Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 224

 

 

 

 

 

 

 

 

 

С ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2018/02652 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч С ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б ХХК-д холбогдох

Бараа нийлүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 255 255.93 ам.доллар буюу 646 805 764 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Д,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ДВ ХХК нь ХБНГУ-д бүртгэлтэй, газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх, борлуулах үйл ажиллагаа эрхэлдэг компани бөгөөд энэ үйл ажиллагааныхаа хүрээнд Монгол улсын хуулийн этгээд болох Б ХХК-тай 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 011213 тоот газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулсан. Гэрээний дагуу ДВ ХХК нь Б ХХК-д газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх, Б ХХК нь газрын тосны бүтээгдэхүүнийг хүлээн авч үнийг төлөх үүргийг тус тус хүлээсэн. Талууд газрын тосны бүтээгдэхүүний нэр төрөл, нийлүүлэх тоо хэмжээ, чанарын шаардлага, төлбөр төлөгдөх нөхцөлийг 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 3 тоот нэмэлт зөвшилцөл болон түүний хавсралтад дэлгэрэнгүй тусгасан. Худалдагч “ДВ ойл трейдинг” компани нь 2000 тн БНД 90/130 маркийн замын битумыг 1 тонн тутмыг 870 ам доллараар нийлүүлэх, худалдан авагч Б ХХК нь нийт 1 740 000 ам.долларын төлбөрийг бараа ачигдсан өдрөөс хойш 120 хоногийн дараа 100хувь төлж барагдуулах нөхцөлтэй бөгөөд 2014 оны 12 дугаар сарын 01-нд худалдагч, худалдан авагч Я ХХК-иудын хооронд “гурвалсан гэрээ байгуулагдан, Я ХХК нь “ДВ ойл трейдинг” компаниас нийлүүлсэн замын битумын төлбөр 995 465.66 ам.долларыг Б ХХК-д төлөх байсныг “ДВ ойл трейдинг” компанид шилжүүлэхээр болсныг, Я ХХК нь 995 465.66 ам.долларыг “ДВ ойл трейдинг” компанид шилжүүлсний дараа Б ХХК-иас “ДВ ойл трейдинг” компанид төлөх төлбөр нь хүү алданги тооцохгүйгээр 282 170.62 ам.доллар болохыг тохиролцож талууд тооцоо нийлсэн актуудыг үйлдсэн. Ийнхүү Я ХХК нь Б ХХК-ийн “ДВ ойл трейдинг” төлөх төлбөрөөс 995 465.66 ам.долларыг шилжүүлж авснаар Б ХХК-ийн “ДВ ойл трейдинг” компанид төлөх өр төлбөрийн үлдэгдэл 280 170.62 ам.доллар болсон. Энэ төлбөрөөс Б ХХК нь 112 000 ам.доллар төлж 170 170.62 ам долларын үлдэгдэлтэй болсон боловч 2015 оноос хойш төлж барагдуулаагүй. Төлбөрийг хойшлуулж өгөхийг хүссэн 23/2016 тоот, 062/2016 тоот албан бичгүүдийг “ДВ ойл трейдинг” компанид ирүүлж байсан. “ДВ ойл трейдинг” компани нь Б ХХК-д төлбөрөө төлөхийг, төлбөрөө төлөхгүй удааширч байгаа нь санхүүгийн хувьд ихээхэн хэмжээний хохирол учруулж байгааг, ийнхүү удаашрах тусам талуудын хооронд байгуулагдсан 011213 тоот газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний 10.1-т “Худалдан авагч энэхүү гэрээний хавсралтад заасан хугацаанд хүлээн авсан барааныхаа төлбөрийг төлөөгүй тохиолдолд худалдагчид төлөгдөөгүй үнийн дүнгийн хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.2% алданги төлөх” гэж зааснаар алданги тооцогдож байгааг удаа дараа сануулж албан тоотуудыг илгээж байсан. 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдөр “ДВ ойл трейдинг” компани нь 01/2017 тоот “Шаардах эрх шилжүүлэх” гэрээгээр замын битумын үлдэгдэл төлбөр 170 170.62 ам долларын үндсэн төлбөрийг 011213 тоот газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний 10.1-д заасан алданги 85 085.31 ам.долларын хамт, нийт 255 255.93 ам.долларыг Б ХХК-иас шаардах эрхээ С ХХК-д шилжүүлсэн. Иймд 255 255.93 ам.долларыг 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Монгол Банкны хаалтын ханш 2 533.95 төгрөгөөр тооцож нийт 646 805 764 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус нэхэмжлэлд дурдсан манай компаниас дээрх үлдэгдэл 255 255.93 ам.доллар гаргуулах шаардлагын Бэлтгэн нийлүүлэх гэрээний дагуу хийгдсэн тооцоо, тооцоолол тодорхойгүй, ойлгомжгүй, санхүүгийн баримтууд байхгүй, нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан Б ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 255 255.93 ам.доллар буюу 646 805 764 төгрөг гаргуулан С ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 3 391 980 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 3 391 180 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Хариуцагч талын зүгээс нэхэмжлэгчийн гаргаж шүүхэд өгсөн баримтуудын тооцоо, тооцоолол тодорхойгүй, ойлгомжгүй, санхүүгийн баримтууд байхгүй байх тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Түүнчлэн тус иргэний хэрэгт Б ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм байхгүй тул нотлох баримтаар өгөх байсан. Энэ нь шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэл бүхий байхад чухал ач холбогдолтой. Итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Түвшинтөгс миний бие эрүүл мэндийн шалтгааны улмаас өвчтэй байсан. Мөн миний эцэг 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гэнэт насан өөд болж, ар гэрт гачигдал гарсан учир тус шүүх хуралдаанд оролцох боломжгүй байдлаа албан ёсоор хуульд заасан шаардлага хангасан нотлох баримтын хамтаар өгч 7 хоногийн хугацаагаар хойшлуулах хүсэлтийг шүүхэд гаргаж өгсөн. Гэтэл анхан шатны шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд дутуу байхад хариуцагч талыг шүүх хуралдаанд биечлэн оролцож харилцан мэтгэлцэх бололцоо олголгүйгээр шүүх хуралдааныг явуулсан нь шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 646 805 764 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээний дагуу тооцоолол тодорхойгүй, санхүүгийн баримтгүй гэж тайлбарлан маргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлд заасан шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцүүлэхтэй холбогдуулан шүүгч шүүх хуралдаанаар хэргийг  хэлэлцүүлэх захирамж гаргах, уг захирамжид шүүх хуралдааныг хэзээ, хаана болохыг товлох, шүүх хуралдааныг оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдэх ажиллагааг явуулах үүрэгтэй.

 

Гэтэл анхан шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх 183/ШЗ2018/13990 дугаартай захирамж гаргасан өдрөө шүүх хуралдааныг явуулсан нь хэргийн оролцогч болох хариуцагч талд шүүх хуралдаанд бэлтгэн ирэх боломжит хугацаа олгоогүй байна.

 

Түүнчлэн анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гараагүй байхад шүүх хуралдааны товыг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр зохигчдод мэдэгдсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-д “...хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гаргаж, шүүх хуралдаан хуралдаан хэзээ, хаана болохыг товлох” гэж заасныг зөрчсөн.

 

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан “...хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох” хэргийн оролцогчийн эрхийг олгосон гэж дүгнэх боломжгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн дээрх ажиллагаа нь шүүхийн өмнө талуудын эрх тэгш байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлэх талаар зохицуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлд заасантай нийцээгүй байна.

 

Түүнээс гадна, хариуцагч Б ХХК-ийн захирал А.Ганбатаас 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр С.Түвшинтөгсад итгэмжлэл олгосон гэх боловч хариуцагч Б ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм хэрэгт авагдаагүйгээс А.Ганбатыг хариуцагч Б ХХК-ийг төлөөлөх эрхтэй этгээд гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй, хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг шүүх тодруулах шаардлагатай байжээ.

 

Давж заалдах шатны шүүх дээрх нөхцөл байдлыг нөхөн гүйцэтгүүлэх, хэрэгт авагдсан баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2018/02652 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 391 180 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА

                                                           

                        ШҮҮГЧИД                                           Ш.ОЮУНХАНД

 

                                                                                    Д.ЦОГТСАЙХАН