Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2023/03642

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *** өөрийн байранд оршин байх *** ХХК /РД: ***/,

 

Хариуцагч: *** тоот хаягт оршин суух, *** ургийн овогт ***ы *** /РД: ***/,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 240,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н***,

хариуцагч Б.***,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Анударь хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагч Б.***ас 422,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ нэхэмжлэгч дараах байдлаар тайлбарлав. Үүнд: Б.*** нь манай үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр дараа төлбөрт Postpaid Soyombo 20 үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээг байгуулж *** дугаарын эзэмшигч болсон. Гэтэл Б.*** нь гэрээний үүргээ үл биелүүлж *** дугаарын 2021 оны 11-р сарын байдлаар төлбөр 422,100 төгрөгийг төлөөгүй байгаа тул гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу үйлчилгээг хаасан. Бид төлбөр төлөхийг сануулан мэдэгдлийг өгч байсан боловч өдийг хүртэл төлөөгүй байна. Иймд Б.***ас төлбөрийн үлдэгдэл болох 422,100 төгрөг үүнээс гэрээний 6 дугаар зүйлийн 6.5, 6.9, 6.11, 6.1.7 дэх хэсэгт заасны дагуу барьцаа 0 төгрөгийг хасаад 422,100 төгрөг, нотариатын зардалд 5,000 төгрөг нийт 427,100 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: Би 2021 оны 10-р сард *** ХХК-ийн 2 залуу Баянгол дүүргийн 20 дугаар хороо Сонсголонд байрлах Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд манай ажилчдад Nokia 3310 маркийн утас үнэгүй олгож дугаар тараасан. Энэ үед би утас болон *** дугаар авсан. Тэр үед бид удахгүй ***ын сүлжээний төхөөрөмж танай байгууллагын дээвэр дээр байрлуулна гэсэн. Гэтэл байрлуулаагүй, олон шаардсан сүүлдээ утсаа авахгүй болсон. Одоо ч сүлжээгүй байгаа. Энэ дугаарыг ашиглах боломж олдоогүй. Гэтэл 2021 оны 11-р сарын байдлаар төлбөр 422,100 төгрөг нэхэмжилсэн байна. Маш олон хүн хохироож 40,000 төгрөг төлүүлсэн байгаа. Энэ нэхэмжилсэн 422,100 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ийм их мөнгө гарах үндэслэл байхгүй. *** ХХК-иас 2021 оны 10, 11-р сарын ярианы хуулга гаргуулах гэсэн боловч гаргах боломжгүй гэсэн хариу өгсөн. Энэ нь цаанаа худал өндөр дүнтэй мөнгө гаргуулах гэсэн арга гэж бодож хардаж байна. Иймээс энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 2/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 3/, итгэмжлэл /хх 4, 9/, Дараа төлбөрт соёмбо үйлчилгээний гэрээ, гэрээний өргөдлийн маягт /хх 5/, Гар утас төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ, гэрээний өргөдлийн маягт /хх 6-7/, Төлбөрийн нэхэмжлэх /хх 8/, Нэхэмжлэлийн шаардлага өөрчлөх тухай /хх 20/, *** ХХК-ийн Гүйцэтгэх захирлын Гар утасны үнэ батлах тухай тушаал /хх 21/.

 

4. Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар /хх 16/, *** ХХК-ийн тодорхойлолт /хх 17/.

 

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:

 

2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр *** ХХК болон Б.*** нарын хооронд байгуулагдсан

Гар утас төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ-гээр *** ХХК нь гэрээний хавсралт №1-д заасан үзүүлэлт бүхий биет байдлын болон эрхийн доголдолгүй төхөөрөмжийг хэрэглэгч гэрээний нөхцлийг биелүүлж гэрээ хүчин төгөлдөр болсон даруй бүрэн хүлээлгэн өгөх, Б.*** нь төхөөрөмжийн үнийг зээлээр хуваан төлөх нөхцлийн дагуу заасан хугацаанд бүрэн төлөх, хэрэглэгч дараа төлбөрт үйлчилгээний дугаараа ашигласан эсэхээс үл хамааран суурь хураамж бүрэн төлөх, үйлчилгээ үзүүлэгч талд төлөх төлбөрөө дараа сарын 20-ны өдрөөс өмнө төлөх барагдуулах үүргийг,

Дараа төлбөрт соёмбо үйлчилгээний гэрээ-гээр *** ХХК буюу үйлчилгээ үзүүлэгч нь хэрэглэгчид үйлчилгээг өөрийн техникийн боломж болон хүчин чадлын хүрээнд чанарын өндөр түвшинд үзүүлэх, Б.*** нь үйлчилгээ үзүүлэгчээс олгож байгаа үйлчилгээг энэхүү гэрээ болон Соёмбо дараа төлбөрт үйлчилгээний нөхцөлд заасан нөхцлөөр ашиглах үүргийг харилцан хүлээсэн байна.

 

Нэхэмжлэгч *** ХХК хариуцагч Б.***д холбогдуулж 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 422,100 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Nokia 3310 маркийн гар утасны төлбөр болох 240,000 төгрөгийг гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн.

 

Нэхэмжлэгчээс шаардлагын үндэслэлээ ...Б.*** нь манай үйлчилгээг авах хүсэлт гарган дараа төлбөрт үйлчилгээний гэрээ байгуулан *** дугаарын эзэмшигч болж Nokia 3310 маркийн гар утсыг бэлгэнд авсан. Гэвч Б.*** нь *** дугаарыг огт хэрэглээгүй нь *** ХХК-ийн дотоод мэдээллийн программд харагдаж байх тул *** дугаарын хэрэглээний төлбөрт нэхэмжилсэн 422,100 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзаж харин Nokia 3310 маркийн гар утасны төлбөр болох 240,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч дээрх шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн. ...Тэр үед бид удахгүй ***ын сүлжээний төхөөрөмж танай байгууллагын дээвэр дээр байрлуулна гэсэн. Гэтэл байрлуулаагүй, олон шаардсан сүүлдээ утсаа авахгүй болсон. Одоо ч сүлжээгүй байгаа гэж татгалзлаа тайлбарлаж байна.

 

2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Дараа төлбөрт соёмбо үйлчилгээний гэрээ, Гар утас төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ-нүүдийн агуулгаас үзвэл Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

Нэхэмжлэгч болон хариуцагч нар 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Дараа төлбөрт соёмбо үйлчилгээний гэрээ, Гар утас төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний хүчин төгөлдөр эсэх, мөн гэрээнд заагдсан газар болох Баянгол дүүргийн 20 дугаар хороонд нэхэмжлэгч байгууллагын сүлжээний төхөөрөмжийг байршуулаагүй үйл баримтын талаар маргаангүй байна.

 

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж заасан.

 

Нэхэмжлэгч талын ...Гэвч Б.*** нь *** дугаарыг огт хэрэглээгүй нь *** ХХК-ийн дотоод мэдээллийн программд харагдаж байна гэсэн нэхэмжлэлийн шаардлага өөрчилсөн үйл баримтыг хариуцагчаас гаргаж өгсөн *** ХХК-ийн *** овогтой *** нь *** дугаар нь устсан тул 2021 оны 10, 11 сарын хуулга гаргах боломжгүй гэсэн тодорхойлолттой харьцуулан үзвэл хариуцагчийн ...Тэр үед бид удахгүй ***ын сүлжээний төхөөрөмж танай байгууллагын дээвэр дээр байрлуулна гэсэн. Гэтэл байрлуулаагүй, олон шаардсан сүүлдээ утсаа авахгүй болсон. Одоо ч сүлжээгүй байгаа гэх татгалзал үндэслэлтэй байна.

 

Үүнээс дүгнэн үзвэл 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Дараа төлбөрт соёмбо үйлчилгээний гэрээ, Гар утас төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ-гээр хүлээсэн үүргээ нэхэмжлэгч *** ХХК-иас биелүүлээгүй байна. Иймд нэхэмжлэгчид уг гэрээний дагуу шаардах эрх үүсэхгүй ба хариуцагч Б.***ас 240,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул Б.***ас 240,000 төгрөг гаргуулах тухай *** ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,463 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН