Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 527

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа, 

улсын яллагч Ш.Алтанцэцэг,

шүүгдэгч Г.Ариунбаяр өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Тайжууд овгийн Ганболдын Ариунбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201725011936 дугаартай хэргийг 2017 оны 9 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн Тайжууд овогт Ганболдын Ариунбаяр, 1982 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Эмэралд хотхоны 501-2007 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, РД:ЧП82021672,

Шүүгдэгч Б.Ариунбаяр нь 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эмерэлд” хотхоны гадаа иргэн Ш.Ундрахбаярын зарах гэж байсан 46-56 УНА улсын дугаартай Тоёота Тундра маркийн автомашиныг “25.000.000 төгрөгөөр худалдаж авна” гэж итгэл төрүүлэн хууран мэхлэж машиныг өөрийн нэр дээр шилжүүлэн аваад ломбарданд тавьж залилсан гэмт хэрэгт холбогджээ. 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Г.Ариунбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэв.

Хохирогч О.Өсөхбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…Би 46-45 УНА улсын дугаартай Тоёота Тундра маркийн автомашиныг танидаг хүнээсээ 30.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Нутгийн залуу Ундрахбаяртай ярилцаж байгаад машинаа заруулахаар болоод 2017 оны 2 дугаар сарын эхээр өгөөд явуулсан. Ундрахбаяр над руу яриад  “ах нь нөгөө машиныг зарахаар болчихлоо. Энэ хүн худалдаж авна гэнэ. Хэд хоногоос мөнгийг нь өгнө гэнэ. Яаралтай нэрийн шилжүүлээд өгчих” гэхээр нь би шилжүүлсэн. Тэрнээс хойш мөнгө орж ирээгүй.…” гэсэн мэдүүлэг. /хх-27/

Гэрч Ш.Ундрахбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:“...Би 46-45 УНА улсын дугаартай Тоёота Тундра автомашиныг зарах гээд өөрийн танил Цолмон гэгчтэй утсаар яриад “машин тэрэг зармаар байна. Танидаг ченж байна уу?” гэхэд Ариунбаяр гэгчийг надтай холбож өгсөн. Би Ариунбаяртай утсаар холбоо бариад машинаа өгч заруулахаар болоод 2017 оны 02 дугаар сарын эхээр Ариунбаяртай уулзахад Ариунбаяр өөрөө миний машиныг авахаар болсон. Тэгээд мөнгө төгрөгөө 25.000.000 төгрөгөнд тохиролцоод удахгүй өгнө гээд аваад явсан. Тэгээд удалгүй над руу яриад “Нэрээ шилжүүлмээр байна. Би энэ машиныг чинь хүнтэй машинаар солихоор болчихлоо солисон машиныг чиний нэр дээр болгож өгнө” гэж хэлсэн. Тэгээд Өсөхбаяртай уулзаад нэр дээр нь шилжүүлж өгсөн. Тэгээд Ариунбаяр надад “машиныг бензээр солиод нэрийн чиний нэр дээр болгож өгнө” гэж хэлээд нэр дээрээ шилжүүлээд явсан...” гэсэн мэдүүлэг. /хх-28/

            Сэжигтэн Г.Ариунбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Цолмон ах залгаад “Тоёота Тундра машин байна. Энийг миний дүү зараад өгөөрэй миний таньдаг туслах ёстой хүн байгаа юм” гэж хэлсэн. “...Тэгээд би Ундрахбаярын ах Анхбаяртай уулзаад энэ машиныг авах хүн олдохгүй байна. Би өөрөө барилгын ажил эхлэхээр нь барилга дээр ажиллуулмаар байна гээд 25.000.000 төгрөгийг 2 хувааж төлөхөөр тохиролцоод салсан. Өсөхбаяр, Ундрахбаяр нартай Дүнжингарав дээр уулзаж нэр дээрээ шилжүүлсэн. Дараа нь Ундрахбаяртай уулзаж байгаад Дүнжингарав дээр 25.000.000 төгрөгийн зээлийн гэрээ хийсэн...” гэсэн мэдүүлэг. /хх-45/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Ариунбаяр нь 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эмерэлд” хотхоны гадаа иргэн Ш.Ундрахбаярын зарах гэж байсан 46-56 УНА улсын дугаартай Тоёота Тундра маркийн автомашиныг “25.000.000 төгрөгөөр худалдаж авна” гэж итгэл төрүүлэн хууран мэхлэж машиныг өөрийн нэр дээр шилжүүлэн аваад ломбарданд тавьж залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Ариунбаярыг итгэл төрүүлэн залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Ариунбаяр нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид учирсан хохирол учирсан хохирлоо барагдуулсан бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.

Хохирогч О.Өсөхбаяр нь шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцож, торгох ялаас гэм буруутай этгээдийн урьд цагдан хоригдсон 25 хоногийн 1 хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 375.000 төгрөгийг хасч тооцохоор шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Тайжууд овогт Ганболдын Ариунбаярыг итгэл төрүүлэн залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Ариунбаярыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Ариунбаярт оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ сарын хугацаанд буюу 2017 оны 10 дугаар сарын 18-ны дотор төлөхийг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Г.Ариунбаяр нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Ариунбаярт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаас урьд цагдан хоригдсон 25 хоног /1 хоног=15 нэгж/ нийт 375.000 төгрөгийг хасч үлдэх 75.000 /далан таван мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоосугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Г.Ариунбаяр бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ариунбаярт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР