Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 487

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа, 

улсын яллагч С.Солонго,

шүүгдэгч Б.Баяраа өөрөө өөрийгөө өмгөөлөн хялбаршуулсан журмаар хэргийг нээлттэй хянан шийдвэрлэсэн шүүх хуралдаанаар, 

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Бямбаагийн Баяраад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201725031166 дугаартай хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн Боржигон овогт Бямбаагийн Баяраа, 1987 оны 7 дугаар сарын 11-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо 1-36-27 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, РД:/ЦИ87071118/,

Шүүгдэгч Б.Баяраа нь 2017 оны 08 дугаар 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Саншайн хотхоны барилга дээр Л.Амартүвшингийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Б.Баяраа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хохирогч Л.Амартүвшин мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…Баяраа намайг заамдаж аваад нүүр толгой руу 2-3 удаа гараараа цохьсон. Тэгээд би зууралдаад байж байхад нэг залу ирж салгаад бид 2 салаад Баяраа жоохон холдоод 1 метрийн цаана байж байхдаа барилгын метр шидээд миний баруун хөмсөг оноод миний хөмсөг язарсан. Тэгээд цус гарч байхад Баяраа дайраад “би чамайг ахиад манруулаад өгөх үү, одоо манарч байна уу пизда минь” гэж хэлээд дайраад зодох гээд байсан. Би тонгойгоод ямар нэгэн үйлдэл хийгээгүй байж байгаад цагдаа дуудсан…” гэв./хх-13/

            Гэрч Б.Соёлчхүү мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Баяраа, Амартүвшин 2 хажууд ажиллаж байхдаа Баярааг 3 давхарт байхад Амартүвшин Баяраа руу “чи манраад өчигдөр намайг орхиод явсан байна лээ” гэж хэлэхэд Баяраа “чи манай дүүг манараа гэж хэллээ” гэж хэлээд дээрээс бууж ирээд барицалдаж авахаар нь би тэр 2-ын дундуур ороод салгахад Баяраа цаашаа явахдаа гартаа барьж явсан шар өнгийн барилгын метрийг Амартүвшин рүү шидээд Амартүвшингийн духны хэсэгт метр оноод цус гаргаад дух яазарсан байсан. Тэгээд Амартүвшин цагдаа дуудна гэж хэлээд явсан. Удалгүй цагдаа ирээд тэр 2-г авч явсан....” гэсэн мэдүүлэг. /хх-20/

              Гэрч И.Пүрэвням мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би барилгын 3 давхрын өрөөнд байхад миний хажуу талын өрөөнд хүмүүс хоорондоо маргалдах дуу гарахаар нь гараад харахад хамт ажилладаг Баяраа, Амартүвшин 2 нэг нэгнийгээ заамдалцаад зогсож байсан. Тэгээд тэр хоёрыг Соёлчхүү салгаад “боль” гэж хэлээд байж байхад Баяраа гартаа барьж явсан шар өнгийн барилгын метрийг Амартүвшин рүү шидээд Амартүвшингийн духны хэсэгт метр оноод цус гаргаад, дух язарсан байсан. Тэгээд Амартүвшин цагдаа дуудна гэж хэлээд явсан. Удалгүй цагдаа ирээд тэр хоёрыг авч явсан...” гэсэн мэдүүлэг. /хх-20/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 3-ний өдрийн 9947 дугаар дүгнэлтэд: 

  1. Л.Амартүвшингийн биед духанд няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдантанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт. /хх-25/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Баяраа нь 2017 оны 08 дугаар 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Саншайн хотхоны барилга дээр Л.Амартүвшингийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Баярааг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Баяраа нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид учирсан хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 460 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.

Хохирогч Л.Амартүвшин нь хохирлын ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд “эмчилгээний зардалд 800.000 төгрөг нөхөн төлүүлнэ” гэх бөгөөд эмчилгээнд зарцуулсан ямар нэгэн баримт байхгүй тул хохирогчийн нэхэмжилсэн төлбөрийг гаргуулах үндэслэлгүй байна.

Харин хохирогч нь гарсан эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй. 

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Баяраа нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Бямбаагийн Баярааг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Баярааг 460 (дөрвөн зуун жар) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 (дөрвөн зуун жаран мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Баяраад оногдуулсан торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хугацааг 3 сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Баяраа нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Б.Баяраа нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч Л.Амартүвшин нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Баяраад хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР