| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдины Ганзориг |
| Хэргийн индекс | 177/2018/0106/э |
| Дугаар | 491 |
| Огноо | 2018-11-07 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | Х.Батчимэг |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 491
Н.Г-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Х.Батчимэг, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 114 дүгээр шийтгэх тогтоол, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 22 дугаар магадлалтай, Н.Г-д холбогдох 1835001550099 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1970 онд төрсөн, эрэгтэй, 1991 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар торгох ял, 1993 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 04 сар хорих ял, Увс аймгийн сум дундын шүүхийн 1996 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 85 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 11 жил хорих ял, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 46 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сар баривчлах ял шийтгүүлж байсан Б овогт Н-ын Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн” гэмт хэрэгт холбогджээ.
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Н.Г-г хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 1.3-т заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар 1 жил 08 сар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Н.Г-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Г-ийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Н.Г гаргасан гомдолдоо “...Увс аймгийн Түргэн сумын хэсгийн төлөөлөгч, ахлах дэслэгч З.Б хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хуулийг ноцтой зөрчсөн, үүний улмаас шүүхийн шийдвэр буруу гарсан гэж үзэж байна. Цаг уурын нэг ажилчинтай сум бүхэн 5 ширхэг термометрээр мэдээ өгч хэмжилт хийдэг байтал хэсгийн төлөөлөгч З.Б цаг уурч Э.С-тай үгсэн хуйвалдаж түүгээр “тус сум 7 ширхэг термометртэй байсан, үүнээс 1 нь байхгүй бол мэдээ өгч болохгүй болдог” гэж худал мэдүүлэг өгүүлж, үндэслэлгүй 2 ширхэг термометр нэмж, хохирлын хэмжээг өсгөн 336,000 төгрөг болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-т заасан бага хэмжээний хохирлоос дээш хохиролтой болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг бүрдүүлсэнд гомдолтой байна. Мөн хэсгийн төлөөлөгч З.Б хэргийн газарт үзлэг хийхдээ албаар буруу зөрүүтэй хийсэн, жишээ нь надтай хамт явсан М.О-ын гутлын мөр хэргийн газарт байсаар байтал нарийн шинжилгээ мөрдлөг хийхгүйгээр өөр гутлын мөрийн зураг авч хэрэгт хавсаргасан, мөн хэмжигч багажийн өндрийн хэмжээ 30 см байтал 60 см байсан гэж, агаарын бүхээг дотор байсан суурь төмөр дээр 4 ширхэг термометр суурилж байсан, суурь төмөр хэлбэр дүрсээ алдаж хазайсан гэх зэрэг гуйвуулж буруу бичсэн. “Гэрэгэ эстимэйт” үнэлгээний компаниар үнэлгээ хийлгэхдээ эхлээд сумын цаг уурын газарт байх зориулалттай хос 2, минималь, максималь, ердийн буюу хугацаат гэсэн 5 ширхэг термометрийн үнэлгээг үнэн зөвөөр нь хийлгэсэн байдаг боловч нэг хоногийн дараа уг термометрийн үнийг танилцуулахад ширхэг бүрийн үнэ 48,000 төгрөг гэж, нийт 5 шилний 240,000 төгрөг болоход байцаагч “ийм багаар үнэлэх учиргүй” гэж хэлээд минималь хос, максималь хос гэж нэмж бичсэн. Тухайн үед би “ийм олон термометр байгаагүй, 4-5 ширхэг л байсан” гэхэд “7 ширхэг байсан, гар л хүрсэн юм чинь хэд байсан ч чи л авсан” гэж хэлсэн. Үнэхээр 7 ширхэг термометр байсныг судалж шалгаад мэдсэн байсан бол анхнаасаа 7 ширхэг термометрийн нийт үнэ 336,000 төгрөг гээд үнэн зөв нэг мөр үнэлүүлж болох байсан. Хэсгийн төлөөлөгчийн нэмж бичсэн 2 ширхэг термометр нь дотроо мөнгөн устай зөвхөн газрын хөрсний хүйтэн, дулааныг хэмжих зориулалттай термометр юм. Үүнээс үзэхэд газрын хөрсний хүйтэн, дулааныг 3 термометрээр биш 5 термометрээр хэмжихээр болоод байгаа билээ. Өөрөөр хэлбэл, хэсгийн төлөөлөгчийн нэмж оруулсан 2 термометр нь зөвхөн миний хохирлын хэмжээг өсгөхөөр нэмж бичсэн зүйл юм. Агаарын бүхээг дотор суурь төмөр дээр байрлах хос 2 гэдэг нэртэй дотроо спирттэй 2 ширхэг термометрээр агаарын хуурай нойтон, их багыг хэмжих зориулалттай. Агаарын бүхээг дотор байрлах суурь төмөр дээр 4 ширхэг термометр байх ямар ч боломжгүй юм. Учир нь уг агаарын бүхээг нь агаар салхи сайн нэвтэрч, солилцож байж дотор нь байсан 2 термометр нь агаарын хуурай нойтон, их багыг хэмждэг. Энэ бүхэн гарын авлага номоос тодорхой харагдана. “Гэрэгэ эстимэйт” үнэлгээний компани термометр шилийг нэг бүрийг 48,000 төгрөгөөр үнэлсэн. Гэтэл Улаанбаатар хотод цаг уурын багаж, тоног төхөөрөмж нийлүүлдэг “Грийн химистри” ХХК-д мөнгөн устай термометр шил 8,500 төгрөгийн үнэтэй байна. Яагаад Увс аймагт ийм өндөр үнэтэй болчихов, үнийн зөрүүг шалгуулж өгнө үү. Би 5 ширхэг термометр авсан нь үнэн, ийм хэрэгт холбогдсондоо гэмшиж байна. Иймд надад холбогдох хэргийг үнэн зөвөөр шалгаж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэжээ.
Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Х.Батчимэг гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүгдэгчийн үйлдсэн хэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон. Шүүгдэгч нь анхан шатны шүүхэд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан хуульд зааснаас доогуур ял оногдуулсан байхад хяналтын шатны шүүхэд гэм буруугийн талаар гомдол гаргаж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Г-ийн гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Шүүгдэгч Н.Г нь 2018 оны 04 дүгээр сарын 19-ний орой машин механизм ашиглан Увс аймгийн Түргэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Цаг уурын хашаанаас цаг уур хэмжигч термометр багаж 7 ширхэгийг хулгайлж, 336,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэлт хийжээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүх Н.Г-ийн дээрх үйлдлийг “хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар зүйлчилж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан хуульд заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.
Шүүхээс хэргийн үйл баримтыг тогтоохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүйн дээр шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн тул шүүгдэгчийн гаргасан “...би 5 ширхэг термометр авсан нь үнэн, харин үндэслэлгүйгээр 2 ширхэг термометрийг нэмж, хохирлын хэмжээг өсгөсөн” гэсэн гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч Н.Г-ийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 114 дүгээр шийтгэх тогтоол, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 22 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Г-ийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ С.БАТДЭЛГЭР
Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН