Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 189

 

 

 

 

 

 

 

 

 

Э.С ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2018/02275 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Э.С ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Х ХХК-д холбогдох,

 

Орон сууцны талбайн зөрүү 5 543 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.К,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Э.С  миний бие Х ХХК-тай 2015 оны 2 дугаар сарын 11-ний өдөр гэрээ байгуулж, Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Нарны хорооллын 11 дүгээр байрны 204 тоотод байрлах 78.71 м.кв орон сууцыг м.кв-ыг нь 2 300 000 төгрөгөөр тооцон нийт 181 033 000 төгрөгөөр орон сууцыг захиалсан. Төлбөрийн эхний хэсэг буюу 54 333 000 төгрөгийг бэлнээр Х ХХК-д тушааж, үлдэгдэл 126 700 000 төгрөгийг банкны 8 хувийн орон сууцны зээлээр төлөхөөр тохиролцож 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдөр үлдэгдэл төлбөрийг бүрэн барагдуулж, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн гэрчилгээгээ авч, орон сууцандаа орсон. Хэрэг хянан шийдвэрлэх явцад зохигчдын хүсэлтээр шинжээч томилсон бөгөөд тус шүүхэд ирүүлсэн 2017 оны 05 дугаар сарын 27-ний өдрийн шинжээчийн дүгнэлтээр тус орон сууц 76.30 м.кв болох нь тогтоогдож, анх захиалсан хэмжээнээс 2.41 м.кв дутуу гарсан нь тогтоогдсон. Орон сууцыг 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр акт үйлдэж хүлээж авсан бөгөөд тус байрыг хүлээж авахдаа м.кв-ын зөрүүтэй байгаа талаар хариуцагчтай тохиролцон “Эм Эм инженеринг” ХХК-иар 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хэмжилт хийлгэхэд 2.9 м.кв-аар дутуу гарсан. 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Х ХХК-ийн удирдлагад энэ талаар мэдэгдсэн ба хариуцагч байгууллагын хяналтын инженер н.Сүх дүгнэлт гаргаж, м.кв-ын зөрүү байхгүй гэж албан ёсны хариу өгсөн. Нэхэмжлэгч тал 2015 оны 06 дугаар сарын 28-ний өдөр буюу 3 сарын дараа эд хөрөнгийн доголдлыг илрүүлсэн бөгөөд Х ХХК-д мэдэгдсэн. Иргэний хуулийн 254 дугаар зүйлийн 254.1, 254.3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн дутуу нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний үнэ болох 5 543 000 төгрөгийг хариуцагч Х ХХК-ис гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч Б.Баттөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч тус байрыг 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр захиалсан гэсэн тайлбар гаргасан. Уг байрыг улсын комисс хэзээ хүлээж авсан талаар шүүхийн журмаар архиваас нотлох баримт гаргуулсан ба байрыг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр байрыг улсын комисс хүлээж авсан байдаг. Э.С ыг гэрээ байгуулсан гээд байгаа тухайн цаг хугацаанд байр ашиглалтанд орсон байсан бөгөөд бэлэн байрыг түүнд худалдсан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь худалдах, худалдан авах гэрээ юм. Нэхэмжлэгч Э.С  нь 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр байрыг хүлээж авсан. Тиймээс уг байрыг хүлээн авах үедээ м.кв зөрүүтэй асуудлыг мэдэх ёстой байсан. Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдөр гаргуулан авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Талуудын хооронд байгуулсан гэрээ нь худалдах, худалдан авах гэрээ тул Иргэний хуулийн дагуу уг асуудлаар 6 сарын дотор гомдол гаргах эрхтэй. Хариуцагч Х ХХК-д доголдлын талаар мэдэгдээгүй, өргөдөл хүсэлт гаргасан эсэх талаар тодорхой мэдэхгүй байна. Х ХХК-ийн зүгээс хэмжилт хийсэн удаа байхгүй, нэхэмжлэгч гомдол гаргах хугацааг хэтрүүлэн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 254.6 дахь хэсэгт заасныг баримтлан “Хурп групп” ХХК-иас 5 543 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.С ад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-дзааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 121 670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хурд групп ХХК-иас 103 638 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.С ад олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэг давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт “...тухайн эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш 6 сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан шаардлагыг гаргах эрхтэй”, мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт “ Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гарсан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй” гэж тус тус заасан. Нэхэмжлэгчийн шаардлага нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан шаардах эрхэд хамаарахгүй байтал шүүх тус заалтыг үндэслэж шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 255.1.1, 251 дүгээр зүйлийн 251.3 дахь хэсэгт заасныг баримталж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байсан гэж үзэж байна. Учир нь талуудын хооронд байгуулагдсан гэрээнд гэрээний зүйлийг маш тодорхой тохиролцсон. Үүнд: 78.78 м.кв орон сууцыг худалдан авагч талд шилжүүлж өгөх гэсэн байдаг. Үүний дагуу худалдан авагч тал 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдөр эд хөрөнгийг актаар хүлээлгэн өгсөн. Тухайн үед нэхэмжлэгч тал м.кв дутуу байна гэх шаардлага гаргаагүй бөгөөд эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, доголдлыг шалгаж авсан. Улмаар Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасан эд хөрөнгийг хүлээж авах үедээ мэдэх боломжтой байсан доголдлыг мэдэлгүй хүлээж авсан, гомдлын шаардлага гаргах эрхээ алдсан. Мөн хуулийн 251 дүгээр зүйлийн 251.3 дахь хэсэгт заасны дагуу уг эд хөрөнгийг доголдолгүй гэж үзнэ. Учир нь худалдан авагч тал эд хөрөнгийг хүлээж авсан өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд зориулалтын дагуу эзэмшиж, ашигласаар ирсэн. Мөн 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдөр гаргуулж авсан үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээнд 78.71 м.кв гэж тодорхой бичсэн байдаг. Хэдийгээр м.кв дутуу ч гэсэн худалдан авагчийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан зүйлгүй болно. Үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь доголдолтой гэж үзэх үндэслэлгүй нөхцөл байдал үүссэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлсэн байна.

Нэхэмжлэгч Э.С  нь хариуцагч Х ХХК-д холбогдуулан орон сууцны талбайн зөрүү 5 543 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, худалдан авагчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргажээ.

Зохигчдын хооронд 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр орон сууцны барилгыг захиалан бариулах тухай гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч буюу Э.С  нь Нийслэлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 11 дүгээр байрны 240 тоот 78.71 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг захиалж төлбөрийг төлөх, хариуцагч буюу Х ХХК нь уг барилгыг 2015 оны 1 дүгээр улиралд ашиглалтанд оруулахаар тохиролцсон байна. Талууд гэрээ байгуулагдсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй бөгөөд нэхэмжлэгч хариуцагч байгууллагын барьсан орон сууцнаас сонгож, үнийг нь төлсөн байх тул анхан шатны шүүх талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар худалдан авах гэрээгээр тохирсон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзэх бөгөөд мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.3 дахь хэсэгт зааснаар худалдан авагч энэ хэмжээний хувьд доголдолтой эд хөрөнгийг хүлээн авсан бол гэрээний үнэд хувь тэнцүүлэн дутуу эд хөрөнгийн үнийг буцааж төлөх үүрэг худалдагчид үүснэ.

Хариуцагч байгууллага нь тухайн орон сууцыг 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгч Э.С ад хүлээлгэн өгсөн эсэх асуудлаар зохигчид маргаагүй бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хариуцагч Х ХХК-д талбайн хэмжээ зөрүүтэй байгаа талаар мэдэгдэж байсан үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. /хх 115-116/ Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1 дэх хэсэгт заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Э.С  нь гомдлын шаардлага гаргах хугацааны дотор доголдлыг илрүүлж, хариуцагчид мэдэгдсэн байх тул хуульд заасан хугацааны дотор гомдлын шаардлагаа гаргасан гэж үзнэ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдын хүсэлтийг үндэслэн “ТЭТҮ” ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээчийн дүгнэлтээр маргаан бүхий орон сууцны талбайн хэмжээг 76.3 м.кв гэж тогтоосон байна. /хх 70-76/ Энэ нь талуудын анх тохиролцсон хэмжээнээс 2.41 м.кв-иар /2.88*2 300 000=5 543 000/ дутуу гэж хариуцагчаас 5 543 000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч нь орон сууцны м.кв-ын дутуу гэдэг нь тагт, верандыг буруу тооцоолсноос болсон гэж мэтгэлцэж дахин шинжээч томилсон байх ба 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн №09-03/2018 тоот “Эм эм инженеринг” ХХК-иар хэмжилт хийлгэсэн тайлангаар орон сууцны талбайн хэмжээг 75.83 м.кв буюу м.кв-ын зөрүү 2.88 м.кв /2.88*2 300 000=6 624 000/ гэж тогтоосон байна. /хх 220-221/ “Эм эм инженеринг” ХХК-ийн хэмжилт хийсэн дүгнэлтийн талаар талууд маргаагүй тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд буюу орон сууцны талбайн зөрүү 5 543 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2018/02275 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч Х ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103 700 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.НАРАНЦЭЦЭГ

                                                           

                         ШҮҮГЧИД                                          Б.НАРМАНДАХ

 

                                                                                    Д.ЦОГТСАЙХАН