| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цолмонгийн Амар |
| Хэргийн индекс | 2510029141365 |
| Дугаар | 2025/ШЦТ/2651 |
| Огноо | 2025-11-27 |
| Зүйл хэсэг | 12.1.1., 17.5.1., |
| Улсын яллагч | Г.Хурмандах |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2651
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ганбаатар,
улсын яллагч Г.Хурмандах,
шүүгдэгч Г.О нарыг оролцуулан тус шүүхийн Б танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2510029141365 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт Г-ийн О, Монгол Улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд:
2012 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял,
2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Төв аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 337 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.О нь хохирогч О.А-ын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн, согтуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
Мөн хохирогч О.А-ын гээгдүүлсэн гар утсыг завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан болон шүүгдэгч Г.О-ын хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Г.О нь хэргийн зүйлчлэл гэм буруугийн хувьд маргахгүй, хавтаст хэргээс уншин судлах нотлох баримтгүй гэв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт
Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч Г.О нь 2025 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах И нэртэй хотхоны урд талд байрлах задгай газарт хохирогч О.А-ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг нь далимдуулан хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн, хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн. Мөн тухайн цаг хугацаанд хохирогч О.А-ыг машинаас буухдаа унагааж үлдээсэн айфоне 15 про макс загварын гар утсыг олж бусдын эзэмшил, өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж завшиж 3,542,880 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоно. Тухайлбал,
- Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 4 дахь тал),
- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 5-7 дахь тал),
- Хохирогч О.А-ын “...2025 оны 05 дугаар сарын 24-ний өдөр найзуудын хамт Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Хуримын ордны хажууд байх пабад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж дуусаад 23 цаг өнгөрч байхад гэртээ харихаар тус газраас гараад такси барьсан. Жолоочид хандан 24 дүгээр сургууль орно гэж хэлсэн. Нэг мэдэхэд би Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт шинээр барьсан авто машины гүүрний хажууханд машин дотор сэрсэн бөгөөд таксины жолооч бид хоёр бие биеийнхээ хувцасны захаас заамдан барилцаж байсан. Би ухаан орсон болохоор жолоочийн хувцаснаас зуурсан чигээрээ машинаас буугаад би хаана байгаа юм бэ, 24 дүгээр сургууль дээр бууна гэж танд хэлээ биз дээ, яагаад энд байгаа юм бэ гэж олон удаа асуухад жолооч чамайг ална шүү, чамайг алж чадна шүү гэж орилоод байсан. Тухайн үед би чи битгий яваарай, би цагдаа дуудлаа миний гар утас хаана байна гэж хэлэхэд таксины жолооч заамдаж байсан гараа тавиад машиндаа суугаад цаашаа явсан. ...Өнөөдөр өглөө сэрээд хувцсаа тайлахад миний дотоож байхгүй байсан, би маш их айгаад хувцсаа шалгаж үзэхэд дотоож маань өмдний арын халаасанд байхаар нь таксины жолооч намайг согтуу, ухаангүй байхад надтай бэлгийн харьцаанд орсон юм байхдаа гэж бодоод цагдаагийн байгууллагад хандаж байна. ...Тухайн хэрэг болох үед би өөрийн ай поне 15 про макс маркийн гар утастай байсан бөгөөд тухайн таксинд суугаад шууд унтсан бөгөөд тэр цагаас хойш гар утсаа дахин хараагүй. Миний бодлоор жолооч аваад явсан байна лээ. Гар утасны байршил заагч эхлээд 1-р хороололд зааж байгаад хамгийн сүүлд Хятад улсад зааж байгаад унтарсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16, 18 дахь тал),
- Мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 110-1112 дахь тал)
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн ЕГ0725/7304 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...1. О.А-ын биед зүүн сарвуунд зулгаралт, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 2.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлыг зэрэг тогтоогдохгүй. 4. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой шинэ гэмтлүүд байна. 5.6.охин хальс хуучин урагдалтай байна. 7.8.9. Үтрээний арчдас, наалдацад болон анусны арчдаснаас эр бэлгийн эс илэрсэн ба эзэн холбогдогчийг шүүх ДНХ-ийн шинжилгээгээр тогтооно. 9. Бэлгийн замаар дамжих халдвар илрээгүй...” гэсэн (хавтаст хэргийн 25-26 дахь тал),
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн ЕГ0325/4644 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...1. О.А-ын гэх анусны арчдас нь ДНХ-ийн шинжилгээнд тэнцэхгүй. 2. О.А-ын гэх үтрээний арчдас дээрх эрх бэлгийн эсийн ДНХ-ийн тогтоц нь Г.О-ын ДНХ-ийн тогтоцтой тохирно...” гэсэн (хавтаст хэргийн 50-51 дэх тал),
- Ай поне 15 про макс загварын гар утсыг 3,542,880 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 56-59 дэх тал),
- Шүүгдэгч Г.О-ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Тухайн шөнө би өөрийн *** УАС улсын дугаартай приус-30 маркийн тээврийн хэрэгслээр хувиараа такси үйлчилгээнд явж байхдаа 23 цагийн орчим Сүхбаатар дүүрэг, Төв номын сангийн ойролцоо гараа өргөж байсан 30 орчим насны эмэгтэй хүнийг авсан. Тэр эмэгтэй чигээрээ явж бай гэж хэлээд унтсан. Энхтайваны гүүр хүрээд түүнээс хаашаа явах юм бэ гэж дахин асуухад сэрэхгүй, надад хариу хэлэхгүй байхаар нь урагшаа чигээрээ явж байгаад Яармагт шинээр барьсан гүүр даваад ертөнцийн зүгээр баруун салсан зам руу ороод тухайн эмэгтэйгээс хаашаа явах юм бэ гэж асуухад намайг хэн нэгэнтэй андуураад найз нь шээмээр байна гэж хэлэхээр нь би шороон замаар 100 орчим метр машинтайгаа яваад тухайн эмэгтэйг машинаасаа буулгаж, бие зассан. Намайг “Батдорж” гэсэн танихгүй хүний нэрээр дуудаад хүзүүнээс тэвэрч уйлж байгаад миний машинд суугаад найз нь хэсэг унтаад хөдөлье, хоёулаа алтжин бөмбөгөр орно гэж хэлээд машины арын суудал дээр гуталтайгаа хэвтээд байхаар нь би гутлыг тайлсан бөгөөд тухайн үед бэлгийн харьцаанд ормоор санагдаад өмдийг тайлахад дотоож нь цуг тайлагдсан. ...Би өөрийн эрхгүй дур тавиад дээрх эмэгтэйн өмдийг өмсүүлсний дараа дотоож нь үлдэхээр нь өмдний арын халаасанд нь хийсэн. ...Хохирогч О.А миний машинд гар утсаа үлдээсэн байсан. Би буцааж өгөхөөр очиход О.А зам дагаад явж байхаар нь түүний хажууд зогсоод хаа хүрэх юм бэ гэж асуухад намайг танихгүй байсан, мөн тухайн үед араас машин дуут дохио өгөөд байхаар нь гар утсыг өгч чадалгүй цааш явсан. Би О.А-ын үлдээж явсан гар утсыг танихгүй хүнд 320,000 төгрөгөөр зарсан...” (хавтаст хэргийн 20-21, 124 дэх тал) гэсэн мэдүүлэг зэрэг болно.
Дээр дурдсан нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, оролцогчийн эрхийг хязгаарласан буюу зөрчсөн үндэслэл, үйл баримт тогтоогдоогүй байх бөгөөд тухайн нотлох баримтын эх сурвалжууд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хүрэлцээтэй байх шаардлага хангагдсан гэж үзэв.
1.2. Хууль зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол” гэж хүчиндэх гэмт хэргийн шинжийг заасан.
Хохирогч О.А нь 2025 оны 05 дугаар сарын 24-ний өдөр найзуудын хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар гэртээ харих зорилгоор такси барьж шүүгдэгч Г.О-ын тээврийн хэрэгсэлд суусан байна. Тэрээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас тээврийн хэрэгсэлд унтсан нөхцөл байдлыг ашиглан шүүгдэгч Г.О нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах И нэртэй хотхоны урд талд байрлах задгай газарт очиж, хохирогч О.А-ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг нь далимдуулан хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн, хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон, хүчиндэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан төгссөн гэмт хэрэг байна.
Хохирогч О.А нь тухайн цаг хугацаанд шүүгдэгч Г.О-ын тээврийн хэрэгсэлд өөрийн эзэмшлийн Ай поне 15 про макс гар утсыг үлдээснийг шүүгдэгч Г.О нь олж авсан атлаа хохирогчид буцаан өгөлгүй, бусдын эзэмшил, өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж завшиж 3,542,880 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...гээгдэл эд хөрөнгийг …бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол" гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгоно гэж заасан.
Хохирогч О.А-ын Ай поне 15 про макс гар утсыг хөрөнгийн үнэлгээний тайлангаар 3,542,880 төгрөгөөр үнэлсэн буюу хохирогч О.А-т гэмт хэргийн улмаас бага хэмжээнээс дээш хохирол учирсан байна.
Иймд шүүгдэгч Г.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, согтуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Шүүгдэгч Г.О нь өөрөө өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцсон ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан нөхцөл байдал үүсээгүй, тэрээр хэргийн зүйлчлэл гэм буруугийн хувьд маргаагүй болно.
1.3 Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж заасан.
Шүүгдэгч Г.О нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч О.А-ын гар утасны төлбөр болох 3,542,880 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан болох нь эд зүйл хүлээн авсан тухай тэмдэглэлээр (хавтаст хэргийн 127 дахь тал) тогтоогдож байх тул шүүгдэгч Г.О-ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин хохирогч О.А нь хүчиндэх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримтаар хохирол нэхэмжлээгүй байх тул тэрээр хүчиндэх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...шүүгдэгч Г.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна...” гэв.
Шүүгдэгч Г.О: “...Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэх оногдуулж өгнө үү. Би өөрийн гэм буруугаа хүлээж байгаа тул өмгөөлөгч авалгүйгээр шүүх хуралдаанд оролцож байгаа юм...” гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Хавтаст хэрэг авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 68 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 88 дахь тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 89 дэх тал), жолоочийн лавлагаа мэдээлэл (хавтаст хэргийн 91 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 93 дахь тал) зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Г.О-ын хувийн байдлыг тодорхойлов.
Шүүгдэгч Г.О эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс харгалзан шүүгдэгч Г.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О-ын биечлэн эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
2.3. Бусад асуудал
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.О нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдлаа.
Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Г.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1, 38.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Г-ийн О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн, согтуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Г.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жил 3 (гурав) сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 (хоёр) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 (нэг) жил 5 (тав) сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О-ын биечлэн эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.О нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч О.А нь хүчиндэх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Г.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Г.О-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАР