2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2739

 

 

 

 

 

 

 

 

  2025         12           08                                    2025/ШЦТ/2739

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал,

улсын яллагч Г.Билгүүн,

шүүгдэгч ****, түүний өмгөөлөгч С.Уламбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **** овогт ****д холбогдох эрүүгийн **** дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч **** нь 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт ****улсын дугаартай “Мерседес Бенз” маркийн тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан метафетамин (methamphetamine)-ийн агууламжтай, “мөс” гэх нэршилтэй, 0,4925 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч **** мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр манай найз барилгачдын баяр гээд би машиныг нь авч явсан. Би эхнэрээсээ салсан, охин маань ээжийгээ нэхээд байдаг, утсаараа залгахаар утсаа авдаггүй. Тухайн үеийн сэтгэл зүйн байдал хүнд байснаас болж нэг удаа хэрэглэсэн. Өөр ярих зүйл байхгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

 

Гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст  хэргийн 6 дахь тал/,

 

2025 оны 9 дүгээр сарын 04-ний шөнө нэгжлэг хийсэн:

“...жолоочийн эсрэг талын хаалгыг онгойлгон хар өнгийн салонтой, хар өнгийн савхин мэт суудлын бүрээстэй суудал дээрээс жижиг зиплок ууттай “мөс” гэх зүйл гарч ирснийг оролцогчид танилцуулан, голын хайрцгаас шар цагаан өнгийн гуурстай, шилэн дотроо шингэний агууламжтай бонго гэх хэрэглүүр мэт зүйл байсныг оролцогчид танилцуулан хураан авч ...тээврийн хэрэгслийн урд талын хайрцгаас ****дугаартай **** гэсэн Монголын үндэсний гадаад паспорт гарч ирснийг ****дугаартай ****улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хамт түр хураан авч ....өөр хэрэгт ач холбогдолтой зүйл илрээгүй ...жижиг зиплок уутны хамт хэмжихэд 0,7 грамм болсныг оролцогч нарт танилцуулан гэрэл зургаар бэхжүүлэн авч, “мөс” мэт зүйлийг №1, хэрэглүүртэй лацтай зиплок уутыг №2 гэж дугаарлан хураан авч санал хүсэлт байхгүй гэснээр 22 цаг 45 минутад дуусгав” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  хавтаст хэргийн 8-11 дэх тал/,

 

****ийн биед 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр үзлэг хийсэн “...хэрэгт ач холбогдолтой өөр зүйл илрээгүй” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 12-15 дахь тал/,

 

****ийн биеэс 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр биологийн дээж авч, тест ашигласан “...2 дугаар баганад 1 улаан зураас тодорч тухайн төрлийн бодисыг хэрэглэсэн гэж урьдчилсан байдлаар зааж байна” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,

 

Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай 2025 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 320 дугаартай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,

 

****ийн гар утсанд үзлэг хийсэн “...**** гэх хүнээс авсан гэх тул уг **** гэх хүнтэй харьцсан эсэхийг тодруулж, үзлэг хийхээр тогтлоо. ...хэрэгт ач холбогдолтой 2 ширхэг зургийг гэрэл зургаар бэхжүүлж авсан” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 22-26 дахь тал/,

 

Эд мөрийн баримтаар “...0,4925 грамм цэвэр жинтэй цагаан өнгийн талстлаг зүйл, цагаан өнгийн гуурстай дотроо шингэн зүйлийн агууламжтай шилэн бонго” тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 30 дахь тал/,

 

Хэрэг бүртгэлтийн 250200660 дугаартай хэрэгт үзлэг хийсэн “...хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлыг тогтоох зорилгоор 32 хуудас баримт бичгийг хуулбарлан авлаа” гэсэн мөрдөгчийн тэмдэглэл, хавсралт /хавтаст  хэргийн 37-70 дахь тал/,

 

Гэрч М.Билгүүний:

“...****улсын дугаартай Мерседес бенз загварын тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгсэл байгаа юм. Тухайн тээврийн хэрэгслийг 2025 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр ...найз ****дуудаж авто машинаа өгч явуулсан..” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 73-74 дахь тал/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн ЕГ0325/6252 дугаартай:

“...Шинжилгээнд ирүүлсэн “**** **** ****” гэж хаягласан шээсний дээжээс метамфетамин (methamphetamine) илэрч байна. Илэрсэн метамфетамин (methamphetamine) нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтдаг болно” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 86-89 дэх тал/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн ЕГ0325/6253 дугаартай:

“...Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн нунтаг зүйл болон шар өнгийн соруул холбосон өнгөгүй гуурстай, дээд хэсэг нь хагарсан шилэн савнаас Метамфетамин (methamphetamine) илэрсэн. Метамфетамин (methamphetamine) нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтана. Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн нунтаг зүйлийн цэвэр жин нь 0,4925 грамм байна” гэсэн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 93-96 дахь тал/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 977 дугаартай: “...**** нь хэрэг хариуцах чадвартай байна” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 103-104 дэх тал/,

 

Ашид билгүүн ХХК-ийн 2025 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 1002301 дугаартай:

“...**** ****улсын дугаартай 2012 онд үйлдвэрлэгдсэн 2022 онд Монгол Улсад орж ирсэн S350 маркийн автомашины ...зах зээлийн дундаж үнийг 30,000,000 төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов” гэсэн үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 106-108 дахь тал/,

 

****ийн эзэмшлийн Хаан банк дахь **** **** дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн:

“...2025 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр **** **** тоот данс руу 1 удаагийн гүйлгээгээр 500,000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн байлаа” гэсэн тэмдэглэл, дансны хуулга /хавтаст хэргийн 161-162 дахь тал/,

 

“Ленд Мн” ББСБ-ийн “...2025 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр **** **** тоот данснаас Супер ап хэтэвч ХХК-ийн **** ******** **** дугаартай дансаар дамжуулан Болдбаатар овогтой Мөнхцэцэг харилцагчийн цахим хэтэвчийг 500,000 төгрөгөөр цэнэглэсэн” гэсэн албан бичиг, хавсралт /хавтаст хэргийн 163-167 дахь тал/,

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан “..****миний бие Мөнхцэцэгтэй өмнө уулзаж байсан тул сайн дураараа царай төрх бие шинжээр нь таньж олуулж чадна” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 168-172 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч **** нь мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан” гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Уламбаяр “...****ийн хувьд мөрдөн шалгах ажиллагаанд ямар нэгэн байдлаар саад болж байгаагүй. Ээж, хүүхдийн хамт амьдардаг, хүүхдийн ээж нь хамт амьдардаггүй. Ар, амьдралаа авч яваа ганц хүн байдаг. Гэм буруу дээрээ маргаагүй...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.  

 

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч ****ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч **** нь:

2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт ****улсын дугаартай “Мерседес Бенз” маркийн тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан метафетамин (methamphetamine)-ийн агууламжтай, “мөс” гэх нэршилтэй, 0,4925 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан болох нь:

- Гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, 2025 оны 9 дүгээр сарын 04-ний шөнө нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ****ийн биед 2025 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ****ийн биеэс 2025 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр биологийн дээж авч, тест ашигласан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай 2025 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 320 дугаартай прокурорын тогтоол, ****ийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, хэрэг бүртгэлтийн 250200660 дугаартай хэрэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, хавсралт, гэрч М.Билгүүний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн ЕГ0325/6252 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн ЕГ0325/6253 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, Ашид билгүүн ХХК-ийн 2025 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 1002301 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, ****ийн эзэмшлийн Хаан банк дахь **** **** дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга, “Ленд Мн” ББСБ-ийн албан бичиг, хавсралт, Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ****ийг  “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн “хохирол” гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн “хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

 

Тус гэмт хэргүүд нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан, орон байраар хангасан үеэс төгсдөг, хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм. Хэлбэрийн шинжтэй гэмт хэрэгт бодит хохирол үл шаардах тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

 

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч ****ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад элүүлэх, шүүгдэгч ****ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ****улсын дугаартай “Мерседес Бенз” маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 30.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгуулах” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч “...****ийн ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан нийгмээс тусгаарлаж хорих ял оногдуулахгүйгээр зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч **** нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 1 удаагийн бүртгэлтэй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ төрлийн гэмт хэрэг нь нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн бүлэгт хамаарах ба нийгэмд хорт үр дагавар ихтэй, олон нийтийг хамарч цаашид тархах магадлал ихтэй, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодист дадал болсон хүний эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг төдийгүй хүний бие эрхтэнд муу зуршил бий болгодогт энэ гэмт хэргийн нийгмийн хор аюул, уршиг оршдог гэж шүүх дүгнэсэн тул шүүгдэгчид хорихоос өөр төрлийн ял оногдуулах, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй юм.

 

Иймд шүүхээс шүүгдэгч ****ийг “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

 

- Бусад асуудлаар:

Эрүүгийн **** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа “0.4925 грамм цэвэр жинтэй цагаан өнгийн талстлаг зүйл, цагаан өнгийн гуурстай дотроо шингэн зүйлийн агууламжтай шилэн бонго” зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч **** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т “...Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга ...нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч ...гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна...” гэж заажээ.

 

Гэтэл шүүгдэгч **** нь гэмт хэрэг үйлдэх үедээ ****улсын дугаартай “Мерседес Бенз” маркийн тээврийн хэрэгслийг ашигласан боловч тухайн тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч ****ийн өмчлөлд биш шүүгдэгчийн найз болох гэрч М.Билгүүний нэр дээр бүртгэлтэй түүний эд хөрөнгө болох нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т заасны дагуу ****улсын дугаартай “Мерседес Бенз” маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 30.000.000 төгрөгийг шүүгдэгч ****эс гаргуулах боломжгүй. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч **** овогт  ****Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****ийг 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****д оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа “0.4925 грамм цэвэр жинтэй цагаан өнгийн талстлаг зүйл, цагаан өнгийн гуурстай дотроо шингэн зүйлийн агууламжтай шилэн бонго” зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч **** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч ****д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өнөөдрөөс эхлэн өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, тогтоолд шүүгдэгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч ****д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ