Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 128/ШШ2023/0451

 

2023 05 17 128/ШШ2023/0451

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Урангуа би, Г.Б*******, Д.Н******* нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргад холбогдох захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хариуцагч Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Ц******* шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: ... Нэхэмжлэлийн хариуцагч Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Ц******* нь 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс томилогдон ажиллаж байгаа бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч Эх барих, эмэгтэйчүүд, нөхөн үржихүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Р.О*******иар дамжуулан нэхэмжлэгч Г.Б*******, Д.Н******* нарын шүүхийн маргааны талаарх холбогдох хавтаст хэрэгтэй танилцсан болно.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Б.Б*******ийн тухайн үед гаргаж байсан захиргааны шийдвэр, эрх зүйн актуудыг үндэслэн дүгнэлт хийж дээрх нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн авч зөвшөөрч байна.

Нэхэмжлэгч Г.Б*******гийн эгүүлэн томилуулахаар нэхэмжилж буй Захиргаа төлөвлөлт удирдлагын хэлтсийн Эрүүл мэндийн байгууллагын асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд Эрүүл мэндийн боловсрол, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Л.Ө*******, нэхэмжлэгч Д.Н*******ын эгүүлэн томилуулахаар нэхэмжилж буй Захиргаа, төлөвлөлт удирдлагын хэлтсийн Эрүүл мэндийн байгууллага, эмийн сангийн бүртгэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтний албан тушаалд Халдварт бус өвчний асуудал хариуцсан Т.Ж******* нар тус тус ажиллаж байна.

Нэхэмжлэгч Г.Б******* нь Төрийн албаны салбар зөвлөлийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 105 дугаар тогтоолын 19 дүгээр хавсралтаар батлагдсан Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын асуудал хариуцсан мэргэжилтний орон тоон дээр, нэхэмжлэгч Д.Н******* нь мөн тогтоолын 21 дүгээр хавсралтаар батлагдсан Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, эмийн сангийн бүртгэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтний орон тоон дээр тус тус томилогдон ажиллаж байсан болно.

Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 377 дугаар тогтоолын 14,15 дугаар хавсралтаар Эрүүл мэндийн байгууллагын асуудал хариуцсан мэргэжилтэн, Эрүүл мэндийн байгууллага, эмийн сангийн бүртгэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтэн гэсэн нэршилтэй болсон боловч хариуцан гүйцэтгэх ажил, албан тушаалын чиг үүрэгт ямар нэг өөрчлөлт ороогүй ба Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Бүтэц, орон тоо, үйл ажиллагааны чиглэлийг шинэчлэн батлах тухай А/******* тоот тушаалаар нэхэмжилж буй дээрх 2 албан тушаал хэвээр хадгалагдаж байна.

Нэхэмжлэгч Г.Б*******гийн нэхэмжилж буй албан тушаалд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/123 дугаар тушаалаар мэргэжилтэн Л.Ө******* түр томилогдон хавсран ажиллаж байна.

Нэхэмжлэгч Д.Н*******ын нэхэмжилж буй албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр хавсран гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн Б индексийн тушаал шийдвэр гараагүй, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Бүтэц, орон тоо, үйл ажиллагааны чиглэлийг шинэчлэн батлах тухай А/******* тоот тушаалын гуравдугаар хавсралтаар уг албан тушаалд Т.Ж*******ыг байршуулсан боловч хавсран гүйцэтгүүлэх томилгоо хийсэн Б индексийн тушаал гараагүй болно.

Иймд хариуцагч талаас нэхэмжлэгч Г.Б*******, Д.Н******* нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн авч зөвшөөрч байгаа бөгөөд дээрх 2 мэргэжилтнийг эгүүлэн томилоход бусад хэн нэгний хууль ёсны эрх ашиг хохирч хөндөгдөхгүй гэдгийг үүгээр баталгаажуулж байна.

Жич: Манай талын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.О*******ь нь 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 20-ны өдрүүдэд Ховд аймагт томилолтоор ажиллах болсон учир 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралд биечлэн оролцох боломжгүй болсныг хүндэтгэн үзэж хэргийг хялбаршуулсан ж*******р шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Г.Б*******, Д.Н******* нараас Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн албан тушаалаас халах тухай Б/108 дугаар тушаал болон 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Б/109 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгуулж, өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, мөн өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд хамаарах цалинг гаргуулах, уг хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

2.Хариуцагч Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 945 дугаар албан бичгээр ирүүлсэн тайлбартаа ... Иймд хариуцагч талаас нэхэмжлэгч Г.Б*******, Д.Н******* нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн авч зөвшөөрч байгаа бөгөөд дээрх 2 мэргэжилтнийг эгүүлэн томилоход бусад хэн нэгний хууль ёсны эрх ашиг хохирч хөндөгдөхгүй гэдгийг үүгээр баталгаажуулж байна. Манай талын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.О*******ь нь 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 20-ны өдрүүдэд Ховд аймагт томилолтоор ажиллах болсон учир 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралд биечлэн оролцох боломжгүй болсныг хүндэтгэн үзэж хэргийг хялбаршуулсан ж*******р шийдвэрлэж өгнө үү. гэсэн байх ба нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, хүсэлтээ бичгээр гаргасан байна.

3.Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ:21.1.1.Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх ..., мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

4.Хариуцагч Нийслэлийн Эрүүл мэндийн газар Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно. гэж заасны дагуу шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалин хөлсийг зохих журмын дагуу тооцож, нэхэмжлэгч нарт олгох үүрэгтэйг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Г.Б*******, Д.Н******* нараас Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн албан тушаалаас халах тухай Б/108 дугаар тушаал болон 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Б/109 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгуулж, өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, мөн өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд хамаарах цалинг гаргуулах, уг хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35,100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн энэхүү захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.УРАНГУА