрөнгийг худалдан авсан нь зохигч талуудын тайлбараар тогтоогдож байгаа ба зохигчид энэ талаар маргаагүй.

 

2.2 Дээрх орон сууц хөрөнгийг худалдан авах үед ашиглалтын зардал буюу домофоны зардал 293 200 төгрөг төлөгдөөгүй байсан нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан ...орон сууцыг худалдан авах үед гадна хаалганы домофоны төлбөр 293 200 төгрөг төлөгдөөгүй үлдэгдэлтэй байсан... гэх тайлбар, хариуцагчийн ...хуучин амьдарч байсан айл домофоны төлбөр 200 000 гаруй төгрөгийн өр байдаг, бусад айлууд төлдөггүй болохоор төлөхгүй байгаа гэж хэлж байсан... гэх тайлбар баримтуудаар тогтоогдож байна.

 

2.3 Дээрх төлбөр буюу домофоны төлбөрт нэхэмжлэгч 2023 оны 04 сарын 09-ны өдөр 293 200 төгрөг төлсөн нь нэхэмжлэгчийн тайлбар, төрийн банкны дансны хуулга, Рф энд МД ХХК-ийн ирүүлсэн баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 5, 37 дугаар тал/

 

3. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлийн орон сууц хөрөнгийн ашиглалтын зардал төлбөрийг эрх бүхий байгууллагад төлөх үүрэгтэй бөгөөд хариуцагч Б.С дээрх худалдсан орон сууц хөрөнгийн өөрийн өмчлөлд байсан хугацааны ашиглалтын зардал төлбөрийг төлөх үүрэгтэй боловч дээрх үүргээ биелүүлээгүй нь талуудын тайлбар баримтаар тогтоогдож байна.

 

4. Нэхэмжлэгч хариуцагчийн дээрх орон сууц хөрөнгийг өмчлөх хугацааны ашиглалтын зардал буюу домофон төлбөрийг төлснөөр хариуцагч Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасан үүргээс чөлөөлөгдсөн байх тул нэхэмжлэгч уг төлбөрийг хариуцагчаас шаардах эрх үүссэн гэж үзнэ.

 

5. Иймд Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д зааснаар хариуцагчаас домофоны төлбөр 106 900 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхүй болгох үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

 

6. Зохигч талуудын хооронд Баянгол дүүрэг, *** тоот 1 өрөө орон сууц хөрөнгийг худалдах худалдан авах гэрээ 2021 оны 10 сарын 04-ны өдөр байгуулагдсан талаар зохигчид маргаагүй тул энэ хүртэлх хугацааны домофоны зардал 106 900 төгрөгийг /2018 оны 11-12 сар 6000 төгрөг, 2019 оны төлбөр 36 000төгрөг, 2020 оны төлбөр 37 000 төгрөг, 2021 оны 1-09 сарын хугацааны төлбөр 27 900 төгрөг нийт 106 900 төгрөг/ хариуцагчаас гаргуулахаар тогтоов.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9 446 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 4550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1. Иргэний хуулийн Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Саас орон сууц хөрөнгийн ашиглалтын зардал буюу домофоны төлбөр 106 900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Мт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 186 300 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9 446 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 4550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ш.ОЮУНТУУЛ