2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2637

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ганбаатар,

улсын яллагч А.Арай,

шүүгдэгч Б.Т, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баттулга нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2502000000424 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 07-ны хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Б-ын Т,  Монгол Улсын иргэн, 2003 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд  боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эх, ах, дүү нарын хамт, *** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, *** тоотод оршин суух,  регистрийн дугаар: ***, урьд:

- Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 379 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, 20.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн.

- Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 430 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 06 сар 04 хоногийн хугацаагаар тогтоосон.

- Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 16 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан эдлээгүй үлдсэн 2 жил 06 сар 18 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон хорих ялаар сольсон.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Б.Т нь хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт: Улсын яллагчаас 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг;

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтайгаар хавтаст хэргээс шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт, хууль зүйн дүгнэлт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаас дүгнэвэл:

Шүүгдэгч Б.Т нь 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Д хотхоны *** дүгээр байрны 04 тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан, “өвс” гэх нэршилтэй дельта 9 тетрагидроканнабинол (delta-9 tetrahydrocannabinol)-ын агууламжтай, цэвэр жин 11.3 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 4 дэх тал),

- Нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт (1-р хавтаст хэргийн 9-14, 15-18 дахь тал),

- Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэлээр “...2 болон 4 дүгээр баганад 1 улаан зураас илэрч, тухайн бодисыг хэрэглэсэн болохыг тэмдэглэлд тусгаж, Б.Т-ын шээсийг битүүмжлэн мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын агууламж илрэх эсэхийг тогтоолгохоор ШШЕГ-т шинжээч томилж хүргүүлэхээр тогтов..." гэх (1-р хавтаст хэргийн 35-37 дахь тал),

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын ЕГ0325/1972 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “... Дүгнэлт: 1.Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн №1 гэж дугаарласан ургамал мэт зүйлээс делта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна. Зүүтэй тариураас мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. №2 гэж дугаарласан тариур 4 ширхэг, гялгар уутанд битүүмжлэлтэй тариур, “Sodium Chloride injection 0,9%” гэсэн бичиглэлтэй хуванцар савлагаатай шингэн зүйл, хуйлсан “АК1802223” гэсэн дугаартай 10 төгрөгийн мөнгөн дэвсгэрт тус бүрээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. №3 гэж дугаарласан зиплок ууттай талстлаг цагаан өнгийн нунтаг зүйл, цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон гялгар уут, цагаан өнгийн хуванцар соруул, тарианы шил мэт зүйл тус бүрээс метамфетамин /Methamphetamine/ илэрч байна. 3. Илэрсэн делта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/, метамфетамин /Methamphetamine/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг болно. 4.5. №1 гэж дугаарласан ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 11.3 грамм, №3 гэж дугаарласан талстлаг цагаан өнгийн нунтаг зүйлийн цэвэр жин нь 0,0440 грамм болов." гэх (1-р хавтаст 68-72 дахь тал),

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын ЕГ0325/1971 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...Дүгнэлт:1.Шинжилгээнд ирүүлсэн “Б-ын Т *** 2022.02.22” гэж...хаягласан хуванцар савтай шээсний дээжүүд нь шинжилгээнд тэнцэнэ. 2. “Баттулгын Төрболд *** 2025.02.22” гэж хаягласан хуванцар савтай шээсний дээжээс MDMA, метамфетамин /methamphetamine/ илэрсэн... 3. Илэрсэн MDMA нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын жагсаалтад. метамфетамин /methamphetamine/ нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын II жагсаалтад тус тус багтдаг болно. 4.5. Хэзээ хэрэглэсэн цаг хугацааг тогтоох боломжгүй.” гэх (1-р хавтаст хэргийн 84-86 дахь тал),

 - Шүүх сэтгэц эмгэг судлалын 737 дугаартай дүгнэлтээр “...1. Б.Т нь одоо Олон төрлийн сэтгэц нөлөөт бодисын хэтрүүлэн хэрэглээ сэтгэцийн эмгэгтэй байна. 2. Б.Т нь хэрэг үйлдэгдэх үед буюу 2025 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Олон төрлийн сэтгэц нөлөөт бодисын хэтрүүлэн хэрэглээ сэтгэцийн эмгэгтэй байсан байна. 3. Б.Т нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Б.Т нь хэрэг хариуцах чадвартай байна.” гэх (1-р хавтаст хэргийн 90-92 дахь тал) зэрэг болно.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

​​​​​​​1.2. Хууль зүйн дүгнэлт

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол” гэж гэмт хэргийн шинжийг хуульчилсан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална.” гэж заасан.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис" гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, "Мансууруулах эмийн тухай" 1961 оны НҮБ-ын Конвенц, "Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай" 1971 оны НҮБ-ын Конвенцын жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг” гэж,

мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэрт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг энэ хуулийн 4.1, 4.2-т[1] зааснаас бусад зориулалтаар үйлдвэрлэх, худалдах, ашиглах, хэрэглэхийг хориглоно.” гэж тус тус заасан.

Шүүх шинжилгээний ерөнхий газрын ЕГ0325/1972 дугаартай дүгнэлтээр “хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Б.Т-ын хадгалж байсан гэх хар өнгийн даавуун ууттай 11.3 грамм жинтэй өвс мэт зүйлээс дельта 9 тетрагидроканнабинол (delta-9 tetrahydrocannabinol)-ын агууламж илэрч, уг илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтдаг болох нь тогтоогдсон байна.

 Иймд шүүгдэгч Б.Т-ын хууль бусаар хадгалсан дельта 9 тетрагидроканнабинол (delta-9 tetrahydrocannabinol)-ын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодис нь Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 4.1, 4.2-т зааснаас бусад зориулалтаар үйлдвэрлэх, худалдах, ашиглах, хэрэглэхийг хориглосон сэтгэцэд нөлөөт бодис юм.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл Б.Т нь 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Д хотхоны *** дүгээр байрны 04 тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан, “өвс” гэх нэршилтэй дельта 9 тетрагидроканнабинол (delta-9 tetrahydrocannabinol)-ын агууламжтай, цэвэр жин 11.3 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Энэ гэмт хэргийн улмаас бусдад учирсан шууд хохирол төлбөргүй болно. Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгчөөс хэргийн зүйлчлэл, гэм буруугийн хувьд маргаагүй болохыг тэмдэглэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

​​​​​​​2.1. Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “...Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хууль бусаар хадгалсан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Б.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жил 08 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-д өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 02 жил 02 сар 04 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэх, мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь энэ хэрэгт 138 хоног цагдан хоригдсон, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа “хар өнгийн даавуун уутанд хийсэн цэвэр жин 11.3 грамм ургамал мэт зүйл”-ийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах саналтай байна. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Миний үйлчлүүлэгчийн хувьд гэм буруугийн хувьд маргаан байхгүй. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан  нөхцөл нь гэрч У-ын мэдүүлгээс тодорхой харагддаг. Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн дүгнэлт гарсан. Шүүгдэгч нь донтох эмгэгтэй, хамааралтай болох нь тогтоогдсон. Гэр бүлийн орчин нөхцөл мөн нөлөөлдөг. Хэрэглэхийн тулд тодорхой төрлийн бодисыг хадгалж байж хэрэглэнэ. Хадгалахгүйгээр хэрэглэнэ гэж байхгүй. Энэ талаас нь бас харж үзнэ үү. Нөгөөтээгүүр шүүгдэгчийг 461-р хорих ангид байхад 2022 оны хэрэгт сэжигтнээр мэдүүлэг авсан. Би өмгөөлөгчөөр хамт байлцсан. Харамсалтай нь яллагдагчаар татаж өгөхгүй прокурорын эс үйлдэхүй байгаа. Магадгүй энэ хэргийн тогтоол хүчин төгөлдөр болоход ахиж яллагдагчаар өгөх цаг хугацааны асуудал үүсээд байна. Уг нь бол нэг бүлгийн нэг зүйл ангиар яллагдаж байгаа хэргийг хамтад нь шийдвэрлэвэл үйлчлүүлэгчийн маань эрх зүйн байдал дээрдэнэ. Харамсалтай нь шүүх прокурорын шүүхэд ирүүлсэн яллах дүгнэлтийн хэмжээнд шийдвэрлэх учир энэ асуудал дахин шүүхэд ирэх нөхцөл байдал л үүсэж байна. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх эдлээгүй үлдсэн ял дээр нэмж нэгтгэж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.

​​​​​​​2.2. Эрүүгийн хариуцлага

Хэрэгт авагдсан шүүгдэгч Б.Т-ын хувийн байдалтай холбоотой үндэсний энгийн гадаад паспортын бүртгэлийн лавлагаа (1-р хавтаст хэргийн 107 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (1-р хавтаст хэргийн 108 дахь тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (1-р хавтаст хэргийн 109 дэх тал), төрсний бүртгэлийн лавлагаа (1-р хавтаст хэргийн 110 дахь тал), Хур системийн лавлагаа (1-р хавтаст хэргийн 121 дэх тал), асап сангийн лавлагаа (1-р хавтаст хэргийн 122-123 дахь тал), Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024.09.24-ний өдрийн 2024/ШЦТ/430 дугаартай шийтгэх тогтоол (2-р хавтаст хэргийн 18-21 дэх тал), Дархан-Уул аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025.02.25-ны өдрийн 2025/ХМШЗ/16 дугаартай захирамж (2-р хавтаст хэргийн 22-25 дахь тал), Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт (2-р хавтаст хэргийн 126 дахь тал), хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар (2-р хавтаст хэргийн 127 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2-р хавтаст хэргийн 130 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан шүүгдэгч Б.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэх нь эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангана гэж үзэв.

Шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгчийн зүгээс цагдан хорих 461 дүгээр ангид байхад энэ төрлийн өөр гэмт хэрэгт дахин шалгагдаж байгаа, мэдүүлэг өгсөн гэх боловч үүнтэй холбоотой эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол хэрэгт авагдаагүй, нотлох баримтгүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Т нь урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 430 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 06 сар 04 хоногийн хугацаагаар тогтоож, улмаар Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 16 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан эдлээгүй үлдсэн 2 жил 06 сар 18 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон хорих ялаар сольсон байна.

Шүүгдэгч Б.Т-д Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025.06.16-ны өдрийн 1782 дугаартай захирамжаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 445 дугаар нээлттэй хорих ангиас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид шилжүүлсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэрээр 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хоригдож, тус өдрөөр ялын тооцоо гаргахад 2 жил 2 сар 04 хоногийн үлдэгдэлтэй болох нь ялын тооцооны лавлагаагаар тогтоогдож байна. (2-р хавтаст хэргийн  64-65, 70, 72 дахь тал)

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-д энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 430 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 2 сар 04 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 3 жил 2 сарын 04 хоногийн хорих ялаар тогтоов.

Шүүгдэгчид хорих ял оногдуулсантай холбоотойгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-ын 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс цагдан хоригдсон нийт 139 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцов. 

  2.3.    Бусад асуудлын талаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалж байгаа гэх “хар өнгийн ууттай  цэвэр жин 11.3 грамм жинтэй өвс мэт зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч, Б овогт Б-ын Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-ыг 1 (нэг) жилийн  хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-д энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 430 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 2 сар 04 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 3 жил 2 сар 04 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-ын цагдан хоригдсон нийт 139 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалж байгаа гэх “хар өнгийн ууттай цэвэр жин 11.3 грамм жинтэй өвс мэт зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.

7. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Б.Тод урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

9. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Т-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ц.АМАР

 

 

[1] Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль

4 дүгээр зүйл. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг үйлдвэрлэх, ашиглах, хэрэглэх

/Дээрх 4 дүгээр зүйлийн гарчигт 2011 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

4.1.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг дор дурдсан зорилгоор дараахь байгууллага ашиглаж болно:

4.1.1.эмчилгээ, шинжилгээ, судалгааны зорилгоор эрүүл мэндийн болон эрдэм шинжилгээний байгууллага;

/Энэ заалтад 2011 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

4.1.2.лабораторийн шинжилгээ хийх, сургалт явуулах зорилгоор мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтэд хяналт тавих үүрэгтэй байгууллага;

4.1.3.харьцуулалт хийх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, түүнийг таслан зогсоох, илрүүлэх зорилгоор гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий байгууллага;

/Энэ заалтыг 2011 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

4.1.4.эмийн ургамлыг тарималжуулсан тохиолдолд сэтгэцэд нөлөөт бодис, түүний түүхий эдийг үйлдвэрлэх, экспортлох тусгай зөвшөөрөл бүхий байгууллага, аж ахуйн нэгж.

/Энэ заалтыг 2011 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн/

4.2. Эмчийн заалтаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм хэрэглэх жор авсан өвчтөн уг эмийг хэрэглэж болно.