Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 525

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга И.Буманбаяр,

улсын яллагч Э.Гэрэлмаа,

хохирогч С.Батжаргал,

шүүгдэгч Б.Алтанбагана, түүний өмгөөлөгч Н.Энхбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Баярцэнгэлийн Алтанбаганад холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201725012070 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Боржигон овогт Баярцэнгэлийн Алтанбагана, 1999 оны 8 дүгээр сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, халх, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Лондон паб-д туслах тогооч ажилтай, ам бүл 7, эцэг, эх, ах, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 3в хэсэг 743 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай /РД: УХ99080311/,

Шүүгдэгч Б.Алтанбагана нь 2017 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт С.Батжаргалтай дүүг дээрэлхлээ гэх шалтгааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Б.Алтанбагана шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Шүүхээс гарсан 256.000 төгрөгийг төлсөн байгаа. 5 дугаар сарын 20-ны өдөр сагс тоглож байгаад муудалцсан. Маргааш нь манай дүү дээр олуулаа ирээд ахтай чинь зодолдоно гэж хэлсэн байсан. Би сүүлд Батжаргалтай таараад манай дүүг дээрэлхэж байсан гээд очиход Батжаргал боосон учир би хамгаалах гэж цохьсон” гэв.

Хохирогч С.Батжаргал шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Сагсны шийдэн дээр тоглож байхад Алтанбаганы найз нь гээд Отгоо гэдэг хүүхэд агсам тавиад байсан. Намайг дуудахаар нь би очихгүй гэхэд Алтабаганы дүү нь хажуу талаас томрох газраа томроорой гэж байсан. Тэр үед дүү нь Алтанбаганы найзуудтай олуулаа байсан. Дараа нь дүүтэй нь таарчихаад ахыгаа олуулаа ирж байхаар ганцаараа ирж уулз гэж хэлээрэй. Би Алтанбаганыг түрүүлж боогоогүй намайг цохиод цүнхний нэг мөр унаад нэг гараараа малгайгаа барьж байсан. Миний гар завгүй байсан, би цохиогүй. Сүүлд нэг эгч ирж салгасан. Эмчилгээний зардал гэж 256.000 төгрөгөөр үзлэг хийлгэсэн. Хамраа тэгшлүүлэх хүсэлтэй байна. Төлбөрөө төлөөд баримтыг нь авах гэхээр хагалгаа хийгээд төлбөр авна гэсэн. Дотор гадна хугарал гээд хувийн эмнэлэгт 1.500.000 төгрөгийн эмчилгээний зардал орно гэсэн. Толгойгоо үзүүлэх гээд чадаагүй” гэв.

Хохирогч С.Батжаргал мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би Алтанбаганы дүүтэй хэрэлдэж байхад Алтанбагана намайг хажуунаас цохьсон. “...Миний нүүр рүү 2-3 удаа цохьсон. Тэгээд би харих гэсэн чинь араас ирээд цохиод байсан. Тэгэхээр нь би Алтанбаганыг заамдаж авсан чинь миний хамарнаас цус гараад бид хоёр салсан. Тэгээд Алтанбагана буцаж ирээд нүүр рүү цохьсон, тэгээд намайг цохихоо больсон. Би хашаанд шахуулаад байж байхад нэг танихгүй эмэгтэй ирээд бид хоёрыг салгасан...” гэсэн мэдүүлэг. /хх-21/,

Гэрч А.Ханна мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Намайг гудамжаар явж байхад Алтанбагана, Батжаргал хоёр зогсчихсон, тэр хоёрын хамарнаас цус гарчихсан, Алтанбагана Батжаргалыг цохих гэж байхад нь би салгасан, тэгээд тэр хоёр салаад явцгаасан...” гэсэн мэдүүлэг. /хх-26/,

Гэрч Н.Батзориг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Алтанбаганатай гудамжинд явж байхад Батжаргал таараад Алтанбагана Батжаргалыг дүү дээрэлхээд байгаарай гэсэн чинь Батжаргал заамдаж авсан. Тэгээд тэр хоёр хоорондоо хэрэлдэж байгаад нэг нэгнийгээ цохьсон. Алтанбагана Батжаргалын нүүр, ам, гэдэс рүү нь цохьсон, тэгээд тэр хоёр хоорондоо хэрэлдэж байгаад салсан...” гэсэн мэдүүлэг. /хх-27/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн №7155 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

  1. С.Батжаргалын биед хоншоор ясны духны сэртэн, баруун нүдний ухархайн доод хана, хоншоор ясны урд хананы хугарал, баруун хоншоор орчмын зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхины цус хуралт, алимны цус харвалт, доод уруулын салстын шарх гэмтэл тогтоогдлоо .
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр  үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэж цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. /хх-31/,

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Б.Алтанбаганад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.Алтанбаганыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, хуульд заасан ял шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Алтанбагана нь хохирогчид баримтаар учирсан хохирлыг барагдуулсан, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд ял хүнрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирогч С.Батжаргал нь эмчилгээний зардалд 1.500.000 төгрөг нэхэмжилж байгаа бөгөөд баримтаар тогтоогдсон 256.000 төгрөгийг шүүгдэгч Б.Алтанбагана нь хохирогчид төлсөн байна.

Харин хохирогч С.Батжаргал нь цаашид гарах эмчилгээний зардлын нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж байна.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, үйлдсэн хэрэгтээ дүгнэлт өгсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Боржигон овогт Баярцэнгэлийн Алтанбаганыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Алтанбаганыг 450 нэгж буюу 450*1.000=450.000 /дөрвөн тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Алтанабаганад оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаанд буюу 2019 оны 03 дугаар сарын 18-ны дотор төлөхийг даалгасугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Алтанбагана нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж болохыг сануулсугай.
  5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Алтанбагана нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 256.000 /хоёр зуун тавин зургаа мянга/ төгрөг нөхөн төлсөн болохыг тус тус дурьдсугай.

6. Хохирогч С.Батжаргал нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс /Б.Алтанбагана/ иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Алтанбаганад хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  •             , ШҮҮГЧ                                 Т.ШИНЭБАЯР