| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2023/02020/И |
| Дугаар | 102/ШШ2023/03708 |
| Огноо | 2023-10-16 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 102/ШШ2023/03708
| 2023 оны 10 сарын 16 өдөр | Дугаар 102/ШШ2023/03708 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, *** тоот хаягтай, рд:***, *** ХХК-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Баянгол дүүрэг, *** тоот хаягтай, рд:***, *** ХХК-д холбогдох
гэрээний үүрэг 8 839 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э оролцож,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Сувд хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч *** ХХК-аас хариуцагч *** ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэг 8 839 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ...*** ХХК нь 2019.08.19-ны өдөр, 10,839,000 төгрөгийн өртөг бүхий барилгын дээврийн хар цаас худалдан авч, төлбөрийг 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр төлөхөөр тохиролцож баримт үйлдсэн байдаг. Талуудын хувьд 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр тооцоо нийлж, 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 04 дугаар сарын 06-ны хооронд өглөг авлагын тооцоогоор 8,839,000 төгрөгийн *** ХХК -аас *** ХХК-д төлнө гэдэг акт үйлдэж баримтжуулсан байдаг. Иймд актад дурдсан төлбөрийг төлж барагдуулаагүй учраас *** ХХК-аас гаргуулж өгнө үү... гэв.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...барилгын материалын үнийн өсөлт, хэрэглэгчдийн худалдан авах чадвар муудсан зэрэгтэй холбогдуулан компанийн санхүүгийн нөхцөл байдал төдийлөн сайнгүй байна. Иймд нэхэмжлэлийн үнийн дүн, төлбөрийн нөхцөлийн талаар нэхэмжлэгчтэй эвлэрч хэргийг шийдвэрлүүлэхэд татгалзах зүйлгүй байна... гэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөлөгч 2023.10.16-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар хүсэлтдээ: ...нэхэмжлэгч хариуцагч талууд эвлэрэн хэлэлцэхээр хэд хэдэн удаа 2 талаас ярилцаж санал гаргасан боловч хариуцагч эвлэрэх боломжгүй гэсэн хариу өгсөн. Нэхэмжлэлийн үнийн дүнтэй маргахгүй, түүнчлэн хариуцагчийн төлөөлөгч би өөр шүүх хуралд оролцох бөгөөд тухайн хурлын цаг давхцсан тул эзгүйд шийдвэрлэхд татгалзахгүй... гэжээ.
5. Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн
Нэхэмжлэл /хэргийн 1-2 дугаар тал/
итгэмжлэл /хэргийн 3 дугаар тал/
улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 4 дүгээр тал/
*** ХХК-ийн Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 5 дугаар тал/
зарлагын баримт /хэргийн 6-7 дугаар тал/
тооцооны үлдэгдлийн баталгаа /хэргийн 8 дугаар тал/
авлага өглөгийн дэлгэрэнгүй тайлан /хэргийн 9 дүгээр тал/
хүсэлт /хэргийн 11 дүгээр тал/
6. Хариуцагчийн ирүүлсэн
итгэмжлэл /хэргийн 12 дугаар тал/
хариу тайлбар /хэргийн 19 дүгээр тал/
итгэмжлэл /хэргийн 20 дугаар тал/
*** ХХК-ийн Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 21 дүгээр тал/
хүсэлт /хэргийн 32-33 дугаар тал/
хүсэлт /хэргийн 39 дүгээр тал/
7.шүүхээс
нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2023 оны 05 сарын 22-ны өдрийн 2565 албан тоот /хэргийн 18 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын бүрэн хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч ...8 839 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ...худалдах худалдан авах гэрээний үүрэг болох худалдан авсан хөрөнгийн үнийг төлөх үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн... гэж,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...нэхэмжлэлийн үнийн дүнтэй маргахгүй... гэж тус тус тайлбарласан байна.
3. Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. Нэхэмжлэгч буюу худалдагч *** ХХК хариуцагч буюу худалдан авагч *** ХХК-д 10 839 000 төгрөгийн үнэ бүхий барилгын дээврийн хар цаас 2019 оны 08 сарын 14-ны өдөр худалдаж үнийг 2019 оны 08 сарын 30-ны өдөр төлүүлэхээр харилцан тохиролцсон нь зохигч талуудын тайлбар, зарлагын баримт, тооцооны үлдэгдлийн баталгаа, авлага, өглөгийн дэлгэрэнгүй тайлан баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 6-9 дүгээр тал/
5. Энэ нь зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэхь хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл болно.
6. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.1.1, 196 дугаар зүйлийн 196.1.1-д заасан шаардлагыг хангасан байх тул нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд амаар хийгдсэн гэрээ хүчин төгөлдөр хэлцэл байна.
7. Хэлцэл хийгдсэн, хүчин төгөлдөр эсэх талаар зохигчид маргаагүй.
8. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу худалдагч нь биет байдлын доголдолгүй эрхийн зөрчилгүй хар цаас хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь гэрээгээр тохирсон үнийг төлж хар цаас хөрөнгийг хүлээн авах үүрэгтэй.
9. 2019 оны 08 сарын 14-ны өдөр нэхэмжлэгч 10 839 000 төгрөгийн үнэ бүхий хар цаас хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн нь түүний тайлбар баримтаар тогтоогдож байна.
10. Хариуцагч хариу үүрэг буюу худалдан авсан хөрөнгийг хүлээн авсан ба 2000 000 төгрөгийг төлж үлдэх 8 839 000 төгрөгийг төлөөгүй гэрээний үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлээгүй нь зохигч талуудын тайлбар, дээр авагдсан тооцооны үлдэгдлийн баталгаа баримтаар тогтоогдож байна.
11. Эдгээр үйл баримтын талаар зохигчид маргаагүй гэж үзэв.
12. Нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн тул хариуцагчаас хариу үүрэг буюу худалдсан хөрөнгийн үнийг зохих ёсоор бүрэн биелүүлэхийг шаардах эрхтэй.
13. Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбарын ...нэхэмжлэлийн үнийн дүнтэй маргахгүй... гэх агуулгаас нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн талаар маргаагүй гэж үзэх үндэслэл болно.
14. Иймд нэхэмжлэгчийн шаардах эрх Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасан үндэслэлтэй тул хариуцагчаас худалдан авсан хар цаасны үнийн үлдэгдэл 8 839 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
15. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 156 374 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч улсын тэмдэгтийн хураамж 156 374 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.
16. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн бөгөөд тэрээр хурлын цаг давхцсан эзгүйд шийдвэрлэхэд татгалзахгүй гэх тайлбараа бичгээр ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд нэхэмжлэгчийн тайлбар хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч *** ХХК-аас худалдах худалдан авах гэрээний үүрэг хар цаасны үнийн үлдэгдэл 8 839 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *** ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 156 374 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч 156 374 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ