Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 128/ШШ2023/0298

 

 

 

 

 

 2023             03          29                                        128/ШШ2023/0298   

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Дүгнэлт гаргагч: ******* дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Б*******,

Хариуцагч: ******* дүүргийн ******* хэлтсийн ******* байцаагч Д.У*******,

Дүгнэлтийн шаардлага: ******* дүүргийн ******* хэлтсийн ******* байцаагч Д.У 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 00 дүгээр шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах тухай дүгнэлт бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: ******* дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Б*******, хариуцагч ******* дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн ******* улсын байцаагч Д.У*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримтын тухайд:

1.1. Дүгнэлт гаргагч ******* дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Б******* нь ******* дүүргийн ******* хэлтсийн ******* байцаагч Д.У*******д холбогдуулан ******* дүүргийн ******* хэлтсийн ******* байцаагч Д.У 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 00 дүгээр шийтгэлийн хуудасны холбогдогч Г.Д******* гэснийг “С” ХХК /РД:/ гэж өөрчлөлт оруулахаар дүгнэлт бичсэн байна.

1.2. ******* дүүргийн ******* хэлтсийн ******* байцаагч Д.У******* нь 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 157 дугаартай зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авч, 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 00 дүгээр шийтгэлийн хуудсаар “С” ХХК-ийн нягтлан бодогч иргэн Г.Д*******д холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 4 дэх заалтад зааснаар 250,000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулжээ.

1.3. Дүгнэлт гаргагч ******* дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Б******* нь Улсын ерөнхий прокурорын 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн А/62 дугаар тушаалаар баталсан Зөрчлийн хэрэг бүртгэлтэд тавих прокурорын хяналтын аргачилсан заавар болон ******* дүүргийн Прокурорын газрын 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ******* дүүрэг дэх Цагдаагийн байгууллагаас бусад хяналтын харьяа байгууллагын зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах эрх бүхий албан тушаалтнуудаас хялбаршуулсан журмаар зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж, шийтгэл оногдуулсан материалуудын хууль зүйн үндэслэлийг шалгах шалгалтын удирдамж-ийн дагуу шалгалт хийсэн байна.

1.4. Уг шалгалтын хүрээнд ******* дүүргийн ******* хэлтсийн ******* байцаагч Д.У Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 00 тоот шийтгэлийн хуудастай зөрчлийн хэргийг хянаж, Зөрчлийн тухай хуулийн Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 4 дэх заалтад заасан зөрчилд “С” ХХК-ийн нягтлан бодогч Г.Д*******д холбогдуулан торгууль оногдуулсан нь буруу гэж шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулахаар 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 62 дугаартай дүгнэлтийг бичиж 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр тус шүүхэд ирүүлжээ.

Хоёр. Прокуророос ирүүлсэн дүгнэлт, тайлбартаа:

2.1.Прокурорын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.6-д зөрчлийн хэрэг бүртгэлтэд хуулийн хэрэгжилтийг шалгах, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-д зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах эрх бүхий байгууллагын хэрэг бүртгэх ажиллагаанд шалгалт хийх, 48 дугаар зүйлийн 48.1.6 прокурорын хяналтын аргачилсан заавар, журам батлах гэж тус тус заасан бөгөөд 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А/62 дугаар Аргачилсан зааврын 5.1 дүгээр зүйлийн 1.2-т эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан, шийтгэлээс чөлөөлсөн, хялбаршуулсан журмаар шалгаж, шийдвэрлэсэн шийдвэрийг хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах шалгалтын хүрээнд хянах гэж заасан байдаг.

2.2.Үүний дагуу 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хооронд нийгмийн даатгалын эрх бүхий албан тушаалтнуудын шийтгэл оногдуулсан материалуудыг татан авч, удирдамжийн дагуу шалгалтыг хийж гүйцэтгэсэн. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт Эрх бүхий албан тушаалтан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн даруй прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлнэ гэж заасан.

2.3.Өөрөөр хэлбэл прокурорын чиг үүргийг хэрэгжүүлэх туслах ажилтан ажил үүргийн хүрээнд эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг үнэт цаасан дээр шийдвэрлэх хэсгийг зөвхөн бүртгэлийн ажлыг хийдэг. Хууль зүйн үндэслэлд Зөрчлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд хуулийн этгээдэд шийтгэл оногдуулна гэж заасан байдаг. Мөн хуулийн 10.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт Ажил олгогч нь тухайн сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хуульд заасан хугацаанд ирүүлээгүй, тайлагнаагүй бол хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан.

2.4.Эрх бүхий албан тушаалтан шийтгэлийн хуудас буюу Монгол Улсын Засгийн газраас батлагдсан 135 дугаар маягтад шийдвэрлэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан буюу аж ахуй нэгжийг дурдалгүйгээр хувь хүний нэрийг дурдан шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. ******* тухай хуулийн 21 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт "шимтгэл төлөгч" гэж хууль тогтоомжийн дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэг хүлээсэн хуулийн этгээдийг гэж заасан. Энэхүү зөрчилд зөвхөн хуулийн этгээдийг торгохоор зохицуулсан.

2.5.Дүгнэлт бичих болсон шалтгаан нөхцөл буюу Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7 дугаар хэсэгт Прокурор эрх бүхий албан тушаалтны зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэн шийтгэл оногдуулсан, шийтгэлээс чөлөөлсөн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлтэй гэж үзвэл энэ хуулийн 7.6 дугаар зүйлд заасан харьяаллын дагуу дүгнэлт бичиж шүүхэд хүргүүлнэ гэж заасан бөгөөд илэрсэн зөрчлийг прокурор прокурорын шаардлагаараа арилгуулна. Харин Монгол Улсын Засгийн газраас баталж байгаа үнэт цаас буюу шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах асуудал нь зөвхөн шүүхийн эрх мэдлийн асуудал юм. Хариуцагч байгууллагыг торгосон, хүний нэр бичиж байгаа нь бичиг техникийн асуудал гэж тайлбарладаг.

2.6.Гэвч шийтгэлийн хуудасны шийдвэрлэх хэсэгт хувь хүний нэр дурдагдаж, бичигдсэн байдаг. Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг прокурорын байгууллага бүртгэлийн асуудлыг чиг үүргийг хэрэгжүүлэх прокурорын туслах ажилтан гүйцэтгэдэг. Өөрөөр хэлбэл шийтгэлийн хэсгийг л зөвхөн бүртгэдэг. Энэхүү шийтгэлийн хуудасны үр дагавар нь хувь хүн П.Угийн нэр, регистрийн дугаараар бүртгэгдсэн. Прокурорын байгууллагын цахим системд бүртгэгдэхдээ хувь хүнээр бүртгэгдэж, энэ нь улсын хэмжээний тоо мэдээ, статистикт шууд нөлөөлж, буруу тоо мэдээлэл гаргаж байна. Иймд шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулж, тоо мэдээг зөвтгөх шаардлагатай. Мөн өөрчлөлт оруулснаар хувь хүний зөрчигдсөн эрхийг сэргээгдэнэ гэж үзэж байна. гэв.

Гурав.Хариуцагч ******* дүүргийн ******* хэлтсийн ******* байцаагч Д.У******* шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

3.1.******* дүүргийн ******* хэлтсийн Орлого, шимтгэлийн байцаагч Д.У******* миний би, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.15 дахь хэсэгт ******* байцаагч Зөрчлийн тухай хуулийн 10.17, 15.2 дах зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийг хянан шийдвэрлэнэ гэж заасны дагуу "С" ХХК-ийн нягтлан бодогч Г.Д******* нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хуульд заасан хугацаанд ирүүлээгүй зөрчил гаргасан тул Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт заасан шийтгэл оногдуулсан болно.

3.2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д гомдол гэдэгт прокурорын дүгнэлт орж байгаа. Прокурорын дүгнэлт нь гомдол болж байгаа бол гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа 30 хоног. Хариуцагчийн хувьд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэж байгаа. 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн дүгнэлтийг бичихдээ улсын ерөнхий прокурорын А/62 дугаартай аргачлалыг баримталдаг бөгөөд А/62-ын 4.19.3-т прокурорын дүгнэлт нь дараах үндэслэл, хэлбэрээр бичигдэнэ гэж тусгайлан заасан байгаа. Үүнд шийдвэрийг хүчингүй болгож байгаа тохиолдолд дүгнэлт бичнэ, өөрчлүүлж болох бөгөөд зөрчлийн шинжтэй хүн, хуулийн этгээдэд оногдуулсан шийтгэлийг өөрчлүүлэх үндэслэлтэй, эсхүл шийтгэлээс чөлөөлсөн нь хуульд заасан шаардлагыг хангаагүй бол өөрчлүүлэхээр дүгнэлт гаргана.

3.3.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил үйлдэгдсэн болон тогтоогдсон хэргийг эрх бүхий албан тушаалтан үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бол прокурор шийтгэлийг хүчингүй болгож дүгнэлт бичих гэсэн эдгээр гурван үндэслэлээр прокурор дүгнэлт бичих ёстой. Гэтэл прокурорын дүгнэлт нь энэ гурван үндэслэлийн алинд нь ч хамаарахгүй байна.

3.4.Аж ахуйн нэгжийн нэрийг өөрөөр бичсэн бол өөрчлөхөөр дүгнэлт бичнэ гэсэн заалт байхгүй. Харин прокурор дүгнэлт бичихдээ үндэслэл болгоод байгаа учраас А/62 дугаартай аргачлалд хамаарна гэж ойлгож байна. Дүгнэлтийн олсон гэсэн хэсэг дээр холбогдогч гэж бичсэн гэдэг тайлбарыг прокурор гаргаж байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д захиргааны актын бичилт болон тооцооны алдаа гаргасан бол эрх бүхий албан тушаалтан өөрөө эсхүл захиргааны байгууллага өөрөө засаж хэргийн оролцогч нарт мэдэгдэх эрхтэй. Энэ эрхийг эдлүүлэхгүй байна гэж үзэж байна.

3.2.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.2 дугаар зүйлийн 7 дэх хэсэгт Прокурор эрх бүхий албан тушаалтнаас ирүүлсэн тайлбар, нотлох баримттай танилцсаны дараа дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана: 7.2. зөрчил шалгах ажиллагаа, нотлох баримтыг хүчингүй болгох, 2. Прокурорын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3 зөрчлийн хэрэг бүртгэлт явуулсан хэрэг, материалтай танилцах, хянах үүрэгтэй, гэж тус тус заасан байна.

 “С” ХХК-ийн нягтлан бодогч Г.Д******* нь нийгмийн даатгалын тайланг хуульд заасан хугацаанд ирүүлээгүй гэх зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, шийдвэрийг прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэн албажуулсан болно.

3.3.Иймд Нийслэлийн ******* дүүргийн Прокурорын газрын 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 62 дугаар Прокурорын дүгнэлт нь үндэслэлгүй гэж үзэж байна. гэв

                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

1.Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд прокурорын дүгнэлт, хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч дараах үндэслэлүүдээр ******* дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Б******* 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 62 дугаар дүгнэлтийг хангаж, ******* дүүргийн ******* хэлтсийн ******* байцаагч Д.У 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 00 дүгээр шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

2.******* дүүргийн ******* хэлтсийн ******* байцаагч Д.У 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 00  дугаартай шийтгэлийн хуудсаар “С” ХХК-ийн нягтлан бодогч иргэн Г.Д*******д “С” ХХК тухайн сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хуульд заасан хугацаанд ирүүлээгүй, тайлагнаагүй хоцроосон гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 250,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

3.******* дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Б*******эс ... Ажил олгогч нь тухайн сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хуульд заасан хугацаанд ирүүлээгүй, тайлагнаагүй бол хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байхад эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа иргэн Г.Д*******д /”С” ХХК-ийн нягтлан бодогч/ шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй тул шийтгэлийн хуудаст “С” ХХК / РД:/ гэж өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж,

4.Хариуцагчаас ... Дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, Компанийн тухай хуульд компанийн эрх бүхий албан тушаалтан гэдэгт хэн хэн орохыг тодорхой зааж өгсөн байдаг. Г.Д******* компанийн эрх бүхий албан тушаалтан гэж үзсэн бөгөөд Г.Д******* нь өөрөө тайлангаа гаргадаг. Эрх бүхий албан тушаалтан нь итгэмжлэлгүйгээр төлөөлөх учраас итгэмжлэл авагдаагүй. ... гэж тус тус тайлбарлан маргаж байна.

5.Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 4-т “Ажил олгогч нь тухайн сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хуульд заасан хугацаанд ирүүлээгүй, тайлагнаагүй бол хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заажээ.

6.Хуулийн дээрх заалтын агуулгаас үзвэл, ажил олгогч хуулийн этгээдийн хувьд нийгмийн даатгалын тухайн сарын тайланг ******* тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т “Ажил олгогч нь тухайн сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг дараа сарын 05-ны өдрийн дотор нийгмийн даатгалын байгууллагад ирүүлэх бөгөөд энэ хугацаа долоо хоног бүрийн амралт, нийтээр амрах баярын өдөртэй давхацвал дараагийн ажлын өдөр тайлагнана.” гэж заасан хугацаанд харьяалах нийгмийн даатгалын байгууллагад ирүүлээгүй тохиолдолд тухайн ажил олгогч хуулийн этгээдийг уг зөрчлийг гаргасан гэж үзэж хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгохоор зохицуулсан байх бөгөөд харин иргэн эсхүл тус компанийн нягтлан бодогчид хариуцлага хүлээлгэхээр зохицуулаагүй байна.

7.Хэрэгт авагдсан ******* дүүргийн ******* хэлтсийн ******* байцаагч Д.У 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 00 дүгээр шийтгэлийн хуудасны ... ОЛСОН нь: хэсгийн холбогдогч хэсэгт “С” ХХК-ийн нягтлан бодогч Г.Д*******д, ... ШИЙДВЭРЛЭХ нь: хэсгийн 1-д заасан холбогдогч хэсэгт Г.Д*******, 6-д заасан холбогдогч хэсэгт Г.Д******* гэж тодорхойлоод хуулийн заалт нь Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу торгууль оногдуулсан зэргээс үзэхэд нийгмийн даатгалын тухайн сарын тайлангаа хугацаанд нь ирүүлээгүй хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан гэж үзэхээргүй байна.

8.Хариуцагчийн шийтгэлийн хуудас нь Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2-т “Зөрчил, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг энэ хуулиар тогтооно.” гэж заасан зарчимд нийцээгүй, өөрөөр хэлбэл хуулийн этгээдэд хариуцлага тооцох гэж байгаа тохиолдолд шийтгэлийн хуудсаар хариуцлага хүлээж байгаа этгээд маш тодорхой тодорхойлогдож тэмдэглэгдсэн, хоёрдмол утга санаагүй, ойлгомжтой байх шаардлагатай ба хуулийн этгээдийг торгосон гэх тайлбар эсхүл бусад баримтаар давхар нотлогдож тайлбарлагдахгүйгээр шууд үзэхэд ойлгомжтой байх ёстой.

9.Энэхүү үүргийг хариуцагч эрх бүхий албан тушаалтанд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд хуулийн этгээдэд шийтгэл оногдуулна.”, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараахь нөхцөл байдлыг тогтоосон байна;”, 1.1-д “тухайн хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх;”-ийг тогтоосон байхаар үүрэгжүүлэн зохицуулсан байхад уг үүргээ биелүүлээгүй дээрх алдааг гаргасан байна.

10.Харин энэхүү алдааг залруулсан өөрчлөлт оруулахаар ******* дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос дүгнэлт ирүүлсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7 дугаар хэсэгт “Прокурор эрх бүхий албан тушаалтны зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэн шийтгэл оногдуулсан, шийтгэлээс чөлөөлсөн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлтэй гэж үзвэл энэ хуулийн 7.6 дугаар зүйлд заасан харьяаллын дагуу дүгнэлт бичиж шүүхэд хүргүүлнэ.” гэж заасантай нийцсэн байна.

11.Иймд ******* дүүргийн ******* хэлтсийн ******* байцаагч Д.У 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 00 дүгээр шийтгэлийн хуудаст холбогдогч “С” ХХК /РД:/ гэж бичих ажиллагааг дутуу хийсэн гэж үзэн шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

12.Хариуцагчаас тайлбарласан шийтгэлийн хуудсаар оногдуулсан төлбөрийг “С” ХХК-аас төлсөн гэх үндэслэл нь дээрх алдааг хуульд нийцсэн гэж зөвтгөн дүгнэх үндэслэл болохгүйг тэмдэглэх нь зүйтэй байна.

13.Хөөн хэлэлцэх хугацааны тухайд: ******* дүүргийн ******* хэлтсийн ******* байцаагч Д.У*******ас 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 00 тоот шийтгэлийн хуудастай зөрчлийн хэргийг ******* дүүргийн Прокурорын газар 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч бүртгэсэн байна. Хариуцагчийн ...үнээс хойш 30 хоногийн дотор прокурор хянаж дүгнэлт бичиж шүүхэд шилжүүлэх байсан бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлж дүгнэлт бичсэн... гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

14.Учир нь Улсын ерөнхий прокурорын 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А/62 дугаар тушаалаар баталсан Зөрчлийн хэрэг бүртгэлтэд тавих прокурорын хяналтын аргачилсан заавар болон ******* дүүргийн Прокурорын газрын 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ******* дүүрэг дэх Цагдаагийн байгууллагаас бусад хяналтын харьяа байгууллагын зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах эрх бүхий албан тушаалтнуудаас хялбаршуулсан журмаар зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж, шийтгэл оногдуулсан материалуудын хууль зүйн үндэслэлийг шалгах шалгалтын удирдамж-ийг баталжээ. Үүний дагуу тус газрын хяналтын прокурор Э.Б******* хяналт шалгалтыг явуулж хуульд заасан 30 хоногт буюу 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр дүгнэлт бичиж ирүүлснийг буруутгах үндэслэлгүй байна гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1, 106.3.12 дахь заалтад заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Зөрлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2, 10.17 дугаар зүйлийн 4, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 2, 6.6 дугаар зүйлийн 7 дугаар хэсэгт заасныг тус тус баримтлан ******* дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Б******* 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 62 дугаартай дүгнэлтийг хангаж, ******* дүүргийн ******* хэлтсийн ******* байцаагч Д.У 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 00 дүгээр шийтгэлийн хуудаст холбогдогч “С” ХХК /РД:/ гэж өөрчлөлт оруулахыг хариуцагч ******* дүүргийн ******* хэлтсийн ******* байцаагч Д.У*******д даалгасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар прокурор дүгнэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар прокурор, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.ГАНБАТ