Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 138/ШШ2023/00095

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

         Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн шүүгч Т.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

   Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багт өөрийн байранд байрлах, ******* регистрийн дугаартай, “Дорнод нийтийн аж ахуй” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар

Хариуцагч: Дорнод аймаг, Хэрлэн сумын 6 дугаар баг, Ивээлийн 15-2Б тоотод оршин суух, нотариатч ажилтай, ******* утасны дугаартай, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******

   Нэхэмжлэлийн шаардлага: “1 202 089 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч  Л.*******, Д.*******, хариуцагч Ж.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч “Дорнод нийтийн аж ахуй” ОНӨААТҮГазар нь хариуцагч Ж.*******т холбогдуулан гэрээний үүргийн биелэлт 1 202 089 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлосон.

        Хариуцагч 15-р байр тоотод оршин суугч Ж.******* нь 2012 оны 20 оны 1 сараас 2019 оны 12 сар хүртэл хугацаанд 1 202 089 төгрөгийг төлж барагдуулаагүй тул төлбөрийг гаргуулахаар нэхэмжилсэн. Үүнийг он оноор нь задлахад 20 оны 127 586 төгрөг, 2014 оны 111 890 төгрөг, 2015 оны 262 249 төгрөг, 2016 оны 173 804 төгрөг, 2017 оны 238 700 төгрөг, 2018 оны 321 345 төгрөг, 2019 оны 1 202 089 төгрөг болж байгаа юм гэв.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.*******: Сарын төлбөрт усны суурь хураамж, цэвэр ус, хог тээврийн, баримтын төлбөрүүд багтаж байгаа. 20 оны төлбөр нь 65 405 төгрөг, 2014 онд 61 464 төгрөг 2015 онд нийт 262 249 төгрөг, 2016 оны төлбөр 173 804 төгрөг 80 мөнгө, 2017 оны төлбөр 238 700 төгрөг 40 мөнгө, 2018 оны 01-12 сарын төлбөр 321 345 төгрөг 60 мөнгө, 2019 оны 01-12 сарын төлбөр 94 098 төгрөг 80 мөнгө гарсан байна. Ингээд 20-2019 оны нийт төлбөр 1 202 089 төгрөг гарсан байгааг нэхэмжилж байгаа юм. Тухайн жилүүдийн төлбөр өөрчлөгдөж байсан. Усны тоолууртай айлын хувьд хэрэглээнээсээ шалтгаалаад төлбөр өөр өөр гардаг. Манай байгууллагын зүгээс гэрээгээ хийх талаар сошиалоор болон байрнуудын гадна талд зар тавих, өөрсдөд нь очиж хэлэх зэргээр байнга мэдээлэл хүргэдэг байсан. Өөрсдөө ирж гэрээгээ хийгээгүй. Тухайн үеийн байцаагч нар энэ айлд өөрсдөд нь хэлж л байсан байх. Миний хувьд энэ хэсгийг 2021 оноос хариуцах болсон. Манай байгууллага дээр 15-01 тоот Самбуу гэсэн нэрээр явж байгаа. 15- гэсэн тоот манай дээр байдаггүй. Хариуцагч ******* нь Самбуугийн гэр бүлийн хүн юм байна лээ. Бид шүүхэд нэхэмжлэл гаргана гэхэд “*******оор нэх” гэсэн учраас гэр бүлийнх нь хүн болох *******оос нэхэмжилж нэхэмжлэлээ гаргасан юм гэж тайлбарласан.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.*******: Би нэмж тайлбар хэлье. Манай байгууллага нь жил бүр гэрээ хийж явдаг. Тухайн үеийн байцаагч нар нь энэ өрхтэй байгуулсан гэрээгээ сунгаагүй явчихсан байна. Гэсэн хэдий ч усаа өгөөд явсан. Гэрээнд өр төлбөрөө барагдуулаагүй, гэрээгээ сунгуулаагүй бол усны хэрэглээг хязгаарлахаар заасан. Гэрээнд заасны дагуу усыг нь хаах гэхээр хүний Үндсэн хуулиар олгогдсон эрүүл, амьд явах эрхийг зөрчих учир усыг нь хаах аргагүй байлгаад байсан талтай. Энэ айл нь тухайн үедээ хугацаандаа өр төлбөрөө барагдуулаад явах боломжтой байсан.  Энэ байр нь хувийн сууц. Тухайн сууцанд ихэнхэд нь аж ахуйн нэгж байгууллага байдаг. Аж ахуйн нэгж байгууллага засвар үйлчилгээгээ өөрсдөө хариуцдаг. Энэ сууцанд 3-4 айл өрх амьдардаг. Үүний нэг нь хариуцагчийнх байгаа юм. Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд зааснаар хувийн сууцыг нийтийн аж ахуй хариуцна гэсэн ойлголт байхгүй. Өөрсдийнх нь өмчлөлийн сууц учраас мэргэжлийн байгууллага буюу манай байгууллагаас төлбөрт үйлчилгээг л авах эрхтэй. Задгай хэрэглээгээр, тоолуурын заалтаар өр төлбөр нь гараад ирчихсэн байгаа.  Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5-д тухайн хэрэглэгч нь бүхий л хэлбэрээр төлбөрөө төлөх боломжтой гэж заасан. Энэ хуулийг үндэслэж гэрээ байгуулдаг.  Тухайн үед нь ажиллаж байсан байцаагч нар утсаар болон гэрээр нь очиж төлбөрөө барагдуулахыг шаарддаг байсан. Шаардаж байсан талаар мэдэгдэл байхгүй, хариуцагчийн зүгээс хөөн хэлэлцэх хугацаан өнгөрсөн гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Энэ айлын хувьд гэрээ хийх боломжтой байсан. Нийтийн сууц гэхээр нэлээн олон айл өрх нийтээрээ хамтран өмчлөөд амьдардаг орон сууц байдаг. Хувийн сууц гэхээр дангаараа өмчилж авсан хэсгүүдийг хувийн сууц гэж хэлээд байгаа юм. Танай байранд 2, 3 айл л байдаг. Бусад нь аж ахуйн нэгж байгууллага. Тиймээс хувийн сууц гээд байгаа юм. Нийтийн аж ахуй хувийн сууцыг өөрийн өмчлөлд бүртгэж авна гэхэд учир дутагдалтай. Хэрвээ бүртгэж авлаа гэхэд зөвхөн тоног төхөөрөмж шугам сүлжээнүүд нь л бүртгэлд орохоос биш бүх зүйлийг үнэгүй засаж өгнө, үнэгүй үйлчилнэ гэсэн ойлголт биш юм. Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.8-д зааснаар тухайн өмчлөгч өөрийн өмчлөлийн тоног төхөөрөмж, шугам сүлжээгээ өөрөө бүрэн хариуцна, засвар үйлчилгээний төлбөрөө бүрэн төлнө гэж зохицуулж өгсөн. Мөн таны зүгээс бохир усны зардал орох ёсгүй гэж тайлбарлаад байх шиг байна. Задаргаанаас харахад бохир ус 0 гээд төлбөр байхгүй.  Усны суурь хураамж, хог тээврийн төлбөр, усыг задгайгаар тооцсон төлбөрийн асуудлууд л яригдаж байгаа. Хариуцагч “манай байрыг хүлээж аваагүй учир би усны төлбөрийг төлөхгүй” гэж удаа дараа хэллээ. Энэ нь хоёр тусдаа ойлголт юм. Хүлээж авах гэдэг нь тухайн байрыг улсын комисс хүлээж аваад Дорнод нийтийн аж ахуйд хүлээлгэж өгдөг. Тэгэхээр нь Дорнод нийтийн аж ахуй шугам хоолой, техникийн хонгил, тоног төхөөрөмж юу байна бүгдийг нь хүлээж аваад дансандаа бүртгэдэг. Ус түгээх, цэвэр усаар найдвартай хангах үйлчилгээ нь тухайн байрыг хүлээж авсан, аваагүй хамаарахгүй хийгддэг үйлчилгээ юм. Энэ үйлчилгээг авсныхаа төлөө та төлбөрийг тоолууртай бол заалтын дагуу, тоолуургүй бол задгай хэрэглээгээр төлнө. Тиймээс дараа дараагийн удаа ийм зүйл яриад байж болохгүй шүү. Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т “Усны тоолуургүй хэрэглэгчийн хэрэглэсэн унд, ахуйн ус, хэрэглээнээс гарсан бохир усны хэмжээг байгаль орчин, хот, суурины ус хангамж, ариутгах татуургын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон хэрэглээний жишиг, нормыг үндэслэн тодорхойлно” гэж заасны дагуу тоолуургүй айлуудын хэрэглээг нь задгайгаар тооцдог. Тоолууртай бол тоолуурын заалтаар хэрэглээ нь гараад ирнэ. Харин хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн тайлбар гаргаж байгааг нь нэгэнт тухайн үедээ нэхэмжлэлээ гаргаагүй учраас хүлээн зөвшөөрч байгаа гэж тайлбарласан. 

        Хариуцагч Ж.******* хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад хариу тайлбараа бичгээр өгсөн байгаа. Энэ тайлбараа бүрэн дэмжиж байна. Манайх энэ байранд 2005 онд анх нүүж орж байсан. Энэ хуралд сууж байгаа хүмүүс манай байранд очиж үзээгүй, 18 жилийн өмнө ямар байсныг мэдэхгүй байх. Анх нүүж ороход ямар ч шугам халаалт байхгүй, усгүй, 2 захад нь аж ахуйн нэгж байрладаг, 3-4 айл амьдардаг, тэдгээр айл нь нойл байхгүй. Ийм л байдалтай байсан. Нүүж ороод тухайн үедээ халаалт тавиулъя, устай болъё гэж нийтийн аж ахуй руу хандаж их хөөцөлдөж явдаг байсан. Тэгэхэд “танай байр манай харьяанд байдаггүй. Бид байгаа хэдэн хуучин байраа яах вэ гэж байхад танай байрыг нэмж авахгүй. СМУ-н байр сантехник муутай, дэмий байдаг” гээд тоодоггүй байсан. Манай байранд байдаг оёдлын эгч хөөцөлдөж байж дулаантай болсон. Дулааны мөнгөө бид гэрлийн мөнгөн дээрээ нэмээд шугам сүлжээнд төлдөг. Манай байрны 15-01 тоотод модны аж ахуйн нэгж байдаг. Тэр байгууллагын хүмүүс болон миний зүгээс нийтийн аж ахуй руу манай байрыг хүлээж аваач гэж байнга хэлдэг байсан боловч дээрх зүйлсээ яриад хүлээж аваагүй. Бид 3 жилийн өмнө усны шугамаа нийтээр нь сольсон. Тухайн үед аж ахуйн нэгж, айл өрх болгоныг худагтай бол гэдэг шаардлагыг тавьж байсан. Манай байрны цөөхөн айл бүгдээрээ нийлж байгаад худагтай болж, усны шугамаа нийтээр нь сольсон. Одоо бол муухан ус ирдэг. Халаалт явж байгаа. Сая нэхэмжлэгчийн төлөөлөгч нар “бохирын төлбөр, тоолуур тавьсан” гэсэн зүйлүүдийг ярьж байна. Манай байранд усны шугамаас гадна дотроо бохир, нойл, банн юу ч байдаггүй. Мөн усны тоолуур байдаггүй. Нэлээн олон жилийн өмнө тоолуур тавьж байхад нь “манайх тоолуур тавиулж болох уу” гэж асуухад “танай байр манай харьяанд байдаггүй учраас бид нарт хамаагүй” гээд мөн л хүлээж аваагүй. Нийтийн аж ахуйгаас огт хүлээж авдаггүй учраас сүүлдээ бид хаягдсан байр юм байна гээд хөөцөлдөхөө больсон. Түүнчлэн төлбөрөө төл гэж нэхэмжилж байгаагүй, нийтийн аж ахуйгаас ямар ч хүн манайд очиж байгаагүй. Ер нь тэр байранд 3, 4 айл байдаг гэдгийг байцаагч нар ч мэддэггүй байсан. Сүүлийн хэдэн жилд л айл байдаг гэдгийг байцаагч нар мэддэг болсон байна лээ. Хоёр жил гаруйн өмнө Цэрэнбат гэдэг байцаагч  гэнэт л 1 200 000 төгрөг нэхэж орж ирсэн. Тухайн үед нь би “хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй хугацааны төлбөрийг төлье” гэж хэлсэн. Гэвч нэхэхдээ 15-01 тоот гэж нэхээд байсан. Тэгэхэд нь “15-01 тоотод аж ахуйн нэгж байдаг. Энэ байгууллагын төлбөрийг нэхээд байгаа юм уу” гэж тодруулж асуухаар “мэдэхгүй” гээд байдаг. Ингээд Цэрэнбат байцаагчид “шүүхэд өгчих өө. Бид нар шүүхийн шийдвэрийг харж байгаад төлье” гэсэн боловч түүнээс хойш хоёр жилийн дараа одоо л шүүхэд өгч байна. Нэхэмжлэлээ үндэслэлтэй гаргах хэрэгтэй. Манайх 15-2Б тоотод байдаг. Гэтэл нэхэмжлэл дээрээс харахад 15-01, 15- тоот гэж хаяг бичиж, дээрх төлбөрийг нэхээд байдаг. 15-01 тоотод аж ахуйн нэгж байрладаг. Манай байранд тоот гэж хаяг байдаггүй. Энэ мэтчилэн хаяг нь хүртэл буруу яваад байдаг. Надад хамааралгүй нэхэмжлэл байна гэж ойлгож байна. Мөн манайд усны тоолуур байдаггүй. Нэхэмжлэлээ үндэслэлтэй гаргасан тохиолдолд нэхэмжилж буй төлбөрийг төлөхөд татгалзах зүйл байхгүй. Үндэслэлгүй нэхэмжлээд байгаа учраас зөвшөөрөхгүй байгаа юм. Мөн сая нэхэмжлэгчийн төлөөлөгч нар “өөрсдөө ирж гэрээ хийх ёстой” гэж байна. Нийтийн аж ахуйгаас гэрээгээ хий гэж шаардаж байгаагүй. Манай байрыг хүлээж авахгүй гээд байхад бид гэрээ хийнэ гэж яваад байх шаардлагагүй гэж бодож байна. Би байцаагчид “нэгэнт хүн амьдарч байгаа учир хог гарах, ус хэрэглэх нь тодорхой. Төлбөрийг төлөхөд татгалзахгүй” гэж хэлдэг. Түүнчлэн би шугамын засвар үйлчилгээг танай байгууллагаар төлүүлэх гэж ярьдаггүй. Тэдгээрийг мэргэжлийн хүн засах шаардлагатай. Манай аймагт дуудлагаар засварладаг мэргэжлийн байгууллага, хүн байдаггүй. Тиймээс нийтийн аж ахуй руу дуудлага өгөхөөр “манай харьяаллын байр биш” гээд дэвтэр дээрээ ч бүртгэж авдаггүй. Би нэг удаа ярьсан асуудлыг яриад байгаа юм биш. Олон удаагийн давтамжтай ярьж байсан асуудлыг ярьж байна. Төлбөрөө төлүүлэх гэсэндээ биш гол нь мэргэжлийн хүнээ явуулаач гэхэд танай байгууллага хүлээж авдаггүй. Эцэст нь хэлэхэд хуулийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбар гаргасан.

      Нэхэмжлэгчээс: Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, төлбөрийн тооцооны хуудас ирүүлсэн.          

      Хариуцагчаас: нотлох баримт ирүүлээгүй болно.

                                                           ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч “Дорнод нийтийн аж ахуй” ОНӨААТҮГазар нь хариуцагч Ж.*******т холбогдуулан Гэрээний үүргийн биелэлт 1 2020 089 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

       Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх, гэрээ байгуулаагүй гэж ярьж байна гэрээ хийх талаар байцаагч нар айл өрхөөр явж мэдэгдэж шаардаж байсан....Иймээс хариуцагчаас 2012 оноос 2019 оны 12 сарыг дуустал хугацааны төлбөр 1 202 089 төгрөг нэхэмжилнэ” гэж тодорхойлсон.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын татгалзаж буй үндэслэлээ “...Манайх энэ байранд 2005 онд нүүж орсон, энэ үед цэвэр, бохир ус, цахилгаан байхгүй байсан. Бид нар НАА-д хүлээж авахыг хүсэж удаа дараа уулзаж байсан. СМУ-гийн байр сан муутай учир хүлээж авахгүй гээд аваагүй.... СМУ-ын байранд тоолуур тавьж байхад тоолуур тавиулах талаар хэлэхэд хүлээж аваагүй, харин манай байрны оёдлын эгч хөөцөлдөж байж дулаанаа тавиулсан цахилгааны төлбөртэйгээ нийлүүлж төлдөг....Энэ хугацаанд манайд ийм төлбөр гарч байгаа талаар мэдэгдэж байгаагүй, тэгээд ч манайх 15 байрны 2б тоотод оршин суудаг. Гэтэл 15.01 тоотод модны аж ахуй байдаг. Иймд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн учир хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэж маргадаг.

Хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар хариуцагч Ж.******* нь нэхэмжлэгч “Дорнод нийтийн аж ахуй” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт 2012 оноос 2019 оныг дуустал хугацаанд цэвэр, бохир ус, хог тээвэрлэлтийн төлбөр 1 2020 089 төгрөг төлөөгүй болох нь  талуудын тайлбар, төлбөрийн тооцоо хийсэн баримтаар тогтоогдож байна.

Гэвч нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч тал холбогдуулан гэрээний үүргээ биелүүлэх талаар шаардлага, мэдэгдэл өгч байсан эсэх нь тодорхойгүй, дээрх 2012-2019 оныг дуустал хугацааны төлбөрийг төлүүлэх талаар ямар ажиллагаа хийгдэж байсан, хөөн хэлэлцэх хугацааг сэргээх  үндэслэл байгаа эсэхэд нотлох баримтаар нотлоогүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.2 “ ... нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ хуульд заасны дагуу нотлох баримтаа цуглуулж бэхжүүлж, нотлох үүргээ биелүүлэхээр хуульчилсаны дагуу нэхэмжлэгч тал дээрх нотлох үүргээ биелүүлээгүй байна.

 Өөрөөр хэлбэл хариуцагчийн гаргасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн татгалзлыг нотлох баримтаар няцааж чадаагүй болно.

Хэдийгээр хариуцагч Ж.******* нь дээрх хугацаанд буюу 2012 оноос 2019 оны 12 сарыг дуустал хугацаанд цэвэр ус, хог тээврийн үйлчилгээг хэрэглэсэн байгаа боловч

хариуцагчаас шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна гэж үзэх үндэслэлтэй байна.

        Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байдаг бөгөөд мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх тусгай хугацаа гурван жил байдаг.

Иймд хариуцагчаас шаардах эрхийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэлээр шүүх хариуцагч Ж.*******д холбогдох “Гэрээний үүргийн биелэлт 1 202 089 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэгч “Дорнод нийтийн аж ахуй” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжинд 33 708 төгрөг төлсөн болохыг улсын орлогод хэвээр үлдээхээр тогтлоо.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 243 дугаар зүйлийн 243.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч *******ын *******т холбогдох гэрээний үүргийн биелэлт 1 202 089 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Дорнод нийтийн аж ахуй” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.   

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 33 708 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц, мөн 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй. 

                       

        

                            

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Т.БАЙГАЛМАА