Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 515

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Золзаяа, 

улсын яллагч П.Нархажид,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Бямбасүрэн,

шүүгдэгч Э.Энхцэцэг, түүний өмгөөлөгч Р.Оюунцэцэг,

шүүгдэгч Б.Эрдэнэцэцэг, түүний өмгөөлөгч Б.Түвдэнчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Боржигон овогт Энхбатын Энхцэцэг, Боржигон овогт Буянжаргалын Эрдэнэцэцэг нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201725011634 дугаартай хэргийг 2017 оны 9 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн Боржигон овогт Энхбатын Энхцэцэг, 1989 оны 09 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эмэгтэй, үсчин мэргэжилтэй, бүрэн дунд боловсролтой, Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо Овоотын 9-4  тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,  РД:/УЗ89092941 /,

Шүүгдэгч Монгол улсын иргэн Боржигон овогт Буянжаргалын Эрдэнэцэцэг, 1999 оны 08 дугаар сарын 20-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянзүрх дүүргийн 24 дугаар хороо Жаргалантын 4-19а  тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, РД:/УЗ99082029 /,

 

Шүүгдэгч Э.Энхцэцэг, Б.Эрдэнэцэцэг нар нь бүлэглэн 2017 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгаар хороо, Овоотын 9 дүгээр гудамжны 4 тоот хашаанд байрлах байшинд Б.Бямбадэлгэрийг зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Э.Энхцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, улсын яллагчийн оногдуулах ялын саналыг хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ойлгож байна” гэв.

Шүүгдэгч Б.Эрдэнэцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, улсын яллагчийн оногдуулах ялын саналыг хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ойлгож байна гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Бямбасүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, одоо энэ хоёр охинд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Цаашид биеэ зөв авч явж байхыг хүсэж байна” гэв.

Яллагдагч Э.Энхцэцэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…Бид нар суугаад архиа ууж байхад Эрдэнэцэцэг Бямбадэлгэрийг нэг удаа хацар руу нь алгадаад авахаар нь  би “чи яаж байгаа юм бэ? Бямбадэлгэрийг зодох гээд байгаа юмуу?” тэгвэл намайг зод гэж хэлэхэд Эрдэнэцэцэг дахин нэг алгадаад авсан. “...би ариун цэврийн өрөө ороод бие засаад буцаад ирэхэд Эрдэнэцэцэг Бямбадэлгэрийг үсдэж аваад толгойруу нь гараараа цохиод хөлөө өшиглөөд байсан. Мөн нуруу хэсэг рүү нь өшиглөж байсан. Тэгээд би Бямбадэлгэрийг газар хэвтэж байхад нь үснээс нь зулгаагаад нэг удаа дагзаар нь газар мөргүүлсэн юм.  Би Бямбадэлгэрийн өмсөж явсан тирког нь дотоожтой нь тайлан “энэ гичийг шаах хүн байна уу” гэж хэлсэн. Тэгээд байж байтал Бямбадэлгэр өмдөндөө баасан бөгөөд би бөгсөн хэсэгт нь нэг удаа өшиглөсөн юм. Маргааш нь би Бямбадэлгэрийн үснээс нь зулгаагаад гаргах гэтэл дийлэхгүй байсан.Эрдэнэцэцэг босгох гээд нүүрэн тус газар нь 2 удаа алгадаж үсдэж гаргасан. Түүний дараа Мөнхшагай болон түүний найз нар нь надад хандан Эрдэнэцэцэг Бямбадэлгэрийг зодоод байна болиулаач гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг. /хх-83/,

            Яллагдагч Б.Эрдэнэцэцэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Энхцэцэг эгч Бямбадэлгэрийг газар хэвтэж байхад нь дагзны үснээс нь зулгааж байгаад нүүр хэсгээр нь газар мөргүүлсэн. Би болиоч гэж хэлэхэд намайг алгадсан. Би Энхцэцэг эгчид алгадуулсандаа уур хүрээд талийгаач Бямбадэлгэрийг нэг удаа алгадаад жижиг өрөөнд ороод унтсан юм” гэсэн мэдүүлэг.

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн шинжээчийн №997 дугаар дүгнэлтэнд:

  1. Талийгаачийн цогцост нүүр, их бие, мөчдийн цус хуралт, зулгаралт, доод уруулын язрал, толгойн хуйхны дотор гадаргуугын цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэсэн дүгнэлт. /хх-85/,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Э.Энхцэцэг, Б.Эрдэнэцэцэг нар нь бүлэглэн  2017 оны 05 дугаар 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгаар хороо, Овоотын 9 дүгээр гудамжны 4 тоот хашаанд байрлах байшинд Б.Бямбадэлгэрийг зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Э.Энхцэцэг, Б.Эрдэнэцэцэг нар нь бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.Энхцэцэг, Б.Эрдэнэцэцэг нарыг нь хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэцэцэгт 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Э.Энхцэцэгт 2.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрсөн болно.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Бямбасүрэн нь гэм буруутай этгээдүүдэд гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэлээ.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Мөн шүүгдэгч Э.Энхцэцэг, Б.Эрдэнэцэцэг нарын урьд цагдан хоригдсон 14 хоногийг тус тус торгох болон нийтэд тустай ажил хийлгэх ялд оруулан тооцохоор шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Боржигон овогт Энхбатын Энхцэцэг, Боржигон овогт Буянжаргалын Эрдэнэцэцэг нарыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар Б.Эрдэнэцэцэгийг 350 (гурван зуун тавь) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Э.Энхцэцэгийг 2.000 нэгж буюу 2.000*1.000=2.000.000 (хоёр сая) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Э.Энхцэцэг нь  торгуулын ялыг төлөх хугацааг 2 жилийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Э.Энхцэцэг нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Эрдэнэцэцэг нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол 8 цагийн нийтэд тустай ажлыг 1 хоногийн хорих ялаар тооцож сольж болохыг дурьдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Эрдэнэцэцэгт оногдуулсан 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас урьд цагдан хоригдсон 14 хоног /1 хоног= 8 цаг/ нийт 112 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг хасч үлдэх 238 /хоёр зуун гучин найм/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял,

-Э.Энхцэцэгт оногдуулсан 2.000.000 төгрөгөөр торгох ялаас урьд цагдан хоригдсон 14 хоног /1 хоног=15 нэгж/ нийт 210 нэгж буюу 210*1.000=210.000 төгрөгийг хасч үлдэх торгох ялыг 1.790.000 төгрөгөөр тогтоосугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эрдэнэцэцэг, Э.Энхцэцэг нарт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР