| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 2006006701854 |
| Дугаар | 2021/ДШМ/849 |
| Огноо | 2021-09-22 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | А.Амарсанаа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 2021/ДШМ/849
2021 9 22 2021/ДШМ/849
М.П-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Н.Батсайхан, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүгдэгч М.П, түүний өмгөөлөгч П.Гансүх, М.Сонинбаяр,
нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/149 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Пын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2006006701854 дугаартай хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шарнууд овогт М.П, .... оны ...дугаар сарын ....-ны өдөр ......... төрсөн, ..... настай, эмэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ...., ........... хамт, ........................... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ................./
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 548 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэн ялаа эдэлж байгаа;
М.П нь 2020 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр иргэн Э.У-аас 10.000.000 төгрөг зээлж хүүнд нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 9/3-ын 45 тоот байрыг түрээсэлнэ гэж залилсан,
2019 оны 12 дугаар сарын 3-наас 5-ны хооронд иргэн Д.Ч-ээс Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт БНСУ-ын виз гаргаж өгнө гэж нийт 2.100.000 төгрөг дансаар авч залилсан,
2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр фэйсбүүк сүлжээнд “Мөнгө зээлж зээлийн хүүнд байранд суулгана” гэх хуурамч зар үүсгэн улмаар тухайн зарын дагуу иргэн Г.А-тэй уулзаж Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Номин дэлгүүрийн хажуу талын байранд очиж өөрийн биш байрыг өөрийнх гэж итгүүлэн хуурч, Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нотариатад түүнтэй зээлийн гэрээ байгуулан 6.000.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
2019 оны 12 дугаар сарын 25-наас 29-ний хооронд иргэн Б.Г-оос Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байр түрээсэлнэ гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2.000.000 төгрөг дансаар авч залилсан,
2019 оны 8 дугаар сарын 11-ний өдөр иргэн Б.С-аас Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дархан минж худалдааны төвийн гадна манай ах тендерт орж байгаа 2.500.000 төгрөгийг 3 хоногийн дотор 5.000.000 төгрөг болгож өгнө гэж, мөн 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 135.000 төгрөгийг, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 90.000 төгрөгийг, 2020 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр 360.000 төгрөг, нийт 3.085.000 төгрөгийг авч залилсан,
2020 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр иргэн Э.Ш-тэй Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Реседент хотхоны 428 дугаар байрны 128 тоот байрыг түрээсэлнэ гэж 1.045.000 төгрөгийг залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: М.П-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шарнууд овогт М.П-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдыг хуурч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.П-ыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар М.П-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр өмнөх Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 548 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 8 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 7 жил 6 сар 22 хоногийн ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 9 жил 6 сар 22 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар М.П-д оногдуулсан 9 жил 6 сар 22 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар М.П-ын цагдан хоригдсон 153 хоногийг нийт эдлэх ялд нь оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар М.П-аас 10.000.000 төгрөгийг хохирогч Э.У-д, 2.100.000 төгрөгийг хохирогч Д.Ч-д, 6.000.000 төгрөгийг хохирогч Г.А-д, 1.200.000 төгрөгийг хохирогч Б.А-д, 3.085.000 төгрөгийг хохирогч Б.С-т, 1.045.000 төгрөгийг хохирогч Э.Ш-т гаргуулан тус тус олгож, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж М.П-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч М.П давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М.П бие нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 548 дугаартай шийтгэх тогтоолоор 8 жилийн хорих ял шийтгүүлсэн. Шүүх хуралдаанд Баянзүрх дүүрэгт үргэлжилсэн үйлдэлтэй нэмэлт хэрэг байхад нэгтгэн шалгаж өгөөгүйн улмаас миний эрх зүйн байдал хэт дордож, мөн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 149 дугаартай шийтгэх тогтоолоор 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр 2 жилийн хорих ял шийтгүүлсэн. Ингээд надад 10 жилийн ял өгсөн. Миний бие нь мөрдөн байцаалтын явцаас эхлээд гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч маргадаггүй байсан. Хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх ёстой гэж Монгол Улсын Үндсэн хуульд заасан байтал надад холбогдох энэ хэргийн өөр оролцогч нар байхад ганцаараа хийсэн мэт болгож яллаж байгаад гомдолтой байна. Хохирлыг бүгд тэнцүү хуваан төлөх байтал дан ганц би төлөхөөр болж мөн ял нэмүүлээд сууж байгаа минь үнэхээр хүнд байна. Миний бие насанд хүрээгүй 3 хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй. 2018 оноос хойш энэ хэрэгт шалгагдаж өдийг хүртэл явахдаа өөрийгөө зөв зүйл хийсэн гэж боддоггүй, мөн одоо ч гэсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч маш их гэмшиж байна. Хохирогч нараасаа чин сэтгэлээсээ уучлалт гуйж явдаг байсан. Одоо надад 20 жил гэдэг маш хүнд сонсогдож байна. Насанд хүрээгүй бага насны 3 хүүхдийн хамт амьдардаг өрх толгойлсон эмэгтэй хүний хувьд үр хүүхдүүдийнхээ эрүүл мэнд, ирээдүй, хойчийг хариуцаж явах нь миний үүрэг хариуцлага юм. Гэр бүлийн аз жаргал бол элэг бүтэн байх явдал юм. Гэр бүлдээ халамжит сайн ээж байх эрхээр минь хангаж өгнө үү. Иймээс эрхэм шүүгч та бүхэн минь дээрх эрх зүйн байдлыг минь харгалзан үзэж сүүлд шийтгүүлсэн миний 2 жилийн ялыг хамгийн доод хэмжээгээр яллан хөнгөрүүлж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч М.П-ын өмгөөлөгч П.Гансүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх 2020 оны 6 дугаар сарын 2-ны өдөр шүүх хуралдаан явуулж шийтгэх тогтоол гаргасан. Тухайн цаг үед өмгөөлөгч миний бие Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өөр хэрэг бүртгэлтийн шатанд байгаа гэж тогтоолыг авч очсон. Гэтэл шүүх хэрэг бүртгэлтийн хэрэг болохоос яллагдагчаар татаагүй байна гэж үзэж гэм буруутай нь тогтоогдоогүй учир хэрэгт тооцохгүй шийдвэрээ гаргасан. 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өмгөөлөгч миний бие Баянзүрх дүүргийн прокурорын яллах дүгнэлтийг гаргаж өгсөн. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 21 дүгээр хуудсанд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчийн гаргасан тайлбар, мэдүүлэг болон дүгнэлтүүд бичигдсэн байгаа. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд Сүхбаатар дүүрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тогтоолыг хавсаргасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлд заасан үргэлжилсэн нэг гэмт хэргийг прокурорууд дундаас нь авч, нөгөө хэргийг тасалж авч үлдэж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна. Сүхбаатар дүүргийн прокурор Буянхишигтэй уулзахад “Баянзүрх дүүрэг дэх хэрэг нь Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх рүү шилжчихлээ. Яллагдагчаар татсан тогтоолыг нь өгөөч, хэргийг нэг удаа буцааж, нэмж нэгтгэж хэргийг нэг мөр шийдвэрлүүлмээр байна” гэх хүсэлт гаргасан боловч хүлээж авч шийдвэрлээгүй. Прокурорын зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн. Прокурорын байгууллагын алдаатай байдлаас болж шүүгдэгчийн эрх зүйн байдал маш их дордож байна. Шүүгдэгч М.П-ын сүүлийн үйлдэл буюу Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн М.П-д холбогдох хэргийн үйлдэл нь 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан хуульд хамрагдаж байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч М.П-ын өмгөөлөгч М.Сонинбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч М.П нь 3-18 насны 3 хүүхэдтэй. Эцэг, эх нь 70 гаруй насны хүмүүс байдаг. Албан ёсоор эдгээр хүүхдүүдийн асран хамгаалагчийн асуудлыг шийдвэрлээгүй. Шүүгдэгч М.Птай уулзахад өөрөө бүх гэмт хэрэгтээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маргасан зүйл огт ярьдаггүй. 8 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн учир 3 хүүхдийнхээ асуудлын талаар ярьж, 1 хоног, 1 жил ч болтугай хорих ялаасаа хасуулмаар байна гэсэн санал, хүсэлтийг гаргадаг. 3 хүүхдийн хамгийн бага нь 3 настай охин бөгөөд том хүүхэд нь шилжилтийн буюу 18 насанд хүрч байгаа. Энэ хүүхдүүдийн хүмүүжилд эцэг, эхийн хараа хяналт байхгүй, хүүхдүүдийн амьдрах орчин нөхцөл хүнд байгаа. Хүүхэд бүр хүүхдийн мөнгө авдаг бол шүүгдэгч М.П-ыг эрүүгийн хэрэгт шалгасан цаг хугацаанаас хойш хүүхдүүд нь хүүхдийн мөнгөө ч авч чадаагүй. Иймд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж, эрүүгийн хэргүүдийг нэгтгүүлж шийдвэрлүүлэх хүсэлттэй байна. Мөн шүүгдэгч М.П гэм буруутай үйлдэлдээ гэмшиж байгаа тул түүний үйлдлийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн зүйл заалтад хамруулж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх М.П-д холбогдох хэргийг түүний гомдлыг үндэслэн хэлэлцэж байгаа боловч тухайн гомдолд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхийн шатанд хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Давж заалдах шатны шүүхээр М.П-д холбогдох хэргийг хянан хэлэлцэх явцад Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 231А дугаартай М.П-д холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэгдсэн баримт авагдсан байна.
Иймээс М.П-ын хэргийг Сүхбаатар дүүргийн прокуророос яллах дүгнэлт үйлдэгдсэн гэх хэрэгтэй нэгтгэж, нэг тогтоолоор шийдвэрлэх нь тухайн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэх зарчмын хүрээнд түүний эрх зүйн байдалд нь эерэгээр нөлөөлнө гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Мөн түүний асрамжид насанд хүрсэн болон насанд хүрээгүй 3 хүүхэд байдаг бөгөөд уг хүүхдүүдийн асрамжийн асуудлыг өмнөх болон энэ шийтгэх тогтоолоор огт шийдвэрлээгүй, уг асуудал хөндөгдөөгүй, хүүхдийн насны байдал, одоо хэний асрамжид байгаа , шүүгдэгч нь нөхөртэй эсэх зэрэг хувийн байдлууд бүрэн тогтоогдоогүйн улмаас хүүхдүүдийн улсаас авах мөнгөн тэтгэмжийг огт авч чадаагүй, энэ хэргээс шалтгаалж хүүхдүүд өндөр настай хүмүүсийн асрамжид байгаа зэрэг хүүхдүүдийн эрх зүйн байдал дордож байгаа эсэх нөхцөл байдлуудыг бүрэн тогтоосны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх нь мөн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлнэ гэж давж заалдах шатны шүүхээс үзэв.
Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/149 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/149 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч М.П-д холбогдох эрүүгийн 2006006701854 дугаартай эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан Баянзүрх дүүргийн прокурорт буцаасугай.
2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч М.П-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Б.ЗОРИГ