2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2674

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ганбаатар,

улсын яллагч Н.Ундрах,

шүүгдэгч А.М нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн  2508031691961 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт А-ийн М, Монгол Улсын иргэн, 2004 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, *** сүлжээ хоолны газар оператор ажилтай, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт *** тоотод оршин суух, регистрийн дугаар: ***, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч А.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт: Улсын яллагчаас 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан.

Шүүгдэгч А.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хавтаст хэргийн материалаас шинжлэн судлах нотлох баримтгүй гэсэн болно.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаас дүгнэвэл:

Шүүгдэгч А.М нь  хохирогч М.У-ийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, *** тоотод түрээсээр амьдарч байхдаа 2025 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хохирогч М.У-ийн компьютерын процессор, дэлгэц зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 3,550,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоно. Тухайлбал,

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 3-4 дэх тал),

- Хохирогч М.У-ийн “...Би М гэх хүнтэй 2019 онд танилцаж байсан. М нь би байр түрээслэх хүртлээ танайд түрээсийг нь төлөөд амьдарч болох уу гэхээр нь би зөвшөөрөөд 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн манай гэр болох Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо *** тоотод амьдарч эхэлсэн. 2025 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 15 цагийн орчим гэрээсээ гарч яваад 2-ны өдрийн 02 цагийн үед гэртээ ирэхэд гэрийн эд зүйл эмх замбараагүй болчихсон, миний компьютерын процессор, дэлгэц байхгүй болсон байсан. Мөн М-ийн хувцас байхгүй байсан. Би М лүү холбогдож чадахгүй байж байгаад 2025 оны 06 дугаар сарын 26-ны орой чатаар холбогдох үед компьютер чинь надад байгаа би аваачаад өгнө гэж хэлээд алга болсон. Тэгсэн миний компьютерыг 21-р хорооллын С гэх нэртэй ломбардад барьцаанд тавьсан байсан. ...Би өөрөө 1,800,000 төгрөгийг төлөөд эд зүйлээ авсан. Үнэлгээ хийлгэхэд 150,000 төгрөг төлсөн. Нийт 1,950,000 төгрөгийн хохирол учирсан байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9, 13-14 дэх тал),

- Гэрч Ц.М-ийн “...2025 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо *** тоот байрны өргөтгөлд байх “С” нэртэй ломбардад ажиллаж байх үед А.М гэж иргэн өөрийн иргэний үнэмлэхээ үзүүлээд компьютерын цагаан өнгөтэй, рам-32гб, хард 2 тб хүчин чадалтай процессорыг 1,400,000 төгрөгийн барьцаанд 14 хоногийн хугацаатай тавьсан. Орой 20 цагийн үед уг залуу дахин ирж компьютерын хар өнгөтэй дэлгэц 400,000 төгрөгийг барьцаанд 14 хоногийн хугацаатай тавьсан. ...2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр цагдаа болон компьютерын жинхэнэ эзэн гэх М.У гэдэг залуу ирээд 1,800,000 төгрөгийг төлж компьютерын процессор, дэлгэцээ аваад явсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дэх тал),

- С ломбардын барьцаат зээлийн гэрээ (хавтаст хэргийн 37-38 дахь тал),

- Компьютерын процессор, дэлгэцийг зах зээлийн ханшийг 3,550,000 төгрөгөөр үнэлсэн Сүлд үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 27-34 дэх тал) зэрэг болно.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

​​​​​​​1.2. Хууль зүйн дүгнэлт

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь хохирогчоос түүний эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг ямар арга замаар хэрхэн шилжүүлэн өөрийн болгож байгаагаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах, завших гэх мэтээр ялган зүйлчлэгддэг.

Шүүгдэгч А.М-ийн үйлдэл нь идэвхтэй, хууль бус шинжтэй болох нь илэрхий бөгөөд шунахай сэдэлтээр, ашиг олох зорилгоор хохирогчийн эд хөрөнгийг авсан байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно. 

Шүүгдэгч А.М-ийн  хохирогч М.У-ийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, *** тоотод түрээсээр амьдарч байхдаа 2025 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хохирогч М.У-ийн компьютерын процессор, дэлгэц зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3,550,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Улсын яллагчаас шүүгдэгч А.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл тохирсон, гэмт хэргийн шинж бүрэн хангагдсан байх тул түүнийг гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч А.Мийн зүгээс хэргийн зүйлчлэл гэм буруугийн хувьд маргаагүй болохыг тэмдэглэв.

​​​​​​​1.3. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Шүүгдэгч А.М нь хохирогч М.У-ийн компьютерын процессор, дэлгэц зэргийг хулгайлан авч 3,550,000 төгрөгийн хохирол учруулсан хэдий боловч хохирогч М.У нь 1,800,000 төгрөгийг “С” ломбардад төлж өөрийн эд зүйлсээ биет байдлаар буцаан авсан болох нь дансны хуулга, гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

Мөн хохирогч М.У нь 150,000 төгрөгөөр хохирлын үнэлгээ хийлгэсэн болох бэлэн мөнгөний орлогын баримтаар тогтоогдож байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М-өөс 1,950,000 төгрөгийг гаргуулан хохирогч М.У-т олгохоор шийдвэрлэлээ.

Шүүгдэгч А.М нь учруулсан хохирлоо нөхөн төлөхөөр шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргаж, шүүх хуралдаан завсарласан хугацаанд 1,000,000 төгрөгийг хохирогч М.У-т төлж барагдуулсан байх тул үлдэх хохирлыг гаргуулах нь зүйтэй байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

​​​​​​​2.1. Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “...Шүүгдэгч А.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх оногдуулах саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргах саналтай байна...” гэв.

Шүүгдэгч А.М “...Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Одоо ажил хөдөлмөр эрхэлж байгаа тул 12 дугаар сарын 05-нд цалин буухад үлдэх хохирлоо төлөх болно. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын саналтай санал нэг байна...” гэв.

​​​​​​​2.2. Эрүүгийн хариуцлага

Хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 70 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 73 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 74 дэх тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 78 дахь тал), зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Шүүгдэгч А.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал /анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоос тодорхой хэсгийг төлж үлдэх хэсгийг төлөхөө илэрхийлсэн/ зэргийг харгалзан шүүгдэгч А.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ялын төрлүүдтэй бөгөөд шүүгдэгч А.М анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ, шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилгод нийцнэ гэж шүүхээс үзсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

​​​​​​​​​​​​​​2.3. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.М нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Б овогт А-ийн М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М-д 260 (хоёр зуун жар) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.М-д оногдуулсан 260 (хоёр зуун жар)  цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тогтоосон газарт өдрийн наймаас дээшгүй цагаар эдлүүлэхээр тогтоосугай.

4. Нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхээс зайлсхийвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч А.М-д сануулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М-өөс 950,000 (есөн зуун тавин мянга) төгрөг гаргуулж хохирогч М.У-т олгосугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.М нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч А.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.АМАР