Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 2021/ДШМ/23

 

А.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Ж даргалж, шүүгч Ш.Б, Ч.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор Ц.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.О,

Хохирогч Ц.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Х нарыг оролцуулан

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 2021/ШЦТ/75 дугаар цагаатгах тогтоолыг прокурор Ц.С эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцлээр А.Б-д холбогдох 2116000000098 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Э-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Дархан-Уул аймгийн Дархан 5 дугаар баг Цагаан нуур 2- ... тоотод оршин суух хаягтай, 1997 оны 10 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автомашины механикч мэргэжилтэй, ам бүл 3, ээж, эмээгийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ТА........... регистрийн дугаартай, М овогт А.Б.

 

Шүүгдэгч А.Б нь Говь-Алтай аймгийн Цээл сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Алтайн хүдэр” ХХК-ий засварын газарт 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 09 цагийн үед иргэн Ц.Б-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар цаас зүсэгчийн ирээр түүний баруун бугалга, зүүн шууг зүсэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. / Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М овогт А.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг цамц, цаасны хутганы ир 1 ширхгийг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах, үндэслэл журмыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

 

 Прокурор Ц.С давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.С би, эрүүгийн 2116000000098 дугаартай А.Б-д холбогдох хэрэгт прокурорын яллах дүгнэлт үйлдэн, 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 86 дугаартай яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 2021/ШЦТ/75 дугаартай цагаатгах тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч А.Б-г цагаатгаж шийдвэрлэсэн байна. Үндэслэл нь: Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судалж хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд Говь-Алтай аймгийн Цээл сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Алтайн хүдэр” ХХК-ий засварын газарт 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 09 цагийн үед иргэн Ц.Б нь шүүгдэгч А.Б-тай маргалдаж улмаар түүний араас барьж авч газар унагасан бөгөөд А.Б нь Ц.Б-ын биед баруун бугалга, зүүн шууны зүсэгдсэн гэмтэл буюу хөнгөн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байна.

Хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд Ц.Б-ын биед хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа боловч шүүгдэгч А.Б нь хүний эрүүл мэндэд санаатай гэмтэл учруулсан болох нь тогтоогдохгүй байна гэж үзлээ. Эрүүгийн хуульд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинж нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нийгэмд аюултай үйлдэл байдаг.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт, шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч А.Б-н тухайн үйлдэлд хандсан субъектив санаатай шууд идэвхтэй үйлдэл, сэтгэхүйн хандлага тогтоогдоогүй байна гэж үзлээ. Тухайлбал: Гэрч П.Н, гэрч Н.Н, гэрч О.Г, хохирогч Ц.Б нарын мэдүүлгүүдээр шүүгдэгч А.Б нь Ц.Б-ын биед учирсан гэмтлийг хүсэж, зориуд учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Гэрч П.Н, Н.Н, О.Г нар нь тухайн хэрэг гарах үед хажууд нь байсан хэргийн нөхцөл байдлыг шууд харсан бөгөөд А.Б-г цаасны хутгаар Ц.Б-ын гарыг өөрийн идэвхтэй үйлдлээр буюу санаатай зүссэн талаар эргэлзээтэй мэдүүлэг өгөөгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь санаатай үйлдэгддэг тул А.Б нь Ц.Б-ын биед хөнгөн хохирол санаатай учруулсан нь нотлогдохгүй байх тул түүнийг гэм буруугүй гэж үзэх үндэслэлтэй байна гэж үзжээ.

Цагаатгах тогтоолыг 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч танилцаад шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. 3одох гэдэг нь хүний бие махбодид халдсан байхыг ойлгох бөгөөд хүний бие махбодид халдах үйлдэл нь алгадах, цохих, түлхэх, өшиглөх...” зэрэг хэлбэртэй байж болох юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн объект нь “Хүний эрүүл мэндийн халдашгүй” байдал, түүнчлэн мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субъектив талын нэмэгдэл шинж болох гэмт хэрэг үйлдсэн сэдэлт зорилго, гэмт хэрэг үйлдэх үеийн гэмт этгээдийн сэтгэл санааны байдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлаагүй тул хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь хохирогчийн биед ямар ч сэдлээр гэмтэл учруулсан байхыг үгүйсгэхгүй бөгөөд гагцхүү тухайн хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, тухайн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байвал дээрх зүйл, заалтаар зүйлчилнэ. Энэ нь хохирогч Ц.Б-ын “Тэгээд байж байтал гаднаас А.Б орж ирсэн тэгснээ намайг дугуйны пиздаа энд юугаа хийгээд явж байгаа юм, дугуйныхан хүн биш гэхээр нь би хэрэлдэж маргалдсан чинь А.Б над руу хүрээд ирсэн тэгэхээр нь би цохиод авсан, тэгсэн чинь миний хөл рүү өшиглөөд эргэхэд би араас нь тэвэрч аваад газар унагасан чинь босож ирээд надтай заамдалцаж хэрэлдсэн” гэх мэдүүлгээр хохирогч шүүгдэгч нар эхлээд маргалдсан, улмаар хоорондоо цохилцсон үйлдэл нотлогдож байна. Нөгөөтэйгүүр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэм буруу нь санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэртэй байна.” гэж, 2 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно”. гэж тус тус заасан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байдаг бөгөөд гэм буруугийн санаатай хэлбэр нь шууд болон шууд бус санаатай байна.

Гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах нь зайлшгүй, эсхүл учрах боломжтойг урьдчилан мэдсэн атлаа хүсэж үйлдсэн бол гэмт хэрэг шууд санаатай үйлдсэн гэж үздэг.

Харин гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, үүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн, уг хор уршгийг хүсээгүй боловч түүнд зориуд хүргэсэн бол гэмт хэрэг шууд бус санаатай үйлдсэн гэж үзнэ. Шууд бус санааны үед гэмт этгээд гагцхүү өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хор уршиг учрах нь зайлшгүйг бус өөрийн үйлдэл, эс үйлдэхүй нь нийгэмд аюултай хор уршгийг учруулах боломжтойг урьдаас мэдсэн байх явдал юм.

Хэрэгт авагдсан хохирогч Ц.Б-ын “...Тэгээд байж байтал гаднаас А.Б орж ирсэн тэгснээ намайг дугуйны пиздаа энд юугаа хийгээд явж байгаа юм, дугуйныхан хүн биш гэхээр нь би хэрэлдэж маргалдсан чинь А.Б над руу хүрээд ирсэн тэгэхээр нь би цохиод авсан, тэгсэн чинь миний хөл рүү өшиглөөд эргэхэд би араас нь тэвэрч аваад газар унагасан чинь босож ирээд надтай заамдалцаж хэрэлдсэн ...”гэх,

 Гэрч П.Н-ийн “...А.Б нь чамтай яриагүй байна гэж хэлээд цаашаа харсан чинь Ц.Б нь араас нь очоод тэвэрч аваад өргөөд газарт унагасан тэгээд нэг удаа цохисон тэгээд би очоод салгасан чинь Ц.Б нь сууж байсан газартаа очоод суусан чинь өмсөж байсан цамцны тохойн хэсэг дээр нь цус болсон байсан....” гэх,

Н.Н-ийн “...А.Б чамтай яриагүй байна гэж хэлээд миний байсан чиг рүү алхсан байх тэгээд нэг харсан чинь Ц.Б нь А.Б-гийн араас тэвэрчихсэн өргөөд газарт унагаачихаад Ц.Б нь дугуйныхан гэхээр хүн биш юм уу гэж хэлээд нэг удаа цохих шиг болсон. Тэгээд Ц.Б буцаад сууж байсан сандал руугаа явсан....”гэх,

яллагдагч А.Б-н “...араас тэвэрч авч өргөж газар шийдсэн. Тэгээд зүүн талын шанаа руу нэг удаа цохисон, тэгэхээр нь би яаж байна гээд босоод ирэхэд Ц.Б-ын баруун гарын цамц нь урагдсан цус дусаж байсан...тэгэхээр нь эмчид аваачиж үзүүлсэн...би баруун гартаа цаасны хутганы ирээ барьсан байсан түүгээр баруун бугалга, зүүн шууг зүсэж гэмтэл шарх учруулсан...” гэх мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг дүгнэвэл шүүгдэгч А.Б, хохирогч Ц.Б нарын хооронд үл ялих зүйлээс шалтгаалж маргалдаж, улмаар барьцалдан авч муудалцсан, уг маргалдааны үед 2 удаагийн үйлдлээр хохирогчийн биед зүсэгдсэн шарх үүссэн болох нь хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.Б нь өөрийн гарт цаасны хутга байсныг бүрэн мэдэж байгаа, хохирогч Ц.Б-тай маргалдаж, барьцалдаж, хөл рүү өшиглөснөөр хохирогчийн биед гэмтэл учруулах боломжтой, хууль бус шинжтэй гэдгийг ухамсарлаж байсан, уг хор уршгийг хүсээгүй хэдий ч түүнийг хүсэж үйлдсэн гэж үзэхээр байна.

2. Уг эрүүгийн хэрэгт яллагдагч А.Б-г прокурорын зүгээс 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч Ц.Б-ын биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэж яллагдагчаар татсан. Яллагдагч А.Б түүний өмгөөлөгч Б.О нар нь яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна, гэм буруугаа ойлгож ухамсарлаж байна, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйл байхгүй гэж мэдүүлсэн байна.

Мөн 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хэргийг прокурорын хяналтад хянагдаж байхад яллагдагч А.Б, түүний өмгөөлөгч Б.О нарын зүгээс прокурорт хандаж хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Хүсэлтийг прокурорын зүгээс хүлээн авч яллагдагч болон түүний өмгөөлөгч нартай ял тохиролцож яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байдаг. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна, ямар эрүүгийн хариуцлага оногдуулах талаар ойлгож мэдэж байгаа, гэм буруугаа ойлгож гэмшиж байна гэж мэдүүлсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.О-ын зүгээс гэм буруугийн асуудал дээр маргахгүй эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх талаар өмгөөллиин санал, дүгнэлт гаргаж шүүх хуралдаанд орно гэж мэдүүлсээр байхад шүүгчийн зүгээс эрүүгийн хэргийг хэтэрхий нэг талыг барьж шүүх хуралдаанд шүүгдэгч А.Б болон түүний өмгөөлөгч Б.О нарыг хөтөлсөн асуулт асууж гэм буруугийн байдалд эргэлзээ төрүүлж гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцээд хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Б-г цагаатгасан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасан байхад шүүхийн зүгээс хялбаршуулсан журмаар шалгаж ирүүлсэн, гэм буруугийн хувьд маргаагүй, шүүхийн явцад мэтгэлцээгүй байхад дээрх байдлаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд тус шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 75 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.О давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Говь-Алтай аймгийн Прокурорын газрын дээд шатны прокурорын 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 11 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна. Учир нь: Дээд шатны прокурор нь эсэргүүцэлдээ Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 2021/ШЦТ/75 дугаартай цагаатгах тогтоолыг гаргахдаа Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч байна гэсэн бөгөөд шүүгдэгч А.Б нь хохирогч Ц.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирлыг санаатай учруулсан нь тогтоогдсон гэж үзжээ. Гэвч Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу гэм буруугийн сэдэлт зорилгын хувьд шууд болон шууд бус санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байхыг хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дахь хэсэгт гэм буруу нь санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэртэй байна. Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно. Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно гэж тус тус хуульчилсан. Мөн Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуульд шүүхээр гэм буруутай эсэх нь эцэслэн тогтоогдоогүй байхад хэнийг ч гэм буруутайд тооцож болохгүй гэдгийг тодорхойлон заасан бөгөөд энэ нь тухайн яллагдагч, шүүгдэгч этгээд өөрийн гэм бурууг мөрдөн шалгах ажиллагаа болон прокурорын шатанд хүлээж байгаагаас үл шалтгаалан шүүх хуралдаанаар түүнийг тухайн үйл явдал нь гэмт хэрэг мөн эсэх, тус гэмт хэргийг шүүгдэгч этгээд үйлдсэн эсэх, гэм буруутай эсэхийг эцэслэн тогтоох явдал юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд гэм буруугийн зарчмын талаар тодорхой тусгасан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт гэм буруугүйгээр энэ хуульд заасан хохирол, хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй гэж заасан. Шүүгдэгч А.Б-гийн тухайд хохирогч Ц.Б-ын биед хөнгөн хохирол учруулсан бөгөөд тухайн үйлдлээ хүлээн зөвшөөрч, маргадаггүй. Гэвч хэргийн нөхцөл байдлын тухайд хохирогч Ц.Б-ын биед учирсан хөнгөн хохирлыг А.Б нь шууд болон шууд бус санаатайгаар учруулах сэдэлт зорилгыг агуулаагүй, тухайн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй болох нь хэрэг учрал болох үед дэргэд байсан гэрч нар болох П.Н-ийн “...Ц.Б араас нь очиж тэвэрч аваад өргөөд газарт унагасан... тэгээд зүсэгдсэн байсан...”, Н.Н-ийн “...Ц.Б нь А.Б-н араас нь тэвэрчихсэн өргөөд газарт унагаачхаад нэг удаа цохих шиг болсон... Ц.Б руу харсан чинь гараас нь цус гарч байсан....”, О.Г-ийн “...Ц.Б нь А.Б-н араас нь баглаж тэврээд газар луу шидчихсэн... тэгээд Ц.Б нь хажууд суусан чинь цус гарч байсан...”, хохирогч Ц.Б-ын “...би араас нь тэвэрч аваад газар унагасан... миний гарнаас цус гарч байсан...” гэх мэдүүлэг зэргээр ямар нэгэн эргэлзээгүйгээр бүрэн дүүрэн нотлогдож байгаа. Үүнээс үзэхэд А.Б-г хохирогч Ц.Б араас нь баглаж тэврэн газар руу шидсэн буюу хохирол учруулж болохуйц шууд санаатай, идэвхитэй, зүй бус үйлдэл хийсний улмаас Ц.Б-ын бие махбодид цаасны хутгаар зүсэгдэн хөнгөн хохирол учирсан болох нь хэргийн материалаар тогтоогдож байгаа бөгөөд тухайн хохирлыг А.Б нь учруулахдаа шууд болон шууд бус санаатай идэвхитэй үйлдлийг хийгээгүй гэдэгт анхан шатны шүүх бодитой, үнэн зөв дүгнэлтийг хийж түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан үндэслэлтэй шийдвэр гэж үзэж байна. Иймд Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 2021/ШЦТ/75 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, дээд шатны прокурорын эсэргүүцлийг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

А.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар хэгийг шалгаж, прокуророос яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад прокурор хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн материалтай даруй танилцаж яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэхийг хянахаар заасан.

Яллагдагч, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэдэгт хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтад хэргийн үйл баримтын талаар тодорхой, үнэн зөв мэдээлэл өгч, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохоо хэн нэгний шахалт дарамтгүйгээр, сайн дураараа бүрэн хүлээн зөвшөөрч, гэмт хэргийг илрүүлэхэд идэвхтэй дэмжлэг үзүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хөнгөвчилсөн үйлдлийг ойлгодог.

Гэтэл шүүгдэгч А.Б нь хэргийн үйл баримтын талаар тодорхой  мэдүүлэг өгөөгүй, гэмт хэргийг бүрэн илрүүлэхэд дэмжлэг үзүүлээгүй буюу гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай болохоо бүрэн хүлээн зөвшөөрөөгүй, хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргахаар, харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт тухайн зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаахаар зохицуулсан байна.

Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь мөрдөгч, прокурор, шүүхээс хэргийн бодит байдлыг тогтоох зарчим, эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн  нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчим, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн, хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан байх ёстой.

Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед ч прокурор, мөрдөгчөөс шилжүүлсэн хэргийн талаар хянавал зохих асуудлыг хянах, шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон эсэх, хэргийн зүйлчлэл нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтад нийцэж байгаа эсэхийг хянах үүргээс чөлөөлөгдөхгүй.

Мөн анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдэж шүүх хуралдаанд дуудахад “Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй.” гэж мэдэгдсэн талаар тусгасан /Хх-ийн 133 дугаар тал/ байх боловч хохирогчид шүүх хуралдааны тов мэдэгдэж, шүүх хуралдаанд дуудсан талаар ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй, хохирогч давж заалдах шатны шүүх хуралдаанд “Би анхан шатны шүүх хуралдаан болсныг мэдээгүй. Намайг оролцуулаагүй” гэж мэдүүлсэн байна.

Хэргийн 160 дугаар хуудсанд авагдсан хохирогч Ц.Б-ыг шүүх хуралдаанд оролцуулахаар дуудсан баримтанд шүүгч гарын үсэг зурсан боловч хохирогчтой утсаар ярьж мэдэгдсэн болон шүүх хуралдааны товыг мэдэгдэж гарын үсэг зуруулсан талаар ямар нэгэн тэмдэглэл хийгээгүй байна.

Энэ нь хохирогчийн шүүх хуралдаанд оролцож мэтгэлцэх, мэдүүлэг өгөх, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах зэрэг хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх боломжийг хязгаарласан ноцтой зөрчил болно.

Түүнчлэн анхан шатны шүүх Ц.Б-ын биед хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа боловч шүүгдэгч А.Б нь хүний эрүүл мэндэд санаатай гэмтэл учруулсан болох нь тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцэхгүй байна.

Анхан шатны шүүх шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн үндэслэл, яллах үндэслэл болж буй нотлох баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ тайлбарлаагүй байна.

Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн биед учирсан гэмтэл нь болгоомжгүй үйлдлийн улмаас үүсч болох эсэх нь эргэлзээтэй гэж үзсэн тохиолдолд хохирогчийг шүүх хуралдаанд оролцуулан мэтгэлцүүлэх, үзлэг, туршилт, шинжилгээ хийлгэх зэргээр эргэлзээтэй байдлыг арилгаж хэргийн бодит байдлыг тогтоосны үндсэн дээр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байхад хохирогчийг оролцуулалгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлсөн байна.

Тиймээс анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж, прокурорын эсэргүүцлийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулах хэсгийг хүлээн авч, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 75 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж, прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авсугай.

 

2.Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд Шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл оролцогчид давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.Ж

 

                  ШҮҮГЧИД                                  Ш.Б

 

                                                                     Ч.Э