| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Далайхүү |
| Хэргийн индекс | 195/2025/00518/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/21 |
| Огноо | 2025-12-23 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Б.Э |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 2026/ШЦТ/21
2025 12 23 2026/ШЦТ/21
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мядаг,
улсын яллагч Б.Энхжин,
шүүгдэгч **** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ард Аюуш овогт Сандагийн Баяраад холбогдох эрүүгийн **** тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон гэмт хэргийн талаар:
- мөн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны орой 19.00-19.30 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 19-р хороо, 21-р хорооллын автобусны буудал дээр А.Сугарсүрэнгийн гартаа барин ярьж байсан “Ай фоне, Икс Ap” (Iphone, XR) загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 425.000 төгрөгийн хохирол учруулан дээрэмдэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч **** мэдүүлэхдээ: “...Хохирогч Д.Мягмарын биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа. Харин хохирогч А.Сугарсүрэнгийн гар утсыг авснаа санахгүй байна. Тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан…” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
1. Хохирогч Д.Мягмарыг эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх үйлдлийн талаар:
“...Би Сонгинохайрхан дүүргийн ****тоот нийтийн байранд ****гийн хамт өрөө түрээслэн хамтран амьдарч байгаа. 2024 оны 11 дүгээр сарын 14-ний орой 18 цагийн үед Сонгинохайрхан дүүгийн дүүргийн ****тоотод нийтийн байрандаа 0,5 литрийн Шим нэртэй архи 1 шилийг хувааж уугаад би согтсон байсан. **** дэлгүүр орох хооронд би тасраад хаалгаа түгжээд тасраад унтсан. Нэг мэдэхэд **** миний нүүр хэсэгт гараараа цохиод сэрсэн. Гэтэл **** хаалга тайлж өгсөнгүй гэж доромжлоод үснээс зулгааж, чирч нүүр лүү хөлөөрөө 3-4 удаа өшиглөж зодоод өрөөнөөс гаргах гээд байсан. Тэгэхээр нь би өглөө явъя гэж гуйгаад яваагүй. Хэсэг чимээгүй болоод сууж байтал **** хэвтээч гэхээр нь хэвтсэн чинь нүүр лүү гараараа 7-8 удаа цохиж, хөлөөрөө нүүр лүү 5-6 удаа өшиглөсөн. Урд өмнө намайг зодож байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 108 дахь тал/,
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 15215 дугаартай шинжээчийн:
“...Д.Мягмарын биед баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, 2 хацар эрүү, баруун бугалга, зүүн дал, бугалга, цээж, нуруу, зүүн өгзөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 119-120 дахь тал зэрэг нотлох баримтуудаар,
2. Хохирогч А. Сугарсүрэнд 425,000 төгрөгийн хохирол учруулан дээрэмдсэн гэх үйлдлийн талаар:
Хохирогч А.Сугарсүрэнгийн:
“...Би 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 19.00 цаг өнгөрч байхад бага зэргийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хорооллын төв рүү явах чиглэлийн автобусны буудал дээр хүнтэй утсаар яриад ганцаараа зогсож байсан чинь ардаас миний гар утсыг шүүрсэн. Эргээд харахад миний гар утсыг шүүрсэн хүн алга болсон байсан. Би такси бариад таксины жолоочийн утсаар цагдаагийн байгууллагад дуудлага өгчхөөд найзынхаа гэрт очоод байж байтал 21.00 цаг өнгөрч байхад цагдаагаас над руу залгаад “Гар утас чинь олдсон” гэж хэлсэн. “Iphone, XR” загварын, 64 gb багтаамжтай, хар өнгөтэй. Миний гар утас эвдрэл, гэмтэлгүй байсан. Би гар утсаа шалгаж үзлээ, шинээр эвдрэл, гэмтэл үүсээгүй байна. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй..” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/,
Гэрч У.Төртүвшиний:
“...2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 19.30 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хорооллын буудал дээр автобус хүлээгээд зогсож байхад эмэгтэй хүний загвартай бараан өнгийн өвлийн куртик өмссөн, хөгшин настай, согтуу эрэгтэй хүн ирээд "Гар утас авах уу гэж асуугаад, гар утсаа над руу харуулахад гар утасны дэлгэц ассан бөгөөд эмэгтэй хүүхдийн зураг харагдсан. Надад сэжиг бүхий санагдаад "Гар утсыг нь үзье" гэж аваад "Энэ хэний утас вэ. Таны гар утас биш байна. Та кодыг нь гаргаад өгчих гэсэн чинь "Би мэдэхгүй.... наад гар утсаа 20.000-30.000 төгрөгөөр худалдаад авчих. Ах нь архи авч уух гээд байна" гэж хэлэхээр нь би... цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд тухайн сэжигтэй хүнийг цагдаа иртэл байлгаж байсан. Цагдаа ирэхээр нь гар утсыг нь цагдаад хүлээлгэн өгсөн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дэх тал/,
“...Дамно үнэлгээ ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн СХД1-24-251 дугаартай "...Шинжилгээний объектын 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн зах зээлийн үнэлгээ нийт 425,000 төгрөг (дөрвөн зуун хорин таван мянган төгрөг)-р үнэлэгдэв..” гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 27-32 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
I. Гэм буруугийн талаар:
Улсын яллагч “Шүүгдэгч **** нь хохирогч Д.Мягмарын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.
Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч ****гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч **** нь:
2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ****тоотод хохирогч Д.Мягмарыг “хаалгаа тайлахгүй удлаа” гэх шалтгаанаар үснээс нь зулгаан чирч улмаар нүүрэн тус газар нь гараараа хэд хэдэн удаа цохиж, хөлөөрөө өшиглөсний улмаас хохирогчийн биед баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, 2 хацар эрүү, баруун бугалга, зүүн дал, бугалга, цээж, нуруу, зүүн өгзөгт цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь хохирогч Д.Мягмарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 15215 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар,
- мөн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны орой 19.00-19.30 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 19-р хороо, 21-р хорооллын автобусны буудал дээр А.Сугарсүрэнгийн гартаа барин ярьж байсан “Ай фоне, Икс Ap” (Iphone, XR) загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 425.000 төгрөгийн хохирол учруулан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч А.Сугарсүрэн, гэрч У.Төртүвшин нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, “Дамно үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ****г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
- мөн “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Мягмарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн зүгээс хохирол төлбөр нэхэмжлээгүй байна.
Харин хохирогч А.Сугарсүрэнгийн гар утсыг шүүгдэгч **** нь биет байдлаар буцаан өгсөн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
II. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч “шүүгдэгч ****д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,
- мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял тус тус оногдуулах, уг ялуудыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоох, энэ хэрэгт цагдан хоригдсон 7 хоногийг түүний эдлэх ялаас хасаж тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч **** нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд ял шийтгэлийн бүртгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүхээс шүүгдэгч ****г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг, “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял,
- мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч ****д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээрх мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг нийт 7 сарын хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулж, урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
- Бусад асуудлаар:
Эрүүгийн **** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч **** нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ****Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
- мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч ****г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял,
- мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч ****д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг нийт 7 сарын хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч ****гийн 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүртэл энэ хэрэгт цагдан хоригдсон 7 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****г зайлшгүй эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс өөр газар зорчихыг хязгаарлаж, хяналтдаа байлгахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч **** нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч ****д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, өнөөдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоолд хохирогч, шүүгдэгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч ****д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ДАЛАЙХҮҮ