Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 239

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Оролмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,

-улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ,

-хохирогч М.Мөнхтулга,

-шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Сэндэнпүрэв,

-шүүгдэгч М.Батбаяр нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайчууд овгийн Мягмарсүрэнгийн Батбаярт холбогдох эрүүгийн 201719000322 тоот хэргийг 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1987 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Төв аймгийн Цээл суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Хүүхэд залуучуудын ордонд нягтлан бодогч ажилтай, ам бүл 4, аав, ээж, дүү нарын хамтаар Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар багийн 19-02 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэл үгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Тайчууд овгийн Мягмарсүрэнгийн Батбаяр РД/НШ:87111573/

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Яллагдагч М.Батбаяр нь Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Эрхэс” зочид буудалд 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 15 цагийн үед үйлчлүүлж байхдаа согтуугаар “буудлын тооцоо хийхгүй” гэх шалтгаанаар хохирогч М.Мөнхтулга болон тус баарны ажилчидтай маргалдан улмаар М.Мөнхтулгын зүүн гарын эрхий хурууг дарж алганы ясны хугарал гэх хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч М.Батбаяр шүүхийн хэлэлцүүлэгт: Би өмнө мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ бүгдийг нь үнэн зөвөөр мэдүүлсэн тул одоо нэмж мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч М.Мөнхтулга шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би хэрэг гарах тухайн үед гараа мултарчихлаа гэж бодсон. Улаанбаатар хот орж, эмнэлэгт үзүүлэхэд гарын яс хугарсан байсан. Би 1 сарын хугацаанд ажлаасаа чөлөө авч, эмчилгээ хийлгэсэн. Шүүгдэгч Батбаяраас ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилмээр байна. Хэрэг гарснаас хойш Батбаяр надаас уучлалт гуйгаагүй, 1 удаа л уулзсан. Тухайн үед Батбаяртай хамт байсан хүмүүс манай ээжийг муухайгаар хэлж, хэл амаар доромжилсонд гомдолтой байна. Тэр хүмүүс өнөөдрийг хүртэл миний ээжээс уучлалт гуйгаагүй, тухайн үед би эдгээр хүмүүсийг эсрэг зодоон цохион хийгээгүй. Үгийн зөрөөгүй л намайг нэг нь цохиж, нэг нь мөргөж, гурван хүн миний биед халдсан. Хэрэг гарсны дараа Батбаяр надад 100000 төгрөг өгье гэж ирсэн. Би хэл амаар доромжлуулж, цохиулж биедээ гэмтэл авчихаад 100000 төгрөг авна гэдэг бол хэтэрхий доромжилсон хэрэг болох байх. Би Батбаяраас мөнгө аваагүй, өөрийнхөө мөнгөөр эмчилгээ хийлгэсэн. Гэхдээ Батбаярыг таньж мэддэг юм гээд цаашид гарах эмчилгээний төлбөр болон хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч М.Мөнхтулгын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: 2017 оны05 дугаар сарын 04-ны өдрийн 15 цагийн үед манай Эрхэс зочид буудалд байрлаж байсан Баагий, Энхээ гэж нэрийг нь дууддаг 4-5 зүс таних залуучууд буудлын тоцоогоо төлөхгүй буудлаас гарах гэж байх үед нь буудлын ресепшин Болормаа хараад уг хүмүүсийг буудлын тооцоогоо хийхийг шаардахад тэр залуучуудын нэг нь картаар тооцоо хийнэ гэсэн байсан. Тэгээд Болормаа намайг дуудаад Поз машинаа аваад ир картаар хүмүүс тооцоо хийх гэж байна гэж хэлсэн. Тэгээд би поз машинаа аваад очсон тэр залуучууд үүдээр гарч явах гээд байхаар нь би хаалгаа гараараа алдлаад зогссон чинь нүдний шилтэй саравчтай малгайтай Хас банкны ар талд ПС тоглоом ажиллуулдаг залуу нь намайг хөөе чи гэж дуудаад би хартал миний толгойруу  толгойгоороо мөргөсөн. Тэгээд түлхээд намайг бариад авсан. Цаанаас нь манай ээж, 3 эгч гарч ирсэн чинь тэр залуучууд бүгд ам амандаа шаагилдаад манай ээж, эгч нарыг янхан гичий гэх зэргээр доромжилсон. Ажилчидынхаа хувцас сольдог өрөөнд ороод сууж байтал Багий гэж залуу араас ирээд үгийн зөрүүгүй шууд миний нүүр рүү гараараа цохьсон. Тэгтэл уруул дотор талдаа язарч цус гарсан. Одоо миний биед зүүн талын эрхий хуруу мултарсан, уруул язарсан шархтай байна. Баагий миний эрхий хурууг доош нь дараад, нүүр рүү цохьсон.Энэ гэмтлүүдийг Баагий гэж дууддаг Батбаяр гэгч залуу учруулсан гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/,

 

Гэрч Х.Баярмаагийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: 2017 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн 11 цагийн орчимд байх би ажил дээрээ гал тогоонд хоол хийгээд байж байсан чинь хэдэн залуучууд мөнгөө өгөхгүй гарах гээд байгаа бололтой маргалдаж байсан. Би ажилчдын өрөө рүү яваад ороход тэр жижиг шар залуу /Батбаяр/ Мөнхтулгыг крисло сандал дээр дарж унагасан байлалтай байсан. Тэгээд би ороод салгаад тэр залууг чи болиоч гэсэн чинь тэр залуу би хэн билээ та нар мэдэх юм уу гэхээр нь би чамайг мэднэ, гал тогооны цонхоор харахад шороотой хутгалдаад өнхөрөөд явж байдаг л залуу байна шүү дээ гээд хэлсэн чинь намайг янхан гичий гэх зэргээр мөн та нар янханууд Эрхэсийнхэн бүгдээрээ янханууд гэх зэргээр хэлсэн. Тэгээд хамт явж байсан залуучууд нь салгаад авч гарсан. Хүмүүсийг явсны дараа М.Мөнхтулгатай таарсан чинь нүүр ам нь хөхөрсөн, гар нь хавдчихсан байдалтай байсан. Тэгээд эмнэлэгт үзүүлэхэд хурууны тэрүүгээр нь цуурсан байна гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24/

 

Гэрч Х.Бандидмаагийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: 2017 оны 05 сарын 04-ний өдрийн 10 цагийн үед би ажил дээрээ ирсэн чинь доод үүдэнд хэдэн залуучууд зогсож байсан. Болормаа хориод зогсож байсан. Энэ хүмүүс мөнгөө төлөхгүй гарах гээд байна гэсэн. Тэгэхээр нь би яагаад та нар мөнгөө өгдөггүй юм гэсэн чинь тэр залуучууд юм хэлэхгүй зогсоод байсан. Нэг карт өгсөн поз машинд уншуулсан карт нь мөнгөгүй байсан. ... би үүдэнд нэг шар залуу нь би нэг ороод гаръя гээд Мөнхтулгын байсан ажилчдын өрөө рүү орсон оронгуутаа Мөнхтулгын нүүр рүү цохиод, гар хурууг нь мушгисан.  Мөнхтулгын нэг хуруу нь ар дээрээ гарсан юм шиг сонин болсон байсан гэсэн мэдүүлэг/хх-ийн 21-22/.

 

Гэрч Х.Цолмонгийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: 2017 оны 05 сарын 04-ний өдрийн 15 цагийн орчимд би Эрхэс зочид буудлын зоогийн газарт хоол идэх гээд ирсэн байсан. 4-5 залуучууд буудалд хоносон тооцоогоо хийх болж байсан. Мөнхтулгыг манай эгч поз машинаа аваад ир дээ гэсэн. Тэгээд Мөнхтулга поз машинаа аваад Болормаа эгчид өгөөд эргээд буцахад нь нэг нүдний шилтэй залуу нь Мөнхтулгыг мөргөсөн. Тэд тооцоогоо хийхээр маргалдаад хүмүүс нь хэл амаар доромжлоод байхаар нь би Мөнхтулгыг ажилчдын хувцасны өрөө рүү оруулсан. Солонго төвд ажилладаг залуу араас нь өрөө рүү нь ороод хоолойг боож шахаж цонх руу түлхсэн. Чи намайг хүн гэдгийг мэдэх үү гээд байсан. Мөнхтулгын уруул нь язраад цус гарсан, зүүн гарын эрхий хурууний үед нь мултарсан шиг бондойгоод гараад ирсэн байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16/.

 

Гэрч Б.Баярбатын мөрдөн байцаалтад мэдүүлсэн :2017 оны 05 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө 00 цагийн үед “Хүрд” баарны караокед Энхтүвшин, Батзориг, Буяннэмэх, Дагвадорж, Батбаяр бид нар орж сууж байгаад Эрхэсийн буудал орж архи ууя гээд буудлын өрөө авч орсон. Тэндээ амраад маргааш өглөө 11 цагийн үед байх буудлаас гарах гаад буудлын тооцоо хийх болсон. Буудлын ажилтан эмэгтэй тооцоогоо хий гээд гаргахгүй байсан. Энхтүвшин, Батбаяр одоо өгнө шүү дээ гэсэн. Буудлын хүмүүс зугтаж гарах гэж байгаа юм шиг гаргахгүй байсан. Тэгээд Батбаяр буудлын залуутай уулзана гээд араас өрөө рүү орсон. Тэгээд тэр хоёр зодолдсон бололтой Батбаяр гараад ирсэн гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18/.

 

Шүүх эмнэлгийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 253 дугаартай:

-М.Мөнхтулгын биед зүүн гарын алганы ясны суурь хэсгээр хугаралт, дээд уруулны дотор салст язарсан шархт гэмтэл тогтоогдлоо.

-Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

-Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

-Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадвар эмчилгээний үр дүнгээс хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 32/

 

Шинжээч И.Ганболорын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: М.Мөнхтулгын биед зүүн гарын алганы ясны суурь хэсгээр хугаралт гэмтэл нь цохигдох, гарыг мушгих, өчих үед үүсгэгдэх боломжтой, уруулын дотор салст язарсан шархт гэмтэл нь цохигдох үед үүснэ. Цаг хугацааны хувьд хэрэг учрал  болох үед үүсэх боломжтой шинэ гэмтэл юм. М.Мөнхтулгын биед зүүн гарын алганы ясны суурь хэсгээр хугаралт нь хүндэвтэр гэмтэл болно гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37/

 

БУСАД БАРИМТ СЭЛТ:

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 хуудас/,

-2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Дижитал рентген шинжилгээ “... Зүүн гарын сарвуу ясны 2 байрлалын рентген зураг...” /хх-ийн 33 хуудас/,

-Шүүгдэгч М.Батбаярын ял шийтгэлийн хуудсыг шалгахад "урд ял шийтгүүлж байгаагүй" гэсэн лавлагаа /хх-ийн 46 хуудас/,

-Шүүгдэгч М.Батбаярын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 53 хуудас,

-2017 оны ны  05 сарын 04-ний өдөр М.Батбаяр нь эрүүлжүүлэгдсэн гэх хуудас /хх-ийн 56/

-Шүүгдэгч М.Батбаярыг 2017 оны 05 сарын 29-ний өдөр /хх-ийн 40-41/ сэжигтнээр, 2017 оны 06 сарын 28-ны өдөр /хх-ийн 45/ яллагдагчаар тус тус байцаасан тэмдэглэлүүд зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Шүүгдэгч М.Батбаяр нь Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Эрхэс” зочид буудалд 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 15 цагийн үед үйлчлүүлж байхдаа буудлын тооцоо хийхгүй гэх шалтгаанаар согтуугаар хохирогч М.Мөнхтулга болон баарны ажилчидтай маргалдан улмаар М.Мөнхтулгын зүүн гарын эрхий хурууг дарж алганы ясны хугарал гэх хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Төв аймгийн Прокурорын газраас М.Батбаярт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн анх удаагаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн  хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Хохирогч М.Мөнхтулга нь шүүхийн хэлэлцүүлэгт М.Батбаяраас цаашид гарах эмчилгээний төлбөр болон хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэсэн тул энэ шүүх хуралдаанаар  хэлэлцэх хохирол төлбөрийн асуудал байхгүй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч М.Батбаяр  нь хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2.1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

          1. Эрүүгийн хуулийн ерөнхий 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Төв аймгийн Прокурорын газраас М.Батбаярт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилсүгэй.

          2. Шүүгдэгч Тайчууд овгийн Мягмарсүрэнгийн Батбаярыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Батбаярыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000/ дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч М.Батбаярт Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000 / дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 1/нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.Батбаяр нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд  хөрөнгөгүйг, шүүгдэгч М.Батбаяр нь хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

7. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Батбаярт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус даалгасугай.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Тайчууд овгийн Мягмарсүрэнгийн Батбаярт  урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх  арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэглэсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       С.ОРОЛМАА