| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийшээгийн Ганбат |
| Хэргийн индекс | 195/2025/2266/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2649 |
| Огноо | 2025-11-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Сүрмандах |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2649
2025 11 27 2025/ШЦТ/2649
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Галмандах, улсын яллагч Б.Сүрмандах, хохирогч Б.*****, шүүгдэгч Х.*****, түүний өмгөөлөгч Н.Цэнгэлмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанаар;
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн ***** овогт *****ын *****д холбогдох эрүүгийн ***** дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ****оны **** дугаар сарын ****-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, *** настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ***** судлаач ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ***** дүүргийн ***** дугаар хороо, ***** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ***** овогт *****ын ***** (РД: *****).
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.***** нь 2024 оны 07 дугаар сарын 16-ны Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутагт Цэнгэлдэх хотхоны гаднах автомашины зогсоол дээр хохирогч Б.*****, түүний эхнэр Б.***** нартай автомашины зогсоолын асуудлаас болж маргалдан, хувийн таарамжгүй харилцааны улмаас Б.*****ийг машин дотроо сууж байхад нь цонхоор нь түүний нүүр, толгой хэсэгт цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, хүзүүнд зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхи, хамарт зулгаралт, уруулд язрал, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч болон хохирогч нарын мэдүүлэг:
Шүүгдэгч Х.*****:“...ямар ч баримтгүйгээр эхнэр, нөхөр хоёр нийлж намайг гүтгэж прокурорын зүгээс хэт нэг талыг барьж мөрдөн шалгах ажиллагаа явуулсанд гомдолтой байна. Ээжийнхээ хамт байр руугаа ороход нэг сул зогсоол байхаар нь очоод ухраад орох гэсэн чинь араас машин нэг хүн нүдсэн. Тэгэхээр нь буугаад хартал нэг хүүхэн машин цохисон байхаар нь яаж байна гэсэн чинь би энд машинаа тавих гэж байна гэхээр нь машин чинь хаана байгаа нь гэсэн чинь тэнд байна гэж заахаар нь хартал урсгал сөрж орж ирэх гэж байгаа машин байхаар нь тэгж болохгүй, би түрүүлж ирсэн тул тавих ёстой гэсэн чинь одоо тойроод ороод ирнэ гэсэн. Би тойрч орж ирэх боломжгүй, манай байрны энүүгээр түгжрэл ихтэй байдаг ах нь ирсэн учир тавимаар байна гэж хэлсэн. Тэгтэл нөхрөө дуудсан чинь энэ залуу хүрж ирсэн. Би энэ залууд урсгал сөрж орж ирж болохгүй талаар тайлбарласан боловч би наана чинь тавина гэж хэлсэн. Тэгээд байж байтал харуулын хүн ирээд та түрүүлж ирсэн тул тавьдгаараа тавина гэж хэлсэн. Гэтэл энэ залуу хөгшин төгцөг минь чи барж идэхгүй шүү гэж намайг цохих гэж дайрсан. Хажуугаас эхнэр нь цүнхээ бариад зэрэг над руу дайрсан. Манай ээж тэр бүх асуудлыг хараад тэнд байж байсан. ***** гэх хүн бол гэрч биш хэргийн оролцогчоор явж байх ёстой. Тэгээд над руу дайрч байхад ***** гэх хүн миний нүүрийг самардсан. Аз болж харуулын хүн ирээд салгасан. Энэ хүн харуулын хүнийг мөн зодох гээд дайраад байсан. Би нүүрэндээ 13 сорвитой болсон. Энэ хүн цаашаа яваад өгөхөөр нь машинаа уг зогсоол дээр тавиад араас нь ямар машин байсан болохыг нь мэдэж авах гээд гар утсаа гаргаж ирээд зургийн авах гээд цонхыг нь тогшсон чинь онгойлгохгүй байсан. Дахин тогшиход цонхоо онгойлгоод миний утсыг булааж авсан. Би цагдаад өгнө гэж хэлсэн. Утсаа булааж авах гээд цонхоор нь барьцалдаж авсан. Би утсаа булаалгасан учир цонхон дээр нь очих болсон. Тэгтэл энэ хүн намайг би чамайг ална шүү гээд бууж ирэх гээд байхаар нь би буулгахгүй гээд машиных нь хаалгыг дараад зогсож байхдаа машиных нь толийг тохойгоороо нугараасан. Тэгж байтал ээж маань цагдаа дуудсан байсан болохоор цагдаа ирсэн. Зодуулсан биш миний машиныг эвдээд байна гэж дуудлага өгсөн байсан. Миний утсыг авсан байсан болохоор нь би эхнэр нь утсыг нь барьж байхаар нь булааж аваад миний утсыг өгч байж ав гэсэн. Тэгээд утсаа солилцож авч, зургийг нь дарж авч чадсан. Энэ хүн намайг ноцолдож байхад зодсон. Цагдаа дээр очиж мэдүүлэг өгөхөд намайг шударга бусаар шүүж чи түүнийг зодсон бие дээ гэж хэлж гарын үсэг зуруулах гэж оролдсон. Би зодоогүй гэж хэлж байхад юу яриад байгаа нь гэсэн чинь би өөр юм ярьсан юм...” гэв.
Хохирогч Б.*****: “...энэ хүнтэй тэр үйл явдлаас хойш өнөөдөр л харж байна. Өдий насны хүн ийм зүйл яриад сууж байгаад нь ой гутаж байна. Нүд рүү маань хараад худлаа ярьж байна. Яг юу болсон талаар бид хоёр л мэдэж байгаа. Анхны шүүх хуралдаанд очоогүй нь бүх зүйл тодорхой байгаа тул оролцох шаардлагагүй гэж бодсон. Би нүүр самардсан асуудал дээр зөрчлийн арга хэмжээ авхуулсан. Түүн шиг асуудлыг шийдвэрлэх байх гэж бодсон. Цагдаа нар бие дээр гарсан гэмтэл дээр дүгнэлт гаргасан байхад ингэж худлаа яриад байгааг ойлгохгүй байна. Манай байрны ойролцоо зогсоол олддоггүй асуудал бол үнэн. Өмнө нь манай охин, эхнэр буугаад зогсоол хайгаад олдвол очиж зогсоод ордог. Наадмын өдөр байсан бөгөөд хөдөө гадаа яваад хөдөлгөөн сийрэг байсан. Эхнэр маань тэнд зогсоол байна би очоод байж байя гэхээр нь тэг гэсэн. Тухайн зогсоолд орохын тулд урсгал сөрөх байсан тул тойрч орох гээд байж байсан. Гэтэл ах ирээд ухарч байхдаа камертаа харах ёстой байтал харахгүй дайрах үйлдлийг санаатай хийсэн гэж боддог. Тэр хүнийг эмэгтэй хүн болохоор нь дээрэлхэх гэж бодсон юм уу эхнэр маань Ганаа гээд орилсон би гүйгээд очсон. Эхнэрийг хараад зүхээд түлхээд байж байхад ямар ч нөхөр хүн зүгээр байхгүй байх. Харин би цохиж зодоогүй, эмнэлгийн хүн учир хүнд гар хүрдэггүй. Бид хоёр харилцан бие биеийгээ заамдсан гэхдээ цохиж зодсон зүйл байгаагүй. Түлхэлцээд байж байхад харуулын ажилтан ирсэн бөгөөд харуулын ажилтан ирээд энэ хүний зөв энтэр гэж хэлсэн зүйл байхгүй. Тийм мэдүүлэг ч авагдаагүй байхад өөрийнхөө санаанаас зохиод ярьж байна. Тэгээд би зодолдоод асуудал үүсдэг тул зодолдох бодолгүй байсан учраас яваад машиндаа очиж суугаад эхнэрээ хүлээгээд машинаа цоожлоод цонхоо хаагаад сууж байхад ирээд машины цонх балбаад машины толийг санаатайгаар цохисон, доошоо тонгойсон байгааг нь цагдаа хүртэл хэлсэн. Тэгээд чи миний нүүрийг самардсан байна гэхээр нь би та миний хүзүүг самардаж хувцсыг маань урсан байна гэсэн чинь алив харъя гээд хэлж байгаа нь бичлэгт тодорхой бичигдсэн байдаг. Үнэхээр энэ хүн намайг хохироосноо мэдэхгүй өөрөө хохирлоо гэж бодоод байгаа юм байх гэж бодоод цонхоо дөнгөж онгойлгоход гэндүүлээд маш хүчтэй цохиж авсан. Хэрвээ тэгж цохиогүй бол би гэмтэхгүй байсан. Энэ хүн ирээд ахын дүү харъя гэж цонхыг маань онгойлгуулснаа цохисон. Тэгээд би цохихоор нь цонхоо хаах гэтэл цонхон дээр дарсан, буугаад учраа олъё гэхээр хаалга дараад буулгахгүй байсан. Тэгээд цонхоо хаах гэхээр дахин дахин цохиод байсан. Би өөрийгөө хамгаалах гээд цонхоо хаах гэхээр хаалгахгүй байсан. Утас булаацалдсан асуудал байсан байх. Гэхдээ миний нүүр рүү санаатай цохисон үйлдлээ үгүйсгэж байгаа. Анхны камерын бичлэгийг энэ хүн өөрөө бичиж авсан бөгөөд бичиж авахдаа бүх бичлэгийг бичиж авч болох байсан. Камерын бичлэгийг үзье гэсэн чинь цагдаагийн бичиг байхгүй бол үзүүлэхгүй гэсэн. Хүнд ёс суртахуун гэх зүйл байх ёстой. Цагдаагийн газраас гарч явахдаа гараа хугалсан үйлдлээ хүртэл над руу чихсэн. Би бүх ажлаа алдаад цагдаагийн дуудсан цагт ялтан шиг мэдүүлэг өгөөд явж байсан. Би өглөө нь энэ хүнд зодуулахаа мэдээд цаг захиалаад орой нь очоод дүгнэлт гаргуулсан гэж ярих гээд байна. Би 7 хоног хүзүүгээ хөдөлгөж чадахгүй, чиг баригчтай явсан. ..” гэв.
Гурав: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 26-30 дах тал),
Хохирогч Б.***** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр ажлаа тараад эхнэрийн хамтаар гэрийнхээ гадаа ирчхээд машинаа тавих гээд зогсоол хайгаад явж байгаад нэг зогсоол олсон тэгээд манай эхнэр машинаасаа буугаад тухайн зогсоолоо надад хадгалж байсан юм би тэгээд уг зогсоол руу нь орох гээд цаана байж байсан тэр хооронд манай эхнэрийн надад хадгалж байсан зогсоол руу өөр нэг машинтай хүн орох гэж байгаад манай эхнэртэй маргалдаж машинаараа ухарч түрсэн байсан. Тэгээд манай эхнэр над руу ярьж энэ машинтай хүн намайг машинаараа түлхээд байна гэж хашгирсан тэгэхээр нь би машинаасаа буугаад тухайн хүн дээр яваад очтол эхнэрийг машинаараа түрээд тухайн зогсоол руу орох гээд уурлаад байсан улмаар нөгөө хүнтэй би маргалдаж заамдаж түлхэлцсэн манай эхнэрийг маш муухай үгээр хараасан учир уур хүрээд тийм үйлдэл гаргасан. Тэгээд би тухайн ах хүүтэй барьцалдаад байж байхад эхнэр харуул хоёр салгасан тэгээд би машин руугаа буцаж очоод машиндаа суусан тухайн ах тэнд машинаа байршуулсан. Тэгээд би машиндаа эхнэрээ хүлээгээд 209 дүгээр байрны баруун талд сууж байтал нөгөө ax xүү намайг олоод гүйгээд ирсэн тэгээд машиныхаа цонхыг онгойлго юм яръя гэж хэлж хэлсэн тэгэхээр нь би онгойлгохгүй тэгтэл цонхны цаанаас миний нүүрийг чи ийм болгочихлоо гэж уурлаад цонх цохиод балбаад байсан. Тэгэхээр нь би миний хүзүүг хүртэл улайлгачихсан байна гэдгээ хэлтэл алив харьяа цонхоо нээ гэж хэлсэн. Би цонхоо нээтэл шууд баруун гараараа зүүн нүд рүү үгийн зөрүүгүй шууд цохиод авсан. Тэгээд машинаасаа буух гэхээр хаалга дарчхаад цонхоо хаах гэхээр нь мөн хаалгахгүй дээрээс нь дарчхаад байсан. Тэгээд нүд рүү хоёр гараараа хатгаад нүүр лүү хоёр ч удаа дахин цохисон. Тэр нь зүүн шанаа уруул хэсгийг оносон. Удалгүй цагдаа ирээд хэлтэс дээр ирсэн...” гэсэн мэдүүлэг (1-р хавтас хэргийн 34-35 дах тал),
Гэрч Б.***** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би уг өдөр нөхрийнхөө хамтаар хотхон руугаа орсон. Тэгээд бид хоёр байран дунд зогсоол хайгаад явж байтал замын хажуу талд нэг машин зогсоолоос гарах гэж байгаа харагдахаар нь би уг жолооч дээр очоод та гарах гэж байгаа юм уу гэж асуухад тийм гэж хэлсэн. Уг машиныг хөдлөөд явахаар нь тухайн зогсоолыг хадгалж зогсож байгаад нөхрөө нааш ир гэж дуудсан. Тэгээд зогсож байтал нэг машинтай ах ирснээ шууд миний хадгалж байсан зогсоол руу орох гэж машинаа ухрааж намайг мөргөх гэж оролдсон. Би ухраад хүүе ээ яагаад байгаа юм бэ манайх машинаа тавих гэж байна тэнд манай машин байна гэж хэлтэл тэр чинь урсгал сөрж ирэх гээд байгаа юм уу гэхээр нь тойроод ороод ирнэ гэж хэлсэн. Тэгтэл үгийг маань сонсохгүй машиндаа сууснаа шууд намайг машинаараа түлхээд ухраад байсан. Би машиных нь арыг хүүе ээ яагаад ухраад байгаа юм бэ гэж хэлтэл чи ямар дураараа жингэр вэ гичий вэ гэж хэлсэн. Би та яагаад муухай үгээр хүн доромжлоод байгаа юм бэ, хүн доромжлох хуультай шүү гэж хэлсэн. Тэгээд байж байтал манай нөхөр цаанаас ирээд тухайн ахад хандаж яагаад эмэгтэй хүн дээрэлхээд байгаа юм би тэр цаанаас орж ирэх гэж байхад гэтэл та нарын өмчилсөн зогсоол биш гэж маргаан үүссэн. Манай нөхөр уг ах хоёр маргалдаж барьцалдаж аваад түлхэлцсэн. Би голоор нь орж салгаад удалгүй хамгаалагч ирээд манай нөхрийг цааш нь болгож манай нөхөр цаашаагаа машин руугаа явсан. Манай нөхөр надад наадахаа хая хая хүрээд ир гэж хэлээд би нөхөр дээрээ очих гээд явж байтал нөгөө ах машинаа байрлуулчхаад араас хүрч ирээд шууд манай нөхрийн машины цонхыг цохиод тогшоод эр хүн шиг яръя гээд тогшоод байсан тэгэхээр нь за би юу ч болж магад гээд гар утсаа гаргаж ирээд бичлэг хийсэн. Тэр үед манай нөхөр цонхоо онгойлготол нөгөө ах шууд манай нөхрийн нүүр лүү цохичихсон. Би шууд бичлэгээ болиод хүүе ээ яагаад байгаа юм бэ гэж хэлээд яваад очтол миний гар утсыг тэр ах булаагаад авчихсан. Тэгэхээр нь би нөхрийнхөө гар утсыг булааж бичлэг хийх гэтэл дахин булаагаад авчихсан тэгээд өөрөө бичлэг хийгээд миний нүүрийг ингэчихсэн байна гээд бичлэг хийгээд байхаар нь манай нөхөр гар утсыг нь аваад машиндаа хийчихсэн. Манай нөхөр машинаасаа буух гэхээр хаалгыг нь дарчхаад гэндүүлж байгаад нүүр лүү нь хуруугаараа хатгаж цохиод байсан. Хамгийн эхний цохилт бол нэлээн хүчтэй цохисон.
..эхлээд зогсоолоос болж маргалдсан. Дараа нь араас нь ирж дахин хэрүүл хийж цонхоо нээж бай эр хүн шиг ярилцъя гэж хэлж байгаад нүүр рүү нь цохичихсон...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 43-44 дэх тал),
Гэрч Д.***** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би уг өдөр Зайсан 114 чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан ба 19 цагийн орчим Цэнгэлдэх хотхон дээр хоёр иргэн зогсоолоос болж маргалдаад байна гэх дуудлага мэдээлэлд очиход нэг залуу эхнэрийнхээ хамтаар нөгөө талд 50 гаруй насны ах хөгшин ээжийнхээ хамтаар байсан ба юу болсон талаар асуухад эхнэртэйгээ явж байгаа залуу зогсоол руу ухарч орох гээд байсан ба нөгөө ах болохоор уг зогсоол руу нь зам дагуу явж байгаад орох үед уг залуугийн эхнэр нь тухайн зогсоолыг авчихсан нөхрийнхөө машиныг зогсоох гэж байсан юм гээд маргалдсан байсан. Тэгээд тэр залуу нөгөө ахтай маргалдаж муудалцаж зодолдсон гэж ярьж байсан эхнэртэйгээ явж байгаа залуугийн нүдний шилтэй байхад нь нүд рүү нь цохисон тэгээд шил нь нүүрэн дээр нь далийчихсан байсан ба энэ байдлаараа байна гээд байж байсан мөн машиных нь жолооч талын толь нь санжигнаад байж байсан. Нөгөө ахын царай бол дух хэсгээрээ улайчихсан маажуулсан байдалтай байж байсан. Тэгээд уг хоёр иргэнийг хэлтэс дээр авчран зөрчлийн байцаагчид хүлээлгэн өгсөн…” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 58-59 дэх тал),
Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн 9592 дугаартай: “...Б.*****ийн биед тархи доргилт, хүзүүнд зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхи, хамарт зулгаралт, уруулд язралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2-оос доошгүй удаагийн үйлчлэлээр, 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хавтас хэргийн 71-72 дах тал),
Мед Траума эмнэлгийн дүрс оношилгоо шинжилгээний хариу (1-р хавтаст хэргийн 75 дах тал),
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоос гаргаж өгсөн эмчилгээ үйлчилгээ авсан талаарх төлбөрийн баримтууд (1-р хавтаст хэргийн 77 дахь тал),
2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Шийтгэлийн хуудасны хуулбар (1-р хавтаст хэргийн 90 дэх тал),
2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 155-162 дах тал),
Гэрч Б.***** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би тухайн өдөр хүү *****ийн хамтаар хотын төв орчхоод буцаад гэрийнхээ даа ирээд хүү машинаа сул зогсоол байхаар ухрах үйлдэл хийгээд байрлуулах гэтэл гэнэт нэг эмэгтэй гарч ирээд бид нар машинаа тавих гэж байна гэж хэлсэн. Тэгээд манай хүү машинаасаа буугаад тэр хүүхэнтэй уулзтал би машинаа тавих гэж байгаа гэж хэлсэн. Тэгээд байж байтал цаанаас тухайн эмэгтэйн нөхөр бололтой нэг залуу гүйж ирээд манай хүүг түлхсэн. Тэгээд би машинаасаа буугаад хартал уг залуу эхнэрийнхээ хамтаар манай хүү рүү дайрч цохиод эмэгтэй, эрэгтэй нь аль нэг манай хүүгийн нүүрийг самардсан цохисон. Тэгтэл нүүрнээс нь цус гарсан. Тэгээд би болиоч та нар гэж хэлсэн. Тэгтэл уг залуу машин руугаа яваад өгсөн. Манай хүү машинаа ухарч уг зогсоолд байрлуулчхаад машинаасаа буугаад тухайн залуу дээр очсон. Би ард үлдээд холоос хараад байж байсан. Тэгтэл манай хүү тухайн залуугийн машин дээр очиж маргалдаж байгаад гар утсаа авсан, тэнд бол ямар нэгэн зодоон зохион болоогүй миний харж байснаар, хэсэг хугацааны дараа цагдаа нар ирж тэд нарыг авч яваад би гэр лүүгээ орсон...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 164-165 дах тал),
Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн ЕГ0525/887 дугаартай: “...Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №9592 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. Шинжилгээгээр тогтоогдсон тархи доргилт, хүзүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл нь Эрүүл мэндийн сайд, Хууль зүй дотоод хэргийн сайд, Улсын ерөнхий прокурорын хамтарсан 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/225/А/153/А/85 дугаартай тушаалын хавсралт хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын хөнгөн зэрэг тогтоогдоно, баруун нүдний доод зовхи, хамрын зулгаралт, уруулын язрал зөөлөн эдийн няцрал гэмтэл нь хохирлын зэрэг тогтоогдохгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт (1-р хавтас хэргийн 214-215 дахь тал),
Шинжээч эмч Ц.***** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн ГССҮТ-ийн эмчийн үзлэг, мөн өдрийн мед траума эмнэлгийн толгой хүзүүний КТГ-ийн шинжилгээ болон 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр иргэн Б.*****ийн биед үзлэг шинжилгээ зовуурь шаналгаа зэрэг эмнэлгийн бичиг баримтыг үндэслэн дүгнэлтэд тусгаж дүгнэлтийг гаргасан. Бодит үзлэгээр үзэхэд дагзны булчингийн хөшилт хоёр хуруу нь тархи доргилт бас нэгэн шинж юм. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр толгой буюу хүзүү хэсэгт цохигдсон хүзүү савагдсан доргих үед дээрх гэмтэл нь үүсэх боломжтой. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэргийн 3.1.1 дэх хэсэгт зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 226-227 дах тал),
Шүүгдэгч Х.*****ийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 93-97 дахь тал),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтас хэргийн 91 дэх тал) зэрэг болон эд мөрийн баримтаар хураагдсан сиди бичлэгийг тоглуулж шинжлэн судалсан болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Х.*****д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Дөрөв. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
1. Шүүгдэгч Х.***** нь 2024 оны 07 дугаар сарын 16-ны Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутагт Цэнгэлдэх хотхоны гаднах автомашины зогсоол дээр хохирогч Б.*****, түүний эхнэр Б.***** нартай автомашины зогсоолын асуудлаас болж маргалдан, хувийн таарамжгүй харилцааны улмаас Б.*****ийг машин дотроо сууж байхад нь цонхоор нь түүний нүүр, толгой хэсэгт цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, хүзүүнд зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхи, хамарт зулгаралт, уруулд язрал, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Б.*****, гэрч Д.***** /хх-ийн 43-44/, гэрч Д.***** /хх-ийн 58-59/ нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон хэргийн талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 95922 дугаартай дүгнэлт /хх-ийн 71-72/, шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн ЕГ02525/887 дугаартай дүгнэлт /хх-ийн 214-215/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-155-162/, шинжээч эмч Ц.*****ын мэдүүлэг /1хх-226-227/ зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч Б.*****ийн эрүүл мэндэд нь учирсан “...тархи доргилт, хүзүүнд зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхи, хамарт зулгаралт, уруулд язралт, зөөлөн эдийн няцрал...” бүхий гэмтэл нь шүүгдэгч Х.***** түүнийг нүүрэн тус газарт нь цохих үед үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Х.*****, хохирогч Б.*****ийн биед тархи доргилт, хүзүүнд зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхи, хамарт зулгаралт, уруулд язралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхэд ирүүлсэн Х.*****д ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Х.***** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн үйл баримттай маргаж оролцсон болохыг тэмдэглэв.
Улсын яллагч гэм буруугийн хуралдаанд: “...шүүгдэгч Х.***** нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож шүүхээс гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлагын хувьд хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, хохирол төлбөрийг нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах.. Хохирол төлбөрийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоос 360.000 төгрөгийн төлбөрийн баримт гаргаж өгсөн бөгөөд уг хохирол төлөгдөөгүй байх тул шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулах. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй. Эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсаргуулах саналтай байна...”гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...шүүхээс гэм буруутайд тооцсон тул торгуулийн ял оногдуулж өгнө үү...” гэсэн саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.
Эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг болон хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн баримтуудаар хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас маргаан үүсэх болсон боловч тухайн цаг хугацаанд үүссэн маргаан таслан зогсоогдсон байхад шүүгдэгч нь хохирогч дээр очиж дахин хэрүүл маргаан үүсгэж гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байна.
Тус хэргийн хохирогч Б.*****ийн биед шүүгдэгч Х.***** халдсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байх ба шүүгдэгчээс өөр хүн хохирогчийн биед халдсан үйл баримт гэрч нарын мэдүүлэгт дурдагдаагүй байна. Мөн шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед үүссэн тархи доргилт, хүзүүнд зөөлөн эдийн няцрал, гэмтэл нь тусдаа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт /хх-ийн 214-215 дах тал/ хамаарна гэх шинжээчийн дүгнэлтээр давхар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзлээ.
2. Шүүгдэгч Х.***** нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.
Шүүх, шүүгдэгч Х.*****д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан санал, өмгөөлөгчийн санал зэргийг тус тус харгалзан, шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд 300 цагийн нийтэд тустай ажил хийх ял оногдуулж шийдвэрлэв.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.
Мөн хохирогч нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.*****ийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн зүгээс эмчилгээ үйлчилгээ авсан 360.000 төгрөгийн төлбөрийн баримтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгсөн байна. /хх-ийн 77 дах тал/ Иймд 360.000 /гурван зуун жаран мянга/ төгрөгөөр хохирлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***** овогт *****ын *****ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*****ийг 300 (гурван зуу) цагийн нийтэд тустай ажил хийх ялаар шийтгэсүгэй..
3. . Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Х.***** нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар Х.*****д оногдуулсан нийтэд тустай ажил хийх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдон хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий CD нэг ширхгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсаргуулахаар үлдээсүгэй.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, болохыг тус тус дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*****иас нийт 360.000 (гурван зуун жаран мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Б.*****т / олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х.*****д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
9. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.ГАНБАТ