2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 2026/ШЦТ/10

 

 

 

 

 

 

 

 

 

  2025          12           22                                    2026/ШЦТ/10

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал,

улсын яллагч Ц.Цэрэнбалжир,

хохирогч Б.Дашдаваа, түүний өмгөөлөгч П.Амгаланбаатар,

шүүгдэгч **** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Алаг Адуун овогт Эрдэнэбатын Энхдалайд холбогдох эрүүгийн **** дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч **** нь 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 15 цагийн орчимд Баянгол дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэр Жамсранжавын гудамж 54-р сургуулийн зүүн замд “Toyota Alphard” маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, мөн дүрмийн 15.9. Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас улсын дугааргүй мотоцикл жолоодож явсан жолооч Б.Дашдаваагийн мотоциклтой мөргөлдөж, мотоциклийн жолооч Б.Дашдаваагийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч **** мэдүүлэхдээ: “...Туслах замаас төв зам руу орох гээд зүүнээс баруун урсгалаас хохирогч гарч ирж осол гаргасан. Зүүнээс баруун урсгал руу харахад машин харагдаагүй, нөгөө урсгалаас бас машин харагдаагүй, тэгээд тонгойгоод ортол хохирогч гарч ирсэн. Миний хувьд хурдтай явж байсан. Осол гарсан замын урд явган хүний гарц байсан...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Дашдаваа мэдүүлэхдээ: “...Би эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, би айлуудаар явж усны шүүлтүүр сольдог. Би энэ ослоос хойш 3-4 сар ажилгүй байна. 3 хоногийн өмнө айлаар орж шүүлтүүр солих гээд бахиар юм чангалж байгаад эгэмний гэмтлээ хөндсөн, эдгээгүй байгаа. Би улсын эмнэлэгт үзүүлэх гэхээр эрүүл мэндийн даатгал төлөгдөөгүй тул Гэмтэл Согог Судлалын төвд хүлээж авахгүй байгаа. Учир нь шүүгдэгчийн төлөх байсан 2 сая гаруй төгрөг төлөгдөөгүй байсан тул цаг авах боломжгүй байсан, энэ талаар саяхан мэдсэн. Иймд хувийн эмнэлэгт 2 удаа зураг авхуулсан. Миний зүгээс 1.326.800 төгрөгийг нэхэмжилж байгаа, мөн мопедны 1.105.000 төгрөг, үнэлгээг 90.000 төгрөгөөр хийсэн. Шинээр 208.000 төгрөгийн баримт гаргаж байгаа...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 6-10 дахь тал/,

 

Жолоочийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 12 дахь тал/,

 

Хохирогч Б.Дашдаваагийн:

“...Би тухайн өдрийн 15 цагийн үед өөрийн эзэмшлийн мопед загварын тээврийн хэрэгслийг жолоодоод Баянгол дүүргийн ****сургуулийн урд замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлтэй зорчих хэсгийн аль эгнээгээр явснаа санахгүй байна тэгэхэд замын хойноос урагш чиглэлтэй цагаан өнгийн автомашин гэнэт хурдтай урдуур хөндлөн ороод ирсэн, би хараад тоормос базахтай зэрэгцээд автомашины зүүн урд хэсэгт мөргөгдөж унасан. Ослын дараа машины жолооч нэг залуу бууж ирээд найз охинтойгоо хэрүүл маргаан хийж бууж ирсэн, тэгээд түргэн болон цагдаад дуудлага өгсөн. Түргэний эмч ирээд намайг үзээд аваад явсан..” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дахь тал/,

 

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.Анужингийн:

“...Би Toyota Alphard маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2024 онд худалдан авч байсан, миний эзэмшлийн автомашин байгаа юм. Миний машинд хохирол учраагүй. Надад гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дахь тал/,

 

Иргэний нэхэмжлэгч Д.Гантуяагийн:

“...Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Б.Дашдаваа нь эрүүл мэндийн байгууллагаас 2.618.000 /хоёр сая зургаан зуун арван найм/ төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч, уг зардал нь Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан болох нь эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн мэдээллээр тогтоогдож байх тул төрд учирсан хохирлыг гэм буруутай этгээд ****гаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь **** дугаартай дансанд гүйлгээний утга: хохирогчийн овог, нэр, регистрийн дугаар, хэргийн дугаар/ нөхөн төлүүлж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 39 дэх тал/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Ц.Бадралын 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн №ΕΓ0725/11397 дугаартай:

“...Б.Дашдаваагийн биед баруун эгэм ясны 1/3-н зөрүүтэй далд хугарал, зүүн тавхайн зөөлөн эдийн няцрал, баруун эгэм, цээжинд цус хуралт, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 44-46 дахь тал/,

 

Хөрөнгийн үнэлгээний Тэнцвэр Эстимэйт ХХК-ний:

“...Мопедын эд хөрөнгийн хохирлыг 1,015,000 төгрөгөөр үнэлсэн..” үнэлгээ /хавтаст хэргийн 67 дахь тал/,

 

Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2025 оны 10 дугаар сарын 13-ний өдрийн "Toyota alphard маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь стандартын шаардлага хангахгүй байна. Зүүн баруун гэрлийн тусгал, тусгалын хүч стандартын шаардлага хангахгүй байна. Мөн урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ 20мм (стандарт 0-5мм) стандартын шаардлага хангахгүй байна...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 67-69 дэх тал/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх сэтгэцийн шинжилгээний тасгийн шинжээч нарын 2025 оны 10 сарын 17-ны өдрийн №3529 дугаартай:

“...Балгансүрэнгийн Дашдаваа ****ийн сэтгэцэд дээрх гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 79-80 дахь тал/,

 

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч С.Дэмбэрэлийн:

“...Toyota Alphard маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч **** нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино мөн дүрмийн 15.9. Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон гэж үзэх үндэслэлтэй байна. Улсын дугааргүй мотоциклын жолооч Б.Дашдаваа нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; в/ зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй, тэмдгийг буруу байрлуулсан, дугаар нь бүдгэрсэн, арилсан, түүнчлэн тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна...” гэсэн магадалгаа /хавтаст хэргийн 112 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч **** нь Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч Б.Дашдаваагийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах, хохирогчийн зүгээс 3.303.800 төгрөгийг баримтаар нэхэмжилснээс шүүгдэгч 3.290.000 төгрөгийг төлж барагдуулсан. Иймд үлдэгдэл хохирол болох 1.326.800 төгрөг, мөн сэтгэцэд учирсан хор уршгийг 3 дугаар зэрэглэлээр тооцож хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 792.000 төгрөгийг 8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 6.630.000 төгрөгийг тус тус  гаргуулж хохирогчид олгох” гэсэн дүгнэлтийг,            

 

Хохирогчийн өмгөөлөгч П.Амгаланбаатар “...Шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй оролцож байна. Улсын дугааргүй мопед жолоодож яваад осол гарсан нь гэмт хэрэг гарсан шалтгаан биш, харин шүүгдэгч Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөний улмаас гэмт хэрэг гарсан байна. Эмчилгээний зардлыг хувьд 2025 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр 900.000 төгрөг шилжүүлсэн, 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 3 сая төгрөгийг өгсөн. Хохирогч өөрөө зардлаа гаргаж эмчилгээ хийлгэж байсан. Өнөөдрийн байдлаар хадаастайгаа явж байгаа, өчигдөр зураг авхуулсан баримтаа шинээр гаргаж өгсөн. Эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, ажилгүй байгаа тул сэтгэл санааны байдал хүнд нөхцөлд байгаа нь 2 дугаар зэрэглэлд хамаарч байна. Шүүгдэгчийн хувьд хохирол төлбөрийг төлөхгүй өнөөдрийг хүртэл явж байгаа нь хохирогчийн сэтгэл санааны байдал ямар байх вэ гэдгийг шүүхээс харгалзаж үзнэ үү. Сэтгэцэд учирсан хор уршгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 8 дахин нэмэгдүүлэх нь харьцангуй бага гэж үзэж байна. Иймд шүүхээс хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг дээд хэмжээгээр тогтоож өгнө үү. Мөн эд хөрөнгөд учирсан 1.326.800 төгрөгийг гаргуулах...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

 

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч ****н холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч **** нь:

2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 15 цагийн орчимд Баянгол дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэр Жамсранжавын гудамж 54-р сургуулийн зүүн замд Toyota Alphard маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, мөн дүрмийн 15.9. Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас улсын дугааргүй мотоцикл жолоодож явсан жолооч Б.Дашдаваагийн мотоциклтой мөргөлдөж, мотоциклийн жолооч Б.Дашдаваагийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, жолоочийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, хохирогч Б.Дашдаваа, иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.Анужин, иргэний нэхэмжлэгч Д.Гантуяа нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Ц.Бадралын 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн №ΕΓ0725/11397 дугаартай дүгнэлт, “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2025 оны 10 дугаар сарын 13-ний өдрийн дүгнэлт,  Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх сэтгэцийн шинжилгээний тасгийн шинжээч нарын 2025 оны 10 сарын 17-ны өдрийн №3529 дугаартай дүгнэлт, Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч С.Дэмбэрэлийн “мөрдөгчийн магадалгаа” болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.                                  

 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ****г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Дашдаваагийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирол төлбөрт нийт 3.303.800 төгрөгийн хохирлыг нэхэмжилсэн, шүүгдэгчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд 3.290.000 төгрөгийн хохирол төлсөн байна.

 

Харин шүүхийн хэлэлцүүлэгт эд хөрөнгөд учирсан хохиролд 1.015.000 төгрөг, эд хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн төлбөр 90.000 төгрөг, эмнэлгийн эмчилгээ үйлчилгээ авсан төлбөрт 208.000 төгрөг, өмнөх нэхэмжлэлээс үлдсэн төлбөр 13.800 төгрөг, нийт 1.326.800 төгрөгийн хохирлыг нэхэмжилснийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Мөн хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг шинжээчийн дүгнэлтээр “хоёрдугаар” зэрэглэлээр тогтоосон байх тул хохирогчийн сэтгэл санааны хохирлыг эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал зэргийг харгалзан Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын хүснэгтэд тусгаснаар уг гэмт хэрэг үйлдэгдсэн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 792.000 төгрөгийг 10 дахин нэмэгдүүлж, 7.920.000 төгрөг, эд хөрөнгөд учирсан хохирол, эд хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн төлбөр, эмнэлгийн эмчилгээ үйлчилгээ авсан төлбөр, өмнөх нэхэмжлэлээс үлдсэн төлбөр зэрэгт 1.326.800 төгрөг, нийт 9.246.800 төгрөгийг шүүгдэгч ****гаас гаргуулж хохирогч Б.Дашдаваад олгохоор шийдвэрлэв. 

 

Мөн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар хохирогчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан төлбөрт 2.618.000 төгрөгийн зардал гарсныг шүүгдэгч ****гаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт нөхөн төлүүлэх нь зүйтэй.

 

Түүнчлэн хохирогч Б.Дашдаваа нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдав.

 

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “****г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогчийн өмгөөлөгч П.Амгаланбаатар “...Шүүгдэгчийн хувьд хохирогчид хохирол төлбөр төлөхдөө хойрго хандаж байсан. Иймд шүүгдэгчид торгох ялаас өөр төрлийн ял оногдуулах нь зохимжтой байх...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан. 

 

Иймд шүүгдэгч ****г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 6 сарын хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Нийслэлийн Баянгол дүүргээс явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

- Бусад асуудлаар:

Эрүүгийн **** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ****н нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаан/ сарын хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **** нь зайлшгүй эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс өөр газар зорчихыг хязгаарлаж, хяналтдаа байлгахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/  жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****гаас хохирогчийн эд хөрөнгөд учирсан хохирол, эд хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн төлбөр, эмнэлгийн эмчилгээ үйлчилгээ авсан төлбөр, өмнөх нэхэмжлэлээс үлдсэн төлбөр зэрэгт 1.326.800 төгрөг, хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрт 7.920.000 төгрөг, нийт 9.246.800 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Дашдаваад олгож, хохирогч нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч ****гаас хохирогч Б.Дашдаваагийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан төлбөр болох 2.618.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт нөхөн төлүүлсүгэй.

 

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч **** нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоолд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч ****д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ