2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2652

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ганбаатар,

улсын яллагч Г.Хурмандах,

шүүгдэгч Б.Г, Ч.Б, тэдний өмгөөлөгч Б.Баттулга,

шүүгдэгч П.Э, Г.Н нарыг оролцуулан тус шүүхийн “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2510016071020 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Б овогт П-ийн Э, Монгол Улсын иргэн, 1977 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, ахын хамт *** тоотод оршин суух хаягтай гэх, регистрийн дугаар ***, урьд:

Чингэлтэй дүүргийн шүүхийн 1996.01.24-ний өдрийн 55 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Нийслэлийн шүүхийн 1999.01.03-ны өдрийн 144 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаартай зүйлийн 2-т зааснаар 3 жил хорих ял, 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 2 жил хорих ял тус тус шийтгэж, нэмж нэгтгэн 3 жилийн хугацаагаар хорих ялаар, 

Хан-Уул дүүргийн шүүхийн 2002.04.03-ны өдрийн 125 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ял, 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих я шийтгэж, нэмж нэгтгэн нийт 5 жилийн хугацаагаар хорих ялаар,

Баянгол дүүргийн шүүхийн 2011.11.15-ны өдрийн 430 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6-д зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял, 125 дугаар зүйлийн 125.2-т зааснаар 5 жил 1 сар хорих ял тус тус шийтгэж, нэмж нэгтгэн 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн.

2. С овогт Г-ийн Н,  Монгол Улсын иргэн, 1967 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 58 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт *** тоотод оршин суух хаягтай гэх, регистрийн дугаар: ***, урьд:

Нийслэлийн шүүхийн 2000.10.09-ний өдрийн 119 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар  зүйлийн 2-т зааснаар 4 жил, мөн хуулийн 124 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жил, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 4-т зааснаар 5 жил тус тус хорьж шийтгэх, нийт 6 жилийн хугацаагаар хорих ялаар,

Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2006.07.18-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 10 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар,

Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2007.04.16-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2-т зааснаар урьд эдлээгүй ялыг нэмж нэгтгэн 11 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан.

3. Э овогт Б-ийн Г, Монгол Улсын иргэн, 1983 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, *** тоотод оршин суудаг гэх, регистрийн дугаар: ***, урьд

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2004.03.01-ний өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан.

4. И овогт Ч-ийн Б, Монгол Улсын иргэн, 1963 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 62 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, *** тоотод оршин суудаг гэх, регистрийн дугаар: ***, урьд:

Сүхбаатарын районы ардын шүүхийн 1981.11.30-ны өдрийн 317 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 63 дугаар зүйлийн Б-д заасныг баримтлан хөрөнгө хөрөнгө хураах, нутаг зааж суулгах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 6 жил хорих ял, дээрх ялыг хуульд заасан ялын доод хэмжээнээс доогуур тогтоож 2 жил хорих ялаар, 

Сүхбаатарын районы ардын шүүхийн 1984.09.13-ны өдрийн 324 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 169 дүгээр зүйлийн В-д зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар,

УБ гранизоны цэргийн тусгай шүүхийн 1990 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 191 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 278 дугаар  зүйлийн 1-т 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

Чингэлтэй  дүүргийн шүүхийн 1997.06.09-ний өдрийн 359 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 1-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзах ялаар,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 1998 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 412 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр урьд оногдуулсан ялыг нэмж нэгтгэн 2 жил 9 сарын хугацаагаар хорих ялаар, 

Сэлэнгэ аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2000.01.04-ний  өдрийн 1 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1, 220 дугаар зүйлийн 220.2, 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ялаар,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009.05.05-ны 146 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010.04.09-ний өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял, 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, нэмж нэгтгэн 7 жилийн хугацаагаар хорих ялаар, 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019.09.20-ны өдрийн 2019/ШЦТ/832 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь  хэсгийн 2.2, 2.5-д зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, нэмж нэгтгэн 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Б, Б.Г, П.Э, Г.Н нар бүлэглэн 2025 оны 03 дугаар сарын 17-ны шөнө 02 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх хохирогч Т.О-ын эзэмшлийн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд буюу дугуй засварын контейнер дотор нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, дотор байсан эд зүйлийг хулгайлан 3,980,000 төгрөгийн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт: Улсын яллагчаас 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг,

Шүүгдэгч Б.Г, Г.Н нарын өмгөөлөгч Б.Баттулгаас шүүгдэгч нарын хууль ёсны эрх ашгийг хамгаалан, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцож, 1-р хавтаст хэргийн 23, 69 дэх талд авагдсан нотлох баримтуудыг тус тус шинжлэн судална гэв.

Шүүгдэгч Ч.Б, П.Э нар шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр өөрөө өөрийгөө өмгөөлж оролцож, хавтаст хэргээс тусгайлан шинжлэн судлах баримт байхгүй гэв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт, хууль зүйн дүгнэлт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаас дүгнэвэл:

Шүүгдэгч Ч.Б, Б.Г, П.Э, Г.Н нар бүлэглэн 2025 оны 03 дугаар сарын 17-ны шөнө 02 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх хохирогч Т.О-ын эзэмшлийн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд буюу дугуй засварын контейнер нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж 3,980,000 төгрөгийн үнэ эд хөрөнгийг хулгайлсан болох нь:

- “...контейнер дотор 3-н хулгайч байна, хурдлаарай...” гэх дуудлагын лавлагааны хуудас (1-р хавтаст хэргийн 4 дэх тал),

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт (1-р хавтаст хэргийн 5-8 дахь тал),

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт (1-р хавтаст хэргийн 9-10 дахь тал),

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан  тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 11 дэх тал),

- Гэрч Б.Б-ийн “...Манайх 2024 оны 09 дүгээр сард Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Морингийн даваанаас уруудаад зам дагуу дугуй засвар нээсэн. ...2025 оны 03 дугаар сарын 16-ны өдөр нөхөр дугуй засвараа хэвийн ажиллуулж байгаад оройн 2 цагийн үед ажлаа дуусгаад бууж амарсан. Нөхөр дугуй засварын бүх тоног төхөөрөмжийг цахилгаан залгуураас нь салгаад үүдээ цоожлоод гэртээ ирсэн. Манай дугуй засварын хажууд хадам эгч Т.М зам зуурын хоолны газар ажиллуулдаг юм. Тэднийх өчигдөр 45 хүний хоолны захилга аваад материалыг нь шөнөдөө бэлдээд манай дугуй засварын хажуу талын хоолны контейнертоо сууж байсан юм билээ. Тэгээд эгч Т.М хоолоо хийгээд сууж байтал манай дугуй засвараас чимээ гараад байхаар нь шалгахаар өөрийн контейнероосоо гараад харсан чин манай контейнер дотор хүмүүс орчихсон байсан гэсэн. Тэгэхээр нь эгч очоод гаднаас нь хаалгыг нь дарчхаад цагдаа дуудаад дараа нь манай нөхөр Т.О руу залгаж хэлсэн. Тэгээд нөхөр бид хоёр гэртээ унтаж байгаад эгчийг залгасны дараа шууд босоод дугуй засвар дээрээ гүйгээд иртэл эгч Т.М, нөхөр нь болох Г нар дугуй засварын хаалгыг нь төмөр шатаар дараад хаачихсан дотор нь 3 эрэгтэй хүн байж байсан. Тэгээд бид нарыг ирэхтэй зэрэгцээ цагдаа нар хүрээд ирсэн. Тэгээд шатыг аваад нөгөө этгээдүүдийг дугуй засвараас гаргаж байтал замын урд хэсэгт нэг машин асаад урагшаа уулын энгэр чиглээд яваад өгсөн. Манай нөхөр Т.О болон цагдаа нар нөгөө машины араас яваад хэсэг хугацааны дараа олоод хүрээд ирсэн. Тухайн машин нь улаан өнгөтэй жижиг тэрэг байсан. Тухайн машины арын хаалгыг нээгээд үзтэл манай дугуй засварт байсан эд зүйлсийг ачсан байдалтай байсан. Цагдаа нар дугуй засварын эд зүйлсийг хаашаа зөөсөн бэ гэж асуухад нөгөө машины жолооч бидэнд зааж өгөөд, хамт яваад Биогийн Сонгинын амралтаас баруун тийшээ ногоон хаалгатай 11 номерын онгорхой хашаа руу яваад орсон. Биднийг ороход тухайн хашаанд нь 1 монгол гэр, баруун талдаа гарааштай байшин байсан. Улаан машины жолооч гараашаа бидэнд зааж өгсний дагуу гарааш руу яваад ортол манай дугуй засварын бүх л багаж, тоног төхөөрөмжийг зөөгөөд оруулсан байдалтай байсан. Цагдаагийн мөрдөгч тухайн эд зүйлсийг бүртгэж аваад одоо биднийг эд зүйлсээ авч болно гэж хэлсний дагуу багаж, тоног төхөөрөмжөө хүлээж авсан. Бид дугуй засвар дээрээ аваачаад алдагдсан эд зүйлээ тоолж бүртгэж үзэхэд 34, 36, 41 размерын дорцов, махны машины 34, 41 размертай дорцов, 2 хайрцаг моторын тос, тус бүр нь дотроо 6 ширхэгтэй гэх мэтчилэн эд зүйлс дутуу байсан. Мөн компрессорын хошуунуудыг тастаад эвдсэн байсан. Манайд хулгайч орсноос үүссэн хохирол ийм байгаа тул би мэдүүлэг өгөөд нэхэмжилж байна. Нийт 970,000 орчим төгрөгийн хохирол учраад байна. Хулгайч нар камерын төхөөрөмж дэлгэцийг хүртэл хулгайлаад гараашдаа хийсэн байсан...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 13-14 дэх тал),

- Гэрч Д.Ж-ын “...Би *** УБИ улсын дугаартай улаан өнгийн Тоёота Раум маркийн машиныг 2021 оны 12 дугаар сард Да хүрээ зах дээрээс ченж залуугаас 3,500,000 төгрөгөөр авч байсан. ...Манай дүү Г.Б надаас машиныг 3,500,000 төгрөгөөр худалдаж авахаар тохироод, надаас авсан машинаа найз Н-даа өгнө гэж хэлээд 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр гараашнаас аваад гарч байсан. Тэр цагаас хойш миний машин дүү Г.Б-ийн найз Н-д шилжсэн. Гэхдээ Г.Б, Г.Н нар одоог хүртэл надад машины мөнгө болох 3,500.000 төгрөгийг өгөөгүй байгаа.  ...Хан-Уул дүүргийн цагдаагийн газраас залгаад таны нэр бүртгэлтэй байгаа *** УБИ улсын дугаартай улаан өнгийн Тоёота Раум маркийн машины талаар тодруулах зүйл байна гэсний дагуу ирээд мэдүүлэг тайлбар өгч байна. Энэ машиныг Г-ийн Н гэдэг хүн сүүлийн 2 жилийн хугацаанд унаж ашиглаж байгаа. ...Энэ машин нь миний эзэмшлийнх тул би хүлээж авъя, хэрэг шалгаж дуустал би хариуцаад гарааш дотроо байлгаж байя. Угаасаа энэ машины мөнгө надад орж ирээгүй байсан. Би Г.Б, Г.Н нараас мөнгө төгрөг нэхэмжлэх зүйл байхгүй. Миний зүгээс гомдол, санал байхгүй...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 16-17 дахь тал),

- Гэрч Т.М-ийн “...Би 2025 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар Биокомбинатад байрлах Морин даваанаас уруудаад байрлах цайны газарт ажлаа хийж байсан. ...2025 оны 03 дугаар сарын 17-ны шөнө 02 цагийн үед манай цайны газрын хажууд байдаг контейнер, дугуй засвар дотор ямар нэгэн чимээ гараад байсан. Тэгэхээр нь би гарч шалгахаар шийдээд дугуй засвар луу дөхөөд очтол дотор нь өмнө нь зүс үзээгүй 3 эрэгтэй хүн эд зүйлс онгичоод байж байсан. Тэгэхээр нь би эргэж гүйгээд нөхрөө дуудсан. Манай нөхөр гүйж очоод дугуй засварын хаалгыг нь түлхэж хаагаад доор нь байсан төмөр шатаар тулж цоожилсон. Тэгсэн дотор нь байсан хүмүүс өө п**** баригдчихлаа, чамаас боллоо, эргүү п**** гэх зэргээр нэгнийгээ хараагаад ярилцаад байгаа нь сонсогдож байсан. Энэ үед би цагдаагийн байгууллага руу контейнер дотор 3-н хулгайч байна, хурдлаарай гэсэн дуудлага өгсөн. ...Цагдаа нар ирээд контейнерын хаалгыг даруулж тавьсан шатыг аваад хулгайч нарыг нэг нэгээр нь контейнероос гаргаад гавлаад машиндаа суулгасан. Араас нь цагдаагийн бүрэлдэхүүн ирээд хэргийн газрын үзлэг хийсэн. Контейнер дотор байсан хулгайч нар хийсэн хэрэгтээ маргахгүй байсан. Тэдэнд гэмшиж байгаа шинж байхгүй байсан. Дугуй засвар дотор байсан авч болох бүхэл зүйлсийг хулгай хийж байсан. Тэд улаан өнгийн жижиг суудлын автомашин ашиглаж дугуй засвараас хулгайлсан эд зүйлсээ 1 удаа зөөгөөд айлын хашаанд тавьсан байсан. Тэгээд буцаж ирээд дахин үлдэгдэл зүйлсийг зөөх гэж байгаад надад болон манай нөхөрт баригдсан. Тэд эхний удаадаа дугуй хийлэгч комбинсатор, түлхүүр багаж, обуд дугуй, тос масло, домкарат гэх зэрэг авч болох бүгдийг нь улаан машиндаа ачаад аваад явсан байсан. Тэгээд буцаж ирээд дугуй угсрагч төхөөрөмжийг үүд рүү чирч байгаад чимээ гаргаад баригдсан...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 19-20 дахь тал),

- Хохирогч Т.О-ын “...Би хувиараа Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Морингийн даваанаас уруудаад зам дагуу контейнер байршуулж дугуй засварын үйлчилгээг 2025 оны 01 дүгээр сараас эхлэн, эрхлэн ажиллаж байна. ...Би 2025 оны 03 дугаар сарын 16-ны өдөр дугуй засвараа ажиллуулаад орой 22 цагийн үед хаагаад гаднах хаалгаа цагаан өнгийн хятад улсад үйлдвэрлэсэн хятад төмөр цоожоор цоожлоод гэр лүүгээ явсан. Тэгээд гэртээ хариад хоол цайгаа уучхаад унтаж амарч байтал 2025 оны 03 дугаар сарын 17-ны шөнийн 02 цагийн үед манай төрсөн эгч Т.М над руу залгаад чиний контейнер дотор хүмүүс орчихсон хулгай хийгээд байна, яаралтай хүрээд ир гэж дуудсан. Би хувцсаа өмсөөд өөрийн дугуй засвар луугаа яараад иртэл дугуй засвар дотор 3-н эрэгтэй хүн орчихсон байдалтай, хаалгыг нь гаднаас нь манай хүргэн ах Гантөгс төмөр шатаар дараад хаачихсан байсан. Тэгээд юун хүмүүс вэ? гээд асуугаад байж байтал цагдаа нар ирээд нөгөө хүмүүсийг контейнер дотроос гаргаад гавлаад юу юу хулгайлсан, хаашаа авч явсан гэх зэргээр асуулт асуугаад байж байтал урд жалганы тэндээс нэг машин хөдлөөд урагшаа зүг руу явсан. Тэгсэн улаан өнгийн тоёота раум загварын машиныг жолоочтой нь бариад хүрээд ирсэн. Ингээд тэд нар 4-үүлээ болсон. Тэгээд цагдаа нар нөгөө хүмүүсээрээ манай контейнер дотор байж байгаад алга болсон зүйлийг хаана аваачиж буулгасан бэ гэж заалгаад тэднийг аваад явсан. Би араас нь дагаж явсаар Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны Туулийн гүүрийг даваад Сонгинын амралтын хажуу талын гудам руу ороод, том хаалга нь нээлттэй хашаа руу орсон. Цагдаа нар тэр хашаанд байх байшингийн хаалгыг татаж үзэхэд цоожтой байсан тул зүүн талын гарааш руу яваад орсон. Тэгсэн манай контейнер дотор байсан бүх зүйлийг тэнд аваачаад буулгачихсан байсан. Цагдаа нь нөгөө эд зүйлсийг тоолж бүртгэж, тэмдэглээд надад бүрэн бүтэн бүгдийг нь хүлээлгэж өгчхөөд нөгөө хүмүүсээ аваад цагдаагийн хэлтэс рүүгээ явсан. Тэд цагдаагийн хэлтсийн гадаа ирээд улаан өнгийн тоёота раум загварын машинд үзлэг хийсэн бөгөөд тус машин дотроос миний домкарат, обуд, тос зэрэг зүйлс гарсныг мөн адил тэмдэглэл үйлдэж аваад надад хүлээлгэж өгсөн. Тэгээд би контейнер дотроос алга болсон зүйлсээ бүгдийг авчхаад тэр шөнөө яваад өгсөн. Маргааш өглөө нь Багануур дүүрэг рүү мал төллөөд яаралтайгаар явсан. Тэнд миний малыг маллаж байсан малчин Эрдэнэ малыг минь хаяад явсан байсан тул би тэнд малаа төллүүлж тэндээ амьдарч байгаад 2025 оны 05 дугаар сарын 07-ны орой хотод ирээд өнөөдөр ирж цагдаагийн байгууллага дээр мэдүүлэг өгч байна. Хулгай хийсэн хүмүүсийг өмнө нь харж байгаагүй. Тэд манай тоног төхөөрөмж болон эд зүйлсийг хулгайлахдаа цахилгааны утаснуудыг тастаж, лангуунуудыг эвдэж сүйтгэсэн. Тэрнээс болоод бид хэвийн үйл ажиллагаандаа ороход 3 хоногийг засвар хийж өнгөрөөсөн. Мөн хулгайд алдагдаж зөөлгөсөн байсан эд зүйлсээ буцаагаад өөрийн тээврийн хэрэгслээр зөөж байршуулсан. Нийт засвар болон бензин тос гээд 200,000 төгрөгийг нэхэмжилж байна. Контейнер руу яаж орсныг нь мэдэхгүй байна. Цоожоо хайгаад олоогүй, ямар нэгэн зүйлээр цохиж эвдсэн ул мөр байгаагүй. Одоо шинэ цоож авч хийсэн байгаа. Би гомдолтой байна. Хэвийн үйл ажиллагаа алдагдуулаад, хэд хоног бөөн ажил нэмсэн. Хулгайч нар нь миний аав шиг настай хүмүүс байж арчаагүй юмаа. Хулгай хийсэн хулгайч нарт хуулийн дагуу хариуцлага тооцож өгнө үү...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 23-24 дэх тал),

- Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (1-р хавтаст хэргийн 44 дэх тал),

- Дамно үнэлгээ ХХК-ийн №ХУ2-25-20 тоот шинжээчийн дүгнэлтээр “...шинжилгээний объект /Toyota Raum маркийн, *** УБИ улсын дугаартай, EXZ100040071 арлын дугаартай, улаан өнгийн өнгийн тээврийн хэрэгсэл/-ын  2025 оны 03 сарын 17-ны өдрийн зах зээлийн үнэлгээ нийт 1,715,000 төгрөгөөр үнэлэв...” гэх (1-р хавтаст хэргийн 52-57 дахь тал),

- Дамно үнэлгээ ХХК-ийн №ХУ2-25-42 тоот шинжээчийн дүгнэлтээр “...шинжилгээний объект /23 нэр төрөл/-ын 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн зах зээлийн үнэлгээ нийт 3,980,000 төгрөгөөр үнэлэв...” гэх (1-р хавтаст хэргийн 60-63 дахь тал),

- Шүүгдэгч П.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн “...Би хулгай хийж байгаад үйлдэл дээрээ баригдсан тул хийсэн хэрэгтээ маргахгүй байна...” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 57 дахь тал),

- Шүүгдэгч Г.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн “...Хулгай хийж байгаад үйлдэл дээрээ баригдсан тул хийсэн хэрэгтээ маргахгүй байна. Миний зүгээс хулгай хийснээс болж үүдсэн хохирлыг барагдуулах болно...” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 67 дахь тал),

- Шүүгдэгч Б.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн “...Би хэрэг болдог өдөр буюу 2025 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хамаатны ах Б-ээ дагаад түүний найзууд болох Н, Э нар дээр очсон юм. Миний очсон газар бол Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Биокомбинат гэдэг газар байсан. Би ахын найзынд ирээд тэд нартай нийлж өдөржин архи уусан. Тэгж байгаад шөнө архи авахаар бөөнөөрөө гарч яваад Биогийн зам дагуу байрлах дугуй засварыг ухахаар шийдээд бүгдээрээ нийлж тухайн дугуй засварын гадаа ирсэн. Тэгээд Н ах Б ах хоёр хаанаас ч юм лоом гаргаж ирээд хаалганы цоожийг эвдэх шиг болоод тэд дотогшоо орсон. Би араас нь тэдэнд туслахаар ороод эхлээд жижиг сажиг хулгай хийж болох зүйлсийг нь  барьж аваад Н ахын унаж явсан улаан өнгийн тоёота раум машин руу зөөж оруулаад тэрийгээ ачиж явсаар Н ахын хашаанд аваачаад байшингийнх нь хажуу талын авто зогсоол руу зөөж буулгасан. Тэгээд буцаж нөгөө дугуй засвар дээрээ ирээд дугуй задлагч том төхөөрөмжийг нь авах гэтэл нэлээн хүнд эд байсан тул нэлээн чимээ гаргаад үүд рүү чирч байтал хэн нэгэн контейнерын хаалгыг гаднаас нь хаагаад цоожилчихсон. Ингээд биднийг цагдаа нар ирээд барьж аваад явсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 79 дэх тал),

- Шүүгдэгч Ч.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн “...Тухайн өдөр дугуй засварын эд зүйлийг хулгайлах санааг хэн гаргасныг сайн мэдэхгүй байна өө. Нэг мэдэхэд л бүгдээрээ дугуй засвар дотор байж байсан...” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 89 дэх тал) зэрэг нотлох баримтууд болно.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

​​​​​​​1.2. Хууль зүйн дүгнэлт

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь хохирогчоос түүний эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг ямар арга замаар хэрхэн шилжүүлэн өөрийн болгож байгаагаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах, завших гэх мэтээр ялган зүйлчлэгддэг ба мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломжийг бүрдүүлсэн санаатай үйлдлийг хамааруулан ойлгодог.

Хууль тогтоогчоос энэхүү гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүний “хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар” гэх объектив талын шинжээс гадна хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж болон хохирлын хэмжээ, гэмт хэрэг үйлдэх арга, хэрэгсэл, халдлагын зүйл зэргийг нарийвчлан тусгасан байдаг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” гэж, 2.4 дэх заалтад “учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн бол” гэж хүндрүүлэх шинжийг тус тус заасан.

Тодруулбал, Улсын дээд шүүхийн 2006 оны 28 дугаар тогтоолын 1.7 дахь заалтад "Машин механизмыг хэрэглэсэн" гэдгийг бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, хамгаалалт, бэхэлгээг эвдэх, биеэр авч чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлтгэж ашигласныг ойлгоно.” гэж, 

1.10 дахь заалтад “агуулах сав" гэдэг нь эд хөрөнгийг байнга буюу түр хадгалах зориулалттай байшин, пин, амбаар, илүү гэр, гэрийн болон тээврийн чингэлэг, бүх төрлийн агуулах, зоорь, авто мухлаг, хөргөх ба эд бараа зөөх төхөөрөмжтэй автомашин, граж, албан тасалгаа, үйлдвэрлэлийн эд хөрөнгийг байнга буюу түр хадгалах зориулалттай байр, түүнчлэн хүн, ачаа тээвэрлэхэд зориулсан болон тусгай зориулалтын автомашины кабин, багаж, онгоц, галт тэрэг, далайн хөлгийн ачаа хадгалах сав зэргийг хамааруулан ойлгоно.” гэж тус тус тайлбарлажээ.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл:

Шүүгдэгч Ч.Б, Б.Г, П.Э, Г.Н нар бүлэглэн 2025 оны 03 дугаар сарын 17-ны шөнийн 02 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн Т.О-ын эзэмшлийн дугуй засварын контейнерын хаалганы цоожийг лоомоор хөшиж эвдэн хууль бусаар нэвтэрч, дотор нь байсан дугуй засварын үйл ажиллагаанд ашигладаг дугуй хийлэгч комбинсатор, түлхүүр багаж, обуд дугуй, тос масло, домкарат зэрэг эд зүйлийг авч, улмаар учрах саадыг арилгах зорилгоор Г.Н-ийн эзэмшлийн Тоёота Раум загварын, *** УБИ улсын дугаартай улаан өнгийн тээврийн хэрэгсэл ашиглаж Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд байрлах Сонгинын амралтын хажуу талын гудамжинд байх хашаа руу зөөсөн болох хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтаар тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч нарын үйлдэл нь үйл ажиллагаа явуулах зориулалттай байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Түүнчлэн, шүүгдэгч Ч.Б, Б.Г, П.Э, Г.Н нар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах субьектив санаа зорилгоор хохирогч Т.О-ын дугуй засварын контейнерт ахин нэвтэрч, дугуй угсрагч төхөөрөмжийг хулгайлах гэмт хэргийг үйлдэх явцад тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй буюу контейнерт байхдаа үйлдэл дээрээ баригдан, таслан зогсоогдсон үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэж үздэг.

Шүүгдэгч нарын хохирогч Т.О-ын дугуй засварын контейнероос эд зүйлс хулгайлан авч, дахин үлдсэн эд хөрөнгийг хулгай хийх зорилгоор нэвтэрч үйлдэл дээрээ баригдсан нь гэмт хэрэг үйлдэхээр завдсан хууль зүйн шинжийг хангах хэдий боловч шүүгдэгч Ч.Б, Б.Г, П.Э, Г.Н нар нь үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн байх тул аль хүнд зүйлчлэлээр хэргийг нэгтгэн зүйлчлэх нь тэдгээрийн эрх зүйн байдлыг дээрдүүлнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж,

Мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт “...Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.” гэж тус тус заасан.

Иймд шүүгдэгч Ч.Б, Б.Г, П.Э, Г.Н нарыг бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь 2.1, 2.4 дэх заалтад зааснаар хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэлээ.

​​​​​​​1.3. Хохирол, хор уршиг:

Хэрэгт авагдсан Дамно үнэлгээ үнэлгээ ХХК-ийн №ХУ2-25-42 тоот шинжээчийн дүгнэлтээр хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч Т.О-т 3,980,000 төгрөгийн хохирол учирсан ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эд зүйлсийг биет  байдлаар буцаан авсан байх тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

​​​​​​​2.1. Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “...шүүгдэгч Ч.Б, Б.Г, П.Э, Г.Н нарын үйлдсэн гэмт хэрэг, хувийн байдал, гэмт хэргийн хор уршиг, хохирол нөхөн төлсөн болон хэрэгт цугларсан баримтуудаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар тус бүр 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Уг гэмт хэрэгт ашигласан Д.Ж-ын эзэмшлийн тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 1,715,000 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулж  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар улсын орлого болгуулах саналыг гаргаж байна. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэсэн дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмээ авах саналтай байна...” гэв.

Шүүгдэгч Б.Г, Ч.Б нарын өмгөөлөгч Б.Баттулга: “...улсын яллагчийн саналыг үндэслэлтэй гэж үзэж байна. Харин шүүгдэгч Б.Г-ын хувьд хувийн байдлыг нь харгалзан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү. Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн шинжээчийн дүгнэлтэд заасан үнийн дүнг шүүгдэгч нарт хувь тэнцүүлэн гаргуулж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Б.Г: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж ийм алдаа гаргахгүй...” гэв.

Шүүгдэгч Г.Н: “...Хорихоос өөр ял оногдуулж өгөөч гэж хүсэж байна...” гэв.

Шүүгдэгч Ч.Б: “...Өмгөөлөгчийнхөө саналыг дэмжиж байна. Миний биеийн байдал тааруу, нүд юм харахаа байгаад хагалгаанд орох гэж байгаа. Хөнгөн ял оногдуулж өгөөч...” гэв. 

Шүүгдэгч П.Э: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.  Хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгөөч гэж хүсэж байна. Ээж минь 75 настай. Тухайн үед бодлогогүйгээр ийм хэрэг хийлээ уучлаарай...” гэв.

​​​​​​​2.2. Эрүүгийн хариуцлага

Хэрэгт авагдсан шүүгдэгч Г.Н-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1-р хавтаст хэргийн 78 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа  (1-р хавтаст хэргийн 81 дэх тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (1-р хавтаст хэргийн 82 дахь тал), иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (1-р хавтаст хэргийн 83 дахь тал), автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (1-р хавтаст хэргийн 85 дахь тал), Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2006.07.18-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоол (1-р хавтаст хэргийн 107-109 дэх тал), Нийслэлийн шүүхийн 2000.10.09-ний өдрийн 119 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол (1-р хавтаст хэргийн 110-123 дахь тал), Нийслэлийн шүүхийн 2000.10.09-ний өдрийн 119 дугаартай  шүүхийн тогтоол (1-р хавтаст хэргийн 200-204 дэх тал), Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2006.07.18-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоол (1-р хавтаст хэргийн 209-211 дэх тал), Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2007.04.16-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоол (1-р хавтаст хэргийн 211-212 дахь тал) зэрэг баримтуудаар,

шүүгдэгч Ч.Б-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1-р хавтаст хэргийн 86 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа  (1-р хавтаст хэргийн 89 дэх тал), иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (1-р хавтаст хэргийн 91 дэх тал), Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009.05.05-ны 146 дугаартай шийтгэх тогтоол (1-р хавтаст хэргийн 138-143 дахь тал), Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010.04.09-ний өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоол (1-р хавтаст хэргийн 144-148 дахь тал), Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019.09.20-ны өдрийн 2019/ШЦТ/832 дугаартай шийтгэх тогтоол (1-р хавтаст хэргийн 149-163 дахь тал), Сүхбаатарын районы ардын шүүхийн 1984.09.13-ны өдрийн 324 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол (1-р хавтаст хэргийн 164-170 дахь тал), Сүхбаатарын районы ардын шүүхийн 1981.11.30-ны өдрийн 317 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол (1-р хавтаст хэргийн 217-218 дахь тал), УБ гранизоны цэргийн тусгай шүүхийн 1990.06.29-ний өдрийн 191 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол (1-р хавтаст хэргийн 227 дахь тал), Сэлэнгэ аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2000.01.04-ний  өдрийн 1 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол (1-р хавтаст хэргийн 229-234 дэх тал), Сүхбаатар дүүргийн шүүхийн 1998.06.30-ны өдрийн 412 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол (2-р хавтаст хэргийн 117-121 дэх тал), Чингэлтэй  дүүргийн шүүхийн 1997.06.09-ний өдрийн 359 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол (2-р хавтаст хэргийн 122-123 дахь тал) зэрэг баримтуудаар,

шүүгдэгч Б.Г-ын эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1-р хавтаст хэргийн 92 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа  (1-р хавтаст хэргийн 95 дахь тал), иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (1-р хавтаст хэргийн 96 дахь тал), үндэсний энгийн гадаад паспортын бүртгэлийн лавлагаа (1-р хавтаст хэргийн 98 дахь тал), Сүхбаатар дүүргийн шүүхийн 2004.03.01-ний өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоол (1-р хавтаст хэргийн 126-135 дахь тал) зэрэг баримтуудаар,

шүүгдэгч П.Э-ын эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1-р хавтаст хэргийн 99 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа  (1-р хавтаст хэргийн 102 дахь тал), иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (1-р хавтаст хэргийн 103 дахь тал), үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа (1-р хавтаст хэргийн 105 дахь тал), Баянгол дүүргийн шүүхийн 2011.11.15-ны өдрийн 430 дугаартай шийтгэх тогтоол (1-р хавтаст хэргийн 173-181 дэх тал), Хан-Уул дүүргийн шүүхийн 2002.04.03-ны өдрийн 125 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол (1-р хавтаст хэргийн 182-184 дэх тал), Нийслэлийн шүүхийн 1999.01.03-ны өдрийн 144 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол (1-р хавтаст хэргийн 185-190 дэх тал), Чингэлтэй дүүргийн шүүхийн 1996.01.24-ний өдрийн 55 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол (1-р хавтаст хэргийн 191-198 дахь тал) зэрэг баримтуудаар хувийн байдлыг тус тус тогтоов.

Шүүгдэгч Ч.Б, Б.Г, П.Э, Г.Н нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын гэм буруугийн сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа байдал болон хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо зэрийг тал бүрээс харгалзан үзэж, 

Шүүгдэгч Б.Г, Г.Н нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар тус бүр 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял,

Шүүгдэгч Ч.Б, П.Э нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэв.

2.3.  Бусад асуудлын талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ч.Б, Б.Г, П.Э, Г.Н нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Toyota Raum маркийн, *** УБИ улсын дугаартай, EXZ100040071 арлын дугаартай, улаан өнгийн өнгийн тээврийн хэрэгслийн үнэ болох 1,715,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн, тус бүрээс 428,750 төгрөгийг албадан гаргуулж улсын төсөв шилжүүлж шийдвэрлээ.

Гэмт хэрэг үйлдэхээр ашигласан Toyota Raum маркийн, *** УБИ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Д.Жанчивын эзэмшлийнх болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул тухайн тээврийн хэрэгслийг биет байдлаар улсын орлого болгох боломжгүйг дурдах нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт П-ийн Э, С овогт Г-ийн Н, Э овогт Б-ийн Г, И овогт Ч-ийн Б нарыг үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах  зориулалтай байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Г, Г.Н нарт тус бүр 1 (нэг) жил 3 (гурав) сарын хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч П.Э, Ч.Б нарт тус бүр 2 (хоёр) жил 3 (гурав) сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б, Б.Г, П.Э, Г.Н нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 1,715,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн, тус бүрээс 428,750 төгрөгийг албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, тэдгээрийн эдлэх хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ч.Б, Б.Г, П.Э, Г.Н нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.АМАР