Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2023/03521

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: *** тоотод оршин суух, ***ын ***

Хариуцагч: *** тоотод оршин суух, *** ургийн овогтой ***-ын ***

Нэхэмжлэлийн шаардлага: 5,109,900 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

Нэхэмжлэгч М.***,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.О***, Э.М***

Хариуцагчийн өмгөөлөгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б***,

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Г***,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Анударь хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагч Б.***аас 5,109,900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч дараах байдлаар тайлбарлав. Үүнд: Миний танил Б.*** нь түр зээлье гээд миний Хаан банкны *** данснаас *** дансанд 2020 оны 10 дугаар сарын 23-нд 15:23 цагт 500,000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 09-нд 12:11 цагт 500,000 төгрөг, 2021 оны 8 дугаар сарын 04-нд 14:17 цагт 200,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 16-нд 10:05 цагт нөхөр ***-ын ***ын Хаан банкны *** дансаар 1,000,000 төгрөг, Мишээл экспогоос ор авна мөнгө дутсан гэж 2022 оны 1 дүгээр сарын 23-нд 18:27 цагт миний Хаан банкны *** данснаас 2,909,900 төгрөгийг карт уншуулж авсан. Гэтэл одоог хүртэл мөнгийг төлөхгүй байгаа тул 5,109,900 төгрөгийг надад гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчаас хариу тайлбартаа: Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжлэлийн шаардлагаас харвал хариуцагч Б.***ын данс руу гурван удаагийн гүйлгээгээр 1,200,000 төгрөг шилжүүлсэн. Энэ гүйлгээтэй холбоотой асуудалд Б.*** нь М.*** гэх хүнээс мөнгө орж ирээд тухайн мөнгийг ээж н.***т бэлэн болон бэлэн бусаар шилжүүлдэг байсан. Дээрх хугацаанд М.*** нь эхнэр мэдэх гээд байна, тэгэхээр охины чинь данс руу шилжүүлж байя гэдэг байдлаар мөнгө шилжүүлдэг байсан. Гэр бүлээс гадуурх харилцаа байсан гэдгийг аль аль нь маргахгүй. Хавтаст хэрэгт хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол байдаг. Дээрх тогтоолд М.*** гэх хүн 49.920.000 төгрөгийн оронд хариуцагчийн ээжийн Тоёота харриэр загварын машиныг өөртөө шилжүүлж авч үүнээс хойш ямар ч санал хүсэлт байхгүй, нэхэмжлэхгүй зүйлгүй гэж өөрийн гараар бичиж тухайн хэрэг бүртгэлтийн хэрэг хаагдсан. М.***ын данснаас хариуцагч Б.***ын нөхөр Б.***ын данс руу 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Энэ асуудалд Б.***а гэрчээр өгсөн мэдүүлэгтээ М.***ыг өөрийн хадам аав гэж бодож байсан, тэр үеэс нь мэддэг болсон. Нэг удаа М.*** нь миний дансыг авч мөнгө шилжүүлье ээждээ өгөөрэй гэж хэлсэн гэж мэдүүлдэг. 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр М.***ын данснаас 2.909.900 төгрөг гардаг. Нэхэмжлэлдээ мөнгө дутаад байна гэж хэлээд авсан гэж дурддаг. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан баримт дээр тухайн орны үндсэн үнэ нь 2.909.900 төгрөг байдаг. Мөнгө дутаад мөнгө авсан бол тухайн орны үнийг бүтэн төлөх ёсгүй байсан үйл баримт харагддаг. Мэдүүлгээр ч мөн М.*** болон н.*** нар нь өөрсдөө авч өгсөн талаар ярьдаг. М.***ын нэхэмжлэлтэй н.***т холбогдох иргэний хэрэгт үзлэг хийлгэхэд тухайн маргаан бүхий буйдангийн үнийг хариуцагч болон хариуцагчийн ээжээс аль алинаас нэхсэн байсан нь тогтоогдсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 4-7, 9/, Нэкст электрон бараа, тавилгын сүлжээ их дэлгүүрийн баримт /хх 8/, шүүхэд төлөөлөх итгэмжлэл /хх 4, 5/, Мөнгө зээлсэн баталгаа гаргах нь /хх 6/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 7/, нэмэгдүүлсэн шаардлага /хх-40-41/, 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн гэрээ /хх 42-46/, шүүхэд төлөөлөх итгэмжлэл /хх 73/.

 

4. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: шүүхэд төлөөлөх итгэмжлэл /хх 16/, хариу тайлбар /хх 17/, Иргэн М.***т баталгаа гаргах нь /хх 101/, Иргэн Б.***т баталгаа гаргах нь /хх 102/, Худалдах, худалдан авах гэрээ, хавсралт /хх 103-104/, Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын Прокурорын Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол /хх 105-106/, фото зураг /хх 107/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд /хх 143-144/.

 

5. Дараах баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлсэн. Үүнд: Нэхэмжлэгчийн хүсэлтээр. Мобиком корпораци ХХК-ийн 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн *** тоот албан бичиг /хх 33-34/, Хаан банкны 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн *** дугаартай албан бичиг /хх 36/, Нэкст мебель ХХК-ийн 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн *** тоот албан бичиг /хх 37-39/, 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэл /хх 114-121/, гэрчээр Б.***ыг асуусан /хх 123-124/, Баянгол дүүргийн Прокурорын газрын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн *** тоот албан бичиг, хавсралт /хх 133-141/,

Хариуцагчийн хүсэлтээр 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэл /хх 91-94/.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч М.***ын нэхэмжлэлээс 1,200,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, үлдэх 3,909,900 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч М.*** нь хариуцагч Б.***д холбогдуулж 5,109,900 төгрөг гаргуулах тухай шаардлагыг гаргасан. Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн шаардлагын үндэслэлээ хариуцагчийг түр зээлье гэж дансаар 2020 оны 10 дугаар сарын 23-нд 500,000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 09-нд 500,000 төгрөг, 2021 оны 8 дугаар сарын 04-нд 200,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 16-нд нөхөр ***ын ***ын Хаан банкны *** дансаар 1,000,000 төгрөг авсан, Мишээл экспогоос ор худалдан авахад мөнгө дутсан гэж 2022 оны 1 дүгээр сарын 23-нд миний Хаан банкны *** данснаас 2,909,900 төгрөгийг карт уншуулж авсан гэх агуулгаар тодорхойлжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Хариуцагч нь өөрийн дансанд өгсөн 1,200,000 төгрөгийг бэлэн болон бэлэн бусаар ээжид шилжүүлэн өгсөн, Б.***ы дансанд өгсөн мөнгийг ээжид өгсөн гэж ***а ярьдаг, 2,909,900 төгрөгийн үнэтэй орыг өөрөө худалдаж авч өгсөн гэх агуулгаар мэтгэлцжээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчид өөрийн шаардлага болон татгалзлаа нотлох, нотлох баримтаа шүүхэд цуглуулж өгөх үүрэгтэй ба энэхүү үүргийнхээ хүрээнд гэрч асуулгах, шинжээч томилуулах, үзлэг болон туршилт хийлгэх, шүүхийн журмаар нотлох баримт гаргуулах зэрэг эрхүүдийг эдэлдэг. Мөн иргэний хэргийн оролцогчдоос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан тайлбар нотлох баримтаар үнэлэгдэхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.2.2, 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгүүдэд заасан.

 

Нэхэмжлэгчээс хэрэгт 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр, 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр, 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдөр, 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр, 2022 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр тус бүрийн Хаан банк дахь өөрийн эзэмшлийн *** тоот дансны хуулгыг гаргаж өгсөн. Уг хуулгаас үзэхэд ...*** гэсэн утгатайгаар Хаан банк дахь Б.***ын эзэмшлийн *** тоот данс руу 3 удаагийн гүйлгээгээр нийт 1,200,000 төгрөг, Хаан банк дахь Б.***ы эзэмшлийн *** тоот данс руу 1,000,000 төгрөг тус тус шилжүүлсэн байна.

 

Дээрх мөнгөн гүйлгээг нэхэмжлэгчээс ...түр зээлье гэж, хариуцагчаас ...М.*** гэх хүнээс мөнгө орж ирээд тухайн мөнгийг ээж н.***т бэлэн болон бэлэн бусаар шилжүүлдэг байсан гэж зөрүүтэй тайлбарыг гаргасан.

 

4.2. Зээлийн гэрээ байгуулах учир шалтгаан ямар ч байж болох бөгөөд урьд өөр зорилгоор авсан мөнгийг зээлийн гэрээний үүрэгт шилжүүлэх нь талуудын хүсэл зоригийн асуудал юм.

Хариуцагч Б.***ын эзэмшлийн Хаан банкны *** тоот дансанд нийт 1,200,000 төгрөг нэхэмжлэгч М.***аас шилжсэн үйл баримтыг зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудтай харьцуулан судлахад нэхэмжлэгч болон хариуцагч Б.*** нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

Зээлийн гэрээ нь хоёр талын хүсэл зоригийн үндсэн дээр өөрөөр хэлбэл нэг тал нь мөнгө зээлэх эсхүл мөнгө зээлдүүлэх санал гаргаж, нөгөө тал нь үүнийг хүлээн зөвшөөрснөөр байгуулагддаг хоёр талт гэрээ бөгөөд зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээхийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан.

Нэхэмжлэгчээс зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн буюу 1,200,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлэн өгсөн байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний үүргээ хариуцагчаас шаардах эрхтэй.

Түүнчлэн зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлэх учиртайг Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-т заасан.

Хариуцагч Б.***аас хүлээн авсан мөнгийг буцаан төлсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнээс 1,200,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт нийцнэ гэж шүүхээс үзлээ.

4.3. Харин гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлсэн эсэх буюу гэрээний дагуу мөнгийг шилжүүлсэн эсэх тал дээр маргаан гарсан тохиолдолд мөнгө, эд хөрөнгийг шилжүүлсэн байх нь гэрээг байгуулагдсанд тооцох үндэслэл болохыг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсгээр зохицуулжээ.

 

Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн дансны хуулгыг зохигчийн тайлбарууд болон гэрч Б.***ы мэдүүлэгтэй харьцуулан үзвэл нэхэмжлэгчээс 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Хаан банк дахь Б.***ы эзэмшлийн *** тоот данс руу шилжүүлсэн 1,000,000 төгрөгийг хариуцагч Б.*** хүлээн авсан болох нь тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн Нэкст электрон бараа, тавилгын сүлжээ их дэлгүүрийн баримтад нийт дүн 2,909,900 гэснийг, гэрч Б.***ы ...М.*** ах манай эхнэр бид хоёрыг дуудаад буйдан үзэхээр хамт явъя гэсэн. Гэтэл буйдан үнэтэй байсан тул ор авахаар болтол гэнэт М.*** ах картаа зуруулаад авч өгсөн гэсэн мэдүүлэгтэй харьцуулан үзвэл нэхэмжлэгчийн ...Мишээл экспогоос ор авна мөнгө дутсан гэж 2022 оны 1 дүгээр сарын 23-нд 18:27 цагт миний Хаан банкны *** данснаас 2,909,900 төгрөгийг карт уншуулж авсан гэх тайлбар үндэслэл муутай байна.

 

Мөн хавтаст хэргийн 39 дүгээр талд авагдсан Нэкст бараа хүргэлтийн баримт-ыг үзвэл харилцагчийн нэр дээр *** ***а гэж бичсэн байх тул дээрх барааг хариуцагч Б.*** хүлээн аваагүй болох нь нотлогдож байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагын 3,909,900 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 96,694 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 33,350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.***аас 1,200,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.***т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,909,900 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 96,694 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.***аас 33,350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН