| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2023/04044/И |
| Дугаар | 102/ШШ2023/03386 |
| Огноо | 2023-09-22 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 102/ШШ2023/03386
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:***, өөрийн байранд байрлах *** ХК /РД: ***,
Хариуцагч: *** тоотод оршин суух *** ургийн овогт ***-ийн *** /РД: ***/,
Нэхэмжлэлийн шаардлага: 17,844,334.63 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогч:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б***,
хариуцагч П.***,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Өлзий хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хариуцагч П.***аас 17,844,334.63 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ нэхэмжлэгч дараах байдлаар тайлбарлав. Үүнд: Зээлдэгч П.*** нь ***тай 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр *** тоот Кредит карт эзэмших гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийн энгийн кредит картын зээлийг жилийн бэлнээр 36 хүүтэй, бэлэн бусаар 24 хувийн хүүтэй 24 сарын хугацаатайгаар авсан. Банк зээлийн гэрээний дагуу 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр зээлдэгч П.*** *** тоот зээлийн дансанд 5,000,000 төгрөгийн зээлийн эрх нээж зээлийг бодитойгоор бүрэн олгосон. *** тоот Кредит карт эзэмших гэрээний 2.8.2-т заасны дагуу Банк төлбөрийн нэхэмжлэх илгээснээс хойш зээлдэгч 15-ны өдрийг хүртэл хамгийн багадаа ашигласан төлбөрийн 10 хувийг хүүтэй хамт төлөх үүрэгтэй боловч зээлдэгч нь 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн зээлийн гэрээний үүргээ үл биелүүлж, зээлийн эргэн төлөлтийг зөрчиж эхэлсэн. Банкнаас удаа дараа зээлдэгчтэй холбогдож гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж мэдэгдэл хүргүүлсэн боловч үл биелүүлсэн. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 4,248,313.06 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 8,249,783.41 төгрөг, хугацаа хэтрүүлсний шимтгэл 5,337,238.16 төгрөг, нийт 17,835,334.63 төгрөг болж хуримтлагдсан байна. Зээлдэгч П.*** нь гэрээний заалтыг зөрчиж, банкнаас нэхэмжилсэн хамгийн бага төлбөрийг Гэрээний 2.8.2-т заасан хугацаанд төлөөгүй төлбөрийн зөрчил гаргасан бөгөөд зөрчилийг арилгах арга хэмжээ аваагүй Кредит карт эзэмших гэрээний хугацаа 2019 оны 9-р сарын 01-ний өдөр дуусгавар болсон ч гэрээний үүргээ биелүүлж төлөлт хийгээгүй. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.3, 30 дугаар зүйлийн 30.1, Банк болон зээлдэгчийн хооронд байгуулсан *** тоот Кредит карт эзэмших гэрээг тус тус үндэслэн зээлийн үндсэн төлбөр 4,248,313.06 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 8,249,783.41 төгрөг, хугацаа хэтрүүлсний шимтгэл 5,337,238.16 төгрөг, нотариатын зардал 9,000 төгрөг, нийт 17,844,334.63 төгрөгийг зээлдэгч П.***аас гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
2. Хариуцагч П.*** шүүхэд гаргасан тайлбартаа: 2017 оны ***наас авсан кредит карт дээр үүссэн маргаантай холбогдуулан ***наас гаргасан нэхэмжлэл 17,835,344.63 төгрөгийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн, хэт өндөр дүн гэж үзэж миний бие төлөхөөс татгалзаж байна. Гэрээний хугацаа 1 жил байсан бөгөөд гэрээний хугацаа дуусахад нэхэмжлээгүй мөртлөө 6 жилийн дараа мөнгө нэхэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Гэрээний дагуу үндсэн төлбөр болон 1 жилийн хүүг хүлээн зөвшөөрнө. Харин бусад мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна гэжээ.
3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Нэхэмжлэл /хх1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх3/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх4/, мөнгөний тасалбар /хх5/, Монгол шуудан ХК-ийн төлбөрийн баримт /хх5/, П.***ын кредит картын зээл, хүүний тооцооллын хүснэгт /хх6-7/, итгэмжлэл /хх8-9, 30-31/,
4. Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар /хх28/.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсийг хангах үндэслэлтэй гэж үзэв. Учир нь:
Нэхэмжлэгч *** ХХК нь хариуцагч П.***т холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 17,835,334.63 төгрөг, нотариатын зардалд 9,000 төгрөг, нийт 17,844,334.63 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хариуцагч П.*** нь нэхэмжлэгч *** ХХК-иас 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр *** дугаартай Кредит карт эзэмших гэрээ-гээр зээлийн лимит 5,000,000 төгрөг, 1 жилийн хугацаатай, бэлэн мөнгөний гүйлгээний хүү жилийн 36%, бэлэн бус гүйлгээний хүү жилийн 24%, зээлийн лимит эрх хэтрүүлсний шимтгэл хүү сарын 2%, зээлийн хугацаа хэтрүүлсний шимтгэл сарын 1%, зээлийн эргэн төлөлтийг 15 өдрийн дотор төлөх, эргэн төлөх доод хэмжээ 10% байхаар тохирсон байна. Тухайн гэрээг байгуулсан эсэх асуудлаар талууд маргаагүй бөгөөд талуудын хүсэл зоригийн дагуу хийгдсэн, хүчин төгөлдөр гэрээ байна. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагджээ.
Кредит картын гэрээ нь зээлдэгчийг тодорхой дүнгээр зээлийн эрх нээлгэн, өөрөө хүүгээ хянаж, шаардлагатай үедээ зээлийг /зээлийн эрх/ ашиглах боломжоор хангах, эргэн төлсөн хэмжээгээр зээлийн эрх нь нээгддэг, богино хугацааны санхүүгийн зээлжих эрхийг хангах бөгөөд бэлэн мөнгө авсны хүү нь гүйлгээ хийсэн өдрөөс эхлэн төлбөрийг бүрэн хэмжээгээр эргэн төлөх хүртэл хугацаанд, бэлэн бус гүйлгээний хүү нь гэрээнд заасан төлбөр эргэн төлөх өдрөөс эхлэн төлбөрийг бүрэн төлөх хүртэл хугацаанд тооцогдоно. Өөрөөр хэлбэл гэрээнд заасан төлбөр төлөх өдөр хүртэл бэлэн бус гүйлгээний дүнгээс хүү тооцохгүй бөгөөд тухайн өдөр төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд үлдсэн дүнгээс хүү төлөх, бэлэн гүйлгээгээр авсан зээлийн төлбөрийг тухайн өдрөөс төлөх өдөр хүртэл хугацаанд хүү төлөх үндсэн үүрэг хүлээж, уг үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүй бол хэтэрсэн хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх хариуцлага хүлээхээр тохиролцсон гэрээ байна. Энэхүү тохиролцоо нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцжээ.
Талуудын хооронд байгуулсан гэрээний хугацаа 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр дууссан боловч П.*** гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбар, дансны хуулгаар нотлогдож байна.
Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн шаардлагын үндэслэлээ ...зээлдэгч нь 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн зээлийн гэрээний үүргээ үл биелүүлж, зээлийн эргэн төлөлтийг зөрчиж эхэлсэн. Банкнаас удаа дараа зээлдэгчтэй холбогдож гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж мэдэгдэл хүргүүлсэн боловч үл биелүүлсэн. ...гэрээний хугацаа 2019 оны 9-р сарын 01-ний өдөр дуусгавар болсон ч гэрээний үүргээ биелүүлж төлөлт хийгээгүй гэсэн агуулгаар тайлбарласнаас үзэхэд нэхэмжлэгч зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагчаас шаардсан гэж үзэхээр байна.
Гэрээг тогтвортой, талуудын итгэл, найдварыг баталгаатай байлгах зорилгоор үндэслэлгүйгээр, дуртай үедээ гэрээнээс татгалзах, гэрээг цуцлахыг хуулиар хязгаарласан байдаг.
Харин гэрээний талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэйг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр байх учир нэг тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд нөгөө тал гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах эрхтэй.
Хариуцагч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, гэрээний үүргээ зөрчсөн талаар маргаагүй боловч гэрээний хугацаа дуусахад нэхэмжлэлээ гаргаагүй, мөн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргажээ.
*** ХК болон П.*** нарын хооронд 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан *** тоот Кредит карт эзэмшин гэрээний хугацаа 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр дууссан байна.
Аливаа гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхыг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зохицуулсан ба нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа нь 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр дууссан байна. Иймд хариуцагч буюу зээлийн гэрээний төлбөр төлөгч нь Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж зааснаар зээлийн төлбөр төлөхөөс татгалзах эрхтэй тул хариуцагч П.***аас 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 8 дугаар 01-ний өдөр хүртэл хугацааны 4,086,037.93 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүү, хугацаа хэтрүүлсний хариуцлага нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргийг тус тус хүлээдэг.
Иймд хариуцагчаас 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн *** тоот Кредит карт эзэмших гэрээ-ний үүрэгт нийт 13,749,269.7 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд нийцнэ.
Түүнчлэн хариуцагч тал гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид шүүхэд хандах, тодорхой зардлыг гаргах шаардлага бий болсон болох нь баримтаар тогтоогдож байх тул нотариатын зардал болох 9,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэх нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасантай харшлахгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247,172 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.***аас 226,876 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *** ХК-д олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч П.***аас 13,758,296.7 төгрөг гаргуулан *** ХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247,172 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч П.***аас улсын тэмдэгтийн хураамжид 226,876 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *** ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН