Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 225

 

 

 

 

 

 

 

 

 

З.Э, Э.Энарын

 нэхэмжлэлтэй иргэний

 хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2018/02646 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч З.Э, Э.Энарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч А ХХК-д холбогдох

2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 2107002237 тоот, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2100004452 тоот зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 14/02-29 тоот, 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 14/02-110 тоот, 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 2107001078 тоот зээлийн гэрээнүүдийн үүрэг дуусгавар болсныг тогтоолгох, гэрээгээр илүү төлсөн 9 634 526 төгрөгийг буцаан гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 2107002237 тоот гэрээний үүрэгт 19 415 590 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2100004452 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулж 12 918 848 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,  

Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: З.Э

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.О

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Хэрлэн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгч З.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А ХХК-иас 3 зээл авсан. Спайфийн зээл нь жилийн 10 хувийн хүүтэй, машины зээл нь 2.3 хувийн хүүтэй. Би зээлээ төлөөд явж байхад А ХХК-ийн эдийн засагч н.Энхтөр гэх залуу “танд ганц боломж олгоё, бүх зээлүүдийг чинь нэгтгэе” гэж над руу ярьсан. Тухайн үед зээлийн хүүгийн талаар надад хэлээгүй. Намайг заавал хамтрагчаар орж зээлийн гэрээ байгуулна гэсэн, тэр үед би энэ зээлийг 42 хувийн хүүтэй гэдгийг мэдээгүй. Дараа нь банкны эдийн засагч н.Орхонтуул гэх хүн над руу ярьж, та 42 хувийн хүүтэй мөнгө төлөөд байна, зээлийн хүүгээ багасгах хэрэгтэй гэсэн, тэгээд зээлийн хүүг нь багасгаад өгье гэж намайг дуудаж, хүсэлт бичүүлж аваад дахиад гэрээ байгуулсан” гэжээ.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хэрлэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Ариг банк ХХК нь иргэн н.Энхжавхлантай 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 140229 тоот санхүүгийн түрээсийн гэрээгээр 15 000 000 төгрөгийг зээлсэн байдаг. 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 110 тоот санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж 13 440 000 төгрөгийг 27.6 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээлсэн. Мөн н.Энхжавхлан 5 000 000 төгрөгийг 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр жилийн 10 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай зээлсэн. Мөн иргэн н.Амаржаргал 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 2107001105 тоот орон сууц барьцаалсан шуурхай зээл өгч 15 000 000 төгрөгийн зээлийг жилийн 42 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай зээлсэн. Ингээд зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь буюу зээл төлөх хугацаа явагдаж байсан ч зээлдэгч н.Энхжавхлан, н.Амаржаргал нар нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн. Уг зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөнөөр нэмэгдүүлсэн хүү, торгууль бодогддог байсан. Ингээд нэхэмжлэгч З.Э нь н.Амаржаргалын хамт “н.Энхжавхлангийн нэр дээр 3 зээл байна, мөн миний нэр дээр байгаа зээл, нийт 4 зээлийг нийлүүлээд нэгтгэж нэг зээл болгож өгнө үү” гэсэн хүсэлтийг банкинд тавьсан байдаг. Энэ хүсэлт нь нотлох баримтын хэмжээнд хавтаст хэрэгт байгаа. Уг 4 зээлийн нэгтгэж, 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан буюу нэхэмжлэлийн шаардлагад хүчин төгөлдөр бусд тооцуулъя гэж байгаа 2107002237 тоот зээлийн гэрээг байгуулсан. Энэ зээлийн гэрээний хамтран зээлдэгч буюу хамтран үүрэг гүйцэтгэгчээр нэхэмжлэгч З.Э оролцсон. Зээл болон барьцааны гэрээ нь нотариатаар гэрчлүүлсэн, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн хүчин төгөлдөр гэрээ гэж үзэж байгаа. Банк эрх бүхий хуулийн этгээд мөнгөн хадгаламжийн тухай хуулийн 23 дугаар зүйлд зээлийн хувийн хэргийн талаар зохицуулсан байдаг. Хувийн хэрэгт зээл авъя гэсэн хүсэлт байх ёстой. Зээлийн хүсэлтэд нь зээлийн хүү, зээлийн зориулалт, хугацаа ямар байх ёстойг тусгасан байдаг. н.Энхжавхлангийн нэр дээрх 3 зээл, нийт 4 зээлийн үлдэгдэл байсан уу байсан. 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар эхний 140229 тоот зээлийн гэрээний үлдэгдэл 8 729 144 төгрөг байсан. н.Энхжавхлангийн нэр дээр 110 тоот зээлийн гэрээ нь 8 485 494 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Мөн н.Энхжавхлангийн нэр дээр байгаа 5 000 000 төгрөгийн спайф зориулалтын зээлийн үлдэгдэл нь 4 072 857 төгрөг байсан. н.Амаржаргалын 2107001105 тоот зээлийн гэрээний үлдэгдэл нь 11 429 695.53 мөнгө байсан. Ингээд нийт 30 гаруй сая төгрөгийн үлдэгдэл байгаа. Үүнийг банк зээлдэгч нартай харилцан тохиролцоод 4 зээлийн үлдэгдлийг нийлүүлээд 1 зээл болгоё гэсэн хүсэлтийг нь хангаж, 33 500 000 төгрөгийн зээлийг банк олгосон. Банк эрх бүхий хуулийн этгээд мөнгөн хадгаламжийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт зээлийн дансанд гүйлгээ орсноор зээл олгосонд тооцно гэж заасан байдаг. Энэ гэрээний  33 500000 төгрөгийн зээлэнд н.Амаржаргал үндсэн зээлдэгчээр, нэхэмжлэгч З.Э нь хамтран зээлдэгчээр оролцсон. н.Амаржаргалын дансанд 33 500 000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 33 500 000 төгрөгийг  н.Амаржаргалд олгов гэсэн зээлийн дансны хуулгыг нотлох баримтын хэмжээнд гаргаж өгсөн байгаа. Үүнээс зээл олгосны шимтгэл 167 500 төгрөгийг авсан, мөн зээлийн өргөдлийн хураамж 40 000 төгрөгийг авсан. Ингээд 33 287 500 төгрөгийг харилцагч н.Амаржаргал нь харилцахын данснаас зарлага гаргасан байдаг. Үүгээрээ 4 зээлийг төлсөн гэж ойлгож болох тул 4 зээлийг хаасан нь тодорхой. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1 дэх хэсэгт зааснаар үүрэг дуусгавар болгосон гэж үзэхгүй, харин мөн хуулийн 236.1.3 дахь хэсэгт зааснаар үүргийг талууд харилцан тохиролцож сольсон асуудал гэж үзэж байгаа. Дараагийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд нэхэмжлэгч нь 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 15 000 000 төгрөгийн зээлийг 25.2 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай авсан. 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 15 000 000 төгрөгийн зээл олгох шийдвэрийн дагуу нэхэмжлэгчийн зээлийн дансны харилцах данс руу 15 000 000 төгрөг орсон. Уг данснаасаа нэхэмжлэгч нь мөнгөө авсан гэх дансны хуулга нь байгаа. Өмнөх нэхэмжлэгчийн депозит дансанд 5 000 0000 төгрөгийн үлдэгдэл байсан. Ингээд 15 000 000 төгрөгийн зээлийг нэмж олгоод нийт 20 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй данс байсныг зээл олгосон шимтгэлд 75 000 төгрөгийг суутгаж аваад 19 925 000 төгрөгийн зарлага гаргаж нэхэмжлэгч өөрөө авсан. Энэ нь гүйлгээний баримттайгаа байгаа. Тэгэхээр нэхэмжлэгч нь өөрөө 19 925 000 төгрөгийг бэлнээр авч явсан байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахгүй орхиж өгнө үү. 4 зээлийг 1 зээл болгох уу, хүүг нь багасгах уу, хугацааг нь уртасгах уу гэх мэт асуудал нь талуудын хоорондын тохиролцооны л асуудал. н.Амаржаргал гэх хүн гэрчээр оролцож, энэ зээлийг өөрөө аваагүй мэдэхгүй гэсэн мэдүүлэг өгсөн. Нэхэмжлэгч Энхтуяа нь өөрөө хамтран зээлдэгчээр ороод өөрт ашигтайгаар 4 зээлийг нэгтгэж н.Амаржаргал гэх хүний байрыг тавьсан асуудал гэж үзэж байгаа. Нэмэгдүүлсэн шаардлагын тухайд 3 зээлийн үлдэгдлийг төлсөн гэдгийг зөвшөөрөхгүй, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, торгууль бодогддог журамтай. Гэхдээ гэрээний үүрэг дуусгавар болоогүй, шинэ зээлээр үүргийг сольчихсон тул зээлийн гэрээний үүрэг биелэгдээгүй байсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хэрлэн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: “4 зээлийг нэгтгээд нэг зээл болгосон байгаа. Уг зээлийн гэрээний үүрэгт 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 33 500 000 төгрөгийн зээлийг 2107002237 тоот дугаартай барьцааны гэрээ байгуулсан, энэ зээлийн гэрээний үүрэгт 19 415 590 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 2 дахь шаардлага нь З.Этай байгуулагдсан 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2100004452 тоот зээлийг гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж 12 918 848 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан” гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1, 56.1.10, 56.5, 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт зааснаар 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 2107002237 дугаартай зээлийн гэрээ, 2017 оны 12 дугаар сарын 18-ны 2100004452 дугаартай зээлийн гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж, 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 2107002237 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдсөн 22 342 016 төгрөгийг  Ариг банк ХХК-иас гаргуулж З.Эд буцаан олгож, Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1, 236.1.1 дэх хэсэгт зааснаар 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 14/02-29 дугаартай зээлийн гэрээ, 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 14/02-110 тоот зээлийн гэрээ, 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 1078 тоот зээлийн гэрээнүүдийн үүргийг дуусгавар болсныг тогтоож, илүү төлсөн 9 634 526 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч З.Э, Э.Энарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар  З.Эгаас 2016.05.25-ны өдрийн 2107002237 дугаар зээлийн гэрээний үүрэгт 19 415 590 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгө болох орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах, мөн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2100004452 дугаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлуулж, 12 918 848 төгрөг гаргуулах барьцаа хөрөнгө болох автомашин, тоног төхөөрөмжөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн А ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 112 950 төгрөг, хариуцагчийн төлсөн 389 823 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 558 400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нар давж заалдах гомдолдоо: “...2016 оны 05 сарын 25-ны өдөр 3 зээлийн гэрээг нэгтгэхээс өмнө 14/02-29 дугаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 5 877 687 төгрөг, хүү 6 831 997 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16 956 төгрөг, нийт 12 726 640 төгрөг, 14/02-110 дугаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 4 712 580 төгрөг, хүү 5 243 027, нэмэгдүүлсэн хүү 15 736 төгрөг, нийт 9 971 343 төгрөг төлсөн.

Мөн 14/02-29 дугаар зээлийн гэрээний буцаан төлөх хуваариар 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс хойш сарын 9 265 800 төгрөг, 14/02-110 дугаар зээлийн гэрээний буцаан төлөх хуваариар 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс хойш сарын 10 137 240 төгрөг, 2107001078 дугаар зээлийн гэрээний кредит дансны хуулгаар 4 815 428 төгрөг, нийт 24 218 468 төгрөг төлөхөөр байна. Үүнээс миний төлсөн мөнгөнөөс төлөх ёстой мөнгийг хасч тооцвол /32 572 032-24 218 468/ 8 353 564 төгрөг буцаан гаргуулж авахаар байна. Хариуцагч миний төлсөн мөнгийг 14/02-29, 14/02-110, 2107001078 дугаар 3 зээлийн гэрээний үүрэгт авсан гэж үзэхгүй, өөр гэрээний үүрэгт мөнгө төлж байсан, өнөөдрийг хүртэл 3 зээлийн гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүүг авна гэдэг. Э.Энхжавхлангийн нэр дээрх 3 зээлийн гэрээг нэгтгэсэн, цуцалсан явдалд нэхэмжлэгч нар буруугүй тул хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй. Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.1 "хугацаанд нь гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгм хүлээж аваагүй бол түүний хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ", ийнхүү хугацаа хэтрүүлснээс үүсэх үүрэг... Үүрэг гүйцэтгүүлэгч Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т заасны дагуу "хүү, анз авах" эрхээ алдахаар зохицуулсан. Иймд нэхэмжлэгч нар хугацаа хэтрүүлсэн гэж хүү төлөх үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “...Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 2107002237 тоот зээлийн гэрээ, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2100004452 тоот зээлийн гэрээг "...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх зүйлийг тус тус үндэслэл болгон нэхэмжлэгч З.Эд бодитоор шилжүүлээгүй, талуудын тайлбар хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдсон. Ариг банкны Вива сити салбар нь зээлийн үйл ажиллагааны холбогдох хуулийн заалтыг зөрчсөн байх тул..." хэмээн үзэж хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон. Гэтэл дээрх хийгдсэн зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бодит хийгдсэн, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн, нотариатаар гэрчлүүлсэн, зээлдэгч буюу нэхэмжлэгч З.Э гарын үсэг зурсан ба Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу хийгдсэн хүчин төгөлдөр гэрээ болоод түүнд нийцүүлэн бүрдүүлсэн хэсгүүд болох зээлийн хувийн хэрэг, зээл авахын тулд зээлдэгчээс гаргаж өгсөн баримт бичгүүд нь хууль ёсны банкны зүгээс бүрдүүлэх боломжгүй баримтыг анхан шатны шүүх үнэлээгүй, “..зээлийн хувийн хэрэг, зээл авахыг хүссэн өргөдөл, анкет, зээл барьцааны гэрээний гарын үсэг зурсан хэсэг, хавтаст хэрэг дэх дансны хуулга, мөн зээлдэгчийн 15 000 000 төгрөг авсан гэх зарлагын гүйлгээний баримт зэргийг огт дүгнээгүй. 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хийгдсэн 2107002237 тоот зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгчээр нэхэмжлэгч оролцсон, энэхүү гэрээний эргэн төлөлтийг З.Э хийж байсан. Уг зээлийн гэрээний үндсэн зээлдэгч болох  Б.Амаржаргалын “Би энэ зээлүүдийг огт мэдэхгүй, Энхтуяа эгч л мэднэ” гэх мэдүүлгийг огт анхаарч үзээгүй. 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 2107002237 тоот зээлийн гэрээнд нэхэмжлэгч оролцож, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2100004452 тоот зээлийн гэрээний үндсэн зээлдэгчээр оролцон зээлийн төлбөрүүдийг төлсөн гэдэг нь хангалттай баримтаар тогтоогдож байхад нэхэмжлэгчийн төлсөн 22 342 016 төгрөгийг буцаан гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болж чадаагүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч З.Э, Э.Энар нь хариуцагч А ХХК-д холбогдуулан 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 2107002237 тоот, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2100004452 тоот зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 14/02-29 тоот, 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 14/02-110 тоот, 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 2107001078 тоот зээлийн гэрээнүүдийн үүрэг дуусгавар болсныг тогтоолгох, гэрээгээр илүү төлсөн 9 634 526 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 2107002237 тоот гэрээний үүрэгт 19 415 590 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2100004452 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулж 12 918 848 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

            Хэрэгт 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 2107002237 тоот зээлийн гэрээ болон барьцааны гэрээнүүд авагдсан байх ба уг гэрээний зээлдэгч талыг төлөөлж А.Амаржаргал, С.Даваасүрэн, З.Э нар гарын үсэг зурж баталгаажуулсан байна. /хх 30-32/

 

Хэргийн 210 дугаар талд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хэрлэнгээс нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор иргэн А.Амаржаргал, С.Даваасүрэн нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулах талаарх хүсэлт гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт “Шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь болон зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно” гэж заасныг шүүх анхааралгүйгээр хүсэлтийг хангахгүй орхиж, улмаар зээлдэгч А.Амаржаргал, С.Даваасүрэн нарын байгуулсан 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 2107002237 тоот, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2100004452 тоот зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсоноор уг гэрээтэй холбоотойгоор зээлдэгч нараас тайлбар гаргах, гомдол гаргах эрхийг шүүхээс хязгаарласан гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхой болсноор талууд тухайн маргааны үйл баримтын талаар нотлох баримтаа гаргаж мэтгэлцэх, улмаар шүүх шаардах эрхийн үндэслэл, түүнийг зохицуулсан хуулийн заалтыг оновчтой, зөв тайлбарлан хэрэглэх боломжтой болох юм.

 

Давж заалдах шатны шүүх дээрх нөхцөл байдлыг нөхөн гүйцэтгэх замаар, хэрэгт авагдсан баримтын хүрээнд үйл баримтыг тогтоож, эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2018/02646 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь зааснаар нэхэмжлэгч З.Эгаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 737 100 төгрөг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хэрлэнгээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 389 823 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлэх, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА

           

                             ШҮҮГЧИД                                      Ш.ОЮУНХАНД

 

                                                                                                Д.ЦОГТСАЙХАН