Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 2021/ДШМ/847

 

Д.М-д холбогдох эрүүгийн

                хэргийн тухай              

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Отгончимэг,

шүүгдэгч Д.М-,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/804 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Д.М-н гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2108000000352 дугаартай хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

            Д.М-, 2001 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 9, эцэг, эх, ах, дүү нарын хамт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

            Д.М- нь Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Хустайн задгайд уулын бэлд 2021 оны 3 дугаар сарын 7-ны өдөр хуулиар хүлээсэн асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээсээ зайлсхийж өөрийн төрсөн нэг хоногтой эрэгтэй нярай хүүхдийг хаясны улмаас нярай хүүхэд нас барсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Д.М-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.                        

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.М-г хуулиар хүлээсэн асран хамгаалах үүргээсээ зайлсхийж хүүхдийг хаясны улмаас хүүхэд нас барсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 жил 2 сарын хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

             Шүүгдэгч Д.М- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...өөрийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Би одоо 20 настай бөгөөд хийж бүтээх, сурч боловсрох насандаа хоригдсондоо харамсаж байна. Иймээс өөрийн хийсэн алдаагаа ухамсарлан ойлгож, цаашид шударгаар амьдрах боломж олгож, сурч боловсрох хүсэл эрмэлзлийг маань харгалзан үзэж хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

            Прокурор Ж.Отгончимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхээс оногдуулсан ял шүүгдэгч Д.М-н гэм буруу, хувийн байдалд тохирсон тул давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

            Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгч Д.М-н хувийн болон аж байдал, болсон үйл явдлын талаар түүний гэр бүлийн гишүүд, найз нөхдөөс өгсөн:

            - гэрч Ч.Н /эх/-ийн “...өчигдөр буюу 2021 оны 3 дугаар сарын 11-ний орой 20 цагийн орчим 2 цагдаа манай гэрт ирсэн. Би нөхрийнхөө хамт архи уусан согтуу байсан. Тэгтэл манай охин М-г Нэгдүгээр төрөх газарт амаржаад өөрийн төрсөн нярай хүүхдээ хаяад явсан гэх зүйл ярьсан. Би тэр оройдоо өөрийн охин М-н 946282** гэсэн дугаарын утас руу залгаад юу болсон талаар асуухад “Ээж ээ наад цагдаа нарын яриад байгаа зүйл үнэн, би үхмээр байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би айгаад “Ээж нь байгаа газар нь очоод авъя” гэсэн чинь утсаа салгасан. ... Би охиныгоо жирэмсэн болсон талаар ерөөсөө мэдээгүй. Хэрвээ мэдсэн бол ийм зүйл хийлгэхгүй байсан. ... Манай охин ер нь сэтгэл санаа их тогтворгүй хүн. ... Манай охин ааш зангийн хувьд их ширүүн ааш зантай, түргэн ууртай, энэнээсээ болоод түргэн шийдвэр гаргачихдаг талтай. ... уг нь гэр орны ажилдаа сайн, дүү нараа хараад л байдаг хүүхэд. ...” /хх 13/,

            - гэрч М.Д /эцэг/-ын “...2021 оны 3 дугаар сарын 11-ний орой 21 цагийн үед намайг гэртээ байхад гаднаас энгийн хувцастай 2 цагдаагийн ажилтан орж ирээд “Танайд М- гэх охин байдаг уу” гээд зураг үзүүлэхээр нь “Тийм ээ, манай охин мөн байна, гэхдээ одоо алга байна” гэж хэлсэн чинь “Ирэхээр нь хэлээрэй” гэсэн. Маргааш нь Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн Хоёрдугаар хэлтсээс эхнэр бид хоёрыг дуудахаар нь очсон. Эхнэр дотогшоо орж уулзаад гарч ирэхдээ “Манай охиныг амаржаад төрүүлсэн нярай хүүхдээ хаясан байна” гэж хэлэхээр нь мэдсэн. ... охин маань зан байдлын хувьд илүү дутуу зан байхгүй, өөрийн дүү нартаа маш их хайртай, дүү нарыгаа л хүн болгосон сайн эгч байгаа юм. Бага дүү болох 5, 8 настай хоёр хүүхдийг багаас нь бараг өсгөж хүмүүжүүлж байгаа. ...” /хх 91/,

            - гэрч Д.Ма /төрсөн ах/-ийн “...2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 23 цагийн үед намайг гадуур явж байхад ээж Н залгаад “Манай гэрт 2 цагдаагийн ажилтан ирээд М-г асуугаад явлаа, М- төрөөд хүүхдээ гудамжинд хаяад явчихсан гэж байна” гэхээр нь би тэр үгэнд итгээгүй, өөр хүнтэй андуурсан юм байх л гэж ойлгосон. ...” /хх 94/,

            - гэрч О.Я /найз/-ын “...2021 оны 3 дугаар сарын 7-ны өглөө гэртээ байж байхад М- над руу ...  чат бичээд “Би төрчихсөн байгаа, эмнэлгээс гарах гэсэн чинь гэрт хүн байхгүй болохоор гарч чадахгүй байна, эмч нь үзээд өнөөдөр гар гээд байна” гэж хэлсэн. Тэгээд 2021 оны 3 дугаар сарын 7-ны орой 16 цагийн үед эмнэлэг дээр нь очсон. Тэгээд М- эмнэлгээс гарах гэсээр байтал 17 цаг болсон байсан. М-г эмнэлгээс гаргаад гэрт нь хүргэж өгөх гэхэд “Би гэртээ очихгүй хүнгүй байгаа, эмээгийнд очно, орой ах ирж авна” гэсэн. Тэгэхээр нь би Сонгинохайрхан дүүргийн Баруунсалаа руу ... яваад нэг айлын хажууд очсон. Тухайн хашаанд Монгол гэр, байшин байх шиг байсан. Би гэрийн хаягийг нь хэлж мэдэхгүй байна. Тэгээд би “Гэрт нь оруулж өгье” гэхэд “Яахын бэ, би өөрөө оръё” гэж хэлсэн. Тэгэхээр нь би буулгаж өгчихөөд яваад өгсөн. ... М- Баруунсалаанд буухдаа саарал өнгийн гутал, куртиктай байсан. Харин хүүхэд нь цэнхэр өнгийн хөвөнтэй өлгий, толгойдоо цагаан өнгийн малгайтай байсан. ...” /хх 15/,

          - гэрч Г.Г /найз/-ийн “...2020 оны 12 дугаар сард М- “4-5 сартай жирэмсэн болчихсон, удахгүй эмчийн хяналтад орно, 2021 оны 3, 4 дүгээр сарын үед төрөх байх” гэж ярьж байсан. Хүүхдийн эцэг нь Э гэдэг 10-н жилийн сургуулийн залуу гэж хэлж байсан. Ингээд 2021 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн үүрээр над руу залгаад ... “Би төрчихсөн эмнэлэгт байна, одоо хүрээд ирээч” гэж хэлэхээр нь “Би жаахан амарч байгаад маргааш очъё” гээд утсаа тасалсан. Ингээд 2021 оны 3 дугаар сарын 6-ны өдөр 13-14 цагийн үед Д-ийн хамт Өргөө амаржих газарт эргэлтээр очиж түүнд хоол цай, хүүхдийн живх, ариун цэврийн хэрэглэл, ус ундаа гэх мэтийн зүйл авч очсон. Тэгэхэд өөрийгөө төрсөн талаараа яриад маргааш нөгөөдрөөс удахгүй гарах тухайгаа хэлсэн. ... Эмнэлгээс гарчихаад хэд хоногийн дараа утсаар чатлахад “Ээж хүүхдийг хүнд өргүүлнэ гээд байна” гэж байсан. Дараа нь “Ээж тэгээгүй, би өөрөө хүнд өргүүлнэ, эсвэл асрамжийн газарт өгнө” гэсэн утгатай зүйл хэлсэн. ... Ер нь эхлээд нууж байгаад сүүлдээ “Айлын гадна орхисон” гэж хэлсэн. Гэрийнхэнтэйгээ таарахгүй байгаа гэх зүйл яриад байсан. ... М- нь хувийн амьдралаа ер нь яриад байдаггүй. Заримдаа л ярьдаг. ...” /хх 103-105/,

            - гэрч А.Д /найз/-ийн “...2020 оны 12 дугаар сарын хэдний өдөр байсныг мэдэхгүй, сарын эхээр байсан байх манай гэрт М- ирээд “Би Э гэдэг нөгөө ангийн залуугаас жирэмсэн болсон” гэсэн зүйл ярьж байсан. Тэр залуу нь ч гэсэн “М- надаас жирэмсэн болсон” гэж ярьж байсан. ... Үүнээс хойш М-тэй ерөөсөө уулзаагүй, утсаар ч яриагүй. Тэгтэл 2021 оны 3 дугаар сарын 6-ны өглөө 09 цагийн үед М- над руу утсаар залгаад “Би Нэгдүгээр төрөх газарт төрсөн, хүүтэй болсон, над дээр ирэх хүн байхгүй байна” гэхээр нь би өөрийн найз Г-ийн хамт шөл хийгээд цэцэгтэй хар өнгийн өмд, ягаан өнгийн үстэй тавчиг, ус, нэг удаагийн живх, боов чихэр, ариун цэврийн хэрэглэл зэргийг аваад Нэгдүгээр төрөх эмнэлэг дээр очиж эргэсэн. Тэгээд би М-эс “Гэрийнхэн чинь яасан юм бэ” гэхэд “Манай гэрийнхэн Налайхад байгаа, би уг нь гэрийнхэндээ хэлсэн” гэсэн зүйл ярьсан. Бас “2,900 гр хүүтэй болсон, 8 сартай дутуу төрчихлөө” гэж хэлж байсан. ... М- нэг их зүйл яриад байдаггүй, их дотогшоо хүн. ...” /хх 96/,

            - гэрч С.Э /найз хөвгүүн/-ий “...2020 оны 7 дугаар сард ... М-тэй хоноод шөнө нь бэлгийн харьцаанд орсон. Түүнээс хойш М- надтай байнга холбогддог болоод 2-3 удаа уулзаж бэлгийн харьцаанд орж байсан. Дараа нь М-тэй ямар ч харилцаа холбоогүй байж байтал 2020 оны 12 дугаар сард гэнэт над руу чат бичсэнээ “Э чиний найз охинтой чинь одоо хамаагүй, би жирэмсэн болсон” гэхээр нь би “Хэрвээ чи минийх гэж бодож байгаа юм бол яагаад надад олон сарын дараа хэлж байгаа юм бэ” гэтэл “Би хөдөө ажлаар явсан, надад тухайн үед интернет орох ямар ч боломж байгаагүй” гэсэн хариу өгөхөөр нь түүний фэйсбүүк хаягаар нь ороод зургуудыг нь хараад харилцаагүй байх хугацаанд хөдөө байна гэж хэлсэн мөртлөө хотод байгаа зургаа оруулсан байсныг хараад “Чи надад худлаа хэлэхээ боль, би наад үгэнд чинь итгэхгүй байна, тэглээ ч би чиний явдал суудлыг чинь мэднэ” гэж хэлээд дахиж холбогдоогүй. Тэгээд 2 сарын дараа над руу М- “Чи надад туслаад дэм өгч чадах уу, би гэрийнхэндээ хэлээгүй, нууж байгаа” гэхээр нь би “Энэ бол чиний буруу, хэрвээ жирэмсэн болсон бол яаралтай арга хэмжээ авах байсан” талаар хэлсэн. ...” /хх 117-118/ гэсэн мэдүүлгүүд,

            гэмт хэргийн талаарх дуудлага, бусад мэдээллийг өгсөн гэрч М.Т /гэмт хэргийн талаарх дуудлага өгсөн этгээд/-ийн “...2021 оны 3 дугаар сарын 10-ны өглөө 10 цаг 30 минутын үед манай хүү гэрт орж ирээд “Хойд уулын цаана уулын бэлд байх модон жорлонд өлгийтэй хүүхэд байна” гэж хэлэхээр нь “Юу яриад байгаа юм бэ” гэтэл надад өөрийн гар утсанд авсан зургаа үзүүлэхэд үнэхээр өлгийтэй хүүхдийн зураг харагдахаар нь шууд цагдаад дуудлага өгсөн. ...” /хх 108-109/,

            - насанд хүрээгүй гэрч Т.Т-ын “...2021 оны 3 дугаар сарын 9-ний орой 18 цагийн үед найз И, Ж, Жа, А нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд байрлах манай гэрийн хойд уулын цаад талд тоглож байгаад А, Ж хоёр биеэ засахаар уулын бэлд байх модон жорлонд очоод өлгийтэй зүйл харчихаад тоогоогүй явсан. Маргааш нь буюу 2021 оны 3 дугаар сарын 10-ны өглөө 10 цагт нөгөө модон жорлон дээр дахин очоод хаалгыг нь онгойлгож байгаад өлгийтэй зүйлийг гаргаж ирээд өлгийний нүүр хэсгийг тайлаад харсан чинь хүүхэд ч юм шиг зүйл байхаар нь гар утсаараа зургийг нь аваад ... аав Т-д харуулаад цагдаад дуудлага өгсөн. ...” /хх-111/,

            - насанд хүрээгүй гэрч Э.И-ын “...Хустайн гэх газарт тоглож байгаад найз нар биеэ засах гээд уулын хойд талд байдаг модон жорлон дээр очоод ... хаалгыг нь онгойлгоод хартал өлгийтэй хүүхэд харагдахаар нь тэр өлгийтэй хүүхдийн өлгийг нь тайлж байгаад нүүр хэсгийн зургийг нь авсан. Гэртээ ирээд ... найз нарынхаа хамтаар Т ахад харуулахад маргааш буюу 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр цагдаад дуудлага өгсөн. ...” /хх 114/,

            - гэрч С.Э /”Өргөө” амаржих газрын их эмч/-ын “...би 2021 оны 3 дугаар сарын 5-наас 6-ны өдрийн 09 цаг хүртэл Өргөө амаржих газрын төрөх өрөөний жижүүр эмчээр ажиллаж байсан. 2021 оны 3 дугаар сарын 6-ны өглөө 05 цаг 27 минутын үед анхан төрөгч гээд гаднаас орж ирэхдээ дүлэлттэй, төрөх үйл ажиллагаа эхэлсэн эмэгтэй орж ирсэн. Тэгэхээр нь би төрөхийн орон дээр гаргаж хүүхдийг төрөх замаар төрүүлсэн ба төрөх явцад ямар нэг хүндрэл гараагүй хэвийн бөгөөд 2,980 гр, 48 см урттай хүү төрсөн. ...” /хх 99-100/,

            өөрийн төрүүлсэн эрэгтэй нярай хүүхдийг орхиж явах болсон шалтгаан нөхцөлийн талаар мэдүүлсэн шүүгдэгч Д.М-н “...сарын тэмдэг 2020 оны 7 дугаар сард ирснээс хойш ирээгүй. Би эхэндээ ... огт тоогоогүй, 2 дахь сараас эхлэн анзаарч, өөрийгөө жирэмсэн болсон гэж таамаглаж эхэлсэн. Жирэмсний тестээр шалгаж үзэхэд бие давхар гэж байсан боловч эмнэлгийн байгууллагад огт үзүүлээгүй. Надад тухайн үед албан ёсны нөхөр, найз залуу байгаагүй. Би жирэмсэлсэн байх боломжтой цаг хугацаандаа нийт 4 эрэгтэй хүнтэй бэлгэвчтэй болон бэлгэвчгүй байдлаар бэлгийн харилцаанд харилцан тохироод ордог байсан. Тухайн хүмүүсийн нэрийг нь одоо санахгүй байна. Ганцхан Э гэх залуугийн нэрийг л санаж байна. ... 2020 оны 8 дугаар сард би бэлгийн харилцаанд ордог байсан 4 залуугаасаа бүгдээс нь харилцаагаа салгасан. Одоо ямар нэгэн холбоогүй байгаа. Би ... үр хөндөх хагалгаа хийлгэх талаар олон удаа бодсон боловч нэг ч удаа эмнэлэгт очиж чадаагүй. Гэр бүлийнхэндээ мэдэгдэхгүй гэж хичээж байсан. Манай гэрийнхэн анзаараагүй. Би жирэмсний витамин, бусад нэмэгдэл огт хэрэглэж байгаагүй учраас миний гэдэс буюу ураг жижиг талдаа байсан. 2021 оны 3 дугаар сарын 5-ны өдрөөс миний бие өвдөж эхэлсэн. ... өвдөлт улам ихсээд байхаар нь 2021 оны 3 дугаар сарын 6-ны өдөр 04 цагийн үед гэрээсээ нууцаар гараад такси барьж “Өргөө” амаржих газар очсон. Эмч надаас хяналтад орсон эсэхийг асуухаар нь “Орсон” гэж худал хэлсэн. Ар гэрийнхний талаар асуухад нь “Манай найз залуу удахгүй ирнэ” гэж хэлсэн. Би 2021 оны 3 дугаар сарын 6-ны өдөр 05 цагийн үед 2,900 гр жинтэй эрэгтэй хүүхэдтэй болсон. Намайг болон нярайг эмч нар үзээд хэвийн төрсөн, биеийн байдал сайн гээд 2021 оны 3 дугаар сарын 7-ны өдөр эмнэлгээс гаргасан. Би эмнэлгээс гарах үедээ өөрийн найз Я-аас “Найз нь эмнэлгээс гарах гэж байна, Баруунсалаанд хамаатныхаа гэрт очих гэсэн юм аа, боломжтой бол хүргээд өгөөч” гэж гуйхад тэрээр өөрийн саарал өнгийн “Toyota” загварын тээврийн хэрэгсэлтэйгээ хүү бид хоёрыг ирж авсан. Я-аар Баруунсалааны эцсийн автобусны буудал дээр 17 цагийн үед хүргүүлээд “Манай хамаатны гэр ойрхон” гэж хэлээд түүнийг явуулсан. Би өмнө нь Баруунсалаанд 2-3 удаа рашаан уух гэж очиж байсан болохоор бага зэрэг гадарладаг байсан. Автобусны буудлын эцсээс хойд зүгт хэр их явснаа мэдэхгүй байна, уулын энгэр тийш хүүгээ тэвэрч авч очоод хүнгүй байсан болохоор хүүгээ цэнхэр өнгийн өлгийтэй нь дээш нь харуулаад газар тавиад буцаад автобусны буудал руу явсан. ... Намайг гэрт буцаж очих үед манай дүү нар л байсан. Аав, ээж, ах ажилдаа явсан байсан. Би хүүгээ төрсний дараа амлуулж хөхөөрөө хооллосон. Миний хөхөнд сүү орсон. Одоо сүү нь татраагүй. Би хүүгээ уулын энгэрт үлдээчихээд буцаж огт очоогүй, 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүртэл гэртээ байж байгаад өөрийн эрэгтэй найз Д-ийн гэрт очсон. ... Би Д-тэй 2021 оны 2 дугаар сараас эхэлж үерхсэн. Түүнээс өмнө нэгэнтэйгээ харьцдаггүй байсан, манай арван жилийн нөгөө ангийн хөвгүүн байгаа юм. Д уг асуудалд ямар нэгэн холбоо хамаарал байхгүй. Намайг жирэмсэн байсан болон төрсөн хүүхдээ Баруунсалаанд үлдээсэн талаар огт мэдэхгүй. ... 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 01 цагийн үед Д-ийн гэрт 2 энгийн хувцастай цагдаа ирээд намайг цагдаагийн хэлтэс дээр дагуулж ирсэн. ... Би хүүхдээ орхиж үлдээх талаараа хэн нэгэнд огт хэлээгүй, тэр талаар хэнтэй ч ярилцаж зөвшилцөөгүй. Эмнэлэгт төрснийхөө дараа хүүхэдтэйгээ хаашаа явахаа, хаана юу хийх талаар мэдэхгүй байсан. Гэнэт хүүхэдтэй болчихлоо гээд аав, ээж дээрээ очих юм бол надад итгэж байсан аав, ээжийнхээ итгэлийг алдчих юм шиг ... хүүхдээсээ л холдчих юм бол бүх юм болчих юм шиг санагдаад цаад үр дагаврыг нь бодож үзэлгүйгээр гэнэт шийдээд Баруунсалаанд уулын энгэрт өлгийтэй хүүхдээ үлдээсэн. ... Миний төрсний дараах нөхцөл байдал арай өөр байсан бол хэзээ ч хүүгээ орхихгүй байсан. ...” /хх 72-73, 137-138/ гэсэн мэдүүлэг,

            - 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 12 цаг 00 минутад гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан “Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Хустайн задгайд нярай хүүхэд нас барсан байна” гэсэн тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас /хх 1-2/,

            - хэргийн газарт үзлэг хийсэн “...Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хустайн задгайд болсон гэх ба модон саарал өнгийн жорлонгийн урд талд ямар нэгэн бохирдолгүй цэнхэр эрээн өнгийн дөрвөлжин хэлбэртэй шоотой өлгийтэй, уг өлгийг задлахад цагаан эрээн өнгийн өлгийнд ороосон дээш харуулж байрлуулсан толгойг баруун тийш хагас эргүүлж тавьсан дээгүүрээ толгойдоо “nuby” гэсэн улаан өнгийн бичигтэй малгайтай өлгийн дотроо 2 гарыг тохойгоор хагас нугалж энгэр дээр байрлуулсан, 2 хөлийг өвдгөөр хагас нугалж хөлийн хуруунууд сарвайсан доогуураа цагаан өнгийн “newborn” гэсэн бичиглэлтэй цагаан өнгийн живхтэй, живхийг нь тайлж үзэхэд эрэгтэй байв...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 3-4, 5-6/,

            - шүүгдэгч Д.М-н гар утсанд үзлэг хийсэн “...шаргал өнгийн “Samsung G610k” загварын имэй код нь “354156**********” дугаартай гар утасны “Gallery” дотор үзлэг хийхэд 2021 оны 3 дугаар сарын 6-ны өдөр бичсэн нярай хүүхдийн бичлэг байх ба уг бичлэг нь 4 секундын бичлэг байлаа. Уг бичлэг дээр цэцэгтэй цагаан даавуунд ороосон нярай хүүхдийн бичлэг байх ба уг хүүхдийн нүд болон гар нь хөдөлж байв. Уг хүүхэд толгойдоо улаан өнгийн бичигтэй цагаан малгайтай байсан...” гэсэн тэмдэглэл /хх-10/,

            - Нийслэлийн Өргөө амаржих газарт 2021 оны 1 дүгээр сарын 1-нээс 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн хугацаанд төрсөн эр нярайн бүртгэл /хх 29-50/,

            - нярайн цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 7-8/,

            - нярайн цогцост шинжилгээ хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 504 дугаартай “Нярай нь амьд төрсөн байна. Нярай нь 51 см урт, 2600 кг жинтэй гүйцэд төрсөн байна. Нярайд үхэлд хүргэх төрөлхийн гажиг өвчин тогтоогдсонгүй. Нярай нь эмнэлгийн нөхцөлд төрснийг тогтоох боломжгүй, төрөөд 5-10 хоногтой байх боломжтой. Нярайн биед гэмтэл тогтоогдсонгүй. Нярай нь 1 дүгээр бүлгийн цустай байна. Нярай нь нам хэмийн үйлчлэлийн улмаас осгож нас баржээ” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 120-122, 128-129/,

            - шүүгдэгч Д.М- болон нярайн цусны ДНХ тогтцыг тогтоосон шинжээчийн 2021 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 1622 дугаартай “...Д.М- нь нас барсан эрэгтэй нярайн биологийн эх байх боломжтой, биологийн эх байх магадлал 99,9% байна...”  гэсэн дүгнэлт /хх 134-135/,  

             - шүүгдэгч Д.М-н сэтгэцийн байдлыг тогтоосон Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шинжээчийн 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 306 дугаартай “Д.М- нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Д.М-н удамд сэтгэцийн өвчтэй хүн бий гэх баримт, мэдээлэл үгүй байна. Д.М- нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. Д.М-н сэтгэцэд хэргийн байдлаас шалтгаалан өөрчлөлт орсон гэх баримт үгүй байна” гэсэн дүгнэлт /хх 164-165/ зэрэгт дүн шинжилгээ хийж, харьцуулан судлахад:

            Д.М- нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн Өргөө амаржих газарт 2021 оны 3 дугаар сарын 6-ны өдөр 05 цагийн үед 2,980 гр жинтэй эрэгтэй хүүхэд төрүүлсэн бөгөөд 2021 оны 3 дугаар сарын 7-ны өдөр 17 цагийн үед тус эмнэлгээс гарсан даруйдаа Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хустайн задгайд уулын бэлд очиж төрүүлсэн нярай хүүхдээ зориуд орхиж явсны улмаас нярай хүүхэд осгож нас барсан үйл баримт тогтоогдсон байна.

            Анхан шатны шүүх уг үйл баримтын талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ, Д.М-н үйлдлийг “хүүхдийг хаях” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг гэж үзэн яллах дүгнэлтийн дагуу хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

            Хүүхдийн эрхийг төрсөн цагаас нь эхлэн 18 насанд хүртэл хамгаалж, хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг хангах явдал нь Монгол Улсын олон улсын гэрээ Хүүхдийн эрхийн конвенц болон Хүүхдийн эрхийн тухай хуульд заасан төр, гэр бүлийн үндсэн үүрэг юм.

            Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйл /Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ/-ийн 11 дэх хэсэгт “...Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална;” гэж, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Хүүхэд гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл, бие махбодийн шийтгэл, сэтгэл санааны дарамт, үл хайхрах байдал болон мөлжлөгийн аливаа хэлбэрээс нийгмийн бүх орчинд хамгаалагдах эрхтэй.” гэж хүүхдийн эрхийн талаар төрөөс баримтлах зарчмыг хуульчлан тодорхойлсон бөгөөд энэхүү үзэл баримтлалд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван зургадугаар бүлгийг хуульчилсан.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван зургадугаар бүлэгт нэрлэн заасан “хүүхдийг гэмт хэрэгт татан оруулах”, “согтуурах, мансуурах, донтох байдалд татан оруулах”, “хаях, төөрүүлэх, тэнүүчлэлд хүргэх”, “гуйлга гуйлгах”, “хэрцгий харьцах”, “тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлэх...” зэрэг гэмт хэргүүд нь нялх, нярай хүүхдийн эсрэг үйлдэгдэхээс илүүтэй гуйлга гуйх, тэнүүчлэх, гэмт хэрэг үйлдэх, хөдөлмөр эрхлэх хэмжээний чадамжтай тодорхой насанд хүрсэн хүүхдийн эсрэг үйлдэгдэх агаад гэмт хэргийн арга, сэдэлт нь өөрийгөө хамгаалах бүрэн чадваргүй бага балчир бөгөөд эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчээс шууд хамааралтайг мэдсээр байж тэдний эсрэг үйлдэж буй санаатай гэмт үйлдлүүд хамаарна.

            Хүүхдийг хаях гэдэгт биеэ хамгаалах болон бие дааж амьдрах чадваргүй хүүхдийг асран хамгаалах, харгалзан дэмжих үүрэгтэй буюу бололцоотой этгээд тусламж үзүүлэлгүйгээр зайлсхийж амьдарч байсан орчноос нь холдуулж, өөр газар орхисон үйлдэл, эс үйлдэхүйг ойлгодог.  

            Өөрөөр хэлбэл эцэг, эх нь хуулиар хүлээсэн асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээсээ зайлсхийх санаа зорилгоор өөрийн төрүүлсэн, үрчлэн авсан, тодорхой ой санамжтай болсон боловч үйл явдал, орчин тойрноо таньж мэдэхгүй буюу өөрийг нь амь нас, эрүүл мэндэд аюултай нөхцөлд хаяж буйг оюун санааны хувьд ухамсарлах боломжгүй, ийм насанд хүрээгүй хүүхдээ хаяхыг энэ гэмт хэрэгт тооцно.

            Ингэхдээ хүүхдийн амь насыг хохироох бус өөр хэн нэгэн олж аваад тэжээн тэтгэх байх гэсэн хүсэл зоригтой байсан байж болох ч түүнийг аюултай орчин, нөхцөлд орхисон гэдгээр нь эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.

            Харин эх нь нярай хүүхдээ алах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн Аравдугаар бүлэг /Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг/-т бие даасан даасан бүрэлдэхүүн болгон хуульчлахдаа гэмт этгээдийн тухайн үеийн сэтгэл зүйн онцлогийг энэ гэмт хэргийн объектив талын шинж болгосон.

             Субъектив тал нь гэмт үйлдлийнх нь идэвхтэй шинж чанарын илрэл бөгөөд өөрийн санаагаа гүйцэлдүүлэхэд чиглэсэн тодорхой зорилгоор нь тодорхойлогдоно.

            Хүсээгүй жирэмслэлт болон төрөлт нь эмэгтэй хүний бие махбод, сэтгэцэд тааламжтай бус нөлөө үзүүлэхийн сацуу зарим тохиолдолд хүүхэд өсгөж хүмүүжүүлэхтэй холбоотой хүндрэлүүд, хүүхдийн эцгийн хандлага, гэр бүлийн хамаарал бүхий этгээд, найз нөхдөөсөө айх, ичих, бэрхшээх гэх мэт хүчин зүйлс сөргөөр нөлөөлдөг байна.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.5 дугаар зүйлийн тайлбар хэсэгт энэ хуульд заасан “нярай хүүхэд” гэж төрснөөсөө хойш гурав хоногоос хэтрээгүй байсныг ойлгохоор тодорхойлсон.

            Эдгээрээс үзвэл төрөлттэй холбоотойгоор бий болсон сэтгэл санааны хямралын үед эх нь нярай хүүхдээ алах нь харьцангуй бага хугацаанд үйлдэгддэг ба нярай хүүхдийн амь насыг хохирооход чиглэгдсэн үйлдэл, эс үйлдэхүйг хийж шууд үхэлд хүргэсэн эсхүл хэсэг хугацааны дараа амь нас хохирсон эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлдөггүй болно.

            Иймээс гэмт хэргийн сэдэлтийг зөв тодорхойлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, уг хэргийн зүйлчлэл, гэм буруу, ял оногдуулах зэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой.

            Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзвэл шүүгдэгч Д.М- нь өсвөр насаа дөнгөж өнгөрөөж яваа бөгөөд эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 9, эцэг, эх, ах, 5-17 насны дүү нарынхаа хамт амьдардаг, бага насны дүү нараа өөрөө асран хамгаалж өсгөн хүмүүжүүлдэг, эцэг, эхийн зүгээс түүнд тавих анхаарал халамж сул буюу жирэмсэн болоод 8 сарын хугацаа өнгөрч, улмаар 2 хоног өвдсөний эцэст үүрээр төрөхөөр эмнэлэг явж байхад эцэг, эх нь огт мэдээгүй зэргээр хүүхдээ үл хайхарч сэтгэл санааны хүчирхийлэлд байлгасан, төрүүлсэн хүүхдийн /шүүгдэгчийн өөрийнх нь болон найз нөхдийнх нь мэдүүлснээр/ эцэг нь хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, тусламж дэмжлэг огт үзүүлээгүй зэрэг нөхцөл байдлууд байна. 

            Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Д.М- нь бусадтай тохиолдлын бэлгийн харилцаанд орсны улмаас жирэмсэн болсон нь түүнд хүсээгүй жирэмслэлт, эцэггүй хүүхэд төрүүлэх нь гэсэн санаа зовнил, ёс суртахууны хэм хэмжээнд харшилж байна гэх бодол төрүүлж, үүний улмаас гэр бүл, ойр дотны хүмүүсээсээ айх, ичих, бэрхшээх зэргээс гадна эмнэлгээс гараад хүүхдийн хамт очих газаргүйгээс болж сэтгэл санааны гүнзгий хямралд орсон байжээ.

            Нийгмээс өгөх гадаад болон хувь хүний хувьд өөрийгөө үнэлэх дотоод үнэлэмжүүдийг нь бууруулсан, сэтгэл санааг нь зовоож гүнзгий хямруулсан энэ үйл явдлын улмаас Д.М- нь эмнэлэгт жирэмсний хяналтад ороогүй, жирэмсэн гэдгээ бусдаас нуух, ерөөс хүүхэд төрүүлэхгүй, хүүхдээсээ л холдчихвол бүх зүйл болчих мэт сэдэл зорилготой байсан байх бөгөөд 2021 оны 3 дугаар сарын 6-ны өдөр 05 цагийн үед эмнэлгийн нөхцөлд хүүхдээ төрүүлж, маргааш нь буюу 2021 оны 3 дугаар сарын 7-ны өдөр 17 цагийн үед эмнэлгээс гарсан даруйдаа нэг хоногтой нярай хүүхдээ хүний хөлөөс зайдуу, нуугдмал, хүйтэн орчинд аваачиж амь нас эрсдэх аюултай нөхцөлд зориуд орхиж явснаас нярай хүүхэд осгож нас барсан байна.

            Уг нярайн хувьд нярайн эрт үед хамаарах /8 сартай/ бөгөөд ургийн өсөлтийн хоцрогдлоос болж бага жинтэй төрсөн нь гадаад орчинд дасан зохицох чадваргүй /бага жинтэй нярайн биеийн дулаан хурдан буурдаг/, гадны цочролд мэдрэг бус байснаас шалтгаалан хариу урвал бага үзүүлдэг /уйлах нь сул/ нь тэсвэрлэх чадварыг нь эрс бууруулж үхэлд хурдан хүргэх шалтгаан болжээ.

            Ийнхүү үйлдлээсээ учирч болох хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хор уршигт зориуд хүргэсэн буюу сэтгэл санааны гүнзгий хямралаас шалтгаалан нярай хүүхдээ алсан шүүгдэгч Д.М-н гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эх нь сэтгэл санааны гүнзгий хямралтай байх үедээ нярай хүүхдээ алсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

            Иймд давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж … болно.” гэж заасан эрх хэмжээний хүрээнд хэрэгт цугларч, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан шүүгдэгч Д.М-г сэтгэл санааны гүнзгий хямралтай байх үедээ нярай хүүхдээ алсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон, холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөх нь зүйтэй гэж дүгнэв.

            Түүнчлэн, Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр баталж, мөн оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс дагаж мөрдөж буй “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно.” гэж,

            мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт “Энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтын шатанд прокурорын тогтоолоор, яллагдагчийг шүүхэд шилжүүлээгүй тохиолдолд шүүгчийн захирамжаар, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж хууль хэрэглэх журмыг заажээ.

            Хэдийгээр энэ хэргийн улмаас учирсан гэм хор арилж хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол гэмт хэрэг гарахаас өмнөх байдлын хэмжээнд сэргэх боломжгүй боловч гэмт хэрэг гарсан нөхцөл байдлын онцлог, шүүгдэгчийн амьдралын замнал, гэр бүлийн байдал нь хувь хүний хэв шинжид үзүүлсэн нөлөөлөл, сэтгэл санааны гүнзгий хямралын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.М-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

            Дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтүүдийг оруулж, шүүгдэгч Д.М-н гаргасан “ял хөнгөрүүлэх тухай” давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх нь төрийн онцгой үйл ажиллагааны эцсийн үр дүн бөгөөд зөрчигдсөн эрхийн хамгаалалтын илэрхийлэл болсон шүүхийн шийдвэр нь хууль хэрэглээний хувьд үндэслэлтэй, шударга ёсонд нийцсэн байхаас гадна, процессийн болон материаллаг эрх зүйн зарчим, хэм хэмжээнд зохицсон агуулга, хэлбэртэй байдаг.

Ингэснээр Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.”, Шүүхийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасан “Шүүгч шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхдээ ..., гагцхүү Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн бусад хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд захирагдана.”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүх, ... эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэсэн шүүх хууль дээдлэх, гагцхүү хуульд захирагдах зарчим, зорилгод нийцэх учиртай.

             Шүүх хэргийн үйл баримтыг сэргээн тогтоохдоо нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлгийн шинж, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон логик дүгнэлтэд түшиглэн үнэлдэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагддаг тул хойшид шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй...” гэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаараас хэтэрсэн утга агуулга бүхий дүгнэлт бичихгүй байхыг анхааруулан тэмдэглэж байна.

             Түүнчлэн, тодорхойлох хэсэгт “...өөрийн төрсөн нэг хоногтой хүүхдийг хүний хөл хөдөлгөөнөөс зайдуу уулын бэлд дэх жорлонд, хүйтэн сэрүүн орчин нөхцөлд хаясан нь гэм буруугийн шууд бус санаатайгаар “хүнийг алах”-д чиглэсэн үйлдэл үү эсхүл хуулиар хүлээсэн асран хамгаалах үүргээсээ зайлсхийж хүүхдийг хаясны улмаас хүүхэд нас барсан хэрэг эсэх талаар улсын яллагч ялгаа заагтайгаар дүгнэлт хийгээгүй, тус хэрэгт урьдчилсан хэлэлцүүлэг хийгдээгүй тул хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээ хязгаарын хүрээнд шийдвэрлэснийг тэмдэглэв.” хэмээн дүгнэж, хуулийн жинхэнэ агуулгыг өөрөөр тайлбарлажээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг хуульчилсан нь нэг талаас шүүх хуралдааныг чиглэсэн тодорхой зорилгын хүрээнд төлөвлөх, зохион байгуулах, нөгөө талаас ямар ч тохиолдолд шүүгдэгчийн байдлыг дордуулахгүй байх ач холбогдолтой.

            Шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээ гэдэг нь яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт дурдсан Эрүүгийн хуулийн тодорхой зүйл, хэсгээр зүйлчлэгдсэн болон шүүгчийн захирамжаар шүүхэд шилжсэн гэмт хэргийг ойлгоно. Өөрөөр хэлбэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар нь яллах дүгнэлт, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тухай шүүгчийн захирамжийн агуулгаар хязгаарлагдана.

             Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болох ба харин хэргийн зүйлчлэлийг өөрчлөх замаар илүү хүнд ял хэрэглэх үндэслэл тогтоогдсон тохиолдолд хэргийг прокурорт буцаана.

            Нөгөөтээгүүр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин гуравдугаар бүлэгт яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, шүүх хуралдааны бэлтгэл хангах ажиллагааны журмыг тогтоон хуульчилсан бөгөөд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийг шүүгч хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэрэгт авагдсан авагдсан нотлох баримтууд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхэд хангалттай эсэх, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эрхлэн явуулагчдын үйл ажиллагаа, шийдвэр нь энэ хуульд нийцсэн эсэхийг сайтар шалгах үүрэгтэй ба шаардлагатай бол хэргийг прокурорт буцааж шийдвэрлэх эрх хэмжээг шүүгч өөрийн санаачилгаар бие даан хэрэгжүүлдэг болохыг дурдах нь зүйтэй. 

            Цаашид энэ төрлийн гэмт хэргийн гаралт олшрох болсонтой холбогдуулан эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээтэй холбоотой үйл ажиллагаа явуулдаг эмнэлгийн байгууллагуудад үйлчлүүлэгчдээ тавих хяналтыг сайжруулах, амаржих газар болон харъяа өрхийн эрүүл мэндийн төвийн хоорондын ажлын уялдаа холбоог хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн бодитой арга хэмжээг авахуулж ажиллахыг мөрдөгч, прокурорт анхааруулав.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/804 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Д.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.”,

- “2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.М-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй.” гэсэн нэмэлт заалтуудыг тус тус оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Шүүгдэгч Д.М-г хуулиар хүлээсэн асран хамгаалах үүргээсээ зайлсхийж хүүхдийг хаясаны улмаас хүүхэд нас барсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож тооцсугай.” гэснийг “Шүүгдэгч Д.М-г сэтгэл санааны гүнзгий хямралтай байх үедээ нярай хүүхдээ алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж өөрчилсүгэй.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтуудыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

4. Шүүгдэгч Д.М- нь 2021 оны 7 дугаар сарын 20-ноос 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл нийт 64 хоног цагдан хоригдсоныг дурдаж, түүнийг нэн даруй сулласугай.

5. Шүүгдэгч Д.М-н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

            6. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ЗОРИГ

                        ШҮҮГЧ                                                           О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                        ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН