| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2022/02103/И |
| Дугаар | 142/шш2023/00181 |
| Огноо | 2023-01-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 142/шш2023/00181
2023 01 26 142/ШШ2023/00181
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: О аймаг Б-Ө сум, Х баг, ************** тоотод оршин суух, Б овогт Ч-ийн М / Регистрийн дугаар: ********************/
Хариуцагч: О аймаг, Б-Ө сум, Б баг, ********** тоотод оршин суух, Б овогт Ч-ы Т /Регистрийн дугаар: ***************
Нэхэмжлэлийн шаардлага: 227,050 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.С,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.О,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Баянхүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.М нь өөрийн асрамжинд байгаа Т.З бусад зардалд хамаарагдах шүдний эмчилгээ болон хичээлийн хэрэгсэлд нийт 227,050 төгрөгийг зарцуулсан болно. Иймд энэ мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ч.М нь Ч.Т-аас хүүхдийн шүдний эмчилгээ болон цэцэрлэгийн хэрэгслийн үнэ 227,050 төгрөг нэхэмжилжээ. Нэхэмжлэлд гарын үсэг зураагүй тул Ч.М энэ нэхэмжлэлийг гаргасан гэхэд эргэлзээтэй. Шүүхийн шийдвэрээр Ч.Т нь хүүхдэдээ тэтгэлэг төлдөг тул энэ мөнгийг төлөх үндэслэлгүй, зөвшөөрөхгүй гэж байна. Эцэг эх хоёр хүүхдээ адил тэнцүү тэжээн тэтгэх үүрэгтэй. Ч.М хүүхдээ уулзуулахыг хүсдэггүй мөртлөө мөнгө нэхэж байгаад Ч.Т гомдолтой байдаг юм байна гэжээ.
Нэхэмжлэгчээс: 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжинд 7,463 төгрөг төлсөн баримт /хх-2/, Ч.Мгийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-3/, И-баримтууд /хх-4-12/, Их ивээлт очир ХХК-ийн тодорхойлолт /хх-13/, тус шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 142/ШШ2021/01072 дугаартай шийдвэр /хх-14-18/, итгэмжлэл /хх-28/, зарлагын баримт, гэрэл зураг, хадгаламжийн дансны хуулга зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагчаас: итгэмжлэл /хх-26/, хариу тайлбар /хх-2710-11/-ыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Ч.Мгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч Ч.М Ч.Тд холбогдуулан өөрийн асрамжинд байгаа Т.Зад бусад зардалд хамаарагдах шүдний эмчилгээ болон хичээлийн хэрэгсэлд нийт 227,050 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд Шүүхийн шийдвэрээр Ч.Т нь хүүхэддээ тэтгэлэг төлдөг тул энэ мөнгийг төлөх үндэслэлгүй. Эцэг, эх 2 хүүхдээ адил тэнцүү тэжээн тэтгэх үүрэгтэй гэж мэтгэлцэж байна.
Нэхэмжлэгч Ч.М хариуцагч Ч.Ттай 2016 оноос гэрлэлтээ бүртгүүлээгүй хамтран амьдарч тэдний дундаас 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр охин Т.З төрсөн, охин эхийнхээ асрамжинд эрүүл бойжиж байгаа зэрэг нь нэхэмжлэгчийн тайлбар, 6101003156 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Анхны оч өрхийн эрүүл мэндийн эмнэлгийн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 142/ШШ2021/01072 дугаартай шийдвэрээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2018 оны 02 дугаар сарын 27-нд төрсөн охин Т.Зыг эх Ч.Мгын асрамжинд үлдээж, Т.Зад Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар Т.Зыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас / суралцаж байгаа бол 18 нас /-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ч.Таар нь сар бүр тэжээн тэтгүүлэхээр тогтоож шийдвэрлэжээ.
Харандаа, хүүхдийн ком 600 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Цах маркетын Маму поко дэлгүүрээс 57,000 төгрөгний ахуйн хэрглээний зүйл, мөн өдөр 15,200 төгрөний ахуйн хэрэглээний зүйл, 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 00-ын цаас 2 ширхэг 6,200 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Уран хас дэлгүүрээс тосон харандаа 7,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Монос Орхон фарм ХХК-наас 39,200 төгрөгний хүүхдийн амин дэм, витамин, 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Маамуу електроникс ХХК-ны дэлгүүрээс 5,000 төгрөгний дэвтэр, номын хавтас, Сара дэлгүүрээс хүүхдийн шүдний сойз 2 ш 10,000 төгрөг тус тус худалдан авсан баримт, мөн Оргил бичиг хэргийн дэлгүүрийн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 15,200 төгрөгний болон 57,900 төгрөгний зарлагын падаан /хх-ийн 4-11-р хуудас/ хэрэгт авагдсан байна.
Түүнчлэн Т.З 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүртэл шүдний сувгийн эмчилгээг 80,000 төгрөгөөр хийлгэсэн болох нь Их Ивээлт Очир ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн тодорхойлолт, 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 80,000 төгрөг төлсөн баримтаар тогтоогдож байна.
Дээрх зардлууд нь Т.Зын цэцэрлэгт элсэн явж эхлэх болсонтой холбоотой гарсан зардлууд байх бөгөөд Т.З нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын 16р цэцэрлэгийн ахлах бүлэгт халдварт өвчний контакт байхгүй, тасралтгүй эрүүл хэвийн явж байгаа болох нь тус цэцэрлэгийн эрхлэгч Д.Буяндэлгэр, бүлгийн багш Т.Энхзул нарын 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн тодорхойлолтоор батлагдаж байна.
Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар энэ хуулийн 47.2-т заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэж заасан.
Цэцэрлэгт явах болсон нь ердийн боловч тухайн хүүхдийн амьдралд өөрчлөлт оруулсан, амьдралд нэг удаа тохиолдох үйл явдал бөгөөд хөрөнгө мөнгөний хэрэгцээг нэмэгдүүлж, тэтгэлэгийн хэмжээгээр хангагдах боломжгүй нөхцөл байдал үүссэн байх тул онцгой нөхцөл байдалд хамруулан үзэх боломжтой байна.
Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, 26.2.2-д Хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй, 26.4-д эцэг эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэнэ гэж заасны дагуу Ч.М Ч.Т нар охин Т.Зын өмнө хүлээсэн эцэг, эхийн үүргийг биелүүлэх учиртай.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан хариуцагч Ч.Таас 227,050 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Мд олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Мгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,463 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ч.Таас 7,463 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Мд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН