Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2021/ДШМ/20

 

 

 

 

 

 

 

 

 

 

М.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Э даргалж, шүүгч Т.Ж, Ш.Б нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор А.О

Хохирогчийн өмгөөлөгч Ж.Д

Шүүгдэгч М.Б /онлайнаар/

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Н нарыг оролцуулан

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 2021/ШЦТ/28 дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.О-эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоор М.Б-д холбогдох 2016000000087 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 5 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Б-ын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, халх, 1969 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, 52 настай, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багийн .......... тоотод оршин суух хаягтай, тусгай дунд боловсролтой, бага эмч, сувилагч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, ДЮ.................. регистрийн дугаартай, Ш овогтой М.Б.

 

Шүүгдэгч М.Б нь согтуурсан үедээ 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 23 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум, Харзат 4 дүгээр багийн нутаг дэвсгэр, Нэгдсэн эмнэлгийн ертөнцийн зүгээр чанх хойд талд байрлах, ямар нэгэн хаяггүй нэг давхар нийтийн байранд хамт согтууруулах ундаа хэрэглэсэн Ж.М-ыг “архи авч өг гэж агсам тавьлаа” хэмээн маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь алаг салатны шилээр цохиж“ хамрын нуруунд шарх, хамрын нуруу зүүн хацарт зулгаралт, баруун зүүн дээд, доод зовхинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, улмаар дээрх үйлдлийг таслан зогсоохоор өөртэй нь маргалдсан П.Х-ыг “олон юм ярьж, найзыгаа өмөөрлөө” гэж толгойн тус газарт нь цохиж унагаан, хөлөөрөө толгойд нь 2-3 удаа дэвсэж “...хоёр тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины няцрал, тархины аалзан бүрхүүл доорх цус харвалт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Ш овогтой М.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн хуулийн 11.1 дүгээр 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, шүүгдэгч М.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар шүүгдэгч М.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногийн хорих ялаар тооцож, Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн жинхэнэ эдлэх ялыг 2 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч М.Б-д оногдуулсан 2 жил 7 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч М.Б-г цагдан хорьж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлд зааснаар хохирогч Д.Б-ийн нэхэмжлэлээс 2.529.600 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч М.Б-гаас 1.103.200 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Б-д олгож ... шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.О давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: М.Б-д Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 2 жил 7 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч М.Б 2011 оноос хойш Эпилепси өвчний учир Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтэл болон мэдрэлийн эмчийн байнгын хяналтанд байдаг бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулаагүй, түүний өвчинтэй холбоотой нотлох баримтыг огт хавсаргаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.10 дугаар зүйлд заасныг зөрчсөн байна. Энэ нь тус хэргийг хянан шийдвэрлэхэд, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд нөлөөлсөн.

Шүүгдэгч нь цагдан хорих байранд удаа дараа уналт өгч эмнэлгийн тусламж авсан бөгөөд эпилепси өвчний учраас хорих ял эдлэх боломжгүй нөхцөл байдал үүсээд байх тул түүнд ашигтай байдлаар шийдвэрлэж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар зөвхөн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Шүүгдэгч М.Б нь согтуурсан үедээ 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 23 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум, Харзат 4-р багийн нутаг дэвсгэр, Нэгдсэн эмнэлгийн ертөнцийн зүгээр чанх хойд талд байрлах, ямар нэгэн хаяггүй нэг давхар нийтийн байранд хамт согтууруулах ундаа хэрэглэсэн зүс таних Ж.М-ыг “архи авч өг гэж агсан тавилаа” хэмээн маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь /варений/ шилээр цохиж “...хамрын нуруунд шарх, хамрын нуруу, зүүн хацарт зулгаралт, баруун зүүн дээд доод зовхинд цус хуралт" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Улмаар дээрх үйлдлийг таслан зогсоохоор өөртэй нь маргалдсан П.Х-ыг “олон юм ярьж найзыгаа өмөөрлөө” хэмээн толгойн тус газарт нь цохиж унагаан, хөлөөрөө толгойд нь 2-3 удаа дэвсэж “...Хоёр тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины няцрал, тархины аалзан бүрхүүл доорх цус харвалт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн байна.

 

Энэ үйл баримт нь: Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 3-4, 6-8-р хуудас/,

 

Хэргийн газрын үзлэгийн явцад гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх “Ерөөл” архины шил, варений шил олдоогүй талаар бичсэн Эрүүгийн цагдаагийн тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч С.Б-н үйлдсэн мөрдөгчийн тэмдэглэл /1-р хх-ийн 5-р хуудас/,

 

П.Х-ын өмсөж явсан хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 19-20-р хуудас/

 

Хохирогч Д.Б-ийн “...Манай нөхөр П.Х-ыг зодсонд гомдолтой байна. Зодсон хүнээс нь П.Х-т хийсэн дараах эмчилгээний зардлыг гаргуулж авмаар байна. 2020 оны 9 дүгээр сарын 01, 2020 оны 9 дүгээр сарын 02, 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрүүдэд нимодипин гэх тархины тариаг тус бүр нь 65.000 төгрөгөөр буюу нийт 195.000 төгрөгөөр худалдаж авсан /баримт байгаа/, 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр гепомерц гэх тариаг 45.000 төгрөгөөр авсан, Альбумин гэх уургийг 2 ширхэгийг 386.000 төгрөгөөр, омапоне 1 ширхэг тариаг 60.000 төгрөгөөр худалдаж авсан ба нийт мөнгө 501.000 төгрөг болсон. 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Альбумин гэх уургийг 198.000 төгрөгөөр авсан, 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр омапоне гэх тариаг 100.000 төгрөгөөр худалдаж авсан /баримт байгааг/, супер альбум гэх уургийг уухаар 8.100 төгрөгөөр худалдаж авсан баримт байгаа, 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр круг 15.000 төгрөг, бинт 1.600 төгрөгөөр нийлээд 16.600 төгрөгөөр баримт байгааг, 2020 оны 08 сарын 31-ний өдөр нимодипин гэх тариаг 65.000 төгрөгөөр /баримт байгаа/, 2020 оны 09 сарын 24-ний өдөр опилакс гэх тариаг 11.500 төгрөгөөр /баримт нь байгаа/, 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр транлок гэх тариаг 8.000 төгрөгөөр баримт нь байгаа тус тус худалдан авч нөхөр П.Х-ын эмчилгээнд хийсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 27-28, 250-р хуудас/,

Гэрч Э.Х-ын: “...2020 оны 8 дугаар сарын 28-ны орой 23 цагийн орчим байх би цагийг нь сайн санахгүй байна. Ж.М гаднаас 0.5 литрийн Ерөөл нэртэй архи барьчихсан хаалга тогшоод орж ирээд М.Б ах 100 татах уу? гэж хэлэхэд М.Б ах босоод гал тогооны шүүгээний нүднээс /варений/ шил аваад Ж.М руу чиглүүлээд шидэхэд М-ын хоёр нүдний голд оносон. Тухайн үед Ж.М-ын нүүрнээс цус гарсан. Шил хагарсан. Ж.М-ыг орон дээр дээшээ харуулж хэвтүүлээд даавуугаар цусыг нь дарж тогтоосон. П.Х баруун талд дээлтэй архи уугаад тасарцан хэвтэж байхад М.Б П.Х-ын толгой дээр 2-3 удаа дэвсэхээр нь салгаад М.Б-г орон дээр суулгасан. Ж.М бид хоёр 08 цаг болж байхад босоод гараад явахад П.Х хурхираад унтаж байсан” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 36-37-р хуудас/,

Гэрч Ж.М-ын “...М.Б-гийн гэрт очиход М.Б миний өөдөөс /варений/ шил авч шидээд хоёр нүдний голд оносон ...одоо надад гомдол санал байхгүй, миний бие сайн байгаа ...Х надад хэлэхдээ Х согтуу хэвтэж байхад нь Б толгой дээр нь 2 удаа дэвссэн гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1 -р хх-ийн 38-39-р хуудас/,

Гэрч Б.А-ийн “...Ж.М бол М.Б-д шилээр цохиулсан гээд хэвтэж байсан. П.Х хэнд зодуулсан талаараа надад ямар нэгэн зүйл хэлээгүй, Х надад хэлэхдээ Б ах Х-ыг зодсон гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 50-р хуудас/,

М.Б-гийн гэрчээр өгсөн “...ууж байгаад Ж.М чамд би архи авч өгсөн одоо чи бид нарт архи авч өг гээд агсамнаад эхэлсэн. Тэрнээс болж хоорондоо маргалдаж байгаад би хоолны шүүгээн дээр байсан алаг салатны хоосон шилийг аваад М руу шидсэн чинь Ж.М-ын нүүрэн дээр алаг салатны шил оноод хагарсан. Ж.М-ын хамраас цус гоожоод эхэлсэн. Тэгсэн чинь П.Х чи манай найзыг цохилоо энэ тэр гээд байхаар нь эхэлж уусан П.Х-ын авч ирсэн архины хоосон шилээр Х-ын нүүрэн тус газарт нь нэг удаа цохисон газарт унахад нь би нүүрэн дээр нь нэг удаа дэвссэн юм бусад нарийн зүйлсийг би сайн санахгүй байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 47-48-р хуудас/,

Гэрч Т.С-ын “...КТГ-т шинжилгээ /толгой/ тархины хоёр талын зулай дагз хэсгийг хамарсан 0.6 см цусан хураатай, тархины аалзан бүрхүүлийн цус харвалттай, баруун гар удаан даралтын шинжтэй байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 40-42-р хуудас/,

Гэрч Р.Д-ийн “...Дуудлагаар очиход П.Х нь согтуу, ухаангүй, хамраас нь цус гарсан, нүүр орчим нь хавдсан байдалтай хэвтэж байсан. Нүүрний баруун талын хэсэг нь хавдсан, дух хэсгээрээ зулгарсан шархтай байсан. Хамраас нь цус гарсан байдалтай байсан. Хүнд согтолттой, зодуулаад тархиндаа гэмтэл авсан байж болзошгүй тул тээвэрлэж аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт хүргэсэн. Орон дээр хэвтэж байсан, хамар орчимдоо шархтай байсан үл таних залуу П.Х-ыг М.Б зодсон гэж байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 33-р хуудас/

 

Гэрч Г.Т-ийн “...Би П.Х-ыг 2020 оны 09 сарын 03-наас эхэлж эмчилсэн. П.Х нь тархиндаа няцрал, 2 тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цус хуралт, тархины аалзан бүрхүүл доторх цус харвалт гэсэн оноштой байсан. Сэхээний тасгаас Хөнгөвчлөх эмчилгээний тасагт шилжих үед ухаангүй, тархины хуралт, харвалт нь шимэгдэж байсан /компьютер томографикаар харахад/ 2020 оны 09 дүгээр сарын 10-нд П.Х ухаан орсон. Мөн П.Х нь элэгний хатуурлын суурин дээр үүссэн элэгний хавдрын хожуу үедээ байсан. П.Х нь элэгний хатуурлын суурин дээр үүссэн элэгний хавдар хожуу үедээ орсон учраас элэгний үйл ажиллагааны дутагдал болон бөөрний үйл ажиллагааны дутагдлаар 2020 оны 10 сарын 03-ны өдрийн 17 цаг 50 минутад нас барсан. П.Х-ын тархины няцрал, 2 тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цус хуралт, тархины аалзан бүрхүүл доторх цус харвалт гэсэн онош үхэлд хүргэх аюултай байгаагүй. Уг гэмтлийг эмчилгээ хийгээд цус хуралтууд шимэгдсэн учир үхэлд хүргэхгүй. П.Х нь эмийн эмчилгээгээр цус хуралтууд шимэгдсэн учир хагалгаанд орох шаардлагагүй” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 34-р хуудас, 2-р хх-ийн 12-13-р тал/

 

Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээч Б.М-ын 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 44 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 69-75-р хуудас/,

Тус аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Т.А-ын 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 293 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 54-55-рт/,

Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл тэмдэглэлд: М.Б нь 2.24% согтолттой гэх бүртгэл /1-р хх-ийн 108-р хуудас/,

П.Х нь тархины хүнд гэмтлийн улмаас Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл 7 хоног хэвтэн эмчлүүлсэн тухай тоот өвчний түүх /1-р хх-ийн 140-160-р хуудас/,

 

П.Х нь тархины хүнд гэмтэл нь эмчлэгдсэн хэдий боловч элэгний хатуурлын суурин дээр үүссэн элэгний хорт хавдар 3-р үедээ орж Нэгдсэн эмнэлгийн Хөнгөвчлөх тасагт 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 11 хоног хэвтэн эмчлүүлсэн тухай 3853 тоот өвчний түүх /1 -р хх-ийн 119-138-р хуудас/,

 

Гэрч Л.Г-ийн “...Талийгаач П.Х 2020 оны 09 сарын 12-ны орчим ухаан орж хөнгөвчлөх эмчилгээнд эмчлүүлж байх явцад давтан тархины компьютер томографик хийж үзэхэд тархины няцрал, хурсан цусан бүлэн бүрэн шимэгдсэн байсан учир тархины гэмтэл нь үхэлд нөлөөлөх үндэслэл байхгүй” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 8-р тал/

Тус аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Т.А-ын нэмэлтээр гаргасан 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 02 дугаартай “...3853 дугаартай өвчний түүхэнд П.Х нь 2020 оны 09 сарын 21-ний өдрөөс 2020 оны 10 сарын 02-ны өдөр хүртэл 11 хоног Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хөнгөвчлөх эмчилгээний тасагт “элэгний хатуурлын суурин дээр үүссэн элэгний хорт хавдар 3-р үедээ, 8-р сегментэд байрлалтай, элэгний дутагдал, архисах эмгэг, хэвтрийн цооролт” гэсэн оноштойгоор цефатаксин 8 цагаар 10 хоног, метронидазолин 8 цагаар 7 хоног, элэгний үйл ажиллагаа дэмжих, хордлого тайлах, цус төлжүүлэх, шинж тэмдгийн эсрэг эмчилгээ, цэвэр боолт зэрэг эмчилгээ хийгдсэн ба тархины гэмтэлтэй холбоотой онош тавигдаж эмчилгээг хийгдээгүй” гэх шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 15-18-рт/,

 

М.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг/1-р хх-ийн 83-84-рт/

Хохирогч Ж.М-ын “...Би архи уух уу гэхэд М.Б гал тогооны өрөөнөөс /варений/ шил аваад шидэхэд миний нүүрэн дундуур шидээд миний хамар орчмоос цус гараад тогтохгүй байсан ...Би М.Б-д санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 31-32-р хуудас/

 

Тус аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Т.А-ын 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 296 дугаартай “...Ж.М-ын биед хамрын нуруунд шарх, хамрын нуруу, зүүн хацарт зулгаралт, баруун зүүн дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /1 -р хх-ийн 59-60-рт/ зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлэгдэж хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдаж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтын хүрээнд хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна.

 

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтад шүүгдэгч нь хэрэг хариуцах чадвартай эсэх талаар эргэлзээтэй баримт авагдаагүй байна. Шүүгдэгч хэрэг хариуцах чадвартай эсэх талаар шинжилгээ хийлгэх үндэслэл тогтоогдоогүй учраас анхан шатны шүүх хэрэг авагдсан нотлох баримтыг хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Шүүгдэгчийн өмгөөлөгч нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, хүсэлтдээ шүүгдэгч М.Б-г эпилепси өвчтэй эсэх талаар холбогдох нотлох баримтыг бүрдүүлж өгсөн нь түүний хэрэг хариуцах чадвартай эсэхэд эргэлзэхүйц үндэслэл болохгүй ба эпилепси өвчин нь сэтгэцийн өвчин биш байна.

Хорих ял эдлэхэд саад болох өвчтэй нөхцөл байдал байгаа тохиолдолд Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2002 оны 313/316 дугаар тушаалд заасан журмын дагуу хүсэлтээ гаргаад анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэх боломжтой байна.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 2021/ШЦТ/28 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Б-гийн өмгөөлөгч Б.О-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь заалтад зааснаар шүүгдэгч М.Б-гийн цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаас хойш цагдан хоригдсон 64 хоногийг хорих ял эдлэх хугацаанаас нь хассугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд Шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.Э

 

                   ШҮҮГЧИД                              Т.Ж

 

                                                                   Ш.Б