Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 508

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга И.Буманбаяр,

улсын яллагч Д.Агар,

шүүгдэгч Б.Жамбалдорж, түүний өмгөөлөгч Н.Энхбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж Буджавын Жамбалдоржид яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201625013979 дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Гэцэл овогт Буджавын Жамбалдорж, 1963 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 7, эхнэр 2 хүүхэд хүргэн, 2 зээгийн хамт Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 3-3-73 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, РД:УЗ63021014,

Шүүгдэгч Б.Жамбалдорж нь 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цайз-16 автобусны буудал дээрх ХААН банкны АТМ /бэлэн мөнгөний машин/-ээс иргэн Г.Нармандахыг Хууль сахиулах их сургуульд оруулж өгнө гэж 800.000 төгрөг,

-мөн давтан үйлдлээр 2017 оны 01 дүгээр сард Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн хэлтсийн 205 тоот өрөөнөөс иргэн Б.Алтангэрэлийн охин А.Анударийг Хууль сахиулах их сургуульд оруулж өгнө гэж 3.000.000 төгрөгийг тус тус хуурч мэхлэн, итгэл эвдэх аргаар авч нийт 3.800.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Б.Жамбалдорж шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2016 оны 7 дугаар сарын сүүлээр Дорноговь аймгийн цагдаагийн хэлтэст цуг ажиллаж Батбаяр гэдэг найз, миний хуурай дүү Нармандахын хүргэн ах хүүхэд сургуульд оруулаад өгөөч гэж гуйгаад зовоогоод байсан. Би хүн амьтантай уулзаж байгаад болж бүтэх талаас нь уулзаж өгнө гэж хэлсэн. Би цагдаагийн акедамын ганц нэг хүмүүстэй уулзсан. Цагдаагийн каринтинаас өвчинөөр хүүхэд хасагдахаар оронд нь оруулаад өгье гэдэг хариу өгсөн. Батбаярт тэр талаар хэлсэн чинь дүүгээ дагуулаад Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн тэнд уулзсан. Сургуульд орохоор болсон чинь Нармандах манай ээж гэр барих гэж байна гэж яваад Төв аймгийн Эрдэнэсант суманд хүн зодсон хэрэгтэй алга болсон. Би ахад нь хэлээд нөгөө сургуульд орох хүүхэд чинь алга болчихлоо гэдгийг хэлээд хөдөө явсан. Дараа нь цагдаагийн газар өргөдөл гомдол өгчихсөн байсан. Би өргөдөл өгсөн талаар мэдээгүй 2 дугаар сард ийм хэрэг болсон байсан. Алтангэрэлийн хүүхэд нь сургуульд орж чадаагүй байж байгаад төлбөртэй анги байна. Төлбөртэй ангид орчихоод дотроо ороод болно биз төлбөргүй анги руу шилжүүлчихгүй юу гэхэд. Алтангэрэл заавал төлбөргүй ангид нь оруулмаар байна, энэ жил оройтсон юм чинь ирэх жил болно гээд Алтангэрэлтэй тохирчихсон байсан. Алтангэрэл 5 дугаар сард Солонгос явна гээд би хүүхдээ оруулахаа болилоо мөнгөө авъя гэж байсан. Мөнгөө авах гэж байгаа юм бол Цэрэннадмидтай уулзахгүй юу би мөнгийг чинь өгчихнө гээд явж байгаад ийм асуудал болсон. Санаатай аваад хувьдаа ашиглаад хөрөнгийн эх үүсвэр болгож залилан хийх шаардлага байхгүй. Ийм зүйлд холбогдсондоо гэмшиж байна, хүний тусын тулд явж байсан. Хохирол төлбөрийг нь би төлсөн тэгсэн боловч төлбөр төлсөн баримтгүй байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

Хохирогч Г.Нармандах мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Жамбалдорж гэдэг хүнтэй утсаар яриад Баагий ах бид гурав Чингэлтэй дүүргийн цагдаагийн гадаа 8 дугаар сарын эхээр уулзсан, тэгсэн Хууль сахиулахын эрх зүйн ангид оруулж өгч чадна гэж хэлсэн. Тэгээд би хөдөө гэр рүүгээ явсан. 8 дугаар сарын 10-нд гэртээ байж байтал Жамбалдорж ах 50.000 төгрөг шилжүүлчих хэрэг байна гэсэн. Тэгэхээр нь сумаасаа шилжүүлсэн. Дараа нь 5 хоногийн дараа хот орж ирээд утсаар яриад хувийн хэрэг, бичиг баримтаа 8 дугаар сарын 15, 16-ны үед өгсөн. Дараа нь 10 дугаар сарын 03-нд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Цайз-16 автобусны буудлын “Эвридэй” дэлгүүрийн урд талын АТМ-ээс авч өгсөн. “...2016 оны 10 дугаар сарын 03-нд 800.000 төгрөгөө өгчихөөд нөгөө сургууль яасан бэ? гээд намайг ярихад байж бай гээд байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-11/

Хохирогч Б.Алтангэрэл мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Хууль сахиулах сургуульд асуудалгүй оруулдаг гэж байна гэж хэлсний дагуу Цэрэннадмидаар дамжуулан тухайн хүнтэй танилцахад өөрийнхөө нэрийг Б.Жамбалдорж гэж танилцуулсан 55 орчим насны эрэгтэй, би урд өмнө цагдаагийн байгууллагад олон жил ажиллаад тэтгэвэрт гарсан, ах нь мөрдөн байцаагч хүртэл хийж байсан гэх зэргээр өөрийгөө танилцуулахад нь хүүхдээ шалгалт өгөөд сургуульд орж чадаагүй талаараа хэлэхэд, асуудалгүй би эсвэл энгийн ангид оруулж өгч чадна гэж хэлээд мөнгө орно доо гэж хэлэхээр нь тэгвэл мөнгийг нь бэлдье, хэдэн төгрөг болох бол гэсэн чинь эхний ээлжинд 3.000.000 төгрөг бэлдчих би хүмүүстэй яриад оруулаад өгье гэж хэлсний дагуу цалингийн зээл аван мөнгийг нь бэлдсэн. Тэгээд манай хүүхдийг дагуулаад Хууль сахиулах их сургууль дээр хэд хэдэн удаа очоод ах нь уулзаад яваад байна бараг бүтсэн шүү, энгийн ангид оруулах юмуу, эсвэл өдрийн ангид оруулах юмуу гэх зэргээр асуухаар нь энгийн ангид оруулж болно, дараа нь өдрийн ангид шилжүүлээд оруулж болох байх гэж хэлсэн. Тэгсэн нэг өдөр өдрийн ангид оруулахаар ярьчихсан, өргөдлийг нь цохуулчихсан, маргааш өглөө хүүхдээ ном дэвтэртэй нь явуулчихаарай гэж хэлсэн. Тэр үед нь би өөрийн ажил дээрээ дуудаад бэлнээр 3.000.000 төгрөг өгсөн. Тэрнээс хойш хэд хэдэн удаа жаахан хүлээж бай захирал нь завгүй байна гэж хэлдэг байсан. Тэгэж байгаад гар утсаа авахгүй алга болохоор нь найз Цэрэннадмидаас асуухад би харин холбогдож чадахгүй байна...” гэсэн мэдүүлэг. /хх 52/

Гэрч Д.Цэрэннадмид мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Тэгтэл Жамбалдорж сургуульд оруулах гэж байгаа хүүхдүүдээ аваад хүрээд ир, би Шалгалтын оноо, биеийн хөгжлийг нь хармаар байна гэж надад хэлсэн. Тухайн үед би Алтангэрэлийн охиныг дуудаж Жамбалдоржтой уулзуулсан, тэгтэл Жамбалдорж энэ хүүхэд болох юм байна, би 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хичээлд нь оруулж өгнө, бичиг баримтыг нь аваад хүрээд ир гэж надад хэлсэн.
Би Жамбалдоржийн хэлсний дагуу 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Алтангэрэлийн охины бичиг баримтыг аваад очиход  одоо арай болоогүй байна. хичээл эхлэхээр би хүүхдийг нь оруулаад өгнө гэж надад хэлсэн. Үүний дараа Алтангэрэлийн охиныг 2016 оны 09 дүгээр сард Хууль сахиулах их сургуулийн захиралд хүсэлт бичүүлж байсан. Харин үүнээс хойш дахин холбоо бариагүй, Алтангэрэлээс бэлнээр 3.000.000 төгрөгийг ажил дээрээ өрөөндөө байхад нь ирээд авсан...” гэсэн мэдүүлэг. /хх 73/

Хохирогч Г.Нармандахын мэдүүлэг /хх-11/, хохирогч Б.Алтангэрэлийн мэдүүлэг /хх-52/, гэрч Д.Цэрэннадмидын мэдүүлэг /хх-73/, сэжигтэн Б.Жамбалдоржийн мэдүүлэг /хх57-58/, гэрч Ж.Эрдэнэмандахын мэдүүлэг /хх70-71/, яллагдагч Б.Жамбалдоржийн мэдүүлэг /хх76-77/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.      

Шүүгдэгч Б.Жамбалдорж нь 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цайз-16 автобусны буудал дээрхи ХААН банкны АТМ /бэлэн мөнгөний машин/-ээс иргэн Г.Нармандахыг Хууль сахиулах их сургуульд оруулж өгнө гэж 800.000 төгрөг, мөн давтан үйлдлээр 2017 оны 01 дүгээр сард Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн хэлтсийн 205 тоот өрөөнөөс иргэн Б.Алтангэрэлийн охин А.Анударийг Хууль сахиулах их сургуульд оруулж өгнө гэж 3.000.000 төгрөгийг тус тус хуурч мэхлэн, итгэл эвдэх аргаар авч нийт 3.800.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан нь хохирогч нарын мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдож байна.

Прокуророос шүүгдэгч Б.Жамбалдоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч Б.Жамбалдоржийн үйлдсэн гэмт хэрэг нь 2015 оны шинэчлэн найруулсан Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарч байх бөгөөд дээрх зүйл ангид заасан ял нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дах хэсэгт заасан ялаас хөнгөрсөн байх тул 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шүүх шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Иймд шүүгдэгч Б.Жамбалдоржийг бусдыг хуурч эд хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Жамбалдорж нь үйлдсэн хэрэгтээ дүгнэлт өгсөн, хохирогч нарт учирсан хохирлын сайн дураараа нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд ял хүнрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж шийдвэрлэв.

2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дах хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэцэл овогт Буджавын Жамбалдоржийг бусдыг хуурч эд хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Жамбалдоржийг 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Жамбалдорж нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар сольж болохыг дурьдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар Б.Жамбалдоржийн урьд цагдан хоригдсон нийт 46 хоногийн 1 өдрийг ажлын найман цагт нийцүүлэхэд 368 цаг байх тул нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Жамбалдоржоос 3.800.000 төгрөгийг гаргуулж үүнээс хохирогч Г.Нармандахад 800.000 төгрөг, хохирогч Б.Алтангэрэлд 3.000.000 төгрөгийг тус тус олгосугай.

7. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Жамбалдоржид хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР