| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2023/00387/И |
| Дугаар | 102/ШШ2023/03728 |
| Огноо | 2023-10-17 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 102/ШШ2023/03728
| 2023 оны 10 сарын 17 өдөр | Дугаар 102/ШШ2023/03728 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, *** тоотод хаягтай, рд: ***,*** ХХК-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Баянгол дүүрэг, *** тоот хаягтай рд:***, *** ХХК-д холбогдох,
хаалттай өрийн бичиг худалдах, худалдан авах гэрээний үндсэн төлбөрт 310 000 000 төгрөг, алданги 40 290 000 төгрөг, нийт 350 290 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
шүүх хуралдаанд:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О
хариуцагчийн өмгөөлөгч Б.Б нар оролцож,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Сувд хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч *** ХХК нь хариуцагч *** ББСБ ХХК-д холбогдуулан *** ББСБ ХХК-с хаалттай өрийн бичиг худалдах, худалдан авах гэрээний үндсэн төлбөрт 310 000 000 төгрөг, алданги 40 290 000 төгрөг, нийт 350 290 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ...*** ХХК нь *** ББСБ-тай 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хаалттай өрийн бичиг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байдаг. Энэ өрийн бичгээр *** ББСБ-аас гаргасан 340,000,000 төгрөгийн үнэ бүхий хаалттай өрийн бичгийг *** ХХК нь худалдаж авахаар тохиролцсон. Тодорхой хугацааны дараа *** ББСБ нь 340,000,000 төгрөгийг хугацаа хэтэрвэл алданги тооцохоор *** ХХК-д эргүүлэн төлөхөөр харилцан тохиролцсон. Өрийн бичгийн хүчинтэй хугацаа 12сар байхаар тохиролцсон боловч хүчин төгөлдөр хугацаа дуусаж *** ББСБ-аас ямар нэгэн хугацаа сунгах талаар хүсэлт ирүүлээгүй. Ингээд *** ББСБ-аас өрийн бичгийн төлбөр болон хүүгийн хамт шаардахад үндсэн төлбөрөөс 30,000,000 төгрөгийг, хүүгээс зохих хэмжээний хүү төлсөн боловч үлдсэн 310,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. *** ББСБ-ын зүгээс зээлийн барьцаанд байгаа хөрөнгүүдийг төлбөрт суутгаж авах талаар санал тавьсан боловч тухайн хөрөнгүүд нь доголдолтой, үнийн хувьд буурсан байсан тул төлбөрт суутгаж авах боломжгүй болсон. Иймд *** ББСБ-аас үндсэн төлбөр 310,000,000 төгрөг, алданги 40,290,000 төгрөгийг нэхэмжилж байна. Алданги тооцох үндэслэл нь гэрээний хугацаа дууссанаас хойш 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүртэлх нэхэмжлэл авах хугацаагаар тооцсон байгаа. Тооцохдоо 340,000,000 төгрөгөөс 10 хоногийн алданги тооцож 3,400,000 төгрөг, үлдсэн 310,000,000 төгрөгөөс 119 хоногийн алданги 36,890,000 төгрөг, нийт алданги 40,290,000 төгрөг болсон. Хэрэг хянан шийдвэр ажиллагааны явцад *** ББСБ нь энэ үнийн дүнг зөвшөөрч төлбөрийг сар болгон тогтмол төлөөд дуусгая гэдэг саналаа шүүхэд илэрхийлсэн байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү... гэжээ.
3. Хариуцагчийн өмгөөлөгч хариу тайлбартаа: ...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч тайлбартаа хариуцагч төлбөрийг төлөх талаар илэрхийлж байсан гэж байна. Гэвч *** ББСБ-ын захирал нь хуулийн мэдлэггүй, хуульч аваагүй байсны улмаас гаргаж өгч байсан байх. Тухайн үед энэ компани нь ковидийн нөхцөл байдлын улмаас үйл ажиллагаа нь доголдож, төлбөр төлөх боломжгүй болсон байдаг. Талуудын хооронд байгуулсан хаалттай өрийн бичиг худалдах, худалдан авах гэрээний 7 дугаар зүйлд даатгалтай холбоотой хэсгийг заасан боловч үүнтэй холбоотой нотлох баримтыг хэрэгт аваагүй байна. Шүүх эргэлзээгүйгээр хэргийг шийдвэрлэхийн тулд бүх нотлох баримтыг бүрдсэний дараа хэргийг шийддэг. Энэ нотлох баримт энэ хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй ач холбогдолтой. Учир нь энэ гэрээ нь *** ББСБ нь төлбөр тооцоогоо төлж чадахгүй тохиолдолд *** ХХК нь хариуцах ёстой юм. Энэ хэрэгт маш их хэмжээний мөнгө яригдаж байгаа учир *** ББСБ нь хохирох эрсдэлтэй тул шүүх өөрийн санаачилгаар нэг удаа хэргийг хойшлуулж шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ...Үндсэн гэрээтэй холбогдуулж тайлбар өгсөнгүй харин даатгалтай холбоотой зүйлийг ярилаа. Талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу *** ХХК нь төлбөрийг шилжүүлсэн талаарх баримт хэрэгт хавсрагдсан байгаа. Харин *** ББСБ нь төлбөрийн талаар хугацаа өгвөл төлөх боломжтой гэдэг талаар ярьдаг боловч төлбөрөө төлдөггүй. Хаалттай өрийн бичиг худалдах, худалдан авах гэрээг даатгуулсан талаар *** ХХК-тай очиж уулзахад хугацаандаа төлбөрөө төлөөд хүүгээ төлөөгүй бол манайх хариуцна. Харин үндсэн төлбөрөөс төлөөгүй тохиолдолд бидэнд хамаарахгүй гэдэг тайлбар өгч байсан. Энэ даатгалын гэрээг нотлох баримтаар гаргаж өгсөн өгөөгүй ялгаагүй учраас энэ хэрэгт ач холбогдолгүй гэж үзэж байна ... гэжээ.
5. Хариуцагчийн өмгөөлөгч: ...нотлох баримтаар гаргуулах хүсэлтийг шүүх шийднэ гэж үзэж байна. Энэ гэрээг *** ХХК-д 200,000 доллароор даатгуулсан байдаг. Даатгалын компани өөрийнхөө эрх ашгийг хамгаалахын тулд ямар ч хариу тайлбар өгч болно. Мөн энэ баримт сая л олдсон учраас нотлох баримтаар хавсаргаж хамтран хариуцагчаар татах эсэхийг шийдэж өгнө үү ... гэжээ.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ...Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой талаар тайлбар өгсөнгүй. Талууд 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хаалттай өрийн бичиг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байдаг. Уг гэрээний дагуу өөрийн үүргээ гүйцэтгэж тухайн өдрөө 350,000,000 төгрөгийг шилжүүлсэн баримтыг хэрэгт хавсаргасан. Нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагч талд нотлох баримт гаргах хугацаа хангалттай байсан. Даатгалын гэрээ нь хаалттай өрийн бичгийн эрсдэлийг бууруулахын тулд *** ББСБ нь *** ХХК-тай байгуулан үндсэн гэрээн дээрээ нэмэлт өөрчлөлт оруулан 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хаалттай өрийн бичиг худалдах, худалдан авах гэрээний эрсдэлийг даатгуулна гэсэн утгатай гэрээ байгуулсан байсан. Үүний дагуу 2021 оны 09 дүгээр сарын 31-ний өдөр нэмэлтээр гэрээ байгуулаад уг гэрээг бид нарт өгөх ёстой байсан ч өгөөгүй байдаг. Бид *** ХХК-тай ярьсан боловч *** ББСБ нь үндсэн зээлийн төлбөрөө төлөөгүй учир бидэнд одоо хамааралгүй гэж хэлсэн. *** ХХК-г хариуцагчаар татах үндэслэлгүй. Иймд хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү ... гэжээ
7. Хариуцагчийн өмгөөлөгч: ...талуудын хооронд байгуулсан гэрээний 7 дугаар зүйлд *** ХХК-тай дугаар бүхий гэрээг байгуулсан гэдгийг талууд хүлээн зөвшөөрсөн байдаг. Уг даатгалын гэрээ нь эрсдэл бууруулах зорилгоор байгуулагдсан. Эрсдэл бууруулна гэдэг нь тодорхой хэмжээгээр даатгалын тасралт үүссэн тохиолдолд хариуцлага хүлээх үүднээс гэрээг байгуулсан байдаг. Үүний дагуу *** ББСБ-д 200,000 долларыг төлсөн байдаг. Ингээд даатгалын гэрээ байгуулчхаад танайх өөрсдөө өрөө төл гэдэг байдлаар хандаж болохгүй. Тийм учраас эргэлзээгүй талаас нь шийдэхийн тулд зайлшгүй *** ХХК- нь хэрэгт хариуцагчаас татагдах ёстой. Анх шүүх хуралдаан эхэлж байхад даатгалтай холбоотой гэрээ мэдэхгүй гэж тайлбарласан байдаг. Энэ мэтчилэн хугацаа сунгасан баримт байхыг үгүйсгэхгүй. Тийм учраас шүүхийн журмаар тухайн баримтуудыг гаргуулах нь зүйтэй. Нөгөө талаас давагдашгүй хүчин зүйлийн улмаас *** ББСБ-ийн үйл ажиллагаа хэвийн явуулах боломжгүй болсноос төлбөрөө төлөх боломжгүй болсон. Иймд нотлох баримтыг хэрэгт хавсаргаж, үнэн зөв шийдэж өгнө үү ... гэжээ.
8. нэхэмжлэгчийн ирүүлсэн
нэхэмжлэл /хавтаст хэргийн 1-3 дугаар тал/
улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хавтаст хэргийн 4-5 дугаар тал/
*** ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хавтаст хэргийн 6 дугаар тал/
*** ХХК-ийн дүрэм /хавтаст хэргийн 7-10 дугаар тал/
Хаалттай өрийн бичиг худалдах, худалдан авах гэрээ /хавтаст хэргийн 11-14 дүгээр тал
*** ББСБ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хавтаст хэргийн 15-16 дугаар тал/
*** ББСБ ХХК-ийн дүрэм 17-20 дугаар тал/
Иргэний үнэмлэхний хуулбар /хавтаст хэргийн 21 дүгээр тал/
Хаалттай өрийн бичгийн эргэн төлөх хуваарь /хавтаст хэргийн 22 дугаар тал/
Хөрөнгө оруулалтын гэрээ-ний хяналтын хуудас /хавтаст хэргийн 23 дугаар тал/
Нэхэмжлэх /хавтаст хэргийн 24 дүгээр тал/
Тооцоолол /хавтаст хэргийн 25 дугаар тал/
Шаардлага хүргүүлэх тухай /хавтаст хэргийн 26 дугаар тал/
итгэмжлэл /хавтаст хэргийн 27 дугаар тал/
төлбөрийн даалгавар /хавтаст хэргийн 94 дүгээр тал/
итгэмжлэл /хавтаст хэргийн 113 дугаар тал/ нотлох баримтууд,
9. Хариуцагчийн ирүүлсэн
Итгэмжлэл /хавтаст хэргийн 49 дүгээр тал/
*** ББСБ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хавтаст хэргийн 63 дугаар тал/
итгэмжлэл /хавтаст хэргийн 64 дүгээр тал/
тайлбар /хавтаст хэргийн 66 дугаар тал/
*** ББСБ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хавтаст хэргийн 87 дугаар тал/
*** ББСБ ХХК-ийн дүрэм /хавтаст хэргийн 88-92 дугаар тал/
Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хавтаст хэргийн 96-97 дугаар тал
Итгэмжлэл /хавтаст хэргийн 120 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хуралдаанаас нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч ...нийт 350 290 000 төгрөг гаргуулах... тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ...гэрээний хугацаа дууссан, хариуцагч мөнгийг тохиролцсон хугацаанд эргүүлэн төлөх гэрээний үүргээ зөрчсөн ... гэж тайлбарласныг,
хариуцагч эс зөвшөөрч ... *** ХХК хэрэгт хариуцагчаас татагдах ёстой, давагдашгүй хүчин зүйлийн улмаас *** ББСБ-ийн үйл ажиллагаа хэвийн явуулах боломжгүй болсноос төлбөрөө төлөх боломжгүй болсон гэж тайлбарлав.
Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Хариуцагч буюу зээлдэгч *** ББСБ ХХК, нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч *** ХХК 2021 оны 09 сарын 02-ны өдөр №МД030121, 21А07 НО-001 тоот Хаалттай өрийн бичиг худалдах худалдан авах гэрээ байгуулж, нэхэмжлэгч жилийн 21.6 хувийн хүүтэй, нэгж тус бүр 100 000 төгрөгийн үнэтэй, 3400 ширхэг нийт 340 000 000 төгрөгийн үнэ бүхий өрийн бичиг шилжүүлэн авч, 2021.12.02-ны өдөр 16 478 729 төгрөг, 2022.03.02-ны өдөр 16 297 644 төгрөг, 2022.06.02-ны өдөр 16 659 814 төгрөг, 2022.09.02-ны өдөр 16 659 814 төгрөгийн өгөөж хүртэхээр 340 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай зээлж, хариуцагч тохиролцсон өгөөж болон 12 сарын дараа өрийн бичгийн үнэ 340 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид бүрэн төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцсон нь зохигч талуудын тайлбар, гэрээ, өрийн бичиг эргэн төлөх хуваарь, нэхэмжлэх, шаардлага баримтаар тогтоогдож байна. /хэргийн 11-14, 22, 24-26 дугаар тал/
Энэ нь зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1 дэхь хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл болно.
Дээрхи гэрээ нь зохигчдын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан байх тул нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд хийгдсэн гэрээ хүчин төгөлдөр хэлцэл байна.
Хэлцэл хийгдсэн, хүчин төгөлдөр эсэх талаар зохигчид маргаагүй.
Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1-д заасны дагуу нэхэмжлэгч өрийн бичгийг хариуцагчаас шилжүүлэн авч 340 000 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлэх, хариуцагч 12 сарын дараа 340 000 000 төгрөгийг хамт эргүүлэн төлөх үүрэгтэй.
2021 оны 09 сарын 02-ны өдөр нэхэмжлэгч 340 000 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн нь нэхэмжлэгчийн тайлбар, төлбөрийн даалгавар баримтаар тогтоогдож байна. /хэргийн 94 дүгээр тал/
Зээлдэгч гэрээний дагуу гэрээ байгуулснаас хойш 12 сарын дараа 340 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид эргүүлэн төлөхөөс нэхэмжлэл гарах хүртэл хугацаанд 310 000 000 төгрөг төлөөгүй нь зохигч талуудын тайлбараар тогтоогдож байна.
Зохигч талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа 2022 оны 09 сарын 02-ны өдөр дуусгавар болсон, зээлдэгч буюу хариуцагч нэхэмжлэл гаргах үеийн байдлаар 310 000 000 төгрөг төлөгдөөгүйг гэрээний 8.2-т заасан алданги 40 290 000 төгрөгийн хамт нийт 350 290 000 төгрөгийг нэхэмжлэгч нэхэмжилсэн. /хэргийн 24-25 дугаар тал/
Нэхэмжлэгч хариуцагчийг гэрээнд заасан хугацаанд үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлээгүй гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэж зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас шаардсан байна.
Хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар татгалзал үндэслэлгүй гэж үзнэ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2023.03.20-ны өдөр шүүхэд ирж нэхэмжлэлийн хувийг гардан авсан бөгөөд 2023.04.05-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа ...*** ББСБ ХХК нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн төлбөрийг 2023 оны 07 сараас эхлэн 6 сарын хугацаанд буюу 2023 оны 12 сард багтаан доорх хуваарийн дагуу төлж, эвлэрэх хүсэлтэй байгааг хүлээн авна уу Үүнд: 2023.07 сар -35000 000 төг, 2023.08 сар -35 000 000 төг, 2023.09 сар -50 000 000төг, 2023.10 сар 50 000 000 төг, 2023.11 сар -80 290 000 төг, 2023.12 сар-100 000 000төг ... гэжээ. /хэргийн 66 дугаар тал/
Тодруулбал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хариуцагч дээрх тайлбарыг ирүүлсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлага татгалзалтай холбоотой тайлбар гаргаж түүнтэй холбоотой ямар нэг баримт хүсэлтийг ирүүлээгүй.
Шүүх хуралдааны үед хариуцагчийн өмгөөлөгч ...*** ХХК нь хэрэгт хариуцагчаас татагдах ёстой. Тийм учраас шүүхийн журмаар тухайн баримтуудыг гаргуулах нь зүйтэй. Нөгөө талаас давагдашгүй хүчин зүйлийн улмаас *** ББСБ-ийн үйл ажиллагаа хэвийн явуулах боломжгүй болсноос төлбөрөө төлөх боломжгүй болсон. Иймд нотлох баримтыг хэрэгт хавсаргаж, үнэн зөв шийдэж өгнө үү.. гэснийг шүүх хангаагүй.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 7.1.1-д ББСБ нь энэхүү гэрээг байгуулснаас 1 сарын дотор *** ХХК-тай байгуулсан *** тоот гэрээг 2022 оны 09 сарын 30-ны өдрийг хүртэл сунгасан нэмэлт гэрээг байгуулж, хувийг худалдан авагчид хүргүүлэх үүрэгтэй бөгөөд энэхүү нэмэлт гэрээг байгуулаагүй нөхцөлд гэрээний хугацааг 2022 оны 05 сарын 31-ний өдрөөр дуусгавар болгож, үдсэн төлбөр болон хуримтлагдсан өгөөжийг тухайн өдрөөр бодож худалдан авагчид төлнө гэжээ.
Хариуцагч дээрх үүргээ биелүүлсэн талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй ба хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарыг нэхэмжлэгч ... *** ББСБ нь *** ХХК-тай байгуулан үндсэн гэрээн дээрээ хаалттай өрийн бичиг худалдах, худалдан авах гэрээний эрсдэлийг даатгуулна гэсэн утгатай нэмэлт гэрээ байгуулаад уг гэрээг бид нарт өгөх ёстой байсан ч өгөөгүй байдаг... гэж үгүйсгэсэн болно.
Хөриуцагчийн өмгөөлөгч ковид-19 цар тахлын улмаас үйл ажиллагаа доголдсон гэх боловч өөрийн тайлбар болон санхүүгийн доголдолтой холбоотой ямар нэг баримтыг шүүхэд ирүүлээгүй.
Мөн хариуцагчийн өмгөөлөгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар шүүх хуралдааны явцад даатгалтай холбоотой шинээр нотлох баримт шаардлагатай болсон гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх хангаагүй.
Иргэний хэрэг үүсгэж шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцүүлэх хугацаанд хариуцагч *** ХХК-тай холбоотой баримтыг шүүхэд гаргаж өгөх хангалттай хугацаа байсан, мөн дээрх баримт нь талууд гэрээндээ тусгасан мэдэгдэж байсан баримт бөгөөд урьд өмнө нь талууд мэдээгүй шинэ баримт гэж үзэх үндэслэлгүй.
Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбар татгалзал нотлох баримтаар нотлогдоогүй хүсэлт үндэслэлгүй гэж үзэв.
Нэхэмжлэгчийн шаардах эрх талуудын хооронд байгуулагдсан гэрээний 8.1, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282.4 232 дугаар зүйлийн 232.3, 232.7-д заасан үндэслэлтэй тул хариуцагчаас үндсэн төлбөр 310 000 000 төгрөг, алданги 36 890 000 төгрөг нийт 346 890 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 400 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн байх тул талуудын хооронд байгуулагдсан гэрээний 8.2, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7 дэхь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээгээр тооцож /310 000 000 х 0.1хувь х 119 хоног = 36 890 000төг/ алданги шаардах эрх үүссэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 909 400 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1 892 400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.7-д зааснаар хариуцагч Чонофинанс ББСБ ХХК-иас гэрээний үүрэг нийт 346 890 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *** ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 400 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 909 400 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1 892 400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ