Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 176

 

 

 

 

 

 

 

 

 

Б.А ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2018/03504 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.А ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Н т холбогдох,

 

Дуудлага худалдааны үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М болон түүний өмгөөлөгч Д.Д нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа: Улсын дээд шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ХТ2018/00154 тоот тогтоолоор уг хэргийн хариуцагч Б.А аас 21 339 980 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “С ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Энэхүү тогтоолыг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас албадан гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа хууль зөрчиж, төлбөр төлөгч буюу өмчлөгчийн эрхийг зөрчиж байна. Тухайлбал, барьцаа хөрөнгө болох 28 м.кв талбайтай байшинг 42 м.кв талбайтай гэж дүгнэлтэд тусгагдсан байна. Өөрөөр хэлбэл, ямар үндэслэлээр талбайн хэмжээг ийм зөрүүтэй хэмжсэн болохыг тодорхой дурьдаагүй байна. Түүнчлэн тухайн байшингийн өнөөгийн зах зээлийн үнэ 45 000 000 төгрөгөөр худалдагдаж байхад 25 300 000 төгрөгөөр үнэлсэн байна. Уг байшин байршлын хувьд аж ахуйн үйл ажиллагаа явуулахад тохиромжтой газар байдаг, хажуу айлын хүмүүс байшингаа дэлгүүр, үйлчилгээний зориулалтаар ажиллуулдаг. Иймд, хариуцагч Н т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хангаж, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2017/02524 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 2128 тоот магадлал болон Улсын дээд шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ХТ2018/00154 тоот тогтоолоор хариуцагч Б.А аас 21 339 980 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Сансит капитал ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэр, магадлал, тогтоолыг албадан гүйцэтгэх ажиллагааг манай байгууллага гүйцэтгэж, Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, цайз 32а гудамж, 680 тоот хаягт байрлах хувийн орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахаар болсон. Энэхүү барьцаа хөрөнгийг хураан авч, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талуудаас үнийн санал авахад өгөөгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2.-т заасны дагуу зах зээлийн үнэлгээг хөрөнгийн үнэлгээний “Мөнх-Оргил трейд” ХХК-иар гүйцэтгүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар хөрөнгийн үнэлгээг тогтоохдоо Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтлах ба дүгнэлтийн үнэн зөвийг томилогдсон шинжээч хариуцахаар зохицуулсан байдаг. Тус компанийн гаргасан дүгнэлтэд маргааны зүйл болсон хувийн орон сууцыг бодитоор үнэлсэн. Иймд манай байгууллага шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч Б.А ын гаргасан хариуцагч Н т холбогдох Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, цайз 32а гудамж, 680 тоот хаягт байрлах 689 м.кв талбайтай газар болон 28 м.кв талбайтай хувийн орон сууцанд хийсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо: “...Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Маргаан бүхий 28 м.кв орон сууц нь 2013 оны 09 дүгээр сарын 30-нд гал түймрийн улмаас бүхэлдээ шатаж үгүй болсон болох нь Нийслэлийн Онцгой байдлын газар, гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн гал түймэр гарсан тухай 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн №336/2188 тоот акт, Баянзүрх дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн тодорхойлолт болон бусад нотлох баримтуудаар тогтоогдсон. Уг хувийн орон сууцыг 2014 онд Б.А ын хамтран амьдрагч Б.Батхорол нь ах дүү, найз нөхөд, ажлын хамт олны хандив, туслалцаатайгаар барьж босгосон 49.1 м.кв байшин юм. Хөрөнгийн үнэлгээний “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн дүгнэлтэд талбайн хэмжээг 49.1 м.кв гэж тусгасан байгаа нь Б.А ын 28 м.кв орон сууц биш болохыг нотлож байна. Гэтэл тус орон сууцан дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж буй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1 дэх хэсэгт “гамшиг, аюулт үзэгдэл, осол, онцгой нөхцөл байдлын улмаас үзүүлж байгаа тусламж, тэтгэлэг, хандив”-ыг хурааж болохгүй гэсэн заалтыг зөрчиж байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Б.А ын 28 м.кв тайлбай бүхий орон сууцы үнийн саналыг ирүүлэх талаар мэдэгдэл өгсөн байна. Гэтэл уг хувийн орон сууц нь гал түймэрт бүхэлдээ шатсан учир үнэлэх боломжгүй юм. Хөрөнгийн үнэлгээний “Мөнх-Оргил трейд” ХХК нь 49.1 м.кв орон сууцаар баримтжуулан үнэлгээ хийсэн байгаа нь хуульд нийцэхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Б.А  нь хариуцагч Н т холбогдуулан үл хөдлөх, эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2017/02524 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 2128 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ХТ2018/00154 дүгээр тогтоолоор Б.А аас 21 339 980 411 төгрөгийг гаргуулж “Сансит капитал ББСБ” олгохоор шийдвэрлэжээ. /хх 29-32, 33-35/

Хариуцагч байгууллага нь дээрх шийдвэрийг гүйцэтгэхээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, барьцааны зүйл болох Б.А ын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, цайз 32а гудамж, 680 тоот хаягт байрлах 689 м.кв талбайтай газар болон 28 м.кв талбайтай хувийн орон сууцыг битүүмжилж, хураасан талаар зохигчид маргаагүй байна. /хх 10-13/

            Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоох бөгөөд хэрэв тохиролцоогүй бол дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд хараат бус мэргэжлийн үнэлгээчийн саналыг үндэслэн тогтооно. Хараат бус мэргэжлийн үнэлгээчийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилоно” гэж заажээ.

            Төлбөр төлөгч, төлбөр авагч нар эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах үнийн саналын талаар харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т “төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч Иргэний хуулийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу тохиролцоогүй бол үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ” гэж заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг томилж үнэлгээ тогтоолгосон нь хууль зөрчөөгүй байна. /хх 51-75/

Шинжээчийн үнэлгээний тайланг нэхэмжлэгчид 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 4/13389, 2018 оны 09 дүгээр сарын 03-ны 4/14155 тоот албан бичгүүдээр тус тус мэдэгджээ. /хх 46, 47/

            Шинжээчийн дүгнэлтээр Б.А ын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, цайз 32а гудамж, 680 тоот хаягт байрлах 689 м.кв талбайтай газар болон 28 м.кв талбайтай хувийн орон сууцыг 25 300 000 төгрөгөөр үнэлсэн байх ба нэхэмжлэгч зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн гэж гомдол гаргаж байгаа боловч энэхүү гомдлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй байна. 

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2018/03504 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхцэцэгээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

                         ШҮҮГЧИД                                          Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                    Д.ЦОГТСАЙХАН