| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2023/02714/И |
| Дугаар | 102/ШШ2023/03887 |
| Огноо | 2023-10-30 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 102/ШШ2023/03887
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч:**** тоотод оршин суух, *** овогт ***-гийн *** /рд:***/
Нэхэмжлэгч: *** тоотод оршин суух, *** овогт ***-гийн *** /рд:***/
Нэхэмжлэгч: *** тоотод оршин суух, *** овогт ***гийн *** /рд:***/
Хариуцагч: *** тоотод оршин суух, *** овогт ***ы *** /рд:***/
Нэхэмжлэлийн шаардлага: 21,313,001 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.***,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Б***
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А***
Хариуцагчийн өмгөөлөгч С.Я***,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Анударь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хариуцагч О.***д холбогдуулан гаргасан 21,313,001 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ нэхэмжлэгч дараах байдлаар тайлбарласан. Үүнд: Л.***, Л.***, Ц.*** бид нар *** тоот 30 метр квадрат 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч нар юм. Бидний дүү Л.*** хариуцагч О.*** нар 2012 оноос хойш хамтран амьдарч байгаад дундаасаа нэг хүүхэдтэй болж, бидний орон сууцанд түр амьдарч байсан билээ. Ингээд тэд 2016.06.10-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр хамт амьдрахаа больж хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, хоёр тийшээ болсон юм. Энэ хугацаанд өөрийн төрсөн дүү болон түүний хамтран амьдрагч нарыг тусалж дэмжих зорилгоор бид өөрсдийн байранд амьдруулсан билээ. Бидний хувьд иргэн О.***г дүүтэйгээ салснаас хойш өөрсдийн өмчлөлийн байрыг чөлөөлж өгөх шаардлагыг тавьж эхэлсэн боловч байранд минь амьдарсаар байсан. Ингээд бид шүүхэд хандаж орон сууц чөлөөлүүлэх шаардлага гаргаж шүүхээс нэхэмжлэлийг хангаж, шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийж байж орон сууцыг чөлөөлсөн. Хариуцагч О.*** нь манай дүүгээс салж, шүүхийн шийдвэрээр 2016 оны 6-р сарын 10-нд хүүхдийн тэтгэлэг гаргуулж хоёр тийшээ болсон боловч 2023 оны 1-р сарын 11-ний өдөр хүртэл бидний орон сууцанд амьдарсаар байсан. Бид энэ хугацаанд өөрсдийн орон сууцыг чөлөөлж авч бусдад худалдах, түрээслэх зэрэг олон ажлыг амжуулах шаардлагатай байсан боловч үүдээ онгойлгож өгөхгүй байх, утсаа авахгүй болох, эзэнгүй байлгах зэргээр бидний өмчлөх эзэмших эрхийг удаа дараа зөрчиж байсан. Ингээд 2023.01.06-ны өдрийн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамжаар О.*** 2023.01.11-ний өдөр байрыг суллаж өгсөн. Хариуцагч О.*** тус орон сууцыг эзэмших, өмчлөх эрх хууль болон гэрээний үндсэн дээр үүссэн зүйл байхгүй байхад мөн 3 шатны шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс үүдэж 2021.02.01-ний өдрөөс 2022.12.31-ний өдөр хүртэл нийт 23 сар бидний хууль ёсны өмчлөлийн орон сууцанд хууль бусаар амьдарч Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 103 дугаар зүйлийн 103.1-д заасан бидний орон сууцаа эзэмшиж, ашиглах эрхийг зөрчсөн. Энэ хугацаанд бид бусдад түрээсэлж байсан бол 20,700,000 төгрөг олох байсан бөгөөд хариуцагч О.*** нь бидний орон сууцанд 2 жил амьдрах хугацаандаа дээрх үнийн дүнгийн хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжиж амьдарсан байна. Мөн О.*** нь 23 сарын турш бидний орон сууцанд амьдарч байхдаа Батнэгдэл сууц өмчлөгчдийн холбоонд төлөх байсан 23 сарын төлбөр 557,060 төгрөг, 2023.01.13-ны өдрийн цахилгааны төлбөр 9020 төгрөг, орон сууц ашиглалтын төлбөр 46,921 төгрөг, нийт 613,001 төгрөг төлөөгүй, иймд хариуцагчаас нийт 21,313,001 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч нарын төрсөн дүү Л.***тэй 2012 онд танилцан хамтран амьдарч эхлэх үед нэхэмжлэгчдийн төрсөн эцэг Баянгол дүүргийн 34 дүгээр хороо 19 дүгээр байрны 70 тоот 30 м.кв 2 өрөө орон сууцыг гэр бүлийн хэрэгцээнд зориулж бэлэглэж байсан юм. Мөн 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр охин *** төрж, өнөөдрийг хүртэл эрүүл саруул өсөн бойжиж байна. Түрээсэлнэ гэдэг нь түрээслэгч, түрээслүүлэгч нар харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээний гол нөхцөлүүдийг тодорхойлдог ба түрээслэгч нь түрээсэлсэн эд хөрөнгөө зориулалтын дагуу ашиглаж, үр шимийг нь хүртсэн байхыг шаарддаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт байхгүй, нэхэмжлэлийн үндэслэл нь тодорхойгүй, үндэслэлгүйгээр төлбөр шаардаж буйг зөвшөөрөхгүй. Үнэн хэрэгтээ нэхэмжлэгчийн дүү болох Л.*** нь гэр бүлийн дундын эд хөрөнгө болох орон сууцыг хуваахгүй, алдахгүй гэсэндээ ах дүү нартайгаа хуйвалдаж Иргэний хуулийн 277 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Бэлэглэгч нь өөрийн асрамжид байгаа этгээдэд амьжиргааны нэн тэргүүний хэрэгцээт хөрөнгийг бусдад бэлэглэх эрхгүй гэж заасныг зөрчин орон сууцыг ах дүү нарынхаа өмчлөлд шилжүүлсэн. Мөн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслахаас гадна хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй байна. Насанд хүрээгүй хүүхдийг эцэг, эхийнх нь хэн нэгний асрамжид үлдээж, нөгөө талаас тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэж буй нь эцэг, эх хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргийг хуваарилан хувааж буй асуудал биш юм. Харин эцэг, эх хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэг хэн алинд нь хэвээр хадгалагддаг болно. Иймд Л.***, Л.***, Ц.*** нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл /хх 1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3/, итгэмжлэл /хх 4-5/, Батнэгдэл сууц өмчлөгчдийн холбооны 2023 оны 3 дугаар сарын 02, 17-ны өдрүүдийн албан бичиг /хх 6-7/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн *** дугаартай шийдвэр /хх 8-9/, Төрийн банкны нэхэмжлэх /хх 10/, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 11/, Батнэгдэл СӨХ-ны 2023 оны 9 дүгээр сарын 12-ны 2/23 тоот албан бичиг /хх 59/, Түрээсийн гэрээ /хх 61-65/-г гаргаж өгсөн.
4. Хариуцагч дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: хариу тайлбар /хх 19/, итгэмжлэл /хх 18/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн *** дугаартай шийдвэр /хх 20-22/, ***гийн төрсний гэрчилгээний хуулбар /хх 23/.
5. Дараах баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлсэн. Үүнд: хариуцагчийн хүсэлтээр Улсын бүртгэлийн Ерөнхий газраас 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн *** тоот албан бичиг, хавсралт /хх 32-41/, нэхэмжлэгчийн хүсэлтээр Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн *** тоот албан бичиг, хавсралт /хх 42-50/.
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Л.***, Л.***, Ц.*** нарын нэхэмжлэлээс 19,550,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 1,763,001 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч нар нь хариуцагчийг 2021 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нийт 23 сар бидний хууль ёсны өмчлөлийн орон сууцанд хууль бусаар амьдарсан гэж энэ хугацаанд бусдад түрээсэлж байсан бол 20,700,000 төгрөгийн ашиг олох байсан тул хариуцагч О.*** дээрх үнийн дүнгийн хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн байна. Мөн 23 сарын сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 557,060 төгрөг, 2023 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн цахилгааны төлбөрт 9,020 төгрөг, орон сууц ашиглалтын төлбөрт 46,921 төгрөг, нийт 613,001 төгрөг төлөөгүй гэж нийт 21,313,001 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Нэхэмжлэгч нарын төрсөн дүү Л.***тэй хамтран амьдарч эхлэх үед нэхэмжлэгчдийн төрсөн эцэг *** тоот 30 м.кв 2 өрөө орон сууцыг гэр бүлийн хэрэгцээнд зориулж бэлэглэж байсан. Иргэний хуулийн 277 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Бэлэглэгч нь өөрийн асрамжид байгаа этгээдэд амьжиргааны нэн тэргүүний хэрэгцээт хөрөнгийг бусдад бэлэглэх эрхгүй гэж заасныг зөрчин орон сууцыг нэхэмжлэгч нарын өмчлөлд шилжүүлсэн гэжээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Хариуцагч О.*** нь нэхэмжлэгч нарын төрсөн дүү болох Л.***тэй 2012 оноос *** тоот хаягт байрлах орон сууцанд хамтран амьдарч эхэлсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд энэ үйл баримтын талаар зохигчид маргаагүй.
Талуудын маргааны зүйл нь нэхэмжлэгч нараас хариуцагчийг орон сууцыг эзэмших, өмчлөх эрх хууль болон гэрээний үндсэн дээр үүссэн зүйлгүй байхад бидний хууль ёсны өмчлөлийн орон сууцанд хууль бусаар амьдарсан гэж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт байхгүй, нэхэмжлэлийн үндэслэл нь тодорхойгүй, үндэслэлгүйгээр төлбөр шаардаж байна гэж маргажээ.
4.2. Нэхэмжлэгч Л.***, Л.***, Ц.*** нар нь хариуцагч О.***н хууль бус эзэмшлээс дээрх орон сууцыг чөлөөлүүлэхээр шүүхэд хандаж иргэний хэрэг үүсгэсэн байх бөгөөд хэрэгт авагдсан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн *** дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн *** дугаар магадлал, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн *** дугаар тогтоолоор Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар *** тоот орон сууцыг хариуцагч О.***н хууль бус эзэмшлээс чөлөөлж шийдвэрлэсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, 120 дугаар зүйлийн 120.4.-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй ба зохигч болон хэргийн бусад оролцогч шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцааны талаар маргах эрхгүй.
Хэрэгт авагдсан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн *** дүгээр шийдвэрээс үзэхэд хариуцагч О.*** болон нэхэмжлэгч нарын төрсөн дүү болох Л.*** нар 2014 оноос хойш хамтран амьдарч, тэдний дундаас охин *** төрсөн байх боловч, Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан журмын дагуу улсын бүртгэлийн байгууллагад гэрлэлтээ бүртгүүлээгүй тул тэдний хооронд хуульд заасан гэрлэгчдийн эрх, үүрэг үүсээгүй гэж үзэн Л.***ийн өмчлөлийн орон сууцыг хамтран өмчлөх гэрлэгч болон гэр бүлийн бусад гишүүн байхгүй талаар шүүх дүгнэлт хийж, шийдвэрээ гаргасан байна.
4.3. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэнд хөрөнгө шилжүүлсэн тал нь уг зүйлийг олж авсан талаас хөрөнгөө буцаан шаардах эрхтэй.
Тодруулбал, аливаа этгээдийн мөнгөн хөрөнгө, эд зүйлсийн зарим хэсэг өөр этгээдийн эд хөрөнгөд орох, эсхүл өөр этгээдэд шилжих ёстой эд хөрөнгө хэвээр үлдэх явдлыг нэг этгээд бусдын хөрөнгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж ойлгоно.
Нэхэмжлэгчийн ...2023.01.06-ны өдрийн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамжаар О.*** 2023.01.11-ний өдөр байрыг суллаж өгсөн гэх тайлбар нь хэрэгт авагдсан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн *** дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн *** дугаар магадлал, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн *** дугаар тогтоолоор нотлогдож байна.
Дээрх үйл баримтуудыг харьцуулан дүгнэвэл нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд гэрээний болон хуульд заасан үүргийн харилцаа үүссэн гэх нөхцөл байдал хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдохгүй байна. Харин хариуцагч нь нэхэмжлэгч нарын хууль ёсны өмчлөлийн орон сууцанд хууль бусаар амьдарсан болох нь тогтоогдсон. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.-д заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн этгээдийг хууль бус, шударга эзэмшигчид хамааруулан ойлгох боломжтой юм. Бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр, шударгаар олж авсан этгээд нь үндэслэлгүйгээр олж авсан гэдгээ мэдсэн буюу мэдэх ёстой байсан үеэс эхлэн уг хөрөнгөөс олсон буюу өөрийн буруугаас олж чадаагүй зайлшгүй олох ёстой байсан орлого үр шимийг хууль ёсны өмчлөгч буюу эзэмшигчид буцааж өгөх боломжгүй бол үнийг төлөх үүрэг хүлээнэ.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүднээс хэрэгт нотлох баримтаар 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгч Л.*** болон Д.*** нарын хооронд байгуулагдсан Түрээсийн гэрээг гаргаж өгсөн. Уг түрээсийн гэрээнээс үзвэл түрээсийн зүйл болох Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 19 дүгээр байрны 70 тоот хаягт байрлах орон сууцны нэг сарын түрээсийн төлбөрийг 850,000 төгрөг байхаар талууд харилцан тохиролцсон байна.
Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 19,550,000 /850,000x23 сар/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгох үндэслэлтэй.
4.4. Түүнчлэн нэхэмжлэгч нар нь хариуцагчаас Батнэгдэл сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 557,060 төгрөг, цахилгааны төлбөрт 9,020 төгрөг, орон сууц ашиглалтын төлбөрт 46,921 төгрөг, нийт 613,001 төгрөгийг хууль бусаар амьдарч байх хугацаандаа төлөөгүй гэж нэхэмжилсэн.
Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4-т зааснаар орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна гэж, Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д орон сууц гэж хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн болон амины орон сууцны байшин, сууц, гэрийг хэлнэ гэж тус тус заасан байна. Эдгээр хуулийн заалтуудаас үзэхэд орон сууцны зориулалттай сууц өмчлөгч нь заавал Сууц өмчлөгчдийн холбооны гишүүн байхаар зохицуулжээ. Нэхэмжлэгч нар нь Батнэгдэл сууц өмчлөгчдийн холбооны гишүүн байна.
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар гишүүн нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй ба мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар орон сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний зардлыг санхүүжүүлэхэд оролцох ёстой учир 613,001 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй гэж үзлээ.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 264,515 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 255,700 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.***гээс 19,550,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.***, Л.***, Ц.*** нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,763,001 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 264,515 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 255,700 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.***, Л.***, Ц.*** нарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, гуравдагч этгээд нар нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН