2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2801

 


 

 

 

 

 

 

 

  2025         12           16                                   2025/ШЦТ/2801

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал,

улсын яллагч Э.Билгүүн, 

шүүгдэгч ****, түүний өмгөөлөгч Э.Үнэнсайхан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:    

 

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос **** овогт ****Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн **** тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч **** нь орчиндоо аюул учруулж болох амьтан буюу өөрийн тэжээвэр нохойг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 22-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баянбүрд” дэлгүүрийн орчимд хохирогч **** нь түүний нохойд хазуулж, улмаар эрүүл мэндэд нь зүүн шилбэнд эдийн дутагдал бүхий хазагдсан шарх, цус хуралт, баруун шилбэнд хазагдсан шарх гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч **** мэдүүлэхдээ: “...2024 оны 09 дүгээр сарын 10-ны орой над руу ярьсан, нохой хүн хазсан байна, ирээд уулз гэж хэлсэн. Цагдаагаас ирж мэдүүлэг өг гэхээр нь очиж мэдүүлэг өгсөн, хохирогч эмнэлэг явсан байсан, би тухайн нохойг зорьж авч тэжээгээгүй, гаршуулаагүй. Би өөрөө тэнд амьдардаггүй, өдөр бүр хооллож байгаагүй. Би вакцин хийлгэж, гаршуулан тэжээсэн зүйл байгаагүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

 

Хохирогч Д.Энхбаатарын:

“...Би Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баянбүрд” дэлгүүрийн хажуу талын айлын Монгол нохой хашаанаасаа гарч ирээд зүүн талын хөлийн өвдөгний ар хэсэг буюу булчин хэсгээс хазаад би зугтах үед миний баруун хөлийг хазсан юм. Тэгээд би зугтаад Баянбүрд дэлгүүр орж түргэн дуудсан буюу цагдаагийн байгууллагад хандсан болно.... миний баруун зүүн хөлийг хазсан, миний зуун хөл руу эмч хэлэхэд нэлээн гун орсон байна гэж хэлсэн..” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/,

 

Хохирогч Д.Энхбаатарын дахин өгсөн:

“...Монгол банхар байсан, хар алаг шартай тийм нохой байсан. Тухайн нохой миний баруун, зүүн хөлийн 2 булчин дээрээс хазсан, хашааны хаалга нь онгорхой байсан, тэгээд хашааны хаалгаар гарч ирээд хазсан, би дэлгүүр орж тамхи авах гээд тухайн хашааны хажуугаар гарах гэж байхад шууд дайрсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дахь тал/,

 

Гэрч Э.Мягмардалайн:

“... Би Баянгол дүүрэг **** тоот иргэн ****н хашааг түрээслэн амьдарч байгаа. Би 2023 оны 10 дугаар сараас зарын дагуу **** гэх хүнтэй холбогдож хашааг нь түрээслэн өөрийн гэрээ барьж амьдарч байгаа. Би эхнэр хүүхдийн хамт амьдардаг... манайх нохой тэжээдэггүй, 2023 оны 10 дугаар сард манайх нүүж очиход yr хашааны эзэн ****н нохой уяатай байсан. Би сайн мэдэхгүй, халтар өнгөтэй Монгол юм уу. Төвд банхар том биетэй нохой байсан байнгын уяатай байдаг хашааны эзэд 7 хоногтоо нэг удаа ирж ууттай хоол авчирч нохойгоо хооллодог. Манайх нохойд хоол өгч тэжээдэггүй...... өглөө намайг ажилдаа явахад уяатай байсан.......өмнө нь нэг хүн хазуулсан гэж сонсож байсан, би бол хараагүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дахь тал/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 12289 дугаартай:

“...Д.Энхбаатарын биед зүүн шилбэнд эдийн дутагдал бүхий хазагдсан шарх, цус хуралт, баруун шилбэнд хазагдсан шарх гэмтэл тогтоогдлоо Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.... дээрх гэмтэл нь Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо..” гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 40-42 дахь тал / зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч **** нь орчиндоо аюул учруулж болох амьтан буюу өөрийн тэжээвэр нохойг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 22-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баянбүрд” дэлгүүрийн орчимд хохирогч Д.Энхбаатар нь түүний нохойд хазуулж, улмаар эрүүл мэндэд нь зүүн шилбэнд эдийн дутагдал бүхий хазагдсан шарх, цус хуралт, баруун шилбэнд хазагдсан шарх гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах, хохирогчийн зүгээс баримтаар хохирол нэхэмжлээгүй тул цаашид хохирогч баримтаа бүрдүүлэн иргэний журмаар хохирол нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Үнэнсайхан “...Шинжээчийн дүгнэлтээр хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй гэсэн байгаа. Эрүүл мэндийн даатгалын сангаас авсан эмчилгээ үйлчилгээний зардал бол гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэхгүй. Яллах дүгнэлтэд болон хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад эмчилгээ үйлчилгээний бусад төлбөрийг баримтаар нэхэмжлээгүй тул миний үйлчлүүлэгч бусдад төлөх төлбөргүй гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна. Хэрэв хохирогч баримт гаргаж өгвөл төлөхөө илэрхийлж байгаа...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч ****н холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч **** нь:

орчиндоо аюул учруулж болох амьтан буюу өөрийн тэжээвэр нохойг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 22-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баянбүрд” дэлгүүрийн орчимд хохирогч Д.Энхбаатар нь түүний нохойд хазуулж, улмаар эрүүл мэндэд нь зүүн шилбэнд эдийн дутагдал бүхий хазагдсан шарх, цус хуралт, баруун шилбэнд хазагдсан шарх гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь хохирогч Д.Энхбаатар, гэрч Э.Мягмардалай нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 12289 дугаартай шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

 

Иймээс улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ****г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Энхбаатарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогчийн зүгээс баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй байна.

 

Харин хохирогч Д.Энхбаатар нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг,   

- Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар хохирогчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан талаарх лавлагаа хавтаст хэргийн 73 дахь талд авагдсан боловч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг иргэний нэхэмжлэгчээр тогтоогоогүй, хэдэн төгрөгийн нөхөн төлбөр нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байх тул Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь өөрт учирсан нөхөн төлбөрийг мөн нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч ****г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Үнэнсайхан “Миний үйлчлүүлэгч анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, уг гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэгт хамаарч байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү. Хэрэв эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх боломжгүй гэж үзвэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан доод хэмжээгээр торгох ялаар тогтоож өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч **** нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүхээс шүүгдэгч ****г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг хэрэглэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг гаргасан боловч “гэм буруугийн хэлбэрийн талаар маргасан тохиолдолд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэхгүй” гэж шүүх дүгнэсэн тул хуулийн дээрх заалтыг хэрэглэж шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх боломжгүй юм.

 

- Бусад асуудлаар:

Эрүүгийн **** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч **** нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч **** овогт ****Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****г 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.Энхбаатар нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг,

-мөн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь өөрт учирсан нөхөн төлбөрийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.

 

6. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч **** нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоолд хохирогч, шүүгдэгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч ****д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ