2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2671

 

 

                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ганбаатар,

улсын яллагч Г.Хурмандах,

хохирогч Н.Ж, түүний өмгөөлөгч Ш.Оюунаа,

шүүгдэгч Г.Л нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2510020811320 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ч овогт Г-ын Л, Монгол Улсын иргэн, 1993 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын зургийн инженер мэргэжилтэй, хувиараа малын ченж ажилтай, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт *** тоотод оршин суух, регистрийн дугаар: ***, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Л нь хохирогч Н.Ж-ын биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт: Улсын яллагчаас 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаас дүгнэвэл:

Шүүгдэгч Г.Л нь 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Хан-Уул дүүрэг 16 дугаар хороо, *** тоотод согтуурсан үедээ Н.Ж-тай толгойд нь хүрсэн, хэл амаар доромжилсон гэх асуудлаас болж түүнтэй маргалдан гараараа толгой руу нь 3-4 удаа цохиж, хутга хоолойд нь тулгаж, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, цох, хамрын нуруунд шарх, хамрын зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний дотор булангийн цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоно. Тухайлбал,

- “...манай эгчийн нүүрийг танихгүй эрэгтэй хүн хутгаар зүссэн байна...” гэх дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 9 дэх тал),

- Хохирогч Н.Ж-ын “...Би өчигдөр буюу 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр найз О-ийн гэрт нь буюу Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, *** тоотод 2 настай охины хамт 14 цаг өнгөрч очиход манай найз О нь үеэл дүү Л түүний эхнэр гэх эмэгтэй нар байсан. Манай найзын хийсэн хоолыг бид нар хуваан идэж байхад найз О нэг шил архи гаргаж үеэл дүү Л-тай хамт хуваан уусан. Тухайн үед би цагаан архи ууж чаддаггүй тул Л-ийн эхнэртэй хамт бид хоёр пиво хуваан ууж дуусахад цаг орой болж гадаа гэгээ тасарсан тул би хүүхдээ унтуулахын тулд ширээний ард хүүхдээ хөхүүлээд сууж байхад Л миний хажууд сууж байхдаа надтай зэрэгцээд бүүвэйн дуу чангаар дуулаад хүүхэд айлгах гээд байхаар нь би Л-д хандан чи дуугай ба хүүхэд унтах гээд байна гэж хэлтэл шууд миний үснээс хойш зулгаагаад чи ямар их зантай п**** гэхээр нь би чанга дуугаар найз О-д хандан миний охиныг аваач ээ гэж хэлснээр О хүүхдийг маань миний өвөр дээрээс авмагц Л зөрүүлээд гараа атгаад миний толгой руу 3-4 удаа цохисон бөгөөд үргэлжлүүлэн гартаа арзгар иртэй /талхны хутга/ хутга бариад чамайг ална гэж хэлээд миний зүүн эрүүг гартаа барьсан хутгаар гэмтээчхээд алчихъя, ална аа, хоолойг чинь хутгаар хэрчинэ гээд байсан. Тухайн үед унтаж байсан Л-ийн эхнэр цаад өрөөнөөс гарч ирээд нөхөр Л-г надаас салгаснаар дахин намайг Л нэмж зодоогүй. Мөн би тухайн үед дээрх хэрэг учралын талаар цагдаагийн байгууллагад мэдэгдэх гэтэл миний гар утас байхгүй, би гар утсаа хайгаад олоогүй. Харин Л эхнэртэйгээ хамт явсан тул би найз О-тэй хамт түүний гэрт хүүхэдтэйгээ хамт хоночхоод өнөөдөр цагдаагийн байгууллагад мэдэгдэж байна. Би тухайн үед түшлэгтэй сандал дээр сууж байсан бөгөөд миний хувьд сандлаас огт босоогүй харин намайг сандал дээр сууж байхад Л гараа атгаад миний толгой руу 3-4 удаа цохих үед дух маань өвдөж, духнаас цус гараад байсан. Мөн Л-аас өөр хэн нэгэн намайг цохиж зодоогүй. Миний биед учирсан гэмтлүүдийг Л гараараа цохих, талхны хутга тулгаж дээрх гэмтлүүдийг надад учруулсан. Тухайн үед найз О байсан болохоор дээрх зодооны талаар харсан, харин Л-ийн эхнэр нь цаад өрөөнд унтаж байгаад сүүлд ирж Л-г надаас салгасан юм. Нэг үгээр хэлбэл надаас гадна найз О *** түүний үеэл дүү Л эхнэрийнхээ хамт байсан. Бид нараас өөр ямар нэгэн хүн байгаагүй. Миний хувьд хүүхдээ унтуулах гээд хөхүүлээд сууж байхад Л гэнэт миний үснээс зулгааж хойш дараад нүүр, толгой руу гараа атгаад цохисон. Харин ямар шалтгаанаас дээрх зодоон цохион болсныг би огт мэдэхгүй байна. Миний дух руу гараа атган цохисноос болж дух язарч гэмтсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал),

- Гэрч П.О-ийн “...Тухайн өдөр би гэртээ буюу Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, *** тоот гэрийнхээ эд зүйлийг цэгцлээд байж байхад Ж залгаад найз нь агаар салхинд гарангаа охины хамтаар яваад очъё гэж хэлсэн. Тухайн үед манай хамаатны залуу Л ирсэн байсан. Удалгүй Ж хүүхдийн хамтаар 16 цаг өнгөрөөд ирсэн. Би Ж-д ирэхдээ 4 ширхэг лаазтай пиво захисан байсан. Бид хэд хоол ундаа идээд ойрд ирээгүй хүмүүс юм байна гээд би нэг шил архи гаргаад бүгдээрээ хувааж уусан. Дараа нь Ж дэлгүүр ороод ахиад ахиад уух юм аваад ирье гэхэд дүү Л хамт явъя гэж хэлээд тэр хоёр ирэхдээ 2 шил Х гэсэн бичиглэлтэй архи, 10 ширхэг лааз пиво авчирсан. Удалгүй Ж согтож эхлээд би байртай, бас машинтай хүн шүү гээд Л руу дайраад байсан. Л юм ярихгүй тэвчээд сууж байсан чинь Л-ийн сахлаас татаж чангаагаад байхаар нь би болиулсан. Дахин тэр хоёр хэрэлдээд эхлэхээр нь Ж-ын хүүхдийг унтлагын өрөө рүү оруулахад тэр хоёр түжигнээд эхлэхээр нь би гараад харсан чинь дүү болох Л нь Ж-ыг үснээс нь зулгаагаад ширээ рүү дарж байсан. Би тэр хоёрыг салгасан чинь Ж-ын нүүр хэсэг цус болсон байсан. Ж нь тухайн үед их хэмжээгээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор нь дүүтэй би байртай машинтай хүн гээд дайраад сахлаас нь татаад байсан. Тухайн үед Л-ийн гарт хутга байсан талаар мэдэхгүй байна. Манай гэрт талхны арзгар иртэй хутга байсан. Ж нь дүү Л-тэй цусан тангараг өргөж найзууд болно гээд тэр хоёр хамт цусан тангараг өргөсөн. Түүнээс хутга авч дайрсан талаар би хараагүй ээ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дэх тал),

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын ЕГ0725/5351 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...Дүгнэлт: 1. Н.Ж-ын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, цох, хамрын нуруунд шарх, баруун, зүүн нүдний дотор булан, ооч, уруулд цус хуралт, эрүүнд зулгаралт, зүүн зулайн хуйх, дух, хамар, оочинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. 6. Н.Ж-ын биед учирсан хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, цох, хамрын нуруунд шарх, хамрын зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний дотор булангийн цус хуралт гэмтэл нь нийлээд болон тус бүртээ хохирлын хөнгөн зэрэгт, бусад уруул, оочны цус хуралт, эрүүний зулгаралт, зүүн зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй...” гэх (хавтаст хэргийн 29-31 дэх тал),

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын ЕГ0825/1690 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...Дүгнэлт: 1.Н Ж /РД:***/-ын сэтгэцэд 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргээс шалтгаалан гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. 2.Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна. 3.Дээрх шинжүүд нь түр зуурынх эсхүл байнгын эсэх нь хувь хүний сэтгэл зүйн онцлог, гэр бүл, нийгэм хамт олны дэмжлэг орчин, сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах эсэхээс хамаарна. 4. Энэ асуултад шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд хариулах боломжгүй...” гэх (хавтаст хэргийн 49-51 дэх тал) зэрэг болно.

 Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

​​​​​​​1.2. Хууль зүйн дүгнэлт

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын ЕГ0725/5351 дугаартай дүгнэлтээр хохирогчийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Г.Л нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хохирогч Н.Ж-ын эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцов.

Шүүгдэгч Г.Л нь тухайн үед үүссэн хэрүүл, маргааны улмаас хохирогч Н.Ж-ын нүүрэн тус газар цохиж, хутга хоолойд нь тулгасан үйлдэл хохирогчийн биед учирсан хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, цох, хамрын нуруунд шарх, баруун, зүүн нүдний дотор булан, ооч, уруулд цус хуралт, эрүүнд зулгаралт, зүүн зулайн хуйх, дух, хамар, оочинд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь өөр хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаас шүүгдэгч Г.Л-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

​​​​​​​1.3. Хохирол, хор уршиг

Хохирогч Н.Ж шүүхийн хэлэлцүүлэгт “...Би 3 хүүхэдтэй ганц бие ээж. 04 сарын 07-оос хойш би ажилгүй байгаад 06 сарын 18-нд ажилд орсон. Бараг 2 сар гаран ажилгүй гэртээ байсан. Бас би ипотекийн өндөр зээл төлдөг. Нийгмийн даатгал тасарснаас болоод маш их хохирол амсаж байна. 4 сард хэдхэн хоног ажилласан болохоор 50,60-хан мянган төгрөгийн нийгмийн даатгал төлөгдсөн. 5,6 сард огт төлөгдөөгүй. Эдийн засагч маань хүртэл намайг шахаад хэцүү л байна. Мөн би 5 сар тасралтгүй сэтгэл зүйчтэй уулзсан. Миний хамар одоогоор хугархай хэвээрээ байна. Мөнгө байхгүй учир янзлуулж чадахгүй байна. Мөн миний сорвийг арилгаад өгөөсэй. Түүнчлэн ажилгүй байсан хугацааны нөхөн төлбөрийг, хамрын хугархай болон сорви арилгах мөнгө гээд 25 сая төгрөг нэхэмжилж байна. Би сая яарч байгаад дансны хуулгаа мартаад иржээ..” гэх мэдүүлгийг,

Хохирогчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт “...Тухайн үед 25 сая төгрөг цугларсан юм байхгүй. Дансны хуулгаар ажилгүй байсан 3 сарын хугацаанд зарцуулсан тооцоо 15 сая төгрөг болж байгаа. 10 сая төгрөгийг гэм хорын хохирол учруулснаар авъя гэж байгаа юм. Хохирогч өмгөөлөгч аваагүй явж байсан. Тэгээд баримтаа цуглуулахаа мэдэхгүй байсан. Нэгэнт шүүгдэгч  гэм хорын хохирлоо өгье гэж байгаа тул ажилгүй байсан хугацааны цалин 5 сая төгрөг, өвчтэй байсан хугацааны төлбөр 8 сая төгрөг, эм тарианы мөнгө 1,5 сая төгрөг, өмгөөлөгчид 3 сая төгрөг өгөхөөс 1,5 сая төгрөг өгсөн байгаа. Ингээд сэтгэцэд учирсан хохирлын 2 дугаар зэрэг гэж байгаа тул үүгээр 10 сая төгрөг авна гэсэн тооцоотой байгаа. Түүнээс тухайн үед баримтаа цуглуулаагүй учир одоо нөхөж цуглуулах боломжгүй байна...” гэх тайлбарыг тус тус өгсөн.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч болон түүний өмгөөлөгчөөс нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, сэтгэл зүйн үйлчилгээнд хамрагдсан тухай тодорхойлолтыг тус тус шинээр гарган өгсөн. Гэвч дээрх баримтаар хохирогч Н.Ж-ын хэдэн төгрөгийн цалинтай байсан, ажилгүй байсан цалингийн зөрүүг болон сэтгэл зүйн үйлчилгээнд хэр хугацаанд хамрагдсан, нийт эмчилгээний төлбөрт хэдэн төгрөг төлсөн талаар тооцох боломжгүй байна.

Түүнчлэн, Засгийн газрын 2018 оны 161 дүгээр тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг баталсан ба өмгөөллийн хөлс нэхэмжилсэн нь уг журмын 2.6.6-т заасан үндэслэл шаардлагыг хангахгүй байна.

Өөрөөр хэлбэл, хохирогч өөрийн хүсэл зоригоо илэрхийлж хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд өмгөөлөгч сонгон авч, хууль зүйн туслалцаа авахдаа талуудын хоорондоо харилцан тохиролцсон төлбөр нь гэмт хэргийн улмаас учирсан шууд хохиролд тооцогдохгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зайлшгүй зардалд хамаарахгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгов.

Шүүх шинжилгээний ерөнхий газрын ЕГ0825/1690 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч Н.Ж-ын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хоёрдугаар зэрэглэлээр тогтоосон байна.

Сэтгэцэд учирсан гэм хорын хоёрдугаар зэрэглэлийн нөхөн төлбөрийн хэмжээ нь Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 25 дугаар тогтоолын хавсралт болох “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д зааснаар Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй байхаар тогтоожээ. 

Шүүхээс хохирогч Н.Ж-д учирсан гэмтлийн байдал /хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, цох, хамрын нуруунд шарх, баруун, зүүн нүдний дотор булан, ооч, уруулд цус хуралт, эрүүнд зулгаралт, зүүн зулайн хуйх, дух, хамар, оочинд зөөлөн эдийн няцрал/, гэмтлийн улмаас нүүрэндээ сорвитой болсон гэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувьд хэргийн зүйлчлэл, гэм буруугийн хувьд маргаагүй, шүүгдэгч нь хөнгөн ангиллын, санаатай гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэрэг гарах нөхцөл байдал зэргийг тал бүрээс харгалзан үзэж хохирогч Н.Ж-ын сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг энэ гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 792,000 төгрөгийг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 7,920,000 төгрөгөөр тооцов.

Дээрхээс дүгнэвэл, Иргэний хуулийн 497 дугаар  зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Л-ээс сэтгэцэд учирсан гэм хорын хохирол 7,920,000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэж, хохирогч Н.Ж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 Хэрэгт Эрүүл мэндийн даатгалын газрыг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон, түүнтэй холбогдох бусад ажиллагааг хийсэн талаарх баримт авагдаагүй байх тул улсын яллагчаас гаргасан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөрт 20,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхив.

Хоёр. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

​​​​​​​2.1 .Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “...Шүүгдэгч Г.Л-д эрүүгийн хариуцлага оногдуулахад үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгож, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй. Шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх саналтай байна...” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч: “...Хохирогч маш их гомдолтой байдаг. Шүүгдэгч нь өнөөдрийг хүртэл ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Ийм учраас шүүгдэгчид 3 сарын хугацаагаар Хан-Уул дүүргээс гаргахгүй байхаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна...” гэв.

​​​​​​​2.2. Эрүүгийн хариуцлага

Хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 67 дахь тал), жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 70 дахь тал), автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 71 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 72 дахь тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 73 дахь тал), төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 74 дэх тал), Хас банкны дансны хуулга (хавтаст хэргийн 75-161 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Шүүгдэгч Г.Л-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хөнгөн зэргийн гэмтэл учруулсан/, шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн/ зэргийг тал бүрээс харгалзан үзэж шүүгдэгч Г.Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Г.Л-д нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлд зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тогтоосон газарт өдрийн наймаас дээшгүй цагаар эдлүүлэхээр тогтоож, тэрээр нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

​​​​​​​​​​​​​​2.3. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Л нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Ч овогт Г-ын Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Л-д 300 (гурван зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Л-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тогтоосон газарт өдрийн наймаас дээшгүй цагаар эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Л нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Л-ээс 7,920,000 (долоон сая есөн зуун хорин мянга) төгрөг гаргуулж, хохирогч Н.Ж-д олгож, хохирогч Н.Ж-ын нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөллийн хөлс 3,000,000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгосугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Л нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Н.Ж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, цаашид гаргах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Г.Л-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.АМАР