Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2021/ДШМ/19

 

 

 

 

 

 

 

 

 

Д.С-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Б даргалж, шүүгч Т.Ж, Ч.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Шүүгдэгч Д.С

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Н нарыг оролцуулан

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/41 дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Д эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоор Д.С-т холбогдох 2116000000028 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Э-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, халх, 1998 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр сумд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монгол улсын Боловсролын их сургуулийн 3 дугаар курсын оюутан, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баянсан багийн Сэрхийн .... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал байхгүй, урьд ял шийтгэлгүй, ДЕ............ регистрийн дугаартай, Б овгийн Д. С.

 

Шүүгдэгч Д.С нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 02 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт багийн 9-р гудамжны ... тоот хашаанд оршин суух П.Н-ийн гэрт 10 жилийн сургууль төгссөнөөс хойш холбоо бариагүй гэж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн Б.Ч-тэй маргалдан түүний зүүн дал, эгэмний дээд хэсэгт хутгаар хатгаж зүүн далны дээд, зүүн эгэмний дээд хэсэгт шарх гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овгийн Д.С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-ийг 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-т оногдуулсан 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаар хийлгэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.С-т мэдэгдэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.С-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан 25 сантметрийн урттай, хар өнгийн иштэй хутгыг устгаж, энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний хөрөнгийг битүүмжлээгүй, хохирогчид хохиролд 18000 төгрөг төлсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах, үндэслэл журмыг тайлбарлаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.С-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Д.С-ийн өмгөөлөгч Ж.Д шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдолдоо: Шүүгдэгч Д.С-ийн өмгөөлөгч Ж.Д /ШТЭҮ ..../ миний бие Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/41 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах журмаар дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын гэм буруугийн талаарх дүгнэлт хэсэгт Д.С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд Д.С-ийн хувьд мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд дээрх гэмт хэргийг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаар удаа дараа мэдүүлдэг.

Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын Эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэсэг буюу Д.С-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Д.С нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаагаа илэрхийлсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн хохирогч ямар нэгэн гомдол саналгүй гэсэн байдаг. Мөн хувийн байдлын хувьд ам бүл 4-лээ аав, ээж, дүүгийн хамт Дэлгэр сумд амьдардаг, оюутан 3 дугаар курст суралцдаг. Эрүүгийн хариуцлагын хувьд нийтэд тустай ажил хийх боломжгүй нөхцөл байдалд байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээрх ялаас өөр төрлийн буюу хуульд заасан доод хэмжээгээр торгуулийн ялыг оногдуулж, Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Д.С нь 2021 оны 02 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнийн 03 цагийн үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт багийн 9 дүгээр гудамжны ..... тоотод оршин суудаг П.Н-ийн гэрт хамт архи ууж байсан Б.Ч-тэй 10 жилийн сургууль төгссөнөөс хойш холбоо бариагүй хэмээн маргалдан түүний зүүн дал, эгэмний дээд хэсэгт хутгаар хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байна.

Энэ үйл баримт нь хохирогч Б.Ч-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 20 цагийн үед найз Д.С-тэй уулзаж 2.5 литр пиво уугаад такси дуудаж Индэртийн 9- ... тоотод очиж хашааны гадаа 10 жилийн сургууль төгссөнөөс хойш холбоо бариагүй гэж маргалдан улмаар Д.С-ийг гэрт нь оруулахад хутга авч ирээд хохирогч Б.Ч-ийн мөр хэсэгт хутгалсан. Нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Д.С хохирлыг төлж барагдуулсан” тухай мэдүүлэг,

Гэрч Г.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны өгсөн: “2021 оны 02 дугаар сарын 23-ны өглөөний 03 цаг 30 минутын үед Б.Ч утсаар залгаад  Индэртийн 9- ...  тоотоос намайг ирээд ав гэж хэлсний дагуу очиж авахад “Найз нь хутгалуулчих шиг боллоо гэж хэлээд зүүн гарын алга руу нь цус урссан байдалтай байсан бөгөөд түүнийг эмнэлэгт хүргэж өгөөд гадаа нь хүлээж байхад цагдаа нар ирж Д.С-ийнд очиж цустай хутга хураан авч зургийг нь дарж байсан” тухай мэдүүлэг,

 Гэрч П.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Гэртээ унтаж байхад нь Д.С, Б.Ч хоёр зодолдож орж Д.С нь найз Б.Ч хутгална гээд хар иштэй хутгыг барьсан бөгөөд тухайн үед хутгалж байхыг нь хараагүй боловч цагдаа нар ирж тэр хутгыг хурааж авах үед үзүүр нь цус болсон байсныг харсан” тухай мэдүүлэг,

Гэрч П.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр нөхөр Д.С нь Б.Ч-тэй хамт ирээд хашааных нь гадаа машин дотор пиво ууж байгаад дараа хашаан гадаа Д.С, Б.Ч нар муудалцсан, Б.Ч нь Д.С-ийг сугадаж гэрт оруулсан, Д.С хутга барьж Б.Ч рүү дайрсан” тухай мэдүүлэг,

Гэрч Ш.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2021 оны 02 дугаар сарын 23-ны шөнө жижүүрт гарч байхад нь 03 цаг 50 минутын үед нэг залуу найздаа хутгалуулсан гэж ирснийг үзэхэд хутгалуулсан шарх байсан тул үүргийн дагуу цагдаад мэдэгдсэн бөгөөд эмч Б.У, сувилагч О нар шархыг цэвэрлэж хоёр оёдол тавьсан” тухай мэдүүлэг,

Шинжээч Т.А-ын 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн: “Б.Ч-ийн зүүн далны дээд хэсэгт болон зүүн эгэмний дээд хэсэгт шарх гэмтэл учирсан нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ байх бөгөөд, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт заанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн 76 дугаартай шинжээчийн дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийж, хар өнгийн бариултай улаан өнгийн зүйлээр бохирлогдсон хутга хураан авч үзлэг хийхэд уг хутганы ажлын хэсгийн үзүүр хэсэгт улаан хүрэн өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон байсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Б.Ч-ийн амбулаториор эмчлүүлэгсдийн карт зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Прокуророос шүүгдэгч Д.С-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргээр зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлж шүүх шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан байна. 

Д.С нь Б.Ч-тэй маргалдаж улмаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж байсан боловч түүнийг хутгалсны улмаас Б.Ч-ийн биед эрүүл мэндийг нь түр хугацаагаар сарниулах хөнгөн хохирол учирсан, шүүгдэгч Д.С-ийн үйлдэл, хохирогч Б.Ч-ийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь шууд шалтгаант холбоотой байна.

Тиймээс шүүгдэгч Д.С нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Мөн анхан шатны шүүх хэрэгт авагдаж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтын хүрээнд хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчөөгүй, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу, тусгай ангид тухайн гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулж болох ялын төрлөөс нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож дундаж хэмжээгээр ял оногдуулсан нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон, ял хүнддээгүй байна.

Тиймээс шүүгдэгч Д.С-ийн өмгөөлөгч Ж.Д-ийн гаргасан шүүгдэгчид оногдуулсан ялыг багасгуулах, торгуулийн ял оногдуулах тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 41 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.С-ийн өмгөөлөгч Ж.Д-ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд Шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ш.Б

 

                  ШҮҮГЧИД                              Т.Ж

 

                                                                 Ч.Э