| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 181/2022/01929/И |
| Дугаар | 181/ШШ2023/03292 |
| Огноо | 2023-10-17 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 181/ШШ2023/03292
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Шангууч овогт Т.О /РД:./-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ХБ ХХК /РД:/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Т.О,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ц.М,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.С, Г.Н,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ш.Баасанжав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т.О ХБ ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Т.О миний бие ХБ ХХК-ийн Эрсдлийн газарт ахлах мэргэжилтэн албан тушаалд 2013 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон бөгөөд 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Зээлийн газарт Зээлийн судалгааны хэлтсийн захирал, 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс Экспорт, импортын худалдааны санхүүжилтийн газарт, Экспорт, импорт худалдааны санхүүжилтийн хэлтсийн захирлаар ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа ямар нэг сахилгын зөрчил гаргаж байгаагүй.
ХБ ХХК-ийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Ж.Э, газрын захирал Б.А, хүний нөөцийн захирал З.Т нар 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр намайг дуудаж, улс төрийн ямар нэг этгээдтэй холбоотой, тодорхой зээлүүд дээр шалгагдаж байгаа, ажлын ур чадвар хангахгүй гэдэг үндэслэлүүдээр ажлаас чөлөөлж байгаа талаар мэдэгдсэн.
Ажлаас чөлөөлөх үндэслэл болсон улс төрийн этгээдтэй холбоотой, ажлын ур чадвар хангалтгүй, хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа гэх үндэслэлүүд нотлогдоогүй. Тухайн үед гэрчээр намайг дуудаж холбогдох зээлүүдийн талаар мэдүүлэг авсан боловч сэжигтэн, яллагдагчаар татагдаагүй байсан.
Мөн ТТХ ХХК-ийн дүгнэлтийг буруу гаргасан гэхэд нь би газрын захиралд Та наад дүгнэлтээ эхлээд сайн уншаарай. Би 5 жилийн өмнөх зээлийн дүгнэлт гаргахдаа өнөөдөр зээлийн нөхцөл байдал ямар байхыг тодорхой бичсэн байгаа. Ийм дүгнэлтэд үндэслээд буруу дүгнэлт гаргалаа гэж дүгнэх боломжгүй гэж хэлсэн.
Б.А захирлын В.М ХХК-тай холбоотой асуудал дээр Компанийн орж ирж байгаа мөнгийг 100 хувь төлбөрт авъя гэсэн асуудал байсан. Хариуцсан эдийн засагчтай хамт компанитай нь уулзалт хийхэд Бид нар үйл ажиллагаагаа тогтвортой явуулаад дараа дараагийн төлбөрөө хийхийн тулд 30 хувийг үйл ажиллагааны зардалд авъя гэсэн асуудал яригдсан. Тэр хүсэлтийг хавсаргаад Б.А захирал руу 100 хувь биш 70 хувиар авахгүй бол хоёр удаа төлбөр хийсэн ч гурав дахь удаагийнх дээрээ үйл ажиллагаа нь зогсоод банкны зээл цаашдаа төлөгдөх боломжгүй болох юм байна гэдэг тайлбарыг бичээд явуулсан. Гадны банктай холбогдоогүй гэдэг асуудлын хувьд компани нь өөрөө Манай үйл ажиллагаа доголдсон, хэвийн бус байгаа нөхцөлд гадны банктай битгий холбогдооч гэж гуйсан. Тийм учраас бид холбогдоогүй. Бидний авсан арга хэмжээний хүрээнд зээл нь эргэн төлөгдсөн.
Тэр үед Ж.Э захирал Ямар ч байсан өөрт чинь ажлаас халах тухай мэдэгдлээ. Холбогдох хууль хяналтын байгууллагууд шалгах байх. Сайн өмгөөлөгч аваарай, өөрөө яллагдагч болно шүү гэж дарамтлах байдлаар хэлсэн. Тийм үг сонсоод би нэлээн балмагдсан. Ингээд тушаалын үндэслэлээ гаргаад дүгнэлтээ танилцуулах байх, надаас тайлбар авах байх. Тухайн үед хүчин төгөлдөр байсан журам, Хөдөлмөрийн тухай хуулийн хүрээнд мэдэгдэх байлгүй дээ гэж бодоод Хэрвээ та бүхэн халагдах шийдвэр гаргах бол би хууль хяналтын байгууллагад хандана гэж хэлээд гарсан.
Маргааш өглөө нь ажилдаа ирэхэд компьютерийн сүлжээ тасалсан, ямар ч ажил хийх боломжгүй байдалтай байсан. Газрын захирал Б.А болон бусад хүмүүстэй уулзалтад байнга хамт оролцдог байсан боловч тэр өдрөөс эхлэн намайг ажилд оролцуулаагүй. Газрын дотоод сүлжээнд надад хандсан ямар нэгэн зүйл байгаагүй. Өглөө ажилдаа ирж бүртгүүлдэг, өдөржин зүгээр суудаг, орой нь явдаг байсан. Харин ажилтнууд нарийн зүйлийг мэдээгүй учир надаас ажлаа асуугаад холбогдоод явсан.
Тухайн үед би сэтгэл зүйн дарамттай байсан. Ажилтнуудын группт пост бичсэн боловч Арай түргэдсэн байна гэж бодоод маргааш нь устгасан. Захирлын зөвлөлийн хурал 3 дугаар сард хуралдахад тэр постыг хараад ярих үндэслэл байхгүй.
Түүнээс хойш удирдлагуудын зүгээс ажлын талаар ямар ч мэдээлэл, холбоо байхгүй, ажил хийх боломжгүй болсон. Улмаар 2022 оны 02 дугаар сарын 28, 29-ний үеэр дотоод сүлжээг нээсэн. Би Ажлаа хий гэж байгаа юм байлгүй гэж бодоод холбогдох асуудлаар хандах гэхээр газрын захирлаас ямар ч холбоо байхгүй, ямар ч асуудал ярихгүй, бүх зүйлээс хязгаарласан байсан. Би дотоод сүлжээ, э-мэйлээр газрын захиралд Ажил хийлгэх юм уу, хийлгэхгүй бол тодорхой үндэслэлээ хэлээч, ямар шалтгаан байна, хүмүүсийн дунд би зүгээр суугаад байхад хэцүү байна гэж удаа дараа хандахад газрын захирлаас надад ямар ч тайлбар өгөөгүй.
Би Н.М захиралд Намайг ажлаас халж байгаа шалтгааныг үндэслэлгүй гэж үзэж байна. Хэрвээ үндэслэлгүй халагдаж байгаа тохиолдолд хууль хяналтын байгууллагаар явна. Өөр шалтгаан байгаа бол Хөдөлмөрийн тухай хууль, журмын дагуу тэтгэмжээ аваад тохиролцоод гарч болно. Удирдлагууд надтай ажиллуулахгүй гэж байгаа бол заавал энд ажиллах шаардлага байхгүй гэж албан ёсоор өргөдөл бичсэн боловч надад хариу өгөөгүй.
ХБ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Б-40 дугаартай Т.Оийг ажлаас чөлөөлөх тухай тушаал-ыг надад 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр мэдэгдэж, гардуулсан. Тушаалаа аваад өөрийгөө ёс зүйн ноцтой зөрчил гаргасан гэдэг үндэслэлээр халагдаж байгаа юм байна гэдгийг мэдсэн. Улмаар ямар ноцтой зөрчил гаргасан, яагаад надаас тайлбар аваагүй гэдгийг мэдээгүй халагдсан.
ХБ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Б-40 дүгээр тушаалын үндэслэх хэсэгт ХБны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.5.6, ХБны дүрмийн 9.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.4, 83 дугаар зүйлийн 83.1, 83.3 дахь хэсэг, Хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.13.6, 10.13.8, 11.2 дахь заалтыг тус тус үндэслэн 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлсөн.
Тушаал, шийдвэр нь эрх зүйн акт болохын хувьд ажлаас чөлөөлж байгаа тушаал нь агуулгын болон хэлбэрийн хувьд хуульд тавигдсан шаардлагыг хангаж байх ёстой.
Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын шийтгэлийн шинж чанар, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ гэж заасан.
Дээрх тушаалд хөдөлмөрийн гэрээг үндэслээгүй, ажилтнаас ноцтой зөрчлийн талаар тайлбар мэдүүлэг аваагүй. Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гэдэг бол хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан, үйлдэл бүрийг нэрлэн заасан байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл талууд харилцан тохиролцсон байхыг шаардана. Гэтэл тушаалын тушаах хэсэгт ямар зөрчлөөр ажлаас халж байгааг бичээгүй. Сахилгын хэм хэмжээ зөрчснийг ямар нэгэн байдлаар урьдчилж тогтоосон үйл баримт байгаагүй. Ийм учраас тушаал агуулгын хувьд шаардлага хангаагүй.
Тушаалын үндэслэл болсон ХБны Хөдөлмөрийн дотоод журмыг 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр шинэчлэн баталсан бөгөөд ажлаас чөлөөлөх тушаалын үндэслэл болсон Хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.13.6 дахь заалт нэмэгдсэн. Иймд намайг болон бусад ажилтнуудыг хоморголон ажлаас халахын тулд дээрх журмыг шинэчлэн баталсан гэж үзэж байна.
Мөн Хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэн батлахдаа ажилтны төлөөллийн саналыг аваагүй, ажилтанд танилцуулаагүйг Хөдөлмөрийн тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 122.2-т заасныг зөрчсөн гэж үзнэ.
Хөдөлмөрийн дотоод журмын 10.4 дэх хэсэгт Ёс зүйн болон сахилгын зөрчил гаргасан тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, давтамж, захирлуудын зөвлөлийн шийдвэр зэргийг харгалзан гүйцэтгэх захирлын тушаалаар ёс зүй, сахилгын шийтгэл оногдуулна гэж оруулсан.
ХБ ХХК-иас 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ажилтнуудын төлөөлөгчид явуулсан Хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт байсан Ажилтан үүрэг даалгаврыг харьяалах нэгж удирдлагын газрын захирал, тэргүүн дэд захирал болон гүйцэтгэх захирлаар шууд дүгнүүлнэ гэсэн үг, өгүүлбэр байсныг ийм байдлаар өөрчилсөн.
Байгууллагын хөдөлмөрийн дотоод журам болон ёс зүйн дүрэм, ёс зүй ашиг сонирхлын хорооны ажиллах журам, ажилтнаас тайлбар мэдүүлэг авна гэсэн дүрэм, журмууд хоорондоо зөрчилдөж байна. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасантай зөрчилдсөн байдлаар ямар нэгэн тайлбар авахгүйгээр Хөдөлмөрийн дотоод журам-ын 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт шууд захирлуудын зөвлөл шийдвэр гаргаад гүйцэтгэх захирал сахилгын шийтгэл оногдуулж болохоор заасан.
ХБ ХХК-ийн захирлуудын зөвлөл 11, 12 хүний бүрэлдэхүүнтэй байна. Гэтэл 4 хүн хуралдсан тэмдэглэл байна. Захирлуудын зөвлөлийн ажиллах журамд хурлын шийдвэр дээр дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурна гэж бичсэн байна. Шийдвэрлэв хэсэгт хэдэн хувийн саналаар хэрхэн шийдвэрлэсэн талаар байхгүй. Бусад хэлтсийн захирлууд энэ хуралд оролцоогүй байна. Иймд хэрэгт авагдсан шийдвэр гээд байгаа тэмдэглэлийг харахад хуульд нийцээгүй.
ХБ дээрх байдлаар ажилтны эрхийг дордуулж ажлаас халсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар байгууллагын дотоод хэм хэмжээ, хөдөлмөрийн гэрээ хоорондоо зөрчилдөх юм бол ажилтанд ээлтэй байдлыг хэрэглэх зарчимтай.
Мөн нэхэмжлэгч нийт хамт олны хурлаас ажилтны төлөөлөгчөөр сонгогдоод, хамтын гэрээ байгуулах үйл явц явагдаж байсан. Хамтын гэрээний талууд саналаа солилцож байсан. Энэ үүргээр ажил олгогч асуудлыг ажилтны төлөөлөгч нарт гаргаж өгч байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.4-т Хамтын хэлэлцээ хийх, хамтын гэрээ байгуулах үед ажилтны ажлын байрыг хэвээр хадгална гэсэн зохицуулалт бий.
Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсэгт компани татан буугдсанаас бусад тохиолдолд ажилтны ажлын байрыг хэвээр хадгалж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар ажилтныг цуцлахыг хориглосон.
Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Бүгд Найрамдах Монгол Ард Улсын 1991 оны Үйлдвэрчний эвлэлийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт Үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтныг хамт олны болон өөрийнх нь зөвшөөрөлгүй ажлаа халахыг хориглоно гэж заасан. Сонгуульт ажилтанд ажилтны төлөөлөл нэгэн адил хамаарна. Энэ тохиолдолд ажлаас халахыг хориглосон энэ зохицуулалтыг хэрэглэнэ. Иймд ажлаас үндэслэлгүй халсан гэж үзнэ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.6 дахь хэсэгт зааснаар ажил олгогч нь ажил үүргээр хангах, ажиллах нөхцөл боломж, тоног төхөөрөмжөөр хангах үүрэг хүлээдэг. ХБ ХХК намайг 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс хойш огт ажил үүргээр хангаагүй. Энэ үүргээ биелүүлээгүй болох нь гэрч Б.А, Ж.Э, Ц.Буянхишиг нарын гэрчийн мэдүүлгээр нотлогддог.
ХБ ХХК-д Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт заасан Хөдөлмөрийн маргаан таслах комисс байхгүй, Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн засаг захиргаанд Хөдөлмөрийн тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасан Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байхгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Иймд намайг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэхийг ХБ ХХК-д даалгаж өгнө үү гэв.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
ХБны гүйцэтгэх захирлын 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Б-40 дүгээр тушаалаар Т.Оийг ажлаас чөлөөлсөн. Ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.4, 83 дугаар зүйлийн 83.1, 83.3, ХБны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.5.6, ХБны дүрмийн 9.2, Хөдөлмөрийн дотоод журмын 10.13.6, 10.13.8, 11.2, Авлигатай тэмцэх газрын 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 06/2503 тоот албан бичиг, Захирлуудын зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн шийдвэрийг тус тус үндэслэсэн.
Нэхэмжлэгчийг ХБ ХХК-иас Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасан Хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ёс зүйн зөрчил гаргасан гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Тушаалд хөдөлмөрийн гэрээний заалтыг баримтлаагүй ч дотоод журамд заасан ноцтой зөрчил хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заагдсан. Ажлаас чөлөөлсөн тушаалд заавал хөдөлмөрийн гэрээний заалтыг баримтална гэсэн зүйл байхгүй. Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд ямар зөрчлийг ноцтой зөрчилд тооцох вэ гэдгийг заасан. Иймд хөдөлмөрийн гэрээний заалтыг ажлаас чөлөөлсөн тушаалд дурдаагүй нь ажилтны гаргасан ёс зүйн зөрчлийг үгүйсгэх үндэслэл болохгүй.
Нэхэмжлэгч Т.Отэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.3-т ноцтой зөрчилд хамаарах зөрчлүүдийг нэрлэн заасан бөгөөд 6.3.4-т Ажилтан нь ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн нь шалгалтаар тогтоогдсон, 6.3.5-д Ажил олгогчийн бизнесийн болон ажил хэргийн нэр хүндийг гутаах, нууцыг алдагдуулах, худал мэдээлэл өгөх зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нөлөөлөх үр дагаврыг бий болгосон, хамт олны эв нэгдлийг үймээн бутаргахад чиглэсэн үйлдэл гаргасан, бусдын нэр хүндийг гутаах, гүтгэн гүжирдэх, бусдыг энэ үйлдэлдээ өдөөн хатгах, турхирах, удирдлагад ямар нэгэн байдлаар дарамт, шахалт үзүүлсэн зөрчил хамаарахыг тухайлан заасан.
ХБ ХХК-ийн зүгээс Хөдөлмөрийн дотоод журам шинэчлэн батлахдаа ажилчид болон холбогдох этгээдүүдээс санал авсан.
Хөдөлмөрийн дотоод журмын 10.13.8-д зааснаар Ажил олгогчийн бизнесийн болон ажил хэргийн нэр хүндийг гутаах, нууцыг алдагдуулах, худал мэдээлэл өгөх зэргээр түүний эрх ашиг, сонирхолд нөлөөлөх үр дагаврыг бий болгосон, хамт олны эв нэгдлийг үймээн бутаргахад чиглэсэн үйлдэл гаргасан бусдын нэр хүндийг гутаах, гүтгэн гүжирдэх, бусдыг энэ үйлдэлдээ өдөөн хатгах, турхирах бусдад дарамт шахалт үзүүлсэн бол ноцтой зөрчилд хамаарна.
Нэхэмжлэгч нь 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд ХБны үе үеийн ажилчид гэх 283 гишүүнтэй фейсбүүкийн группт ажил олгогчийн бизнесийн нэр хүндийг гутаасан, удирдах албан тушаалтан руу чиглэсэн, гутаан доромжилсон агуулга бүхий постуудыг удаа дараа оруулсан. Нэхэмжлэгч дээрх агуулгатай пост бичсэн гэдгээ шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрсөн. Энэ үйлдэл нь хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчилд хамаарч байна.
Мөн Т.О нь шууд удирдлагыг үл тоомсорлосон, баг болж ажиллаж чадахгүйгээс удирдлага болон ажилтны хоорондын зөрчил үүсч, улмаар ажил урагшлахгүй гацсан ба хэд хэдэн чанаргүй болсон зээлийн олголтод гар бие оролцсон байдаг.
ХБ ХХК-иас олгосон маш олон зээл чанаргүйдсэн. ХБ ХХК, ХБ ХХК-д баталгаа гаргасан Засгийн газар дампуурлаа зарлах уу гэдэг нөхцөл байдал үүссэн байхад удирдлагын баг солигдсон. Тэр үед удирдлагын баг олон жилийн турш ХБ ХХК нь эрх мэдэл, албан тушаалтай хүмүүст зээл олгосон, авлига хээл хахуулийн асуудлыг цэгцлэх чиг үүрэгтэй ирсэн. Удирдлагууд ирээд ажилтнуудын нөхцөл байдлыг нэг бүрчлэн авч үзэхэд нэхэмжлэгч нь баг болж ажиллахгүй, удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй гэсэн нөхцөл байдал харагдсан. Энэ нь В.М ХХК-ийн зээл чанаргүйдсэн байхад мөнгөн урсгал нь 100 хувь ХБ ХХК-ийн дансаар дамжина гээд шууд удирдлага тухайн компанитай хэлцэл хийсэн байсныг 70 хувь болгож дур мэдэн удирдлагын зөвшөөрөлгүй бууруулсан асуудал яригдсан. Эндээс эхлэн ажилтан болон ажил олгогчийн хоорондын харилцаанд итгэлцэл байхгүй болсон.
Нэхэмжлэгчид ажил үүрэг даалгавал ХБ ХХК-ийн ашиг сонирхлын төлөө ажиллах юм уу эсхүл өөр ашиг сонирхлоор ажиллах гээд байна уу гэдгийг мэдэх боломжгүй болсон учир цаашид ажил даалгахад эрсдэлтэй болсон. Тухайн үед Авлигатай тэмцэх газраас эдгээр хүмүүст эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж эхэлсэн. Энэ үйл явдлаас болоод сүүлийн 1 сар нэхэмжлэгчийг ажил үүргээр хангах боломжгүй болсон.
Банкны Захирлуудын зөвлөлийн ээлжит хурал 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хуралдаж, Экспорт, импорт худалдааны санхүүжилтийн хэлтсийн захирал Т.Оийг ёс зүйн ноцтой зөрчил гаргасныг хэлэлцэж тогтоогоод хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэр гаргасан. Энэ шийдвэр Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн. Захирлуудын зөвлөлийн хурлаар тухайн зөрчилтэй холбоотой пост, удирдлагаас өгсөн ямар үүрэг даалгаврыг биелүүлээгүй, удирдлагатай ямар таарамжгүй харилцаа үүсгэсэн талаарх баримтуудыг хэлэлцээд тогтоосон.
Хөдөлмөрийн дотоод журмын 10.13.6-д Ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөнийг Захирлуудын зөвлөл тогтоосон, мөн журмын 11.2-т Ажилтан нь журамд заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг шууд цуцална гэж заасныг тус тус үндэслэн Т.Оийг ажлаас чөлөөлсөн гүйцэтгэх захирлын тушаал үндэслэлтэй байна.
Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.7 дахь хэсэгт заасан ажил олгогчийн удирдах чиг үүргийг хэрэгжүүлэхэд нь хүндэтгэлтэй хандах, ажил олгогчийн төлөөлөгчийн хууль ёсны үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлэх үүргийг нэхэмжлэгч биелүүлээгүй.
Иймд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлтэй тул
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар ХБ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Б-40 тоот Т.Оийг ажлаас чөлөөлөх тухай тушаал, ХГ/18/58 тоот Хөдөлмөрийн гэрээ, Нууцын баталгаа, 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Гэрээний нэмэлт, өөрчлөлт, 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, Эрх зүйн туслалцаа, үйлчилгээ үзүүлэх гэрээ, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШЗ2022/04759 дүгээр Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 2/367 тоот Зөвлөмж хүргүүлэх тухай албан бичиг ирүүлсэн.
Хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар ХБ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Г.Санжаадорж, Б.Энхбаатар, Р.Түвшинбат, нарт олгосон итгэмжлэл, ХБны захирлуудын зөвлөлийн ээлжит хурлын тэмдэглэл, ХБны гүйцэтгэх захирлын 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн А-21 тоот Журам батлах тухай тушаал, Хөдөлмөрийн дотоод журам, ХБны нийт ажилтны хурлын тэмдэглэл, ажилтны төлөөллөөс гаргасан Хамтын гэрээ байгуулах хүсэлт, ХБны гүйцэтгэх захирлын 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А-11 тоот Эрх олгох тухай тушаал, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 151 дүгээр тогтоол, Э.С, Г.Н нарт олгосон итгэмжлэл ирүүлсэн.
Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтууд:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр ХБны гүйцэтгэх захирлын 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн А-21 тоот тушаалаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журам, ХБны гүйцэтгэх захирлын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А-383 тоот тушаалаар батлагдсан "Хөдөлмөрийн дотоод журам, ХБны гүйцэтгэх захирлын 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А-22 тоот тушаалаар батлагдсан Ёс зүй, сахилгын хорооны ажиллах журам, ХБны гүйцэтгэх захирлын 2012 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн А-12 тоот тушаалаар батлагдсан ХБны ажилтны ёс зүйн дүрэм, ХБны захирлуудын зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн шийдвэр, хуралдааны тэмдэглэл, ХБны гүйцэтгэх захирлын 2019 оны А-399 тоот тушаалаар батлагдсан Баримт бичгийн процессын журам, ХБны гүйцэтгэх захирлын 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн А-96 тоот тушаалаар батлагдсан Албан хэрэг хөтлөлтийн заавар, ХБны гүйцэтгэх захирлын 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн А-78 тоот тушаалаар батлагдсан Албан хэрэг хөтлөлтийн түр журам, ХБны гүйцэтгэх захирлын 2012 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн А-12 тоот тушаалаар батлагдсан Хүний нөөцийн бодлого, ХБны гүйцэтгэх захирлын 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн А-177 тоот тушаалаар батлагдсан Захирлуудын зөвлөлийн ажиллах журам-ыг хариуцагч ХБ ХХК-иас гаргуулж,
нэхэмжлэгч Т.Оийн [email protected] мэйл хаягаас 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 12 цаг 38 минутанд ХБны Экспорт, импорт, худалдааны санхүүжилтийн газрын захирал Б.Агийн /[email protected]/ мэйл хаягт илгээсэн Ажлын байрны асуудлыг шийдвэрлэх тухай цахим шуудан, 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 12 цаг 13 минутанд ХБны Экспорт, импорт, худалдааны санхүүжилтийн газрын захирал Б.А /[email protected]/, Бизнес хөгжил хариуцсан дэд захирал З.Батырбек /[email protected]/ нарт илгээсэн Тайлан, төлөвлөгөө мэдээлэл ирүүлэх тухай цахим шууданд үзлэг хийж, Ц.Булганхишиг, С.Цэгцбаяр, Б.Чинзориг нараас гэрчийн мэдүүлэг авсан.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хүсэлтээр Ж.Э, Б.А нараас гэрчийн мэдүүлэг авч, Б.Агийн цахим шууданд Б.Агаас 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 9:41 минутад Т.От хүргүүлсэн мэйл, Б.Агаас 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 03:53 минутад Т.От хүргүүлсэн мэйл, Т.Оээс 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 12:13 минутад З.Батырбек, Б.А нарт хүргүүлсэн цахим шууданд үзлэг хийсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: ХБ ХХК нь нэхэмжлэгч Т.Оийг 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэл ажил үүргээр хангах үүргээ хэрэгжүүлээгүй. Улмаар 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр ажлаас чөлөөлөх тушаал гаргасан бөгөөд уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ямар ноцтой зөрчил гаргасан болохыг бичээгүй, гаргасан гэх зөрчлийг шалгаж тогтоосон баримтгүй, ажилтнаас тайлбар мэдүүлэг аваагүй тул тушаал хууль зүйн үндэслэлгүй. Мөн ажил олгогч Хөдөлмөрийн дотоод журам шинэчлэн батлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 122.2-т заасныг зөрчиж, ажилтны төлөөлөгчийн саналыг харгалзаагүй, шинэчлэн баталсан журмыг ажилтанд танилцуулах үүргээ хэрэгжүүлээгүй. Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй Хөдөлмөрийн дотоод журмын заалтыг үндэслэж, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.4-т заасан Хамтын хэлэлцээ хийх, хамтын гэрээ байгуулах үед ажилтны ажлын байрыг хэвээр хадгална гэсэн зохицуулалтыг зөрчсөн тул урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг даалгахаар шаардах эрхтэй гэж тодорхойлов.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Нэхэмжлэгч нь 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд ХБны үе үеийн ажилчид гэх 283 гишүүнтэй фейсбүүкийн группт ажил олгогчийн бизнесийн нэр хүндийг гутаасан, удирдах албан тушаалтан руу чиглэсэн, гутаан доромжилсон агуулга бүхий постуудыг удаа дараа оруулсан. Мөн Т.О нь шууд удирдлагыг үл тоомсорлон, баг болж ажиллаж чадаагүй. Энэ үйлдэл нь хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчилд хамаарна. Банкны Захирлуудын зөвлөлийн ээлжит хурал 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хуралдаж, Экспорт, импорт худалдааны санхүүжилтийн хэлтсийн захирал Т.Оийг ёс зүйн ноцтой зөрчил гаргасныг тогтоож, хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэр гаргасан. Хөдөлмөрийн гэрээний заалтыг ажлаас чөлөөлсөн тушаалд дурдаагүй нь ажилтны гаргасан ёс зүйн зөрчлийг үгүйсгэх үндэслэл болохгүй. Нэхэмжлэгч Т.Оийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн ХБ ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. Нэхэмжлэгч Т.О нь ХБ ХХК-ийн Экспорт, импорт, худалдааны санхүүжилтийн хэлтсийн захирлаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад ХБ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Б-40 дүгээр Т.Оийг ажлаас чөлөөлөх тухай тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хөдөлмөрийн гэрээний хуулбар, гүйцэтгэх захирлын Б-40 дүгээр тушаал, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаагаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 4-11 дүгээр хуудас/
4.2. ХБ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Б-40 дүгээр Т.Оийг ажлаас чөлөөлөх тухай тушаал-д Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.4, 83 дугаар зүйлийн 83.1, 83.3, ХБны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.5.6, ХБны дүрмийн 9.2, Хөдөлмөрийн дотоод журмын 10.13.6, 10.13.8, 11.2, Захирлуудын зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн шийдвэрийг үндэслэн Экспорт, импорт, худалдааны санхүүжилтийн хэлтсийн захирал Т.Отэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болгон цуцалж, ажлаас нь чөлөөлжээ. /хавтаст хэргийн 4 хуудас/
4.3. Нэхэмжлэгч Т.О нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажил олгогчийн шийдвэр үндэслэлгүй талаарх гомдлоо урьдчилан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзэж, 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр шүүхэд гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1, 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасантай нийцсэн байна.
5. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачлагаар цуцлахаар, мөн хуулийн 123 дугаар зүйлд заасан сахилгын шийтгэлийг ажил олгогч ажилтанд ногдуулахдаа ажилтны гэм буруу, сахилгын зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон шийтгэлийн хэлбэрийг сонгох ба тушаалд ажилтны хэзээ гаргасан, ямар зөрчилд сахилгын шийтгэл ногдуулж байгаа үндэслэлээ тусгахаар зохицуулсан.
Хариуцагч ХБ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Б-40 дүгээр тушаалд хөдөлмөрийн гэрээний заалт үндэслээгүй, нэхэмжлэгч Т.Оийн гаргасан ямар зөрчлийн улмаас хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах болсон талаар заагаагүй байх бөгөөд шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс Нэхэмжлэгч Т.О нь шууд удирдлагатай зохисгүй харьцсан, 283 гишүүнтэй олон нийтийн цахим сүлжээнд ажил олгогчийн бизнесийн нэр хүндийг гутаасан, удирдах албан тушаалтан руу чиглэсэн, гутаан доромжилсон агуулга бүхий постуудыг нийтэлсэн, Захирлуудын зөвлөлийн хурлаар нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийг тогтоож, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахаар шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн дотоод журмын 10.13.6, 10.13.8-д заасан ноцтой зөрчилд хамаарна гэж тайлбарласан.
6. ХБ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн А-21 тушаалаар шинэчлэн баталсан Хөдөлмөрийн дотоод журам-ын 10.13.6-д заасан Ёс зүйн хэм хэмжээ зөрчсөнийг Захирлуудын зөвлөл тогтоосон, 10.13.8-д заасан Ажил олгогчийн бизнесийн болон ажил хэргийн нэр хүндийг гутаах, нууцыг алдагдуулах, худал мэдээлэл өгөх зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нөлөөлөх үр дагаврыг бий болгосон, хамт олны эв нэгдлийг үймээн бутаргахад чиглэсэн үйлдэл гаргасан, бусдын нэр хүндийг гутаах, гүтгэн гүжирдэх, бусдыг энэ үйлдэлдээ өдөөн хатгах, турхирах, бусдад дарамт шахалт үзүүлсэн үйлдэл, эс үйлдэхүйг ноцтой зөрчилд тооцохоор, журамд заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар Хөдөлмөрийн дотоод журмын 11.2-т заажээ. /хавтаст хэргийн 40-48 дугаар хуудас/
6.1. ХБ ХХК-ийн Захирлуудын зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн ээлжит хурлаар Хүний нөөцийн асуудлыг шийдвэрлэх тухай хэлэлцэж, Экспорт, импорт, худалдааны санхүүжилтийн хэлтсийн захирал Т.Оийг тус албан тушаалаас чөлөөлөхөөр шийдвэрлэж, холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Дотоод үйл ажиллагааны хэлтэс /З.Т/-т үүрэг болгосон байна.
ХБ ХХК-ийн Захирлуудын зөвлөлийн ээлжит хурлын товч тэмдэглэлд Экспорт, импорт худалдааны санхүүжилтийн хэлтсийн захирал Т.О, газрын захирал Б.Атай тус тус уулзалт хийсэн боловч Т.О нь би гарна гэж ажиллаж чадахгүй, баг болж ажиллаж чадахгүй гэх мэтээр шууд удирдлагыг үл тоосон маягтай, хоорондын зөрчлөөс шалтгаалан энэ газарт ажил урагшлахгүй, удааширсан, гацсан байдалтай байна. Мөн хэд, хэдэн чанаргүй болсон зээлийн олголтод гар бие оролцсон байдаг. Өөрөө ажлаас чөлөөлүүлэх хүсэлтэй хэдий ч 6 сарын цалин, хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгохыг шаардсан. Банкнаас зөвшөөрөгдсөн хэмжээнд буюу 2 сарын цалин, хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгох боломжтой. Энэ асуудлын дараагаар Т.О нь банкны шинэ ба хуучин ажилтнуудын байдаг олон нийтийн сүлжээний бүлэгт удирдлагуудыг харааж, зэхсэн байдлаар бусад ажилтнуудыг айдаст автуулсан, сандаргасан, банкны хэвийн үйл ажиллагаа, ажилтнуудын дотоод уур амьсгалд сөргөөр нөлөөлсөн мэдэгдлүүдийг удаа дараа бичсэн буюу ёс зүйн хэм хэмжээний ноцтой зөрчил нь баримтаар нотлогдон үлдсэн байдаг. Ж.Э гэжээ.
Гэвч Ж.Э нь тус шүүхэд гэрчээр мэдүүлэхдээ ...2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр зээл олголттой холбоотой асуудал яригдсан. Дараа нь фэйсбүүк ажилчдын групп дээр хэд хэдэн нэр бүхий хүмүүс зохисгүй өнгө аяс, агуулгатай пост, мэдээлэл оруулаад байна гэсэн. 170 орчим хүнтэй групп дээр бичээд байна гэж надад скрийншот хийгээд ирж байсан. Би тэр группт байдаггүй. Би буруу санаагүй бол үйл лайгаа эдлэнэ шүү гэх мэт субьектив дүгнэлттэй байсан. Энэ талаар би тодруулаагүй гэж мэдүүлсэн.
Хариуцагч ХБ ХХК-ийн Захирлуудын зөвлөлийн хурлаар нэхэмжлэгч Т.Оийг ёс зүйн хэм хэмжээний ноцтой зөрчил гаргасан гэж дүгнэхдээ ямар баримтад үндэслэн тогтоосон, ХБны ажилтны ёс зүйн дүрэм-д заасан ямар хэм хэмжээг ноцтой зөрчсөнийг тогтоосон болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.
Шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу хариуцагч ХБ ХХК-иас ХБны Захирлуудын зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн шийдвэр, хуралдааны тэмдэглэлийг гаргуулахаар шийдвэрлэсэн боловч хариуцагч уг баримтыг шүүхэд ирүүлээгүй.
Нэхэмжлэгч Т.О шүүх хуралдаанд олон нийтийн цахим сүлжээн дэх ХБ ХХК-ийн ажилтнуудын бүлгэмд сөрөг агуулгатай нийтлэл бичсэнээ хүлээн зөвшөөрсөн боловч хариуцагч ХБ ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар дээрх зөрчлийн талаар ажилтанд мэдэгдэж, ажилтнаас тайлбар авсан болохоо баримтаар нотлох үүргээ мөн хэрэгжүүлээгүй.
6.2. ХБ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн А-177 дугаар тушаалаар баталсан ХБны Захирлуудын зөвлөлийн ажиллах журам-ын 2.12-т Хурлаас гарах шийдвэр нь Хурлын /хураангуй/ тэмдэглэл хэлбэртэй байх ба шаардлагатай асуудлаар Гүйцэтгэх захирал тушаал гаргана, 2.13-т Хурлын тэмдэглэлд Хурлын дарга болон хурлын нарийн бичгийн дарга гарын үсэг зурна гэж заасан байна.
Гэвч хэрэгт авагдсан ХБ ХХК-ийн Захирлуудын зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн ээлжит хурлын товч тэмдэглэлд хурлын дарга болон хурлын нарийн бичиг гарын үсэг зураагүй байх тул дээрх журамд нийцээгүй гэж үзнэ.
Түүнчлэн, ХБ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Б-40 дүгээр тушаалд Захирлуудын зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн шийдвэрийг үндэслэсэн байх тул ХБ ХХК-ийн Захирлуудын зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн ээлжит хурлын товч тэмдэглэлийг тушаалын үндэслэл болсон шийдвэр гэж үзэх үндэслэлгүй байна.
6.3. ХБ ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 10.13.8-д Ажил олгогчийн бизнесийн болон ажил хэргийн нэр хүндийг гутаах, нууцыг алдагдуулах, худал мэдээлэл өгөх зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нөлөөлөх үр дагаврыг бий болгосон, хамт олны эв нэгдлийг үймээн бутаргахад чиглэсэн үйлдэл гаргасан, бусдын нэр хүндийг гутаах, гүтгэн гүжирдэх, бусдыг энэ үйлдэлдээ өдөөн хатгах, турхирах, бусдад дарамт шахалт үзүүлсэн гэх ноцтой зөрчилд хамаарах 8 зөрчлийг заасан байх боловч нэхэмжлэгчийн гаргасан зөрчил нь дээрх зөрчлүүдийн алинд хамаарах нь тодорхойгүй байна.
Түүнчлэн, гэрч Б.А ...Т.Оийн шууд удирдлагын хувьд миний зүгээс өгсөн үүрэг, даалгаврыг хугацаанд нь биелүүлдэггүй үл тоож ханддаг байсан...Өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлдэггүй байсан...Шууд удирдлагаа үл тоосон, чанаргүй зээлтэй холбоотой оролцсон гэж ажлаас халсан... талаар мэдүүлсэн боловч нэхэмжлэгч Т.Оийг ажлаас чөлөөлсөн тушаалд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, шууд удирдлагатай зүй бус харьцсан, чанаргүй зээл олгосон зөрчлийн улмаас хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан болохоо заагаагүй, тушаалын үндэслэл болсон Хөдөлмөрийн дотоод журмын 10.13.6, 10.13.8-д уг зөрчил хамаарахгүй байна.
7. Иймд ХБ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Б-40 дүгээр тушаалд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах болсон үндэслэлээ тодорхой заагаагүйгээс уг тушаалыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэх боломжгүй.
8. Хариуцагч ХБ ХХК нь нэхэмжлэгч Т.От 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр ажлаас халах тухай мэдэгдэж, 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.6-д заасан ажилтныг ажлаар хангаж, зааварчилгаа өгөх үүргээ хэрэгжүүлээгүй болох нь гэрч Б.Чинзоригийн ...Ажлаас халах тухай мэдэгдсэний үдээс хойш компьютерийн дотоод сүлжээ, мэйл хаяг хаасан, ажил хийх боломжгүй болгосон...Би мэдээлэл технологийн н.Хишигбаатараас асуухад 15 хүний нэр өгсөн, энэ хүмүүсийн сүлжээг хаа гэсэн даалгавар өгсөн гэсэн. Тэрний дагуу сүлжээг хаасан. 1 сарын турш ямар ч ажил үүрэг өгөөгүй... гэх мэдүүлэг, гэрч С.Цэгцбаярын ...Миний хувьд жагсаалтад орсон гээд эрх хаасан байсан. Бүх хүмүүсийн эрхийг хаасан байсан...Ажил хийх боломжгүй байсан...Ажлын байран дээр 1 ширээ, 1 шкаф байсан...7-10 хоногийн дараа нээсэн... гэх мэдүүлэг, гэрч Ж.Эын ...Мэдээллийн аюулгүй байдлын үүднээс зарим нэг систем рүү орох эрхийг нь түдгэлзүүлсэн... гэх мэдүүлэг, нэхэмжлэгч Т.Оээс 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 12 цаг 38 минут, 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 12 цаг 13 минутад Б.Ад илгээсэн цахим шууданд үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдож байна.
Харин хариуцагч ХБ ХХК нь Хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэн батлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 122.2-т заасныг зөрчсөн гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар нь гэрч Ц.Булганхишигийн ...Хөдөлмөрийн дотоод журам шинэчилсэн найруулга хэлбэрээр батлагдсан. Нэгбүрчлэн ажилтнуудад танилцуулаад гарын үсгээр баталгаажуулах процесс байдаггүй. Тухайн үед е оффис системд байршуулаад, мэйлээр бүгдэд нь мэдэгддэг. Ажилтнууд танилцсан гэсэн үг. Нэг бүрчлэн танилцуулаад гарын үсэг зуруулдаггүй...Хөдөлмөрийн дотоод журамд өөрчлөлт оруулахдаа газар, нэгжээс санал авдаг. Газар, нэгжүүд рүү явуулаад тэдгээрээс санал ирж байгаа хариу нь учир тухайн нэгжийн ажилтнууд хамрагдсан гэсэн үг... гэх мэдүүлгээр үгүйсгэгдэж байна.
Мөн хариуцагч ХБ ХХК нь нэхэмжлэгч Т.Оийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан тул энэ тохиолдолд Хөдөлмөрийн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.4-т заасан Хамтын хэлэлцээ хийх, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр байгуулах, хууль ёсны ажил хаялтад оролцож байгаа ажил үүргээ гүйцэтгээгүй ажилтны ажлыг байрыг хэвээр хадгалах зохицуулалт хамаарахгүй.
9. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Т.Оийг ажлаас чөлөөлсөн ХБ-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Б-40 дүгээр тушаал хууль зүйн үндэслэлгүй байх тул түүнийг урьд эрхэлж байсан Экспорт, импорт, худалдааны санхүүжилтийн хэлтсийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлтэй.
10. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно. гэж заасан.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын дагуу нэхэмжлэгч Т.Оийн дундаж цалинг 2022 оны 01, 02, 3 дугаар сард авсан цалингаар тооцоход 1 сарын 4,193,650.67 төгрөг, 1 өдрийн 199,697.65 төгрөг байна.
Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг түүнийг ажлаас чөлөөлөх тушаал гарсан 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл ажлын 395 хоногоор тооцож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 78,880,571 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
11. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Оийн 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг хариуцагч ХБ ХХК-д даалгах нь зүйтэй.
12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар дээрх нэхэмжлэл гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэлийн төрөлд хамаарах тул нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөгийг дурдаж, хариуцагч ХБ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 622,553 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Оийг ХБ ХХК-ийн Экспорт, импорт, худалдааны санхүүжилтийн хэлтсийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ХБ ХХК-иас 78,880,571 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.От олгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Оийн 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагч ХБ ХХК-д даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар дээрх нэхэмжлэл гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэлийн төрөлд хамаарах тул нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөгийг дурдаж, хариуцагч ХБ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 622,553 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, шүүх хуралдаанд оролцсон тал мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ