Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 177

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Э нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 183/ШШ2018/02531 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Д.Э нэхэмжлэлтэй,

Хариуцагч Х.А д холбогдох,

 

2006 оноос хойшхи хүүхдүүдийн зардлын 50 хувь буюу 41 647 240 төгрөг гаргуулах, хүү А.Эт тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Д.Э ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ц.Ц

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Э, Х.А  нар 1992 онд танилцаж 1994 оны 06 дугаар сарын 03-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. 2005 онд баа хүү А.Эыг төрүүлсэн, 12 жилийн хугацаанд хамтран амьдарсан. Энэ хугацаанд Х.А  нь зүй бусаар харьцаж улмаар гар хүрэх явдлууд удаа дараа гарч байсан. Хариуцагч нь 2016 онд гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэл шүүхэд гаргаснаар энэ 2 хүний гэр бүлийг цуцалсан. 2006 оноос хойш буюу тусдаа амьдарснаас хойш хариуцагч Х.А  нь хүүхдүүдтэйгээ уулзаж, дэмжлэг туслалцаа үзүүлж байгаагүй. Нэхэмжлэгч Б.Энь 2003 оноос хойш өрх толгойлсон эх болж 2 хүүхдийн эрүүл мэнд, мэдлэг боловсролтой холбогдох бүх зардлыг өөрөө дангаараа хариуцаж өнөөдрийг хүртэл хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлж байгаа. Том хүү А.Булгантамир нь 2011 онд Чех улсын Техникийн их сургуульд элсэн суралцаж 2016 онд нано технологийн инженер мэргэжлээр төгссөн. Чех улсад суралцаж байх хугацаанд холбогдох амьдралын болох амьжиргааны бусад зардлуудыг нэхэмжлэгч гаргаж байсан. Мөн бага хүүгийнхээ холбогдох бүх өртгийг нэхэмжлэгч Б.Энь хариуцаж байгаа. Тийм учраас нэхэмжлэгч Б.Энь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 26.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 2006 оноос хойшхи хүүхдүүдийг өсгөж хүмүүжүүлсэн зардлын 50% буюу 41 647 200 төгрөгийг гаргуулж, бага хүү А.Эт Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар амьжиргааны түвшингийн доод хэмжээгээр тэтгэлэг тогтоож олгож өгнө үү гэжээ.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Х.А  нь өөрийнхөө эзэмшсэн мэргэжил болон хувийнхаа бизнесийн үр дүнд Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 26-2 тоот орон сууцыг худалдан авч өөрийн гэсэн гэр оронтой болж, улмаар 2000 онд тус орон сууцыг зарж, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 45 дугаар байр 12 тоот орон сууцыг худалдан авч гэр бүлийн хамт амьдарч байгаад Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Нархан хотхон, 21а байр 52 тоот 4 өрөө орон сууцыг худалдан авч гэр бүлийн хамт амьдрах болсон. Гэвч Б.Энь мэргэжлийн онцлог болон төрийн албаны ачааллыг ойлгохгүй байсны улмаас Х.А  нь эхнэр Б.Этаа сэтгэл санааны болон бусад зүйлээр таарч тохирохгүй хамтран амьдрах боломжгүй болж 2006 оноос хойш тусдаа амьдарч, 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ цуцлуулсан. Х.А  нь тусдаа байхдаа өөрийн 2 хүүхдийнхээ эдийн засгийн болон бусад хэрэгцээг хангаж байх үүднээс Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 45 дугаар байрны 12 тоот орон сууц, мөн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 17 дугаар байрны 47 тоот орон сууцнуудыг эхнэр Б.Эболон 2 хүүхдүүддээ үлдээсэн. Эхнэр Б.Энь уг 2 орон сууцыг бусдад түрээсэлж олсон орлогыг өөрийн амьдрал болон 2 хүүхдүүддээ зарцуулдаг байсан. Түүнчлэн Б.Энь 2006 оноос тусдаа амьдарснаас хойш 2 хүүхдэдээ зарцуулсан төлбөрийг Х.А гээс гаргуулах тухай нэхэмжлэлийг тухай үед Хан-Уул дүүргийн шүүхэд баримтаар нотолж чадаагүй учраас Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн шийдвэрээр үндэслэлгүй гэж шийдвэрлэж байсан. Гэр бүлийн тухай хууль болон Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэж өөрт оногдсон үүргийнхээ хүрээнд бага хүү А.Эын хүүхдийн тэтгэлгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох буюу хүүхдийн зардал гэх 41 647 240 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 40 дүгээр зүйлийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар хүү А.Эыг 11-16 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр Х.А гээс гаргуулан хүүхдийг тэжээн тэтгүүлж, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.А гөөс 5 132 340 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Э т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 437 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Д.Э  нь хүүхдүүдийн эрүүл мэнд, боловсролд нь зориулсан мөнгө нэхэмжилсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Хариуцагч нь 10 жилийн хугацаанд хүүхдүүдэд амьдрал болон сургалтад нь туслалцаа үзүүлээгүй ба нэхэмжлэгч нь 2006 оноос хойш өрх толгойлон, 2 хүүхдийг өсгөж хүмүүжүүлэх, сурч боловсроход шаардагдах бүх зардлуудыг хариуцаж байсан. 2011 онд том хүү А.Булгантамир Чех улсад суралцаж 2016 онд төгссөн. Энэ хугацаанд нэхэмжлэгч 51 812 800 төгрөгийг зарцуулсан ба хариуцагч холбогдох зардал болон тэтгэлэг төлөөгүй. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн хэдий ч шүүх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж чадаагүй, хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийг өөрчлөн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Д.Э  нь хариуцагч Х.А д холбогдуулан 2006 оноос хойшхи хугацаанд хүүхдүүдийг өсгөж хүмүүжүүлсэн, тэжээн тэтгэсэн зардлын 50 хувь болох 41 647 240 төгрөг гаргуулах, бага хүү А.Эт Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар амьжиргааны түвшингийн доод хэмжээгээр тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч 41 647 240 төгрөг нь баримтаар нотлогдохгүй байх тул зөвшөөрөхгүй, харин бага хүү А.Эт хуульд заасан хэмжээнд тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

 

Хэрэгт Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн №183/ШШ2016/00742 дугаартай шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр авагдсан байх ба уг шийдвэрээр зохигчдын гэрлэлтийг цуцалж, хүү Энхтамирыг эх Д.Э асрамжид үлдээж, нэхэмжлэгч, хариуцагч нар нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болон хүүхдийн тэтгэлгийн талаар маргаангүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...том хүү А.Булгантамирт 2006-2016 оны хооронд хувцас, хоол хүнс 20 000 000 төгрөг, 2006-2010 оны хооронд Радуга сургуулийн төлбөрт 3 421 000 төгрөг, 2010-2011 онд Хөдөө аж ахуйн дээд сургуулийн төлбөр 562 000 төгрөг, 2011-2014 онд Чех улс онгоцны билетүүд 5 022 000 төгрөг, 2012 оны -2016 онд оюутны байр 8 860 000 төгрөг, 2015 онд эмчилгээний төлбөр 2 089 800 төгрөг, 2011-2012 он Чех хэлний бэлтгэл 11 858 000 төгрөг, нийт 51 812 800 төгрөг, бага хүү А.Эт 2006-2016 оны хооронд хувцас, хоол хүнс 20 000 000 төгрөг, 2017 онд Дойче шуле дунд сургуулийн сургалтын төлбөр 1 115 000 төгрөг, 2011-2015 онд Логарифм дунд сургуулийн сургалтын төлбөр 4 379 680 төгрөг, 2018 он Дойче шуле дунд сургуулийн сургалтын төлбөр 1 350 000 төгрөг, 2011-2014 онд Монгол Германы онгоцны билетүүд 1 800 000 төгрөг, 2015-2016 он Герман хэлний бэлтгэл 2 838 000 төгрөг, нийт 31 481 680 төгрөг бүгд 83 294 480 төгрөгийн 50 хувь болох 41 647 240 төгрөгийг хариуцагчаас гаргуулна” гэж тайлбарлаж, холбогдох нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгчээ.

 

            Анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.Э  нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2.3-д тус тус зааснаар хүүхдэд боловсрол эзэмшүүлэхэд нь зориулагдан гарсан сургалтын зардлыг эцэг, эх хамтран хариуцах үүрэгтэй тул хариуцагч Х.А гөөс хуулийн дагуу шаардах эрхтэй гэж үзсэн нь зөв байна.

 

            Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг нь хүүхдээ тэжээн тэтгэх, тэтгэлэг төлөх, мөн хуулийн 48 дугаар зүйлд заасан нэмэлт зардал буюу сургалтын төлбөрийг төлөхөөс чөлөөлөгдөх үндэслэлгүй тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар эцэг Х.А гөөс хүүхдийн тэтгэлэг гаргуулж, хүү А.Эыг тэжээн тэтгүүлж, нэхэмжлэлийн шаардлагаас 5 132 340 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт хэргийн баримтад үндэслэгдсэн байна. /хх 10, 12, 14, 15/

 

            Түүнчлэн, шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хүү А.Булгантамирын дээд сургуулийн сургалтын төлбөр, Чех улсад суралцсан зардал, онгоцны тийз, оюутны байрны зардал, А.Эын герман хэлний бэлтгэлийн төлбөр, онгоцны тийз болон бусад зардлуудыг Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасан тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон гэж үзэх нөхцөл байдалд хамаарахгүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагаас 36 514 900 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй болно. Харин шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгосон буюу 36 514 900 төгрөг холбогдох хэсгийг шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад тусгаагүй орхигдуулсан байгааг залруулах нь зүйтэй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 183/ШШ2018/02531 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...олгосугай” гэснийг “олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 36 514 900 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 367 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

                         ШҮҮГЧИД                                          Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                    Д.ЦОГТСАЙХАН