| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Далайхүү |
| Хэргийн индекс | 195/2025/0003/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/04 |
| Огноо | 2025-12-22 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Д.Рэгзэдмаа |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 2025/ШЦТ/04
2025 12 22 2025/ШЦТ/04
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал,
улсын яллагч Д.Рэгзэдмаа,
хохирогч Э.Долгоржав,
шүүгдэгч ****, түүний өмгөөлөгч Б.Чинбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 28.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дэлгэрэх булаг овогт **** холбогдох эрүүгийн **** тоот дугаартай, 4 хавтас хэргийг 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч **** нь 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр нь цахим орчинд “Өндөр дүнтэй зээл гаргана, апп-н зээл хаалгуулж, буцаад хүүтэй эргүүлэн төлнө, ээжийн амийг авраач” гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хохирогч Б.Чинбат, Э.Эрдэнэбаяр, Б.Нарангэрэл, Э.Эрдэнэболор, Г.Ганчимэг, Э.Долгоржав, Ц.Отгонтуяа нараас нийт 25,378,609 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
- мөн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Дорноговь аймагт байрлах Хилийн **** дугаар ангид 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хилийн цэргийн **** дугаар ангид ахлах шалгагчаар томилогдон ажиллаж, 2025 оны 08 дугаар 27-ны өдрөөс хойш хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж эргэж ирэлгүй цэргийн албанаас оргон зайлсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч **** мэдүүлэхдээ: “...Би хүнээс мөнгө зээлж аваад буцааж өгч чадаагүй, нөгөө хүн маань байнга мөнгөө авъя гэж дарамтлаад намайг Замын-Үдэд ажиллаж байхад мөнгөө авъя гэж ирээд намайг Улаанбаатар руу авч явсан. Би тэр хүнд 14 сая төгрөгийн өртэй байсан. Тэр мөнгөө бага багаар нь өгөх гээд, 3-4 хоноод л мөнгөө нэхээд байсан, эхлээд би таньдаг хүмүүсээсээ мөнгө зээлж өрөө өгөөд дараа нь онлайнаар покер тоглоом тоглосон. Цэргийн албанаас оргон зайлсан гэх үйлдэлд хүний нөөцийн дарга Түмэн-Одтой ярьж байсан, ажлаас халах тушаал гарах гээд байна гэж надад хэлж байсан, хувцасны мөнгө нэхэмжилсэн. 8-р сарын 2-ны өдрөөс 5-ны хооронд Дорнод руу томилолтоор явсан байна. Тэрний мөнгө өгнө ороод таарах байх, би одоо өгөх боломжгүй байна гэж хэлсэн...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Долгоржав мэдүүлэхдээ: “...2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр аппликэйшны зээлтэй хэрэглэгчдийн группт зээл хаагаад өгөх хүн байна уу гэсэн пост оруулсан байхаар нь би байна гэж бичсэн. Тэгээд над руу би Замын-Үдэд хилийн цэрэг гэсэн чат бичсэн. Тэгэхээр нь би уулзаж байгаад хааж өгнө гэхэд би төрийн албан хаагч гэж хэлээд иргэний үнэмлэхээ явуулсан тул би итгээд сая хэдэн зуун мянган төгрөг шилжүүлж өгсөн, яг хэдэн төгрөг гэдгийг санахгүй байна. Би нөмрийн зээлийг хаачихлаа гээд хүүтэй нь өгсөн. Маргааш нь унтаж байхад аниа та дахиад зээл өгөөч, би Лэндийнхээ зээлийг төлчхөөд өгье, хүүтэй нь буцааж өгнө гэсэн. Тэгэхээр нь өмнө нь зээлсэн мөнгөө өгсөн юм чинь гэж бодоод 2.700.000 төгрөг шилжүүлсэн. Одоо болтол төлөөгүй байна. Зээлсэн мөнгөө авмаар байна...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
үйлдлийн талаар:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 3 дахь тал/,
Иргэн Б.Чинбатаас Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтэст гаргасан өргөдөл /1 дүгээр хавтаст хэргийн 4 дэх тал/,
Хохирогч Б.Чинбатын:
“...Би 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Лэнд.мн аппликейшний зээл чөлөөлүүлэхээр **** гэх дугаараас холбогдож, СХД-ийн 31 дүгээр хороо, Замын цагдаагийн урд манай эхнэртэй уулзаж зээл чөлөөлж өгнө гэж ярихаар нь тухайн хаягийн дагуу очиход Чимэдийн Хонгорзул гэсэн нэртэй эмэгтэй байхаар нь уулзаж зээл чөлөөлж өгөхөөр өөрийн **** тоот данснаас нь уулзаж зээл чөлөөлж өгөхөөр өөрийн Ч.Хонгорзулын **** тоот данс руу 1,700,000 төгрөг шилжүүлж зээлийг нь хааж өгөөд буцаагаад мөнгө авах гэсэн аппликейшн блоклогдоод мөнгөө буцааж авах боломжгүй болохоор нь Ч.Хонгорзулаас болж буй асуудлыг тодруулахад фейсбүүкээр үл таних эрэгтэй хүнтэй холбогдож зээл чөлөөлөхөд тусалбал 100,000 төгрөг өгнө гэхээр нь эхнэр гэж хэлсэн гэсэн учир цагдаагийн байгууллагад хандаж байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 9 дэх тал/,
Гэрч Ч.Хонгорзулын:
“... Би 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр өөрийн ашигладаг фейсбүүк хаягаас үл таних **** rэх нэртэй фейсбүүк хаягтай хүнтэй харилцаж Лэнд.мн зээлийн аппликейшнд бүртгэлтэй байгаа 1,600,000 төгрөгийн зээлийг хүнээр хаалгуулж өгвөл 100,000 төгрөг өгнө, өөрөө хөдөө байгаа болохоор Улаанбаатар хотод очих боломжгүй байна" гэхээр тухайн үл таних хүний эхнэр гэж зээл чөлөөлөх хүнтэй уулзаад зээлийн чөлөөлж өгөөд 100,000 төгрөг авахаар тохиролцоод 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр зээл чөлөөлдөг гэх **** гэсэн дугаартай хүнтэй уулзаад өөрийн эзэмшлийн **** тоот данс руу 1,700,000 төгрөг шилжүүлж аваад Ууганбаяр гэх хүний нэр дээр бүртгэлтэй Лэнд.мн аппликейшний зээлийг төлсний дараа тухайн бүртгэл рүү нэвтрэх боломжгүй болж намайг фейсбүүкээр блоклосон. Би тухайн үл таних хүнтэй **** гэсэн дугаараар холбогдож байгаад дээрх дугаараар мөн адил блоклосон...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 10 дахь тал/,
Хаан банкны **** тоот дансны 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн шилжүүлгийн мэдээлэл, дансны хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 14-15 дахь та/,
Лэнд.мн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 06-17/1571 тоот албан бичиг, 2025 оны 01 дүгээр сарын 1-ны өдрийн 006-17/28 тоот албан бичиг, харилцагчийн зээлийн эргэн төлөлтийн мэдээлэл, цахим хэтэвчний хуулга, харилцагчийн зээлийн мэдээлэл, хандалтын мэдээлэл, дансны хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 17-29 дахь тал/,
Шүүгдэгч **** яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 55-57 дахь тал/,
үйлдлийн талаар:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 128 дахь тал/,
**** гэсэн фейсбүүк хаягаас **** гэсэн фейсбүүк хаягтай харилцсан фейсбүүкийн чат зурвас /1 дүгээр хавтаст хэргийн 132-137 дахь тал/,
Хохирогч Э.Эрдэнэбаярын:
“... Би Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум **** тоотод байрлах гэртээ 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр “****” гэх фейсбүүк хаягаас тавьсан “Зээл гаргаж өгнө, зээл зуучилна” гэсэн зарын дагуу тус хаягтай холбогдож “хэр хурдан хугацаанд зээл гаргаж өгөх вэ? 30,000,000 төгрөгийн зээл гаргуулах гэсэн юм аа” гэхэд миний хариуд “Зээлийн ангилал хамаарахгүйгээр маш хурдан зээл гаргаж өгнө өө. Та 30,000,000 төгрөгийн зээл гаргуулах гэж байгаа бол төлбөрт нь 2,000,000 төгрөгийг Голомт банкны **** тоот дансанд төлөх ёстой” гэхээр “надад 1,500,000 төгрөг л байна” гэтэл “За за зээлийг тань гаргаж өгнө” гэж хэлсэн. Тэгээд би өөрийн **** тоот дугаарын данснаас Голомт банкны **** тоот данс руу “зээлийн төлөлт гэсэн” гүйлгээний утгатай 1,500,000 төгрөг шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсний дараа “****” гэх фейсбүүк хаягаас “таны мөнгө орсон таны зээлийн эрх нээгдлээ одоо хүссэн дүнгээрээ зээл авч болно, маргааш өглөө” надтай холбогдоорой гэхээр нь маргааш нь холбогдоход тус хаяг хаагдсан байсан. Намайг залилсан хүнийг хайж үзсэн юм аа. Тэгсэн ****гийн Ууганбаяр гэж хүн байгаа юм аа. Энэ хүн миний мөнгийг залилж авсан гэдэгт би итгэлтэй байна. **** өмнө Сэлэнгэ аймгийн Хилийн цэрэгт ажиллаж байсан юм байна лээ. Мөн би энэ хүнтэй фейсбүүк Уулын заставд 1 жил гаруй ажиллаж байсан гэж ам алдсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 140 дэх тал/,
Голомт банкны 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 10/556 тоот албан бичиг, 191514994 тоот дансны дэлгэрэнгүй хуулга, дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 143-160, 141 дэх тал/,
Шүүгдэгч **** яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 176-177 дахь тал/,
үйлдлийн талаар:
Иргэн Ц.Отгонтуяагаас Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтэст гаргасан өргөдөл, зээлийн гэрээний хуулбар, дансны мэдээлэл /1 дүгээр хавтаст хэргийн 197-199 дэх тал/,
Хохирогч Ц.Отгонтуяагийн:
“... Би 2016 онд Нийслэлийн Баянгол дүүргийн 19 дүгээр сургуулийг төгссөн. Өмнө нь нэг ангид сурч байсан ****гийн Ууганбаяр нь 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдөр над руу **** дугаараас залгаад ээж маань хагалгаанд орох гээд мөнгөний хэрэг гараад байна найздаа 15,000,000 төгрөгийг зээлээч гэсэн. Тэгэхээр нь би боломжгүй гэсэн чинь машин барьцаалдаг газар байдаг юм байна. Чи **** гэх дугаараар холбогдоод танай гэрийн ойрхон байдаг юм байна, чи очоод уулзаад машинаа барьцаанд тавиад надад 15,000,000 төгрөгийг зээлчих гэсэн... Тэгээд би өөрийн эзэмшлийн 9001 УНГ улсын дугаартай Лексус сити 200 эйч загварын машиныг 15,000,000 төгрөгөөр барьцаанд тавих гэсэн талаараа хэлээд миний уг машин нь банк бусын нэр дээр байгаа гэсэн чинь тэр эгч зүгээр зүгээр гэж хэлээд надтай гэрээ Байгуулсан. Тэр эгч 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 23 цагийн үед миний Хаан банкны **** тоот данс руу 15,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Би уг мөнгийг орсон даруйд ****ын Хаан банкны **** тоот данс руу 14,500,000 төгрөгийг Баянгол дүүргийн **** гэсэн байрны гадна машины зогсоолд машиндаа сууж байхдаа шилжүүлсэн. Яагаад 15,000,000 биш 14,500,000 төгрөгийг шилжүүлсэн гэхээр **** нь надад өмнө нь 780,000 төгрөгийн өртэй байсан болохоор би өрнөөсөө ядаж 500,000 төгрөгийг нь авъя гэж бодоод 14,500,000 төгрөгийг шилжүүлсэн юм... хагалгаанд орох гээд хэцүү байна. чи манай ээжийн амийг авраач гээд яриад байхаар нь би итгээд л мөнгө өгчихсөн...” гэсэн мэдүүлэг /1дүгээр хавтаст хэргийн 204-205 дахь тал/,
Гэрч Б.Бүрэнчөдөрийн:
“... Би фейсбүүк ухаад байж байтал 1 хоногийн хугацаатай хүүтэй мөнгө зээлнэ гэсэн зар байхаар нь **** дугаарын утас руу залгасан чинь нэг залуу би Замын-Үүд сумын **** дугаар цэргийн ангид ажилладаг юм. 1 хоногийн хугацаатай 15,000,000 төгрөг зээлээч гэхээр нь би хол байдаг хүнд мөнгө зээлэхгүй гэтэл тэр залуу манай найз охин хотод байдаг юм би найз охиноо тантай холбуулъя гэсэн... Тэгээд би Ц.Отгонтуяатай гэрээ байгуулаад 15,000,000 төгрөгийг өөрийн Хаан банкны **** тоот данснаас Ц.Отгонтуяагийн Хаан банкны **** тоот данс руу 15,000,000 төгрөгийг тэр өдөртөө байрныхаа гадаа шилжүүлсэн... Тэр залуу надад и монголиагаас иргэний үнэмлэхийн лавлагаа, зээлийн мэдээллийн сангийн лавлагаа зэрэг баримтуудаа явуулсан бөгөөд уг лавлагаа дээр **** гэсэн нэртэй байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 238-240 дэх тал/,
Хаан банкны 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 29/10798 дугаартай “**** тоот дансыг ****эзэмшдэг...” гэсэн албан бичиг **** тоот дансны хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 244-248 дахь тал/,
үйлдлийн талаар:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 41 дэх тал/,
Хохирогч Б.Нарангэрэлийн”
“...Би 2024 оны 10 дугаар сарын 26-ны 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн **** тоот гэртээ өөрийн утсаараа юм үзэж байгаад ****rэх фейсбүүк хаягаар зээл хаана гээд **** дугаарыг бичсэн байхаар нь өөрийн **** утсаар залгаад мэдээлэл авсан тэгсэн фейсбүүк хаягаар мэдээллээ явуулчих гэхээр нь би өөрийн ****хаягаар өөрийн хувийн мэдээлэл болон дансны нэвтрэх нэр нууц үгийн хамт явуулсан миний Голомт банкны **** данснаас 1,000,000 төгрөгийн зээл авч **** тоот ****гэх хүний данс руу шилжүүлсэн байхаар нь тухайн хүн рүү залгасан би чиний данснаас 1,000,000 төгрөгийн зээл авсан чамд хэлхээ мартсан байна. Зээл гарах болоогүй байна гээд өгөхгүй байхаар нь өөрийгөө залилуулсан байна гэж бодоод цагдаагийн байгууллагад хандаж байна...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 46 дахь тал/,
Б.Нарангэрэл эзэмшигчтэй Голомт банкны **** тоот дансны дансны хуулга /2 дугаар хавтаст хэргийн 62-66 дахь тал/,
Голомт банкны 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2679 дугаартай албан бичиг, **** тоот дансны мэдээлэл, дансны хуулга /2 дугаар хавтаст хэргийн 67 дахь тал/,
Шүүгдэгч ****ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 87 дахь тал/,
гэх үйлдлийн талаар:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 103 дахь тал/,
Хохирогч Э.Эрдэнэболорын:
“...Миний байршуулсан зарын дагуу 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр над руу **** дугаараас залгаад Лэнд.мн зээл чөлөөлүүлээд тэр дор нь дахин зээл аваад надад хүүгийн хамт эргүүлэн өгнө гэсэн. Би тэр залуутай Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо цагаан байрны автобусны буудал дээр уулзаад өөрийн **** дугаарын данснаасаа тухайн хүний Хаан банкны **** дугаарын данс руу 1,310,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд тухайн залуу зээлээ төлж байсан. Удалгүй дахиад зээлээ авчихна гээд 20-оос 30 минут хүлээсэн чинь тэр залуу миний зээл биш байсан юм аа. Одоо тэр хүн утсаа авахгүй байна. Би фейсбүүкээр 100,000-ийн ажил байна гэсэн зарын дагуу холбогдсон чинь миний өмнөөс хүнтэй уулзаад өөрийнхөө зээлийг хаалгана гэж хэлээд хаалгуулчих. Тэгээд би зээлийн эрхээ нэмэгдүүлж байгаад зээлээ авчхаад тэр хүнд хүүтэй нь хамт мөнгийг нь шилжүүлчихнэ. Чамд 100,000 төгрөг өгнө гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 106 дахь тал/,
Гэрч Б.Аригбөхийн өгсөн “Гантогтох гэх хаягтай хүн 100к ажил байна гэсэн зар оруулсан байсан. Зарын дагуу чатлаад мэдээлэл авахад миний зааж өгсөн хүнтэй холбогдоод өөрийнхөө зээлийг хаалгах гэсэн юм гэж хэлээрэй. Өөр хүнийх гэвэл хааж өгөхгүй шүү. Тэгээд зээл хаалгасны дараа шууд зээлийн эрх нь нэмэгдээд дахин зээл аваад нөгөө хүндээ 8 хувийн хүүтэй мөнгийг нь шилжүүлчхээд миний зээлийн дансанд 300,000 төгрөг үлдэнэ. Чи 100,000 төгрөгийг нь аваарай. Би өөрөө хөдөө орон нутагт явж байгаа болохоор уулзаж чадахгүй байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 108 дахь тал/,
Лэнд ББСБ-н 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 06-17/1521 тоот албан бичиг, харилцагчийн зээлийн мэдээлэл, гүйлгээний баримт /2 дугаар хавтаст хэргийн 98-120 дахь тал/,
Хаан банкны 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 29/7354 тоот албан бичиг, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 129-130 дахь тал/,
Шүүгдэгч ****ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 128 дахь тал/,
үйлдлийн талаар:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 148 дахь тал/,
Иргэн Даваажаргалаас Орхон аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /2 дугаар хавтаст хэргийн 147 дахь тал,
Хохирогч Г.Ганчимэгийн:
“... Би нэлээн дээр үед зээл чөлөөлнө гэсэн зар Эрдэнэт зар дээр байршуулж байсан... Надтай 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс үл таних хүн фейсбүүк чатаар зээл авах гэсэн юмаа эргүүлээд дор нь мөнгөө өгнө гээд байсан. Тэгээд тэр хүн нэлээн удаан байж байгаад надтай чатлаад зээл хаагаад өгөөч гээд л чат бичээд байдаг байсан. Надтай утсаар яриад холбогдоод байдаг байсан бөгөөд би тэр дугааруудыг нь сайн тэмдэглэж цээжилж аваагүй юмаа. Тэгтэл 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн орой 22 цаг өнгөрч байх үед **** дугаараас өдрийн орой 22 цаг өнгөрч байх үед **** дугаараас над руу залгаад зээл чөлөөлүүлэх гэсэн хүн байна гэсэн бөгөөд тэгээд би Тессоро төвд байна гэтэл удалгүй 20 орчим насны залуу хүрээд ирсэн бөгөөд тэр залуугийн би иргэний үнэмлэхийг үзтэл надтай харилцсан ****rэх фейсбүүк хаягтай хүнээс өөр хүн байхаар нь нөгөө зээл авна гэсэн ****фейсбүүк хаягтай хүн рүү чи өөрөө биш байна ш дээ гэтэл нууц үгээ дүүдээ өгчихсөн манай дүү байгаа юм найдвартай одоо дор нь зээл хаагаад эргүүлээд аваад өгнө гэж хэлсэн. Тэгээд тэр надтай уулзахаар ирсэн залуу өөрийнхөө гар утсан дээр Нөмөр аппликейшин татаад **** гэсэн утасны дугаар нэвтрэх нэр дээр нь бичээд тэгээд нууц үгийн хийгээд нэвтрээд ортол хоёр тусдаа зээл байсан бөгөөд тэр хоёр зээлийг тус тусад нь хаагаад надтай уулзахаар ирсэн залуугийн гар утсыг аваад хэсэг хүлээсэн. Би учир нь Өчигдөр яг шинэ жилийн арга хэмжээнд оролцож байсан юмаа. Би шууд Нөмөр ann руу нь ороод өөрийнхөө Хаан банкны интернэт банкаар орж байгаад 2024 оны 12дугаар сарын 25-ны 22 цаг 20 минутад 899,627 төгрөгийн зээл, 2024 оны 12 дугаар сарын 25-ны 22 цаг 22 минутад 1,768,982 төгрөгийн зээлийг тус тусад нь хаасан. Тэгээд нөгөө надтай харилцаад байсан ****фейсбүүк хаягтай хүн зээлээ хаалгаад огт хариу өгөхгүй чимээгүй болчихоор нь нөгөө дүү гээд байсан хүнээс нь яагаад мөнгөө өгөхгүй байна, мөнгөө авна гэтэл тэр надтай уулзахаар ирсэн **** дугаартай залуу "эгчээ би ямар ч хамаагүй ээ надад 100,000 өгнө очоод уулзчих гэхээр нь очоод уулзсан юмаа, би ямар ч хамаагүй" гэж хэлсэн... Би тэр хүний царайг сайн харж амжаагүй дүрст чатаар ярьж байсан. Гэхдээ тэр хүн нэг харанхуйд үсээ нүүрний урдуур унжуулаад царай нь бүрэн харагдахгүй байгаад байсан...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 151 дэх тал/,
2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр О.Даваажаргалаас гаргаж өгсөн **** гэх фейсбүүк хаягтай харилцсан чат зурвасыг хүлээн авсан “Эд зүйл хүлээн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 160-167 дахь тал/,
Нөмөр кредит ББСБ-н 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 02/03032 тоот албан бичиг, цахим зээлийн эрх нээх тухай гэрээ, харилцагчийн мэдээлэл /2 дугаар хавтаст хэргийн 169-178 дахь тал/,
Хохирогч Г.Ганчимэгийн ****rэх нэртэй фейсбүүк хаягтай харилцсан чат зурвасууд /2 дугаар хавтаст хэргийн 186-202 дахь тал/,
үйлдлийн талаар:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /3 дугаар хавтаст хэргийн 8 дахь тал/,
Иргэн Э.Долгоржаваас Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /3 дугаар хавтаст хэргийн 9 дэх тал/,
Хохирогч Э.Долгоржавын:
“...2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөр фейсбүүкээр “апп зээл чөлөөлүүлэх үү” гээд үл таних **** гэх хаягаас чат бичээд “Лэнд.мн зээлийн апплейкшины 1,200,000 төгрөг чөлөөлөөд өгөөч, буцаагаад хүүтэй өгнө” гээд бүх мэдээллээ явуулаад байсан ба Хаан банкны **** гэх данс руу 1,200,000 төгрөг өгсөн. Тэгээд 10 минутын дараа над руу 1,260,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд би тэр хүнд итгээд 13 цаг 05 минутын орчим покет, нөмөр зээлийг хаагаад өгөөч гээд байхаар нь 2,700,000 төгрөг Хаан банкны **** данс руу шилжүүлсэн ба удалгүй намайг найзаасаа хасаад алга болсон...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 13 дахь тал/,
Э.Долгоржав эзэмшигчтэй Хаан банкны **** тоот дансны дэлгэрэнгүй хуулга /3 дугаар хавтаст хэргийн 25 дахь тал/,
Хаан банкны 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 29/13253 тоот албан бичиг, **** эзэмшигчтэй Хаан банкны **** тоот дансны дэлгэрэнгүй хуулга, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /3 дугаар хавтаст хэргийн 21 дэх тал/,
Хохирогч Э.Долгоржавын **** гэх нэртэй фейсбүүк хаягтай хэрэглэгчтэй харилцсан чат зурвасууд /3 дугаар хавтаст хэргийн 26-34 дэх тал/,
Шүүгдэгч ****ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 37-38 дахь тал/,
8. 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Дорноговь аймагт байрлах Хилийн **** дугаар ангид 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хилийн цэргийн **** дугаар ангид ахлах шалгагчаар томилогдон ажиллаж, 2025 оны 08 дугаар 27-ны өдрөөс хойш хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж эргэж ирэлгүй цэргийн албанаас оргон зайлсан гэмт хэргийн нотлох баримтууд:
Хил хамгаалах ерөнхий газрын харьяа Хилийн цэргийн **** дугаар ангийн 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1/266 тоот албан бичиг /3 дугаар хавтаст хэргийн 108 дэх тал/,
Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Түмэн-Одын:
“...манай ангид 2024 оны 03 дугаар сард гэрээт хилчнээр алба хаах хүсэлт өгсний дагуу Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2024 оны 03 дугаар сараас гэрээт хилчнээр томилогдон ажиллаж байгаад 2024 оны 06 дугаар сараас офицер бүрэлдэхүүнд дэслэгч цол олгогдож Замын-Үүд сумын авто замын шалган нэвтрүүлэх боомтод ахлах шалгагчаар томилогдон ажилласан. Түүнээс хойш 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Замын-Үүд сумын авто замын шалган нэвтрүүлэх боомтод үүрэг гүйцэтгэж байхдаа салбарын захирагчаасаа бэр гуйх гэж байгаа юм надад чөлөө олгож өгнө үү гэж салбарын захирагчаасаа амаар гуйсан байсан гэдгийг салбарын захирагч дэд хурандаа М.Эрхэмбаатар надад хэлсэн. Тухайн үед салбарын захирагч нь ****"та чөлөө гэж байгаа бол та холбогдох журмын дагуу удирдлагадаа танилцуулж аваарай" гэж хэлээд гаргасан боловч маргааш нь буюу 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн ажилдаа ирээгүй. Тухайн алба хаагчтай манай байгууллагаас ажлаа таслаад яагаад ирэхгүй байгаа талаар асууж тодруулах гэсэн боловч холбоо барьж чадаагүй ээ. Мөн тухайн алба хаагчийн халагдах тушаал шийдвэр нь 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/2681 дугаартай тушаалаар захиргааны санаачилгаар төрийн албанаас халагдсан. Тус мэдээг хэл дуулгах гэсэн боловч одоог хүртэл холбоо барьж чадаагүй байна. Тус алба хаагчийн ар гэрийн гишүүн болох төрсөн эцэг ****гийн **** дугаарын утас руу 2024 оны 08 дугаар 3 мэдэхгүй байна. Надтай холбоо бариагүй гэж хэлсэн... Манай байгууллагад алба хааж байсан **** нь олгосон цэргийн дүрэмт хувцас, хэрэглэлийн төлбөр болох нийт 1,352,561 төгрөгийн тооцоо төлбөртэй байгаа. Тухайн тооцоо төлбөрийг манай байгууллагад төлөх шаардлагатай байна... Хилийн цэргийн **** дугаар ангийн захирагчийн тушаалаар баталгаажсан 2024 оны хөдөлмөрийн дотоод журамд чөлөө олгох үндэслэл журмыг тусгайлан заасан байдаг. 1 дүгээрт чөлөөний дэвтэр гэж байдаг, түүний чөлөө авах гэж байгаа алба хаагч нар дэвтрээ ирж аваад холбогдох албан тушаалтнуудад танилцуулж гарын үсэг зуруулан баталгаажуулдаг (Албан тушаалтан гэж ангийн салбарын захирагч дарга нар) тухайн үед **** нь ямар ч чөлөө аваагүй шууд ажлаа хаяад олон хоногийн чөлөө авах гэж байгаа бол ангийн захирагчид өргөдөл өгч шийдвэрлүүлэн авч болох байсан...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 114-117 дахь тал/,
Гэрч Б.Эрдэнэтулгын:
“...**** нь 2024 оны 05 дугаар сард манай хилийн цэргийн ****-р ангийн авто замын боомтын ахлах шалгагч албан тушаал дээр томилогдон ажиллаж байсан хүн байгаа юмаа. Тэгээд хамт ажилладаг учраас таньдаг болсон... **** нь 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн ажилдаа ирэхгүй. Ажлаа таслаад ирэхгүй байгаа....хамт ажилладаг Гантогтох гэх найзаасаа худлаа ярьж 20,000,000 төгрөг авчихсан. Тэгээд өөр хүмүүсээс мөнгө авсан гэж сонссон би тэр талаар нь сайн мэдэхгүй байна. Тэгээд ажилдаа ирэхгүй алга болчихсон...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 119-120 дахь тал/,
Гэрч С.Гантогтохын өгсөн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс **** бид хоёр хамт Дотоод хэргийн их сургууль сургалтад яваад танилцаж байсан. ****нь офицерын сургалтад би шалгагчийн сургалтад явсан. Тэгээд тэрнээс хойш хамт Морсын 8 айлд байр түрээслээд хамт амьдарч байсан. Мөн хамт ажиллаж байсан... **** нь 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр надаар цалингийн зээл авхуулаад 10,000,000 төгрөг авсан. Авахдаа машин авах гэсэн юм. Тэгээд авсан мөнгөө би төлөөд явж байна гэж хэлсэн. Тэгээд би ингээд төлөөд явж байх юм чинь нууц үг нь надад байж байг гээд миний Голомт банкны нууц үгийг авсан байсан... 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн ажилдаа ирэхгүй алга болчихсон...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 122-123 хуудас/,
Гэрч М.Эрхэмбаатарын:
“... Манай байгууллага буюу Замын-Үүд сумын шалган нэвтрүүлэх авто замын боомт дээр ахлах шалгагч хийдэг байсан. Тухайн алба хаагч нь манай байгууллагад 5 сар ажиллаад албанаас захиргааны санаачилгаар халагдсан. Надтай хамт ажиллаж байхдаа 2024 оны 08 дугаар сарын 126-ны өдөр надаас **** бэр гуйх гэж байгаа юм аа, надад чөлөө өгөөч гэж амаар гуйсан. Тэгэхээр нь би хувиар хийсэн чөлөө өгөх боломжгүй гэж хэлсэн. Тэгээд маргааш нь ****нь ажилдаа ирээгүй ээ. Надад даргаа би Улаанбаатар хот явж байна гэх зурвас үлдээсэн байсан. Одоо тухайн зурвас байхгүй учир нь утсаа сольсон. Тэгээд **** 3 хоног ажилдаа ирэхгүй болохоор хилийн цэргийн **** дугаар ангид мэдэгдсэн... Манай байгууллагад ажилд ороод 5 сар л болоод ажлаа хаяад явсан... би бол журмын дагуу л анги руу мэдэгдсэн. Тэрнээс хойш юу болсон талаар би мэдэхгүй байна. Манай хүний нөөцөөс л ар гэртэй нь холбоо барьсан байхаа...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 135-136 дахь тал/,
Хил хамгаалах ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 1/124 тоот албан бичиг, 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Б/1147 дугаар тушаалын хуулбар /3 дугаар хавтаст хэргийн 188 дахь тал/,
Хилийн цэргийн **** дугаар ангиас гаргаж өгсөн хохирлын тооцоолол бүхий баримтууд /3 дугаар хавтаст хэргийн 192-193, 194-195 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
I. Гэм буруугийн талаар:
Улсын яллагч “шүүгдэгч **** нь нэр бүхий хохирогч нарыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг, мөн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж эргэж ирэлгүй цэргийн албанаас оргон зайлсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 28.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар гэм буруутайд тооцуулах, шүүгдэгчээс нийт 26.731.170 төгрөгийг гаргуулж нэр бүхий хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт тус тус олгуулах” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбат “...миний үйлчлүүлэгч залилах гэмт хэрэг дээр маргахгүй харин хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж эргэж ирэлгүй цэргийн албанаас оргон зайлсан гэдэг дээр тухайн үед боомтын захирагч Эрхэмбаатараас 3 хоног чөлөө авсан, тэгээд ангийн захирагчид 3 хоногийн хугацаа хэтэрчихлээ гэж Эрхэмбаатар өөрөө мэдүүлсэн байдаг. Тэгэхээр хүнийг алба хааж байгаа газраа дур мэдэж орхиж явсан гэдэг нь эргэлзээтэй. Дур мэдэн орхих гэдэг нь хугацаат цэргийн алба хаагч нар л байдаг. Энэ нөхцөл байдлын үүднээс ойлгоно гэдгийг дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын хэлтсийн хүмүүс надад тайлбарласан. Харин офицер ахлагчийн хувьд дайны байдалд шилжсэн үед анги, байрлалаа орхисон бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт ордог. Түүнээс офицер бүрэлдэхүүн буюу төрийн тусгай албан хаагчийг ажил тасалсан гэж үзэж байгаатай ялгаагүй болж байна. Тэгэхээр хууль зүйн хувьд ийм эргэлзээтэй нөхцөл байдал байгааг харгалзан үзнэ үү. Иймд албанаас зайлсхийх зорилгоор алба хааж байгаа газраа дур мэдэж орхиж явсан, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр чөлөө хэтрүүлсэн, нэг бол эмнэлэгт хэвтэнэ гэж явчхаад эмнэлгээс гараад оргосон тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлд заасныг хэрэглэдэг гэж тайлбарласан. Миний үйлчлүүлэгч шууд захирагдах дүрмийн дагуу захирагч Эрхэмбаярт чөлөө авах талаараа хэлсэн. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр чөлөө хэтрүүлсэн гэх талаар яривал миний үйлчлүүлэгчийг хохирогч нар барьж аваад машинд суулгаад чамайг цагдаад өгнө гээд цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн тул явж болохгүй байсан. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч ****ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч **** нь:
2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр нь цахим орчинд “Өндөр дүнтэй зээл гаргана, апп-н зээл хаалгуулж, буцаад хүүтэй эргүүлэн төлнө, ээжийн амийг авраач” гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж,
- Хохирогч Б.Чинбатад 1.700.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, иргэн Б.Чинбатаас Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтэст гаргасан өргөдөл, хохирогч Б.Чинбат, гэрч Ч.Хонгорзул нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, Хаан банкны **** тоот дансны 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн шилжүүлгийн мэдээлэл, дансны хуулга, Лэнд.мн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 06-17/1571 тоот албан бичиг, 2025 оны 01 дүгээр сарын 1-ны өдрийн 006-17/28 тоот албан бичиг, харилцагчийн зээлийн эргэн төлөлтийн мэдээлэл, цахим хэтэвчний хуулга, харилцагчийн зээлийн мэдээлэл, хандалтын мэдээлэл, дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар,
- Хохирогч Э.Эрдэнэбаярт 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, **** гэсэн фейсбүүк хаягаас **** гэсэн фейсбүүк хаягтай харилцсан фейсбүүкийн чат зурвас, хохирогч Э.Эрдэнэбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Голомт банкны 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 10/556 тоот албан бичиг, 191514994 тоот дансны дэлгэрэнгүй хуулга, дансанд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар,
- Хохирогч Ц.Отгонтуяад 14.500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь иргэн Ц.Отгонтуяагаас Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтэст гаргасан өргөдөл, зээлийн гэрээний хуулбар, дансны мэдээлэл, хохирогч Ц.Отгонтуяа, гэрч Б.Бүрэнчөдөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Хаан банкны 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 29/10798 дугаартай “**** тоот дансыг ****эзэмшдэг...” гэсэн албан бичиг **** тоот дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар,
- Хохирогч Б.Нарангэрэлд 995.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Б.Нарангэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Б.Нарангэрэл эзэмшигчтэй Голомт банкны **** тоот дансны дансны хуулга, Голомт банкны 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2679 дугаартай албан бичиг, **** тоот дансны мэдээлэл, дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар,
- Хохирогч Э.Эрдэнэболорт 1.310.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Э.Эрдэнэболор, гэрч Б.Аригбөх нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, Лэнд ББСБ-н 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 06-17/1521 тоот албан бичиг, харилцагчийн зээлийн мэдээлэл, гүйлгээний баримт, Хаан банкны 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 29/7354 тоот албан бичиг, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар,
- Хохирогч Г.Ганчимэгт 2.668.609 төгрөгийн хохирол учруулсан болох нь гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, иргэн Даваажаргалаас Орхон аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, хохирогч Г.Ганчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр О.Даваажаргалаас гаргаж өгсөн **** гэх фейсбүүк хаягтай харилцсан чат зурвасыг хүлээн авсан “Эд зүйл хүлээн тэмдэглэл, Нөмөр кредит ББСБ-н 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 02/03032 тоот албан бичиг, цахим зээлийн эрх нээх тухай гэрээ, харилцагчийн мэдээлэл, хохирогч Г.Ганчимэгийн ****rэх нэртэй фейсбүүк хаягтай харилцсан чат зурвасууд зэрэг нотлох баримтуудаар,
- Хохирогч Э.Долгоржавт 2.700.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, иргэн Э.Долгоржаваас Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, хохирогч Э.Долгоржавын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Э.Долгоржав эзэмшигчтэй Хаан банкны **** тоот дансны дэлгэрэнгүй хуулга, Хаан банкны 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 29/13253 тоот албан бичиг, **** эзэмшигчтэй Хаан банкны **** тоот дансны дэлгэрэнгүй хуулга, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Э.Долгоржавын **** гэх нэртэй фейсбүүк хаягтай хэрэглэгчтэй харилцсан чат зурвасууд зэрэг нотлох баримтуудаар,
Мөн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Дорноговь аймагт байрлах Хилийн **** дугаар ангид 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хилийн цэргийн **** дугаар ангид ахлах шалгагчаар томилогдон ажиллаж, 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс хойш хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж эргэж ирэлгүй цэргийн албанаас оргон зайлсан болох нь Хил хамгаалах ерөнхий газрын харьяа Хилийн цэргийн **** дугаар ангийн 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1/266 тоот албан бичиг, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Түмэн-Од, гэрч Б.Эрдэнэтулга, С.Гантогтох, М.Эрхэмбаатар нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, Хил хамгаалах ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 1/124 тоот албан бичиг, 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Б/1147 дугаар тушаалын хуулбар, Хилийн цэргийн **** дугаар ангиас гаргаж өгсөн хохирлын тооцоолол бүхий баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ****ыг Эрүүгийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг,
- мөн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Цэргийн алба хаагч цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн анги, байгууллагад алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Чинбат, Э.Эрдэнэбаяр, Б.Нарангэрэл, Э.Эрдэнэболор, Г.Ганчимэг, Э.Долгоржав, Ц.Отгонтуяа, иргэний нэхэмжлэгч Хилийн цэргийн **** дугаар анги /Ч.Түмэн-Од/ нарт нийт 26.731.170 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгчээс мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд дээрх хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч ****аас нийт 26.731.170 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Чинбатад 1.700.000 төгрөг, хохирогч Э.Эрдэнэбаярт 1.500.000 төгрөг, хохирогч Б.Нарангэрэлд 1.000.000 төгрөг, хохирогч Э.Эрдэнэболорт 1.310.000 төгрөг, хохирогч Г.Ганчимэгт 2.668.609 төгрөг, хохирогч Э.Долгоржавт 2.700.000 төгрөг, хохирогч Ц.Отгонтуяад 14.500.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Хилийн цэргийн **** дугаар анги /Ч.Түмэн-Од/-д 1.352.561 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй гэж үзлээ.
II. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас “шүүгдэгч ****ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хугацаагаар хорих ял,
- мөн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулах, нэмж нэгтгэн нийт 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоох, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбат “...Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн уулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, уг хорих ялыг нэмж нэгтгэн нийт 1 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгч **** нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын санд 1 удаагийн ял шийтгэлийн бүртгэлтэй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүхээс шүүгдэгч ****ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч ****т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 45 хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
- Бусад асуудлаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ************** Эрүүгийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
- мөн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Цэргийн алба хаагч цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн анги, байгууллагад алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
- мөн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч ****т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****т оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****аас нийт 26.731.170 төгрөгийг гаргуулж,
- хохирогч Б.Чинбатад 1.700.000 төгрөг,
- хохирогч Э.Эрдэнэбаярт 1.500.000 төгрөг,
- хохирогч Б.Нарангэрэлд 1.000.000 төгрөг,
- хохирогч Э.Эрдэнэболорт 1.310.000 төгрөг,
- хохирогч Г.Ганчимэгт 2.668.609 төгрөг,
- хохирогч Э.Долгоржавт 2.700.000 төгрөг,
- хохирогч Ц.Отгонтуяад 14.500.000 төгрөг,
- иргэний нэхэмжлэгч Хилийн цэргийн **** дугаар анги /Ч.Түмэн-Од/-д 1.352.61 төгрөгийг тус тус олгосугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч ****т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тоолсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоолд шүүгдэгч, хохирогч нар, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч ****т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ДАЛАЙХҮҮ