Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 2021/ДШМ/21

 

 

Д.Т-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Ж даргалж, шүүгч Ч.Э, Ш.Б нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор Л.Г,

Хохирогчийн өмгөөлөгч Н.А

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Х нарыг оролцуулан

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2021/ШЦТ/48 дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч Д.Т эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоор Д.Т-т холбогдох 2116000000046 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Б-ын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Шарга сумын Улаантуг, 4 дүгээр багт оршин суух хаягтай, 1975 оны 08 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, малчин, ам бүл 5, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, урьд нь 2009 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, хэрэг хариуцах чадвартай, ДП............. регистрийн дугаартай, С овогтой Д.Т.

 

Шүүгдэгч Д.Т нь 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 21 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Шарга сумын Улаантуг багийн нутаг дэвсгэр Шинэ-Ус гэх газар хохирогч Э.А-ыг “7 тооны адуу хулгайлсан, бусдад худалдсан адууны үнийг дундаас нь авлаа” гэх зүйлээр шалтаглан зодож түүний биед дээд үүдэн 2 шүдний ганхалт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн хацар, хамарт зулгаралт, дээд уруулын дотор талд өнгөц язрал гэмтэл үүсгэн түүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч С овогтой Д.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, шүүгдэгч Д.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.Т-т оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хохирогч Э.А-ын нэхэмжилсэн 2.024.700 төгрөгөөс 1.552.200 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч Д.Т-ээс 472.500 төгрөг гаргуулж хохирогч Э.А-т олгож, хохирогч Э.А нь цаашид гарах эмчилгээний зардал болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

 Шүүгдэгч Д.Т давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие Д.Т нь анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээсэн юм. Гэтэл хохирогч Э.А-ын дээд үүдэн хоёр шүдний ганхалтыг, унаагүй байхад хөнгөн зэргийн гэмтэл гэж шинжээч эмч үзсэн нь ойлгомжгүй байна. Мөн анхан шатны шүүх шүдний ганхалтад 472.500 төгрөг гаргуулсныг зөвшөөрөхгүй байна.

Хохирогч Э.А-ын эхнэр нь багийн эмч тул гэмтлийн зэрэгт хамааралгүй эм тариа нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Иймд дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан Д.Т надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Э: Давж заалдах гомдлоо дэмжиж байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.1 дүгээр зүйлийн 2.6 “Шинжлүүлэгчийн эрүүл мэнд сарниагүй, ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдаагүй, ямар нэг зовиур, эмнэл зүйн шинж илрээгүй, жижиг /биеийн нийт гадаргуугийн 1 хувиас илүүгүй/ зулгаралт, цус хуралт, үүсээгүй зөөлөн эдийн няцралын үед  гэмтлийн зэрэг тогтоохгүй ба шинжээч зөвхөн гэмтлийн шинж байдал, түүнийг үүсгэсэн хүчин зүйл, хугацааг тодорхойлно.” гэсэнд хамаарна гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүх хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн. Өршөөл үзүүлэх тухай хуулийг шүүх хуульд нийцүүлэн хэрэглэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж

үзлээ.

 

            Шүүгдэгч Д.Т нь 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 21 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Шарга сумын Улаантуг багийн нутаг дэвсгэр Шинэ-Ус гэх газар хохирогч Э.А-ыг “7 тооны адуу хулгайлсан, бусдад худалдсан адууны үнийг дундаас нь авлаа” гэх зүйлээр шалтаглан зодож түүний биед дээд үүдэн 2 шүдний ганхалт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн хацар, хамарт зулгаралт, дээд уруулын дотор талд өнгөц язрал гэмтэл үүсгэн түүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан байна.

 

            Энэ үйл баримт нь: Хохирогч Э.А-ын мөрдөн байцаалтад өгсөн “...2021 оны 04 дүгээр сарын 08-ны орой 21 цагийн үед би Шарга сумын Улаан туг багийн Шинэ-Ус гэх газар морио аргамжих гээд явж байхад тус багийн Д.Т гэх хүн машинтайгаа ирсэн. Д.Т дуудахаар нь яваад очиход “дүү хүү хоёулаа золгочих уу” гэхээр нь мэнд асуугаад гараа зөрүүлэхэд миний зүүн талын шанаа руу 1 удаа гараараа цохисон. Тэгээд унагаачхаад дээр сууж байгаад нүүр рүү олон удаа гараараа цохисон. Би эсэргүүцэж гар хөлөө хөдөлгөж байгаад доошоогоо харсан. Д.Т чулуу аваад ар ууц руу 4-5 удаа цохихоор нь арай гэж мултарсан. Д.Т “чи яахаараа миний гүүний өртгийг хүнээс очиж авдаг юм бэ” гэж хэлэхээр нь би “авна гээд хэлсэн байгаа болохоос аваагүй гэхэд “очиж нүүрэлдье” гээд гарнаас бариад намайг машиндаа суулгасан Д.Т машинаа асаагаад Л гэх айлд очиж нүүрэлдэх гээд хөдөлсөн. Л гуайнх тухайн газраас доош байдаг ба Д.Т-ын өөдөө явах замдаа “миний 7 адууг хулгайлсан чамайг ална” гээд дахиад ам руу гараараа цохисон. Машин нь мушгиа дээр хаазаа хасахаар нь үсэрч буугаад зугтаасан. Д.Т намайг цохисноос болж үүдэн хоёр шүд ганхсан, зүүн нүд хавдан цус хурсан, дээд, доод уруул язарсан байсан. Зүүн дал орчим хөхөрсөн байсан Д.Т нь Л гуайд унагатай гүү зарсан байсан. Л нь манай хүргэн ах болдог учир “Д.Т-т мөнгийг нь битгий өг” гэж Л ахад хэлсэн. Л ахаас унагатай гүүний үнэ 1,200,000 төгрөгийг би авчихъя гэж бодсон юм...” гэх мэдүүлэг /хх-21-рт/

 

Гэрч Д.Д-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...2021 оны 04 дүгээр сарын 08-ны орой 21 цаг 30 минутын үед манай хүү Шарга сумын Улаан туг багийн Аригчийн хөл гэх газраас утсаар яриад “ээжээ намайг Д.Т үгийн солиогүй зодлоо, намайг ална гэж байна, хурдан цагдаа аваад хүрээд ир” гэж ярьсан. Тэгээд би Цагдаад мэдэгдсэн нөхрийн хамт машинтай хөдөө хүүгийнх рүү явсан. Очиход манай хүүгийн хувцас нь цус болчихсон өрөөсөн нүд, чих, уруул нь хавдсан, язарсан, хөхөрсөн байдалтай байсан. Бид хоёр хүүгээ аваад аймагт шууд эмнэлэгт үзүүлсэн. Аймгаас гарахдаа хөдөө байдаг дүү Д руу утсаар яриад “очоод байдлыг үзээдэх” гэж хэлсэн байсан. Бид хоёрыг очиход манай дүү хүүгийнхээ хамт манай хүүг аваад Шинэ усны аманд ирсэн, тэгээд аймаг ирсэн...” гэх мэдүүлэг /хх-4-р/

 

Гэрч Д.П-ын мөрдөн байцаалтад өгсөн “...Би ээжийн хамт Э.А-ын байгаа Шинэ худаг гэх газар очоод, бид гурав Шинэ усны ам гэх газар Э.А-ын аав, ээж болон Шарга сумын хэсгийн төлөөлөгч нарт хүргэж өгсөн Э.А-ын нүүр хавдсан, амнаас нь цус гарсан байсан. “Т буюу Т гэдэг нэг багийн хүнд зодуулсан” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-23-рт/

 

Гэрч Д.Д-ын мөрдөн байцаалтад өгсөн “...Би хүү П-ын хамт машинтай А дээр очиход гэрээсээ хол хээр хаяаны айлынхаа С-той байсан. Тэгээд А-тай уулзахад нүүр, толгой, дух зэрэг нь цус болчихсон байсан. Тэгээд хүү бид хоёр машинд суулгаад аваад явж байгаад урдаас сумын цагдаа ирээд, бид нар уулзаад А-ыг аав, ээж хоёрт нь хүлээлгэн өгсөн. “Т намайг зодлоо” гээд байж байсан...” гэх мэдүүлэг /хх-28-рт/,

Гэрч Б.Л-ийн: “...2020 онд Т-ээс унагатай гүү худалдан авсан. Тэгээд бид 2 ярьж тохироод хавар үнэ ханшийг нь өгнө гээд 1.200.000 төгрөгт бодож авсан. Тэгээд мөнгөө өгөлгүй байж байгаад өнгөрдөг өвөл Д.Т-т 500.000 төгрөг өгөөд үлдсэн 700.000 төгрөгийг нь өгөөгүй байгаа өнгөрдөг намар манай хүргэн дүү та Д.Т-т гүүнийхээ мөнгийг өгөлгүй байж бай би Д.Т-ээс адуу мал авах ёстой юм. Түүнд суутгаж магадгүй та өгөлгүй байж бай гэсэн тэгээд би үлдэгдэл мөнгийг нь өгөөгүй байгаа...” гэх мэдүүлэг /хх-26-рт/

Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Д.Д-ийн ...эмнэлгийн бичиг баримтад: тархины битүү гэмтэл, дух, хацрыг хамарсан зулгарсан шарх, зүүн нүдний дээд доод зовхи зөөлөн эдийн гэмтэл гэж оношилжээ. 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн эмчийн үзлэгт ...шүд хөдөлсөн толгой өвдөнө, хүзүү хөшинө, хэсэг газрын үзлэгт дух хацар уруул орчим зулгарсан шархтай, зүүн нүдний дээд доод зовхи хөхөрсөн, тэмтэрхэд бага зэрэг эмзэглэлтэй, ам ангайлт чөлөөтэй, амны салст цэвэр, 11, 2.1 шүд 2-р зэргийн хөдөлгөөнтэй, эмзэглэлтэй гэжээ.

“...Иргэн Э.А-ын биед дээд үүдэн хоёр шүдний ганхалт, зүүн нүд, дээд, доод зовхинд цус хуралт, зүүн хацар, хамарт зулгаралт, дээд уруулын дотор талд өнгөц язрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт /хх-32-33-рт/, зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Д.Т нь би Э.А-ыг цохьсоноо хүлээн зөвшөөрч байгаа гэх боловч түүний энэ үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан гэдгийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ.

Шинжээч Д.Д-ийн 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 136 дугаартай дүгнэлтийг үгүйсгэх, уг дүгнэлтэд эргэлзэх үндэслэл нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй шүүгдэгчийн үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн зэргийн хохирол нь шууд шалтгаант холбоотой, байх тул шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Д.Т-ийн үйлдлийн улмаас хохирогч Э.А-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирч, уг гэмтлийг эмчлэхэд 472500 төгрөгийн эм тариа хэрэглэсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогджээ.

 

Шүүгдэгч Д.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан шийдвэрлэх явцад 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдаж хүчин төгөлдөр болсон байх бөгөөд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг уг хуулийн үйлчлэлд хамрагдаж байх тул уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2021/ШЦТ/48 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “ Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 12 дугаар зүйлийн 12.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг өршөөн хэтрүүлсүгэй гэж өөрчилж, шийтгэх тогтоолын 4 дэх заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын 5, 6, 7, 8, 9, 10 гэсэн дугааруудыг 4, 5, 6, 7, 8, 9 болгон өөрчилж, шийтгэх тогтоолын бусад зүйл заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд Шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл оролцогчид давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.Ж 

 

                          ШҮҮГЧИД                                  Ч.Э

 

                                                                             Ш.Б