Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2023/03743

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: *** тоотод оршин суух, *** овогт ***-ын *** /рд:***/

 

Хариуцагч: *** тоотод оршин суух, *** овогт ***-ын *** /рд:***/

 

Нэхэмжлэлийн шаардлага: 5,500,000 төгрөг гаргуулах тухай

 

Шүүх хуралдааны оролцогч:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т***,

Хариуцагч Б.*** /цахимаар/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Анударь

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагч Б.***т холбогдуулан гаргасан 5,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ нэхэмжлэгч дараах байдлаар тайлбарласан. Үүнд: Э.*** нь хариуцагч болох Б.***тай анх өөрийн өмчлөлийн *** арлын дугаартай, *** улсын дугаартай Mitsubishi Pajero загварын автомашиныг 10,500,000 төгрөгөөр худалдахаар ярилцаж байсан хэдий ч Б.*** нь 500,000 төгрөгөөр автомашины үнийг буулгахыг хүссэн тул тус нөхцөлийг хүлээн зөвшөөрч талууд 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр дээрх автомашиныг 10,000,000 /арван сая/ төгрөгөөр худалдахаар болж, харилцан тохиролцсоноор Зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэх нэртэй гэрээг байгуулж нотариатаар батлуулсан байдаг. Хэдийгээр Зээлээр худалдах, худалдан авах гэх нэртэй боловч гэрээгээр талууд хүү төлөх талаар тохиролцоогүй тул уг гэрээ нь Худалдах, худалдах авах гэрээ юм. Тус гэрээний дагуу Б.*** нь урьдчилгаа төлбөр болох 4,500,000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөр 5,500,000 төгрөгийг 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулах ёстой байсан. Э.***ын хувьд тус гэрээгээр хүлээсэн үүргээ буюу дээрх автомашиныг гэрээ байгуулсан өдөр хариуцагч Б.***ын эзэмшилд шилжүүлэн өгсөн билээ. Гэтэл хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ буюу тээврийн хэрэгслийн үлдэгдэл төлбөр болох 5,500,000 төгрөгийг одоог хүртэл төлж барагдуулахгүй байсаар байна. Б.***аас гэрээнийхээ үүргийг биелүүлэхийг удаа дараа шаарддаг байсан боловч тэрээр одоогоор мөнгөгүй байна, өгөхгүй гэх мэт хариуг өгсөөр ирсэн. Тус гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт Тээврийн хэрэгслийг худалдагч тал худалдан авагч талд 10,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцов, 3.2 дугаар зүйл /Төлбөрийн хэмжээ, нөхцөл/ Урьдчилгаа төлбөрийн хэмжээ 4,500,000 төгрөг, үлдэх 5,500,000 төгрөгийг 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар, мөн гэрээний 4.3-т Худалдагч тээврийн хэрэгслийг худалдахаар харилцан тохиролцсон төлбөрийг худалдан авагчаас шаардах эрхтэй гэж тус тус заасны дагуу хариуцагч Б.*** нь үлдэгдэл төлбөр болох 5,500,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна. Иймд хариуцагч Б.***аас Худалдах, худалдан авах гэрээ-ний үлдэгдэл төлбөр болох 5,500,000 /таван сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: Б.*** би Э.***аас *** улсын дугаартай Mitsubishi Pajero маркийн автомашиныг 2023 оны 01 дүгээр сарын 30-ны 10,000,000 төгрөгөөр тооцож, 4.500.000 төгрөгийг бэлнээр, үлдэгдэл төлбөрийг 6-р сарын 30-ны өдөр төлөхөөр гэрээ байгуулан авсан. Нэхэмжлэгчийн надаас нэхэмжилж байгаа 5,500,000 төгрөгийг би хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Э.***ын худалдсан Mitsubishi Pajero маркийн авто машин нь чанарын шаардлага хангахгүй, биет байдлын доголдолтой, маш их эвдрэл гэмтэлтэй машин байсан. Тухайн үедээ эвдрэл гэмтэл нь надад мэдэгдээгүй, удаан хугацаагаар буюу эвдрэлийг шалгах хэмжээнд унаж үзээгүй тул нэг их юм мэдэгдээгүй. Харин өөр дээрээ аваад унаж эхлээд 7 хоног ч хүрээгүй ойр зуурын жижиг гэмтлүүд илэрч эхэлсэн. Үүнийг би тухайн үедээ нэг их тоогоогүй он хуучин машины хувьд байх зүйл мэтээр санаж жижиг засварын зүйлийг хийгээд явсан. Гэтэл авснаас хойш 1 сар орчим болоогүй байхад маш их эвдрэл гэмтлүүд ар араасаа гарч унаж ашиглах боломжгүй техник байсан нь мэдэгдсэн. Энэ бүхнийг би Э.***т тухай бүр нь мэдэгдэж байсан машин ашиглах боломжгүйн дээр би маш их засвар хийлгэж байна. Нэг бол техникээ буцаая, нэг бол миний өөрөөсөө мөнгө гаргаж хийлгэсэн бүх засварын үнийг хасаад үлдэгдэл төлбөрийг нь шилжүүлье гэж олон удаа хэлсэн. Би үлдэгдэл төлбөрөө өгөхгүй гэж зугтаасан зүйл байхгүй. Харин ч эвдрэл гэмтэлтэй машин авчаад өөрөө маш их зардал гаргаж байгаа хэрнээ төлбөрөө төлнөө гэж хэлдэг байсан. Гэхдээ хийгдсэн засварын төлбөрийг хасаад шилжүүлэхэд надад асуудал байхгүй. Би авснаас хойш маш олон зүйлд засвар хийж зарим эд ангийг шинээр тавьж ашиглах боломжтой машин болгож байгаа учир цааш хэрэглээд явах, эсвэл зарахад надад нэг их асуудал байхгүй гэж үзэж би засвар хийсэн мөнгөө хасаад шилжүүлэхийг зөвшөөрч болох юм. Нэхэмжлэлд бичсэнээр төлбөр мөнгөө төлөхгүй гэдэг зүйл огт хэлж байгаагүй, надад төлбөрөө төлөх боломжгүй үе байсан, гэхдээ би төлнөө харин машинд маш их эвдрэл гараад байна та нэг бол засуулаад өг тэгээд дүү нь үлдэгдэл төлбөрөө өгнөө гэдэг байдлаар эвийн журмаар их олон удаа харилцсан байдаг. /Холбогдсон мессежүүд байгаа/ Эвдрэлтэй техник авчаад хүлцэнгүй тайван хандах хүн ховор байх, гэтэл төлбөрөө өгөхгүй алга болсон мэтээр бичсэн байгаа нь хүнийг хууран мэхэлж, машиныхаа эвдрэл гэмтлийг нуун дарагдуулж зарчхаад эргээд хүн гүтгэх үндэслэлгүй юм. Мөн машины гэрчилгээ шилжүүлэн өгөөгүй. Үлдэгдэл төлбөрөө шилжүүлж дуусаад миний өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон. Уг машины хувьд 3 удаа мотор боож /моторын эд анги сольж/, 1 удаа кроп сольж /туслах гинж сунаснаас болж давсан/, 2 удаа хөдөлгүүрт ээлж хийсэн/ кольц муудсан, укладиш их бие гар бие, поршин хормой элэгдсэн, тахир гол шинээр сольсон, турбо тос хаядаг ажиллагаа муу, поршиндоо шатууны пальц элэгдэж холхио орсон/. Энд маш их жижиг сэлбэг хэрэгслүүд авч тавьсан. Мөн аппартур, форсунк, клапан зэрэг эд ангиудыг шинээр сольж тавьсан. Дээрх засваруудаас гадна тос масло солих, жижиг сэлбэг хэрэгсэл авах гээд эд ангийн гэмтлээс тусдаа хийгдсэн засвар, сэлбэгүүд маш их байгаа. Э.*** гэж хүнээс авснаас хойш 6 сарын хугацаанд хийгдсэн сэлбэг хэрэгсэл, завсар үйлчилгээний хөлс гээд нийт 3,050,000 төгрөгийн засвар хийгдсэн. Үүнээс завсрын газар болон сэлбэгийн газруудаас авсан завсар үйлчилгээний төлбөрийн 2,736,500 төгрөгийн баримт нь надад бий. /Баримтууд хавсаргав/ Үүнээс гадна таньдаг таньдаггүй хувь хүмүүсээр зөндөө үзүүлж баримт авахгүй засвар хийлгэсэн. Энэ засвар үйлчилгээ хийх бүртээ би Э.***т дуулгаж хэлж байсан. Миний ийм их эвдрэл гэмтэлтэй техник авчаад өөрөө их хэмжээний мөнгө гаргаж засвар хийлгэж хохирчхоод байгааг Э.*** огт тоохгүй байгаа харахад анхнаасаа ийм зүйл болно гэдгийг мэдэж, түүнийгээ нуун дарагдуулсныг нотолно. Тухайн үед хийсэн зээлээр худалдах худалдан авах гэрээний 4.5, 4.6-д Худалдсан тээврийн хэрэгсэл доголдолтой бол худалдагч уг доголдлыг арилгах эсвэл шаардлагатай өөр эд хөрөнгөөр солих үүрэгтэй байхаар заасан. Мөн худалдах худалдан авах гэрээний хуулийн зохицуулалтад худалдагч нь эрхийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй эд хөрөнгө шилжүүлэх ёстой байсан. Гэтэл уг техник нь биет байдлын маш их доголдолтой байхад энэ тухай худалдагчид үргэлж хэлж байсан ба нэг ч засуулж өгөх, сольж өгөх талаар дурдаагүй тоогоогүй байж үлдэгдэл төлбөрөө бүтнээр нэхэмжлэх нь хууль зүйн хувьд үндэслэлгүй юм. Худалдаж аваад 7 хоног ашиглаагүй эвдрэл гэмтэл гарч байгаа эд хөрөнгө бол биет байдлын доголдолтой ашиглах боломжгүй хөрөнгө юм. Худалдан авагч миний хувьд ийм эд хөрөнгийг буцаах буюу эвдрэл гэмтлийг засуулан авах, доголдлыг арилгахад гарсан зардлаа төлүүлэх хуулиар олгогдсон эрхээ эдлэх хуулийн зохицуулалттай. Э.*** энэ хууран мэхэлж эвдрэлтэй машинаа нуун дарагдуулж зарсан хариуцлагагүй үйлдлээс болж би маш их мөнгө санхүү, цаг хугацаа, сэтгэл зүйн хувьд үнэхээр дарамттай нөхцөл байдалд орж хохироод байна. Иймд дээрх үлдэгдэл төлбөр болох 5,500,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, машины эвдрэл гэмтлийн засвар хийлгэсэн баримтаар нотлогдож байгаа 2,736,500 төгрөгийн хасуулан тооцуулж, үлдэгдэл 2,763,500 хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл /хх 1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3-4/, итгэмжлэл /хх 5/, 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Тээврийн хэрэгсэл Зээлээр худалдах, худалдан авах гэрээ /хх 6-7/-г гаргаж өгсөн.

 

4. Хариуцагч дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: хариу тайлбар /хх 13-14/, зарлагын баримт /хх 15-32/, Б.***ын Хаан банк дахь *** дугаартай депозит дансны хуулга /хх 33-67/, ***  хаягтай харилцсан мессенжер чат /хх 68-73/, цахим оролцогчийн баталгаа /хх 84/, шүүх хуралдаанд цахимаар оролцох хүсэлт /хх 85/ зэргийг өгсөн.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Э.***ын нэхэмжлэлээс 2,223,500 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 3,276,500 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч нь Зээлээр худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрт 5,500,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Худалдсан Mitsubishi Pajero маркийн авто машин нь чанарын шаардлага хангахгүй, биет байдлын доголдолтой, маш их эвдрэл гэмтэлтэй байсан. Үлдэгдэл төлбөр болох 5,500,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, машины эвдрэл гэмтлийн засварын зардал болох 2,736,500 төгрөгийг хасч үлдэгдэл 2,763,500 хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Тээврийн хэрэгсэл Зээлээр худалдах, худалдан авах гэрээ, хариуцагч Б.***ын эзэмшлийн Хаан банк дахь *** тоот депозит дансны хуулга, хариуцагчаас гаргаж өгсөн зарлагын баримт гэсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Э.*** болон Б.*** нар Зээлээр худалдах, худалдан авах гэрээ /тээврийн хэрэгсэл/ байгуулжээ. Уг гэрээгээр Э.*** нь өөрийн өмчлөлийн *** улсын дугаартай, *** арлын дугаартай, MITSUBISHI Pajero маркийн, 1995 онд үйлдвэрлэгдсэн, суудлын зориулалттай, цагаан өнгөтэй тээврийн хэрэгслийг Б.***т худалдах, Б.*** нь 10,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохирчээ.

 

Дээрх гэрээний дагуу Б.*** нь гэрээний зүйл болох *** улсын дугаартай, *** арлын дугаартай, MITSUBISHI Pajero маркийн, 1995 онд үйлдвэрлэгдсэн, суудлын зориулалттай тээврийн хэрэгслийг хүлээн авсан ба 4,500,000 төгрөгийг Э.***т шилжүүлэн өгсөн үйл баримтын талаар зохигчид маргаангүй байна. Хариуцагч нь гэрээний зүйл болох тээврийн хэрэгслийг засварлахад зарцуулсан зардал 2,736,500 төгрөгийг нэхэмжлэгчээр төлүүлнэ гэж маргаж байна.

Нэхэмжлэгч болон хариуцагч нар 2023 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан гэрээгээ Зээлээр худалдах-худалдан авах гэрээ гэж нэрлэсэн байх хэдий ч тэдний шүүхэд гаргасан тайлбар болон гэрээний нөхцлүүдээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний шинжийг агуулсан харилцаа үүсчээ.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээний харилцаанд худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

Худалдагчийн зүгээс худалдан авагчид шилжүүлж буй хөрөнгө нь тоо, хэмжээ, чанарын хувьд худалдах-худалдан авах гэрээгээр талууд харилцан тохирч, тогтоосонтой нийцэж байвал тухайн эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзэхийг Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсгээр зохицуулсан.

Харин эд хөрөнгө биет байдлын доголдолтой бол худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэйг Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсгүүдэд заасан ба гэрээ цуцлагдсан тохиолдолд гэрээний талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэйг мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгээр зохицуулжээ.

Түүнчлэн Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д зааснаар Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй.

4.2. Талууд Зээлээр худалдах худалдан авах гэрээгээр эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоогоогүй байна. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д заасан 6 сарын хугацаа нь талууд баталгаат хугацааны талаар тохиролцоогүй тохиолдолд үйлчилэх бөгөөд энэ хугацаа нь хариуцагч Б.***т өмчлөх эрх шилжсэн үеэс эхэлнэ. Хариуцагч Б.***т гэрээний зүйлийн өмчлөх эрх шилжээгүй харин эзэмшил шилжсэн байна. Хуульд зааснаар доголдлыг хариуцах асуудлын хувьд өмчлөх эрхтэй холбоотой эрх зүйн харилцаа ач холбогдолгүй бөгөөд харин хэн тухайн гэрээний зүйл болох тээврийн хэрэгслийг эзэмшилдээ байлгаж, ашиглаж байгаа нь чухал. Хариуцагчийн зүгээс Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар тээврийн хэрэгслийн доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэхээр шаардах эрхээ хэрэгжүүлэхийн тулд хариуцагч нь 2023 оны 1 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш 6 сарын хугацаанд худалдагч буюу нэхэмжлэгч Э.***т доголдлын талаар мэдээлэл өгч, гомдлын шаардлага гаргасан учиртай. Нэхэмжлэгчийн ...одоогоор мөнгөгүй байна, өгөхгүй гэх мэт хариуг өгсөөр ирсэн гэх тайлбар, хариуцагчийн ...авснаас хойш 1 сар орчим болоогүй байхад маш их эвдрэл гэмтлүүд ар араасаа гарч унаж ашиглах боломжгүй техник байсан нь мэдэгдсэн. Энэ бүхнийг би Э.***т тухай бүр нь мэдэгдэж байсан гэх зохигчийн тайлбараар хариуцагч Б.*** нь тээврийн хэрэгслийг эзэмшилдээ авснаас хойш 6 сарын дотор нэхэмжлэгч Э.***т доголдлын талаар мэдэгдэж байсан гэж үзэхээр байна. Хэрэв баталгаат хугацаанд багтан худалдан авагч буюу хариуцагч нь тээврийн хэрэгслийн доголдлыг мэдэгдсэн бол Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д заасан шаардах нь Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-т заасны дагуу 2023 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр эхэлнэ.

Хариуцагч гэрээний зүйл болох тээврийн хэрэгслийг хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдэх боломжтой, мэдэх ёстой байсан нөхцөл байдал хэрэгт цугларсан баримтуудаар хангалттай тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч буюу худалдан авагч эд хөрөнгийн доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх эрхээ алдсан гэж үзэхээргүй байна.

 

4.3. Хэрэгт авагдсан хариуцагч Б.***ын эзэмшлийн Хаан банк дахь *** тоот депозит дансны хуулга болон хариуцагчаас гаргаж өгсөн зарлагын баримтуудыг харьцуулан судлахад зарлагын баримтын огноо 2023 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн хугацаанд олгогдсон байхаас гадна дээрх хариуцагчийн дансны хуулгын зарлагын гүйлгээний дүн, зарлагын гүйлгээний огноо тохирсоноос дүгнэн үзвэл хариуцагчийн ...авснаас хойш 1 сар орчим болоогүй байхад маш их эвдрэл гэмтлүүд ар араасаа гарч унаж ашиглах боломжгүй техник байсан нь мэдэгдсэн. Энэ бүхнийг би Э.***т тухай бүр нь мэдэгдэж байсан гэх тайлбарыг үндэслэлтэй гэж шүүхээс үзлээ.

 

Хэдийгээр нэхэмжлэгч талаас хариуцагчаас гаргаж өгсөн зарлагын баримтыг нотлох баримтын шаардлага хангаагүй, зарлагын баримт дээр худалдан авагчийн мэдээлэл байхгүй, мөн зарим зарлагын баримт дээр үнийн дүнг засварласан гэсэн агуулгаар тайлбар гаргасан боловч хэрэгт авагдсан зарлагын баримт гэх баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан байхаас гадна хариуцагчийн дансны хуулгатай харьцуулан үзвэл зарлагын баримт дээр бичигдсэн мөнгөн дүн дансны хуулгын мөнгөн дүнтэй тохирч байх тул нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.

 

Хариуцагч Б.*** нь гэрээний зүйл болох *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн доголдлыг арилгахад 3,276,500 төгрөгийн зардал гаргасан болох нь хэрэгт цугларсан баримтуудаар хангалттай нотлогдож байна. Иймд Дээрх үндэслэлээр хариуцагч Б.***аас 2,223,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.***т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,256,500 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсгүүдэд нийцнэ.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 50,526 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.***т олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Б.***аас 2,223,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.***т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,276,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 50,526 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.***т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, гуравдагч этгээд нар нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН