| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2023/03731/И |
| Дугаар | 102/ШШ2023/03584 |
| Огноо | 2023-10-09 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 102/ШШ2023/03584
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:*** тоотод оршин суух, *** ургийн овогт ***-ийн ***,
Нэхэмжлэгч: *** тоотод оршин суух, *** ургийн овогт ***ын ***,
Хариуцагч: *** тоотод оршин суух, *** ургийн овогт ***-ийн ***,
Хариуцагч: *** тоотод оршин суух, *** ургийн овогт ***ын ***,
Хариуцагч: *** тоотод оршин суух, *** ургийн овогт ***ын ***,
Нэхэмжлэлийн шаардлага: *** тоотод байрлах амины орон сууцыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө мөн болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогч:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Х***,
Хариуцагч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.***,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Анударь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хариуцагч Ч.***, Б.***, Б.*** нарт холбогдуулан *** тоотод байрлах амины орон сууцыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч нарын зүгээс дараах байдлаар тайлбарлав.
Үүнд: Нэхэмжлэгч Ч.*** нь эхнэр Ч.***тай гэр бүл болж 1979 онд албан ёсоор иргэний бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн. Дундаасаа Б.***, Б.***, Б.***, Б.*** гээд 4 охин төрүүлсэн. Ч.*** нь хамтын амьдралынхаа хугацаанд 1995 оны 6-р сарын 10-наас эхлэн одоогийн улсын бүртгэлийн *** дугаартай, Б*** тоот амины сууцыг эзэмшиж Орон сууц эзэмших *** тоот гэрчилгээг өөрийн нэр дээр анх авч байсан. Хожим 2004.05.19-нд уг хөрөнгөө эхнэр Ч.***, охин Б.***, Б.*** нарынхаа хамтаар өмчлөх эрхийн гэрчилгээг 2004 оны 5-р сарын 19-ний өдөр улсын бүртгэлийн *** дугаарт шинэчлэн бүртгүүлж авсан. Уг амины орон сууцанд 1995 оноос хойш эхнэр 4 охины хамт амьдарч байгаад, 2019 оноос хойш оффисын зориулалтаар ашигладаг болсон юм. Ингээд 2006 онд эхнэр Ч.***тай ярилцаж Ч.*** нь хөрөнгийн бүртгэлээс өөрийн нэрийг түр хасуулсан юм. Гэтэл эхнэр Ч.*** нь нэхэмжлэгч Ч.***ад мэдэгдэлгүйгээр 2013.02.22-ны өдөр *** гэгчид барьцаалсан болохыг байраа бусдад түрээслүүлэх явцдаа гэрчилгээнийхээ эх хувийг олохгүй, улсын бүртгэлээс очиж мэдлээ. Хэдий охин Б.***гийн нэр дээрх үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээн дээр бүртгэгдэж байгаагүй ч гэрлэгсдийн дундаас төрсөн, гэр бүлийн гишүүдийн хувьд мөн адил хэмжээгээр өмчлөх эрхтэй бөгөөд уг эрх нь бусдад барьцаалагдсанаар хөндөгдөж байгаа болно. *** тоот хаяг нь Нийслэлийн Өмчийн Газраас Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2003 оны тогтоолоор *** тоот болж өөрчлөгдсөн байдаг. Иймд Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2.4-т заасны дагуу *** дугаарт бүртгэлтэй, *** тоотод байрлах амины орон сууцыг 1995 оноос хойш манай гэр бүлийн бүх гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Ч.*** хариу тайлбартаа: Миний бие нь 1979 онд Ч.***тай гэр бүл болж, албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Охин Б.*** нь 1980 онд, охин Б.*** нь 1984 онд, охин Б.*** нь 1987 онд, охин Б.*** нь 1995 онд тус тус төрсөн. Улсын бүртгэлийн *** дугаартай амины орон сууц нь манай гэр бүлийн цорын ганц хөрөнгө мөн. Нөхөр маань анх 1995 онд газар авч бариулсан юм. Хүүхдүүдийнхээ хамтаар уг амины орон сууцанд амьдарч байсан, одоогийн байдлаар түрээсэлж байгаа. Миний бие нь 2013.02.22-ны өдөр Гэрлээ гэдэг хүний гуйлтаар орон сууцыг нөхөр Ч.*** болон 2 том охин ***, *** нарт хэлэлгүй бусдад барьцаанд тавьсан. Одоо болтол тэр хүн Удахгүй барьцаанаас чөлөөлж өгнө гэдэг. Нэхэмжлэлийн шаардлагатай маргах зүйл байхгүй, бүрэн хүлээн зөвшөөрч байна гэжээ.
3. Хариуцагч Б.*** хариу тайлбартаа: Миний бие нь уг амины орон сууцанд төрж өссөн. Тус орон сууцнаас 2019 онд ээж аавтайгаа Хан-Уул дүүргийн 3-р хороо руу нүүсэн. Эгч *** нь орон сууцыг оффисын зориулалтаар ашигладаг. Уг орон сууцыг барьцаанд тавих үед би 18 нас хүрээгүй байсан учир ээж миний өмнөөс гарын үсэг зурсан байсан бөгөөд би энэ талаар мэдээгүй. Маргаан бүхий орон сууц нь манай гэр бүлийн хөрөнгө мөн. Нэхэмжлэлийн шаардлагатай маргах зүйл байхгүй, бүрэн хүлээн зөвшөөрч байна гэжээ.
4. Хариуцагч Б.*** хариу тайлбартаа: Миний бие нь уг амины орон сууцанд төрж өссөн. 2010 онд хүнтэй сууж, тусдаа гарсан. Ээж, аав маань 2019 онд тус орон сууцнаас нүүсэн бөгөөд тус орон сууцыг би оффисын зориулалтаар ашиглаж байгаад, саяхнаас түрээсэлсэн. Уг орон сууцыг ээжийнхээ гуйлтаар бусдад барьцаанд тавихыг зөвшөөрч итгэмжлэлд гарын үсэг зурсан. Гэхдээ аль хэдийн барьцаанаас буцаад чөлөөлж авсан гэж бодсон. Маргаан бүхий орон сууц нь манай гэр бүлийн хөрөнгө мөн. Нэхэмжлэлийн шаардлагатай маргах зүйл байхгүй, бүрэн хүлээн зөвшөөрч байна гэжээ.
5. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Нэхэмжлэл /хх 1/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 2/, шүүхэд төлөөлөх итгэмжлэл /хх 3-4/, Б.***гийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх 5/, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /хх 6/, Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх 7/, Б.***, Б.***, Б.*** нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх 8-10/, Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хх 11/, Б.***, Ч.***, Ч.***, Б.***, Б.*** нарын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх 12-16/, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, хавсралт /хх 17-28/, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, хавсралт /хх 29-32/, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, хавсралт /хх 33-43/,
6. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: хариу тайлбар /хх 51-53/,
7. Дараах баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлсэн. Үүнд: Улсын бүртгэлийн Ерөнхий газрын *** тоот албан бичиг, хавсралт /хх /, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын *** тоот албан бичиг, хавсралт /хх 68-101/,
Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Ч.***, Б.*** нараас шаардах эрхийн үндэслэлээ ...Ч.*** нь хамтын амьдралынхаа хугацаанд 1995 оны 6-р сарын 10-наас эхлэн одоогийн улсын бүртгэлийн *** дугаартай, *** тоот амины сууцыг эзэмшиж Орон сууц эзэмших *** тоот гэрчилгээг өөрийн нэр дээр анх авч байсан. ... Хэдий охин Б.***гийн нэр дээрх үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээн дээр бүртгэгдэж байгаагүй ч гэрлэгчдийн дундаас төрсөн гэж тайлбарласан.
Тодруулбал, нэхэмжлэгч Ч.***, Б.*** нар нь нэхэмжлэгч Ч.***, хариуцагч Ч.*** нарын гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд *** тоот хаягт байршилтай хувийн сууцны зориулалттай 155,52 м.кв талбайтай 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийг бий болсон гэж гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч болохыг тогтоолгохоор шаардсан байна.
3. Хариуцагч нар нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргасан бөгөөд
Хариуцагч Ч.*** ...Миний бие нь 1979 онд Ч.***тай гэр бүл болж, албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Охин Б.*** нь 1980 онд, охин Б.*** нь 1984 онд, охин Б.*** нь 1987 онд, охин Б.*** нь 1995 онд тус тус төрсөн. ...Нөхөр маань анх 1995 онд газар авч бариулсан. ...Нэхэмжлэлийн шаардлагатай маргах зүйл байхгүй, бүрэн хүлээн зөвшөөрч байна
Хариуцагч Б.*** ...Миний бие нь уг амины орон сууцанд төрж өссөн. ... Нэхэмжлэлийн шаардлагатай маргах зүйл байхгүй
Хариуцагч Б.*** ...Миний бие нь уг амины орон сууцанд төрж өссөн. 2010 онд хүнтэй сууж, тусдаа гарсан гэсэн агуулгаар тайлбарласан.
4. Зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Ч.*** болон хариуцагч Ч.*** нар 1979 оны 6 дугаар сарын 05-ны өдөр гэр бүл болсныг эрх бүхий байгууллага 1984 оны 5 дугаар сарын 31-ний өдөр *** дугаарт албан ёсоор бүртгэж, гэрлэлтийн гэрчилгээ олгосон ба гэрлэгчдийн дундаас 1980 оны 6 дугаар сарын 27-ны өдөр охин Б.***, 1984 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр охин Б.***, 1987 оны 8 дугаар сарын 13-ны өдөр охин Б.***, 1995 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр охин Б.*** нарыг төрүүлсэн, одоог хүртэл хамт амьдарч байгаа болох нь хүүхдийн төрсний гэрчилгээ, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Ч.***, Б.*** болон хариуцагч Ч.***, Б.***, Б.*** нар эрхийн улсын *** дугаарт бүртгэлтэй, *** тоот хаягт байршилтай хувийн сууцны зориулалттай 155,52 м.кв талбайтай 2 давхар үл хөдлөх эд хөрөнгө нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө мөн эсэх талаар маргаангүй байна.
Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарах ба мөн зүйлийн 126.2.1, 126.2.2-т зааснаар гэрлэгчдийн хамтын хөдөлмөр, аж ахуйн үйл ажиллагаанаас олсон орлого, мөнгөн хуримтлал, шинээр бий болсон хөрөнгө, уг хөрөнгөөр олж авсан үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө нь мөн зүйлийн 126.2.4.-т зааснаар гэрлэгчдийн хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө байдаг.
Ч.*** болон Ч.*** нар 1979 оны 6 дугаар сарын 05-ны өдөр гэр бүл болсныг эрх бүхий байгууллага 1984 оны 5 дугаар сарын 31-ний өдөр албан ёсоор бүртгэж, гэрлэлтийн гэрчилгээ олгосон. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч болон хариуцагч нарын хамтран амьдарсан хугацаа нь 1979 оноос эхлэн тооцогдохоор байна.
Хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн *** тоот албан бичгээс үзэхэд Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргын 1998 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн *** тоот шийдвэрийг үндэслэн Ч.***ад Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд байрлах, 240 м.кв талбайтай, амины орон сууцны зориулалттай газрыг 15 жилийн хугацаанд эзэмшүүлэхээр *** тоот гэрчилгээ гарсан байна.
Дээрх газар дээр баригдсан эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай,*** тоот хаягт байршилтай хувийн сууцны зориулалттай 155,52 м.кв талбайтай 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийн анхны өмчлөгчөөр нэхэмжлэгч Ч.***, хариуцагч Ч.***, Б.***, Б.*** нар бүртгэлтэй байсан ба 2006 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл-ээр нэхэмжлэгч Ч.*** өмчлөгчөөс хасагдаж, хариуцагч Ч.***, Б.***, Б.*** нарын өмчлөлд үлдсэн байна.
Мөн 2013 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт барьцаалагдсан байна.
Иймд *** тоот хаягт байршилтай хувийн сууцны зориулалттай 155,52 м.кв талбайтай 2 давхар үл хөдлөх эд хөрөнгө нь нэхэмжлэгч Ч.***, хариуцагч Ч.*** нарын гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэж үзэх үндэслэлтэй байна.
Харин гуравдагч этгээд зээлийн болон барьцааны гэрээний үүргийг нэхэмжлэгч болон хариуцагч нараас шаардахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурдав.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 403,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 403,650 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт заасныг баримтлан *** тоот хаягт байршилтай хувийн сууцны зориулалттай 155,52 м.кв талбайтай 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Ч.***, Б.*** нар хамтран өмчлөх дундын эд хөрөнгө мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 403,650 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 403,650 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН