Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 142/ШШ2023/01159

 

 

 

 

 

2023 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 142/ШШ2023/01159

Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ц.Дагиймаа, Г.Жаргалтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг******* ******* тоотод оршин суух, ******* овогт -т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохирол 14,332,890 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2023 оны 06 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэж хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.

 

Уг хэрэгт томилогдсон иргэдийн төлөөлөгч д шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд зохигч иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэхийг зөвшөөрсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хэлэлцэж шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Г. ******* би 2023 оны 01 сарын 20-ны шөнө У.т зодуулж биедээ хүндэвтэр гэмтэл авч эрүүл мэндээрээ хохирсон. Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 29-ны 113 тоот шийтгэх тогтоолоор У.ийг гэм буруутайд тооцож 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн ба тухайн шүүх хурлын үеэр миний нэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны цалин 16,108,875 төгрөгийг шийдвэрлэх боломжгүй, баримт дутуу байгаа тул иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн. Би тухайн үед нийгмийн даатгалын хэлтсээс лавлагаа авах байсныг аваагүй тул иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхиж шийдвэрлэсэн бөгөөд би энэ баримтаа сүүлд авсан. Би 2023 оны 01 сарын 21-ний өдрөөс 2023 оны 04 сарын 03-ны өдөр хүртэл ажиллаагүй бөгөөд энэ хугацааны авах ёстой байсан цалин нь 16,108,875 төгрөгөөс нийгмийн даатгалаас авсан 1,775,985 төгрөгийг хасахаар 14,332,890 төгрөгийг нэхэмжлэх эрх үүссэн. Иймд У.ээс намайг зодсоны улмаас ажилгүй байсан үеийн цалин хөлс болох 14,332,890 төгрөгийг гаргуулж өгнө үү..., 2023 оны 03 дугаар сарын 29-ний 113 тоот шийтгэх тогтоолд буюу иргэний хэргийн материалын 5 дугаар талд Шүүхийн шинжилгээний төвийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 148 дугаартай шинжээчийн дүгнэлт дээр гэмтлийн зэргийг маш тодорхой бичсэн байгаа. Хавтаст хэргийн 7,9 дугаар талд буюу шүүхийн шийдвэрт ...хохирогчийн ажилгүй байсан хугацааны цалин 14,332,890 төгрөгийг шийдвэрлэх боломжгүй, нотлох баримт байхгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн. Уг шийтгэх тогтоолд Иргэний хуульд ажил эрхэлдэг хохирогчийн хувьд эмнэлгийн хуудсаар ажил олгогчоос авсан цалинг хасч зөрүүг гэм буруутай этгээдээс гаргуулахаар заасан ба Г.******* нь хэд хоногоор эмнэлгийн хуудсаар ажлаас чөлөөлөгдсөн, ажил олгогчоос хэдэн төгрөгийн цалин авсан талаарх баримт байхгүй учир шүүх дүгнэлт хийх боломжгүй байна... гэж дурдсан. Эрүүгийн хэргийн шүүхээс нэхээд байсан баримтыг сая иргэний шүүхэд гаргаж өгсөн. 2023 оны 2, 3, 4 дугаар саруудад ажилгүй байсан гэх баримтыг гаргаж өгсөн. Цалингийн тооцооллыг компаниас нь гаргаж өгсөн. Энэ баримтын дагуу ажилгүй байсан хугацааны цалинг тооцож нэхэмжилсэн. Нэхэмжлэгч барилгын засал чимэглэл хийдэг, одоо хүнд төрлийн ажил хийх боломжгүй болсон. Улирлын чанартай ажил хийдэггүй, өвлийн улиралд ч ажил хийдэг. 2022 оны 12 дугаар сард гэхэд 4.000.000 төгрөгийн цалин авсан харагдаж байна. Нэхэмжлэгчийн бие одоо хүртэл өвддөг, бид цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлээгүй. Бусдын биед ийм хүндэвтэр гэмтэл учруулчихаад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна... гэжээ.

 

2.Хариуцагч У. шүүхэд гаргасан хариу тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжилж буй зардал 16,108,875 төгрөг гэж нэхэмжилж байгаа боловч хөдөлмөрийн чадвар алдагдуулсан гэх хугацааны цалингийн зөрүү 1,775,985 төгрөг авсан гэсэн атлаа, 2023 оны 01 дүгээр сарын 21-нээс 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл ажиллаагүй гэх хугацааны цалин хөлсөөр намайг хохироосон гэж буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн хэргийн улмаас учруулсан хохирлыг хохирогч Г.Сумьяабазарт бүрэн барагдуулсан болно. Хохирогч цалин хөлс хэд авдаг талаар холбогдох баримт эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргаж өгөөгүй..., Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний 113 тоот шийтгэх тогтоолоор У.ийг гэм буруутайд тооцож хохирлыг нөхөн төлүүлэх шүүхийн шийдвэр гарсан. Хохирогч эм тарианы мөнгө болон эмнэлгийн төлбөрт 1,528,700 төгрөг, замын зардал 175,250 төгрөг, нийт 2,079,750 төгрөгийг нэхэмжилсэн. Шүүгдэгчээс 1,644,488 төгрөгийг төлөх үндэслэлтэй байна гэсэн шүүхийн шийдвэр гарсны дагуу хохирлыг төлж барагдуулсан. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд цалин хөлсийг бүхэлд нь нэхэмжилсэн боловч цалин хөлсний зөрүү болон эмнэлэгт хэвтсэн гэх баримт байхгүй учир шүүхээс иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн. Ажилгүй байсан хугацааны цалин хөлс нэхэмжлэхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд ямар шалтгаанаар урт хугацаагаар ажлаасаа чөлөөлөгдсөн болох нь тогтоогддоггүй мөн дахин эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн гэсэн баримт энэ хэрэгт байдаггүй. Нэг удаагийн эмнэлгийн бичгээр нийгмийн даатгалын сангаас тэтгэмж авсан байдаг. Нэхэмжлэгч 2, 3, 4 саруудад ажил хийгээгүй гэж хэлдэг. Эрдэнэс таван толгой ХХК нь өвөл сул зогсолттой байдаг. Энэ хүн барилгын засал чимэглэлийн ажил хийдэг хүн байсан, магадгүй улирлын чанартай ажил хийдэг байж магадгүй гэж бодож байна. Үнэхээр эмнэлэгт хэвтээд ажил хийх боломжгүй байсан болоод цалин хөлсөө авч чадаагүй юм болов уу гэхээр үүнийг нотлох эмнэлгийн баримт байдаггүй. Ямар шалтгааны улмаас ажлаа хийгээгүй вэ гэдэг нь нотлогддоггүй. Ажлаа хийгээгүй гэсэн атлаа 2,3 дугаар саруудад цалин хөлс авсан байдаг. Жишээ нь 2 дугаар сард 550.000 төгрөг, 3 дугаар сард 1,437,927 төгрөг, 4 дүгээр сард 3,000,000 төгрөгийн цалин авсан байдаг. Цалин хөлсөө дутуу аваад байгаа шалтгаан нөхцөлийг эрүүл мэндтэй холбож тайлбарладаг. Хэвтэн эмчлүүлсэн, цаашид эмчилгээ үйлчилгээ авсан гэх баримт байхгүй байсан учир эрүүгийн журмаар хэлэлцэгдээгүй орхисон. Эмнэлгийн хуудсаар хэдэн төгрөгийн цалин авсан нь нотлогдохгүй, сая гаргаж өгсөн баримтаар эмнэлгийн ямар нэгэн үйлчилгээ аваагүй болох нь тогтоогдсон учир зөрүү цалин хөлс гаргуулах нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байна. Бүсийн оношилгооны төвд нэг удаа хэвтэн эмчлүүлж, Гэмтэл согог судлалын Үндэсний төвд нэг удаа үзүүлсэн байсан. Энэ хугацааны цалин хөлсний зөрүү гэж 1,775,985 төгрөгийг нийгмийн даатгалын сангаас авсан учир цалин хөлсний зөрүү байхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч талын гаргаж өгч байгаа баримтууд өөр хоорондоо зөрүүтэй байдаг. Сарын цалин 2,200,000 төгрөг гэсэн атлаа нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг харахаар тийм цалин хөлс авдаггүй харагддаг. 2,3 дугаар саруудын цалин нь тийм байгаагүй, өвлийн улиралд бага цалин авдаг, зуны улиралд цалин хөлс нэмэгддэг гэж харагдахаар байгаа. Компаниас яагаад ийм хоёр зөрүүтэй баримт гаргаж өгөөд байна вэ?. Нэхэмжлэгч яг хэдэн төгрөгийн цалин авдаг талаарх холбогдох тушаал, шийдвэр ирдэггүй хэр нь тухайн саруудад ажилласан бол ийм хэмжээний цалин хөлс авах байсан гэх баримт өгсөн байдаг. Тухайн хүнийг ажиллах байсан юм байна гэж дүгнэх боломжгүй. 1 дүгээр сарын 22-ны өдрөөс 3 дугаар сар хүртэл авах цалин хөлсний зөрүүг бодохоор 1 дүгээр сард 104,446, 2 дугаар сард 1,680,486 төгрөг, 3 дугаар сард 792,561 төгрөгийн цалин аваагүй юм байна гэж харагдахаар байгаа. Энэ аваагүй гэх мөнгөн дүнгээс нийгмийн даатгалын сангаас авсан мөнгийг хасахаар 791,498 төгрөгийн цалин хөлсний зөрүү гарч ирдэг. Энэ мөнгөн дүнгээр хохирсон гэж үзээд хохирлыг өгөх гэхээр ажил үүргээ хийх боломжгүй, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан гэх талаар нотлох баримт байдаггүй, энэ талаарх баримт хэрэгт ирээгүй байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна... гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 29-ний өдрийн 113 тоот шийтгэх тогтоол, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2023 оны 01 дүгээр сарын 21-ний 11012301260267, 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 11012302090281, 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 11012302260001 дугаартай эмнэлгийн хуудас, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Барилга, дэд бүтэц бүтээн байгуулалтын хэлтсийн Гадна засал чимэглэлчин Г.*******ын 2023 оны 01 сарын 22-ноос 2023 оны 04 сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд авах байсан цалингийн тооцоолол гэх баримт, Эрдэнэс Тавантолгой хувьцаат компанийн 2023 оны 02 сарын 28-ны өдрийн 04/49 дугаартай Г.*******ын цалингийн тодорхойлолт, хохирлын тооцоо гэх баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

4.Шүүх зохигчийн хүсэлтээр: Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 01/273 тоот албан бичиг, Г.*******ын 2022 оны 02 сараас 2023 оны 05 сар хүртлэх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг нотлох баримтаар бүрдүүлсэн.

 

Зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч У.т холбогдуулан гэм хорын хохирол 14,332,890 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

2. Нэхэмжлэгч Г.******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ...би 2023 оны 01 сарын 20-ны шөнө хариуцагч У.т зодуулж биедээ хүндэвтэр гэмтэл авч эрүүл мэндээрээ хохирсон. Эрүүгийн шүүх У.ийг гэм буруутайд тооцож 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн ба тухайн шүүх хурлын үеэр миний нэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны цалин 16,108,875 төгрөгийг шийдвэрлэх боломжгүй баримт дутуу байгаа тул иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн. Иймд 2023 оны 01 сарын 21-ний өдрөөс 2023 оны 04 сарын 03-ны өдөр хүртэл ажиллаагүй бөгөөд энэ хугацааны авах ёстой байсан цалин нь 16,108,875 төгрөгөөс нийгмийн даатгалаас авсан 1,775,985 төгрөгийг хасч үлдэх 14,332,890 төгрөгийг нэхэмжлэх эрх үүссэн тул хариуцагчаас цалингийн зөрүү 14,332,890 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэж тодорхойлсон.

 

3.Хариуцагч У., түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлийг ...эрүүгийн шүүх хохиролд 1,644,488 төгрөгийг төлөх үндэслэлтэй гэж шийдвэрлэсний дагуу хохирлыг төлж барагдуулсан, ...нэхэмжлэгч ямар шалтгаанаар удаан хугацаагаар ажлаасаа чөлөөлөгдсөн, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн талаар баримтгүй, тэрээр ажлаасаа чөлөөлөгдсөн болон, ажилгүй байсан шалтгааныг нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, түүний цалин хөлсний баримтууд нь хоорондоо зөрүүтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.... гэж тайлбарласан.

 

4. Хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Хариуцагч У. нь 2023 оны 01 дүгээр сарын 20-ны шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум ******* багийн Баруун дэнжийн ******* тоотод согтуурсан үедээ нэхэмжлэгч Г.Сумьяабазарын нүүрэн тус газар гараараа цохиж баруун хоншоор ясны хугарал, тархи доргилт, баруун нүдний ухархайн доод ханын хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, нүүрэнд зөөлөн эдэд цус хуралт, баруун нүдний салстад цус харвалт гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдэж, шүүхээс 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн болох нь Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 29-ны 113 тоот шийтгэх тогтоолоор тогтоогдож байгаа ба зохигч гэм буруугийн талаар маргахгүй байна.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй., 505 дугаар зүйлийн 505.1-д Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй. гэж зааснаар нэхэмжлэгч нь өөрийн эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирлыг гэм буруутай этгээд болох хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

6. Нэхэмжлэгч Г.******* нь 2023 оны 01 сарын 21-ний өдрөөс 2023 оны 04 сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд эрүүл мэндийн шалтгааны улмаа ажиллаагүй бөгөөд энэ хугацаанд дутуу авсан цалин хөлс 14,332,890 төгрөгийг хариуцагч У.ээс гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

7. Хэрэгт нотлох баримтаар авагдсан Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 29-ний өдрийн 113 тоот шийтгэх тогтоол, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2023 оны 01 дүгээр сарын 21-ний 11012301260267, 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 11012302090281, 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 11012302260001 дугаартай эмнэлгийн хуудсуудаар нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч У.т зодуулсны улмаас биедээ хүндэвтэр гэмтэл авч хөдөлмөрийн чадвар алдсаны улмаас 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн хооронд ажлаасаа чөлөөлөгдөж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн болох нь тогтоогдож байна.

 

8. Нэхэмжлэгч Г.******* нь Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Барилгын засвар, тохижилтын албанд гадаад засал чимэглэлчнээр 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 2,230,486 төгрөгийн үндсэн цалинтай ажиллаж байсан бөгөөд нийгмийн даатгалын сангаас ажилгүй байсан хугацааны тэтгэмжид 1,775,985 төгрөгийг авсан байна.

 

9. Хэрэгт нотлох баримтаар авагдсан нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, цалингийн тооцооллын баримтаар тооцож үзэхэд Г.******* нь 2023 оны 1 дүгээр сард 4,755,760 төгрөгийн цалин авах ёстой байснаас 2,046,040 төгрөгийн цалин авсныг хасч 2,709,720 төгрөг, 2023 оны 02 дугаар сард бүтэн ажилласан бол 5,705,922 төгрөгийн цалин аван ёстой байснаас эмнэлгийн хуудасгүй 4 хоногийн цалин 1,630,263 төгрөгийг хасч /2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл эмнэлгийн хуудсаар ажлаас чөлөөлөгдсөн байх тул 2023 оны 02 дугаар сарын 28-ныг хүртэл гэж тооцоход 4 хоног дутуу/, мөн 550,000 төгрөгийн цалин авсныг хасч 3,525,659 төгрөгийн цалин, нийт 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн хооронд нийт 6,235,379 төгрөгийн цалин авах ёстой байжээ.

 

10. Авах ёстой байсан 6,235,379 төгрөгийн цалингаас нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын сангаас авсан ажилгүй байсан хугацааны тэтгэмж 1,775,985 төгрөгийг хасч тооцоход 4,459,394 төгрөгийн цалин хөлс дутуу авсан болох нь тогтоогдож байна.

 

11. Иймд хариуцагч У.ээс эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирол буюу хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс 4,459,394 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.*******т олгож, нэхэмжлэлээс үлдэх 9,873,496 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

12. Нэхэмжлэгч Г.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238,494 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.ээс улсын тэмдэгтийн хураамж 86,300 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.*******т олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан хариуцагч У.ээс гэм хорын хохирол 4,459,394 /дөрвөн сая дөрвөн зуун тавин есөн мянга гурван зуун ерэн дөрөв/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.*******т олгож, нэхэмжлэлээс үлдэх 9,873,496 /есөн сая найман зуун даван гурван мянга дөрвөн зуун ерэн зургаа/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238,494 /хоёр зуун гучин найман мянга дөрвөн зуун ерэн дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.ээс улсын тэмдэгтийн хураамж 86,300 /наян гурван мянга зургаан зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.*******т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Ц.ДАГИЙМАА

 

Г.ЖАРГАЛТУЯА